Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2017/00600

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн байгууллага- /эрхлэгч Х.Г, /-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 3747002 төгрөг, ээлжийн амралтын олговор 875922 төгрөг нийт 4622924 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч С.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төрийн байгууллага-т бүлгийн багшаар томилогдон ажиллаж байхад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний бие энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Баян-Өлгий аймаг дахь Сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 678381 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллагын төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд мөн шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2017/00002 дугаартай магадлалаар миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Миний бие энэ магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим хяналтын журмаар авч хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00399 дугаартай шүүх хуралдааны тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээрх шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Төрийн байгууллага-ийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаар тушаалаар мөн өдрөөс албан тушаалд эргүүлэн томилсон. Ингээд би 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан. Үүнээс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх цалин, амралтын олговор авах талаар цэцэрлэгийн эрхлэгчид хандсан боловч мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд миний 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 3747002 /гурван сая долоон зуун дөчин долоон мянга хоёр/, ээлжийн амралтын олговор 875922 /найман зуун далан таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг нийт 4622924 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг Төрийн байгууллага-ийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Х- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас халагдаж шүүхэд гомдол гаргаснаар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх цалингаа шүүхийн шийдвэрийн дагуу авсан. Одоо бол 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цалингаа нэхэмжилсэн. Цалингаа дунджаар тооцож нэхэмжилж байгаа. Мөн амралтын мөнгөө аваагүй. Амралтын мөнгийг цэцэрлэгийн нягтлан бодогчоор бодуулж авсан. Нийтдээ 4662924 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Төрийн байгууллага-ийн эрхлэгч Х.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Х-ын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.1.Ажил олгогчийн шийдвэрээр ажилтан С.Х-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үед түүний оронд Б.Сунхар гэдэг хүнийг авч ажиллуулсан юм. Тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төсөвт илүү орон тоонд ажилласан ажилтанд цалин хөлс олгох тухай зардал тусгагдаагүй юм. Өөрөөр хэлбэл С.Х-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох хүртэл тус байгууллагад хууль ёсоор ажиллаж байсан Б.Сунхарыг ажилд томилсон тушаалыг шүүхээс хүчингүй болгоогүй юм. Иймээс одоо С.Х-д ажилгүй байсан хугацааны цалин 3747002 төгрөгийг олгох санхүүгийн ямар ч боломжгүй гэж үзэж байна.

2.С.Х-ын ээлжийн амралтын олговор 875922 төгрөгийг тэрээр биечлэн тус цэцэрлэгт ажиллаагүй учраас олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь аливаа байгууллагад ажилд орсон хүн тэр байгууллагад биеэр 11 сар ажиллаж байж ээлжийн амралтаа хууль ёсоор эдлэх ёстой. Гэтэл С.Х- нь тус байгууллагад 4 сар л ажилласан учраас түүнд ээлжийн амралтын нөхөн олговор олгох боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч С.Х-ын ажилгүй байсан хугацааны цалин 3747002 /гурван сая долоон зуун дөчин долоон мянга хоёр/ төгрөг, ээлжийн амралтын олговор 875922 /найман зуун далан таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг, бүгд 4622924 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн байгууллага-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-  шүүх хуралдаанд өгсөн тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт С.Х-ыг багшийн ажлаас чөлөөлсөн үед түүний оронд Сунхар гэдэг өөр хүнийг авч ажиллуулсан. 2016 оны үйл ажиллагааны төсөвт илүү орон тоонд ажилласан ажилтанд цалин олгох тухай ямар нэгэн заалт тусгагдаагүй. Энэ хүн тухайн үед хөдөлмөр эрхэлж ажиллаж байсны хувьд С.Х-ын цалинг нь авчихсан учраас энэ олговрыг нөхөн олгох боломжгүй. Хоёрдугаарт ээлжийн амралтыг тухайн байгууллагад 12 сар тасралтгүй ажилласан бол эдлэх ёстой. Гэтэл энэ хүн тухайн байгууллагад 4 сар ажилласан учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралтын мөнгийг олгох боломжгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаартай шийдвэрийг үндэслэн хариуцагч Төрийн байгууллага-ийн эрхлэгч 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч С.Х-ыг тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Х-ыг ажилд  эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаартай шийдвэр болон С.Х-ыг ажилд  эгүүлэн томилсон хариуцагч Төрийн байгууллага-ийн эрхлэгч 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал гарах хүртэлх хугацааны олговрыг хариуцагч Төрийн байгууллага-ийн санхүүгээс гаргуулах нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тогтооно” гэж заасан байх тул нэхэмжлэгч С.Х-ын НДД№0680591 (098682 дэвтрийн үргэлжлэл) дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 7 дугаар хуудсанд байгаа бичилтийг үндэслэн нэхэмжлэгч С.Х-ын сарын дундаж  цалин хөлстэй тэнцэх олговрыг  445188 төгрөг, ажлын 1 хоногийн хөлс 20235 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. (2016 оны 7 сард 192000 төгрөг + 8 сард 706578 төгрөг + 9 сард 436988 төгрөг = 1335566 : 3 сарын дундаж = 445188 төгрөг дундаж цалин хөлстэй тэнцэх олговор; 445188 төгрөг : 22 ажлын хоног = 20235 төгрөг ажлын нэг хоногийн хөлс)

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Х-ын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сард 20 хоног, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сар, 02  дугаар сар, 3 дугаар сар, 4 дүгээр сар, 5 дугаар сард 07 хоног нийтдээ 05 сар 27 хоногт оногдох цалин хөлсний олговор 2772285 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч С.Х- нь ээлжийн амралтын мөнгө аваагүй болох нь хариуцагчийн тайлбар болон тус цэцэрлэгийн ня-бо Х.Гүлболдын тодорхойлолтоор нотлогдож байгаа тул Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасны дагуу багш С.Х- нь  ажлын 15 хоногийн үндсэн амралт, 33 хоногийн нэмэлт амралт бүгд  48 хоногийн ээлжийн амралт эдлэх ёстой ба Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “Ээлжийн амралтын олговор тооцох журмын 4-ийг үндэслэн  тооцох нь зүйтэй байна.

Хариуцагч биеэр хөдөлмөр эрхлээгүй учир ээлжийн амралтын мөнгийг С.Х- нь авахгүй гэж мэдүүлдэг боловч энэ нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ажилтан жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлэх, ээлжийн амралтын мөнгө авах эрхтэй болно.

Нэхэмжлэгч С.Х- нь 48 хоногийн ээлжийн амралтын мөнгө 971280 төгрөг авах ёстой боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ээлжийн амралтын мөнгийг 875922 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй  байна. (48 хоногийн ээлжийн амралт х 20235 төгрөг нэг хоногийн ажлын хөлс = 971280 төгрөг ээлжийн амралтын мөнгө)  

Иймд нэхэмжлэгч С.Х-ын ажилгүй байсан 5 сар 27 хоногийн цалин хөлсний олговор 2772285 төгрөг, 48 хоногийн ээлжийн амралтын мөнгө 875922 төгрөг нийтдээ 3648207 төгрөгийг хариуцагч Төрийн байгууллага-ийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч С.Х-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 974717 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн байгууллага-ийн санхүүгээс 73321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Х-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-ийг тус тус баримтлан хариуцагч Төрийн байгууллагын санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин олговор, ээлжийн амралтын мөнгөний хамт нийтдээ 3648207 (гурван сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуун долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 974717 (есөн зуун далан дөрвөн мянга долоон зуун арван долоон) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88917 (наян найман мянга есөн зуун арван долоон) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Төрийн байгууллагын санхүүгээс 73321 (далан гурван мянга гурван зуун хорин нэгэн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Х-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Баян-Өлгий эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МАНГИЛИК