Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00394

 

С.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00135 дугаар магадлалтай

С.Х-ын нэхэмжлэлтэй

“Б”-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 747 002 төгрөг, ээлжийн амралтын олговор 875 922 төгрөг нийт 4 622 924 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Б”-т бүлгийн багшаар томилогдон ажиллаж байхад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 678 381 төгрөг олгохоор шийдвэрлэсэн боловч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2017/00002 дугаартай магадлалаар миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Миний бие энэ магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргаж 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00399 дугаартай шүүх хуралдааны тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээрх шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Баян-Өлгий аймгийн “Б”-ийн эрхлэгчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаар тушаалаар мөн өдрөөс албан тушаалд эгүүлэн томилсон. Ингээд би 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байснаас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх цалин, амралтын олговор авах талаар цэцэрлэгийн эрхлэгчид хандсан боловч мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд миний 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3 747 002 /гурван сая долоон зуун дөчин долоон мянга хоёр/, ээлжийн амралтын олговор 875 922 /найман зуун далан таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг, нийт 4 622 924 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн “Б”-ийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Гүлжайна шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Х-ын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Ажил олгогчийн шийдвэрээр ажилтан С.Х-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үед түүний оронд Б.Сунхар гэдэг хүнийг авч ажиллуулсан. Тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төсөвт илүү орон тоонд ажилласан ажилтанд цалин хөлс олгох тухай зардал тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл С.Х-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох хүртэл тус байгууллагад хууль ёсоор ажиллаж байсан Б.Сунхарыг ажилд томилсон тушаалыг шүүхээс хүчингүй болгоогүй. Иймээс одоо С.Х-д ажилгүй байсан хугацааны цалин 3 747 002 төгрөгийг олгох санхүүгийн ямар ч боломжгүй гэж үзэж байна. 

2. С.Х-ын ээлжийн амралтын олговор 875 922 төгрөгийг тэрээр биечлэн тус цэцэрлэгт ажиллаагүй учраас олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь аливаа байгууллагад ажилд орсон хүн тэр байгууллагад биеэр 11 сар ажиллаж байж ээлжийн амралтаа хууль ёсоор эдлэх ёстой. Гэтэл С.Х- нь тус байгууллагад 4 сар л ажилласан учраас түүнд ээлжийн амралтын нөхөн олговор олгох боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч С.Х-ын ажилгүй байсан хугацааны цалин 3 747 002 /гурван сая долоон зуун дөчин долоон мянга хоёр/ төгрөг, ээлжийн амралтын олговор 875 922 /найман зуун далан таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг, бүгд 4 622 924 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-ийг тус тус баримтлан хариуцагч “Б”-ийн санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин олговор, ээлжийн амралтын мөнгөний хамт нийтдээ 3 648 207 /гурван сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуун долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Х-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 974 717 /есөн зуун далан дөрвөн мянга долоон зуун арван долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 917 /наян найман мянга есөн зуун арван долоон/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн “Б”-ийн санхүүгээс 73 321 /далан гурван мянга гурван зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Х-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00135 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн “Б”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 212\МА2017\00135 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь С.Х-ын нэхэмжлэлтэй “Б”-т холбогдох цалин хөлсний нөхөн олговортой холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч С.Х-ын ээлжийн амралтын нөхөн олговорт 875 922 төгрөгийг ажил олгогчоос гаргуулсан явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”, 56.2 “Ээлийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно”,  79 дүгээр зүйлийн 79.1. “Ажилтанд жил бүрийн ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрийг үндэслэн зохицуулна” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчиж байна. Нөгөө талаас С.Х- нь 2016 оны 09 дүгээр сарын 22-наас 2017 оны 05 дугаар сарын 10-ныг хүртэл тус хүүхдийн цэцэрлэгт биечлэн ажиллаагүй, биеийн хүчээ үнэлүүлээгүй буюу бодит байдлаар хөдөлмөрлөөгүй учраас түүнд ээлжийн амралтын нөхөн олговрыг олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь аливаа байгууллагад ажилд орсон хүн тэр байгууллагад биеэр 11 сар ажиллаж байж ээлжийн амралтаа хууль ёсоор эдлэх жамтай. Гэтэл С.Х- нь тус байгууллагад 4 сар биеэр ажилласан учраас түүнд ээлжийн амралтын нөхөн олговор олгох хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх боломж ч байгааг шүүхүүд анхаарч үзээгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00135 дугаар магадлалын хууль зүйн үндсийг хянан үзээд хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан С.Х-ын ээлжийн амралтын нөхөн олговорт нэхэмжилсэн 875 922 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарт: С.Х- нь Баян-Өлгий аймгийн “Б”-т бүлгийн багшаар томилогдон ажиллаж байхад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг өмнө нь эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож улмаар хариуцагч талын гомдлоор хэрэг давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болсны дараа түүнийг Баян-Өлгий аймгийн “Б”-ийн эрхлэгчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаар тушаалаар мөн өдрөөс бүлгийн багшийн ажилд эргүүлэн томилсон. Ажил олгогч түүнийг 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллуулж байгаад мөн өдрөөс ээлжийн амралт олгож 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл амраасан мөртлөө энэ хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгоогүй. Үүнээс болж түүний амралтын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй эрх ашиг нь давхар хохирсон. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хоёр шатны шүүх түүний нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй.

С.Х- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар ажлын 15 өдөр, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т зааснаар ажлын 33 өдөр, нийтдээ ажлын 48 өдөр амарсан мөртлөө энэ хугацааны амралтын олговор аваагүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хуулийн хүрээнд зөв шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтуудыг зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох ёстойг хүлээн зөвшөөрсөн мөртлөө шүүхийн шийдвэр, тогтоол хууль бус гэж үзэж гомдол гаргасанд гайхаж байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аливаа байгууллагад ажилд орсон хүн тэр байгууллагад биеэр 11 сар ажиллаж байж ээлжийн амралтаа хууль ёсоор эдлэх жамтай гэсэн нь ямар ч үндэслэлгүй. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 66 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох журам”-ын 4-д “Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан аж ахуйн нэгж, байгууллагад анх ажилд орсон өдрөөс эхлэн тооцогдоно.Тухайлбал ажилтан 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэг байгууллагад ажилд орсон бол түүний анхны амралтыг 1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2000 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 1 ажлын жилийн хугацаанд тооцож олгоно” гэж заасан. С.Х- нь энэ заалтын дагуу 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтаа эдэлсэн. Мөн журмын 7-д “Ажил олгогч нь ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох, хоёр амралтын хоорондын хугацааг хамтын гэрээ, дотоод журмаар зохицуулна” гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс хамтын гэрээ, дотоод журмаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир заавал 11 сар ажиллаж байж амралт авна гэж үзэх үндэсгүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх алдааг засаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдааг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Х- нь “Б”-т холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 747 002 төгрөг, ээлжийн амралтын олговор 875 922 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, энэ хугацаанд биеэр ажил эрхлээгүй гэж маргажээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Х-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00399 дугаартай тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Ажил олгогч ажилтныг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилд томилсон 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, энэ хугацаанд олгогдох ээлжийн амралтын олговрыг нэхэмжилжээ.

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох тул түүний дундаж цалин хөлсийг тодорхойлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 772 285 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтад нийцсэн байна. 

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан жил бүр хуульд заасан хугацаагаар амарч, энэхүү амралтаа биеэр эдлэхийг ээлжийн амралт гэх бөгөөд энэ хугацаанд ажил эрхлээгүй ч ажил олгогчоос ажилтанд олговор олгосноор алдагдсан эрч хүчээ нөхөх бодит боломжийг ажилтанд олгодог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т “ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” гэж зохицуулжээ.

Ажилтанд олгох ээлжийн амралтын олговор нь ажиллаж байх үед авдаг цалин хөлстэй хамт олгогдохгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн ажилтанд мөн энэ хугацаанд хамаарах ээлжийн амралтын олговрыг давхардуулан олгох үндэслэлгүй.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн энэ хугацаанд олгогдох ээлжийн амралтын олговор  гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ээлжийн амралтын олговор нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2017/00135 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч “Б”-ээс 2 772 285 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Х-д олгож, үлдэх 1 850 639 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...73 321 /далан гурван мянга гурван зуун хорин нэгэн/ төгрөгийг...” гэснийг “...59 307 төгрөгийг...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                        Х.ЭРДЭНЭСУВД