Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1519

 

 

 

 

 

 2019         09         30                                        2019/ШЦТ/1519

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч. Алтанцэцэг  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгаль,

иргэний нэхэмжлэгч Б.Наран, тэдгээрийн өмгөөлөгч П.Учралгэрэл ҮД:26-01,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Д.Тамир ҮД:00-67 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 01020 0043 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь Баянзүрх дүүргийн 28-р хороо Улиастайн хуучин эцсийн замд 2018  оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу чаадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Байгалийн жолоодон явсан Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэглд сууж явсан зорчигч /14 настай эмэгтэй/ Б.Солонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгаль мэдүүлэхдээ: Хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2.608.000 төгрөгийг нөхөн төлсөн тул одоо баримтаар нэхэмжлэх зүйлгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Наран мэдүүлэхдээ: Би машинаа засуулахаар засварын газар өгчихсөн байгаа. Төлбөр гарвал баримтаа үндэслэн гарсан дүнгээр нэхэмжилнэ. Шүүхийн дансанд байршуулсан мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгалийн өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цаг 30 минутын орчим би 21-86 УНО улсын дугаартай “Хонда” маркийн автомашин жолоодон Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайн хуучин эцсийн замд урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас “Toyota Corolla” маркийн машин урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд хэсэгт мөргөсөн. Мөргөлдөх үед тэнд нэг цагдаа явж байсан цагдаа хүрч ирээд нөгөө машины жолоочийг согтуу байна гээд цагдаагийн хэсэг рүү машиндаа суулгаад аваад явсан. Би өөрөө 102, 103 руу дуудлага өгөөд байж байтал түргэн тусламж ирж үзээд манай охины биед хүнд гэмтэл байхгүй. Харин гар нь тулсан юм шиг байна гээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Нарангийн өгсөн: ...Уг автомашин нь миний өөрийн эзэмшлийн машин юм. Уг машиныг банк бус санхүүгийн байгууллагаас 1.5 сая төгрөг зээлээд уг байгууллагын нэр дээр бичиг баримтыг нь шилжүүлсэн байсан. Манай охин ихэвчлэн уг машиныг жолооддог юм...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

Мөрдөн  шалгах  ажиллагаанд яллагдагчаар Д.Б ын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 07-ны орой “Toyota Corolla” маркийн 76-92 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон өдрийн 13 цагийн орчим цэргийн найз Эрдэнээтэй Улиастайн шинэ эцэс дээр таарч дэлгүүрээс 14-15 ширхэг пиво худалдаж аваад гудамжинд машинаа зогсоож байгаад уусан. Нэг мэдсэн би машиндаа тасарсан унтаж байсан. Надтай хамт байсан найз Эрдэнэ буугаад явсан байсан...хүргэн Эрдэнэболдын гэрт машинаа аваачиж тавихаар явж байтал 300 орчим метр яваад нэг машинтай зүүн карлонаараа шүргэлцэж зогссон...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 019 дугаартай шинжээчийн:

1. Б.Солонгын биед баруун сарвууны 3-4-5-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/,

Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай магадлалд:

1. Toyota Corolla” маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу чаадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.

2. “Хонда” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Байгаль нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хх-ийн 38-р тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 2-4, 5-р тал/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-н эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31, 34-37-р тал/

- Шүүгдэгч Д.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51, 52 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б  нь Баянзүрх дүүргийн 28-р хороо Улиастайн хуучин эцсийн замд 2018  оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу чаадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Байгалийн жолоодон явсан “Honda HR-V “маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэглд сууж явсан зорчигч /14 настай эмэгтэй/ Б.Солонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгал болон  иргэний нэхэмжлэгч Б.Нарангийн өгсөн өгсөн  мэдүүлэг,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹ 019 дүгнэлтэд Б.Солонгийн биед баруун сарвууны 3-4-5-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо..., эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн №279 дугаартай магадлалд: 1. Toyota Corolla маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу чаадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Хонда маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Байгаль нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Д.Б ыг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул  эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгаль болон иргэний нэхэмжлэгч Б.Наран нарт учирсан хохирлыг тус тус төлсөн байх ба шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөргүй болохоо хүлээн мэдүүлж байх тул Д.Б ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчид төлөх хохирлын нийт 440.000 төгрөгийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100 90000 5406 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тушаасан болох нь “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул төлбөрт төлсөн 440.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Наранд гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 117-р тал/

Насанд хүрээгүй хохирогч Б.Солонго нь зам тээврийн ослоос учирсан гэмтлийг цаашид эмчлүүлбэл эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Д.Б  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 51-р тал/

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар  тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх боломжтой байна.

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Д.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 326651 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Б д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б  нь бусдад баримтаар  төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тушаасан хохирлын 440.000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Батхоролын Наранд /РД:/ олгосугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн Д.Б ын 326651 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ