Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00424

 

Б.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02218 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2338 дугаар магадлалтай

Б.Э-ы нэхэмжлэлтэй

Б.О-д холбогдох

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 278 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 байр, 66 тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө Ү-2204012636 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.О-, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Б.О-, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал, Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.О-гаас 14 200 000 төгрөг авч “Бид” ББСБ-д өгч зээлээ чөлөөлсөн. Тус ББСБ-аас мөн өдөртөө 18 000 000 төгрөгийн зээл авч, О-д 14 440 000 төгрөгийг өгөхөөр тохирсон байсан боловч ББСБ бидэнд зээл олгоогүйгээс О-гийн мөнгийг эргүүлж өгч чадаагүй. Тухайн өдрийн орой Б.О- нь Б.Э-ы ах болох н.Энхбаярыг  гэрээний талаар асууж тодруулах зүйл байна, уулзаж ярилцъя гэж гэрээс нь аваад, Б.Э-ыг дуудуулаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж, биднийг залилсан гэсэн. Байцаагч цагдана, хорино гэж дарамталсан учир Д.Мөнхзул гэрээсээ ордероо авчирч өгсөн байдаг. 2 хоногийн дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахиж утастаад зээлийн гэрээгээ баталгаажуулна гээд зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн.

Тус гэрээн дээр зээлсэн мөнгийг 14 200 000 төгрөг, өдрийн хүү 240 000 төгрөг, нийт 14 440 000 төгрөг гэж тохирсон байсан, зээлийн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүүгүй, 2017 оны 03 дугаар сарын 04-нас хойш 0.5%-ийн алданги тооцно гээд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол11 дүгээр байрны 66 тоот 18мкв талбай бүхий нэг өрөө байрны гэрчилгээг барьцаалсан. Зээлийн гэрээний нэг хувийг надад өгөөгүй. Сүүлд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрээгээ авахад зээлийн үнийн дүнг 15 800 000 төгрөг гэж бичсэн байсан. Би 15 800 000 төгрөгийг аваагүй, 14 200 000 төгрөгийг л авсан.

О нь намайг 15 800 000 төгрөгийг залилан мэхэлсэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулан, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Цагдаа дээр очоогүй байсан бол ордерийг өгөхгүй байсан ба гэрээтэй учраас иргэний журмаар шийдвэрлүүлэх боломж хариуцагчид байсан. Зээлийн гэрээ байгуулсан 02 дугаар сарын 24-ний өдөр 4 цаг 01 минутын үед Б.О-гийн данснаас 1 600 000 төгрөг гарсан байдаг. Үүнийг Б.Э-д өгсөн гээд байгааг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу гэрээний 2-т заасны дагуу зээлдүүлэгчид шилжүүлсэн гэж хэлчихээд, дараа нь гараар тодорхойлолт бичсэн. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэсэн хэлцэл гэж үзэж байна. Танил цагдаад очиж, гомдол гаргаагүй байж айлган сүрдүүлж, ордерийг авсан ба зээлдэгчийн хуулийн мэдлэг дутууг ашиглаж 15 800 000 төгрөг авсан гэж бичүүлж, нөгөө тал 14 200 000 төгрөг авсан гэсэн гэрээн дээр гарын үсэг зурж байна гэх итгэлцлийн үндсэн дээр гэрээг шалгахгүйгээр гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед гэрээ аваагүй ба 10 хоногийн дараа авахад 15 800 000 төгрөг авсан гэж бичсэн байхаар нь шүүхэд хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т зааснаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дарамталсан хүч хэрэглэсэн зүйл байхгүй. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Э-, Д.Мөнхзул, түүний нөхөр н.Энхбаяр нар надтай уулзаад, “Бид” ББСБ-д зээлтэй байгаа, тэр зээлээ хаах юм бол орой 5 цаг гэхэд зээл гарна, итгэхгүй бол манай эдийн засагч н.Баярсайхан гэдэг хүнтэй очиж уулз гэсэн. Би очоод уулзсан чинь н.Баярсайхан эд нар маш найдвартай зээлдэгч нар байгаа, манайхаас олон удаа зээл авч байсан. Зээлээ хаачих юм бол өнөө орой 5 цагт зээл нь гарна, би одоо гэрээг нь бэлдэж байна, орой ирээд мөнгөө авчихгүй юу гэсэн. Би итгээд Б.Э-ы данс руу 14 200 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой 5 цагийн үед мөнгөө ирж авах юм байна гэж ойлгоод явсан.Орой 5 цагийн үед ирэхэд ББСБ нь цоожтой, н.Баярсайхан утас нь холбогдохгүй, нэхэмжлэгч нар руу залгахад утсаа авахгүй, Б.Э-тай холбогдоод мөнгө яасан бэ гэхэд, би хүүгээ цэцэрлэгээс аваад, Тэнгисийн энд явж байна гэхээр нь хүлээж байгаарай гээд яваад очтол утсаа салгаад алга болсон байсан. Ингээд Д.Мөнхзулын нөхөр н.Энхбаярыг олоод, мөнгө яасан бэ гэхэд зээл бүтэхгүй болсон гэсэн учир ордероо өг гэхэд байхгүй хүнд байгаа, хэнд байгааг мэдэхгүй, манай эхнэр мэднэ гэхээр нь та нар намайг залилсан юм байна, мөнгийг маань өгөхгүй, дээрээс нь барьцаа хөрөнгө байхгүй, ядаж ордерийг чинь авъя гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр орой 9 цагийн үед очсон. Цагдаа нар тараад явчихсан байсан. Тухайн үед эд нарын н.Жавхланбаяр гээд байгаа хүн гарч байсан юм байна. Түүнд болсон зүйлээ яриад, ядаж гэрчилгээгээ өгөөч гэхээр өгөхгүй байна гээд, эд нартай уулзахад Д.Мөнхзул би мөнгө өгөхгүй, гэрчилгээ бас өгөхгүй гэсэн. Тэгээд та өргөдлөө гаргаад шалгуулчихгүй юу гэж цагдааг хэлэхээр нь өргөдөлөө гаргаж өгөх гэж байтал, за би ордероо өгье гээд гэр лүүгээ дагуулж яваад надад ордероо өгсөн. Ордероо өгөхөөр аваад алга болчихно гэсэн. Гомдол гаргахад яагаад ч юм тэр н.Жавхланбаяр гэдэг хүнд хуваарилагдсан. Эд нар анх мөнгө зээлэхдээ хуурамч банкны тодорхойлолт, дансны хуулга, түрээсийн гэрээ авчихсан явж байсан. Тэрийг нь би утсаар зургийг нь аваад баталгаажуулсан. Хуурамч баримт үзүүлж надаас мөнгө авсан байсан. Би нотлох баримтаар дискэн дээр буулгаад өгье гээд н.Жавхланбаяртай уулзах гэж очоод хажуу өрөөнийх нь хүнээс асуухад 1 сар сургалтанд явсан, өөрөө мэдэж байгаа байх гээд байж байтал прокуророос холбогдоод хэрэгсэхгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд н.Жавхланбаяртай уулзаад нотлох баримт байсан, одоо авахгүй гэж байна, нотлох баримт байхад яагаад ингэж байгаа юм бэ гэхэд би өөр хүнд хэргээ өгсөн гэсэн. Надад хэлэхгүй яасан юм бэ гээд тэгээд өнгөрсөн. Намайг яриад байгаа болохоор эд нар н.Жавхланбаярыг таньдаг, тэгээд дарамтлуулсан гэж яриад байна. Тийм зүйл байхгүй, би энэ хүнийг танихгүй. Нотариатын тухай ч ярьж байна, тэр нотариатыг би танихгүй. 13 дугаар хороололд байдаг нотариат байгаа. Б.Э-ы гэрийнх нь хажууд гэсэн үг, 2 дугаар сарын 22-ны өдөр би ордерийг нь авчихаад, 23-ны өдөр эд нартай зээл хөөцөлдөөд хамт явсан. Зээл бүтнэ гэсэн, машин тэргээрээ үйлчилсэн, зээл нь ерөөсөө бүтээгүй. Тэгээд 24-ний өдөр мөн хамт явсан боловч зээл бүтээгээгүй. Нотариатч 15 800 000 төгрөг авч байгаа юм байна. Сайн уншиж танилцаарай, ямар нэгэн маргаан байхгүй биз, гарын үсгээ сайн зуруулаарай гээд зуруулсан. 1 хувийг сүүлд нь өгсөн гэж байна. 1 хувиа аваад явсан. Б.Э- гарын үсэг зураагүй гэж байна. Энэ үед Д.Мөнхзул өөрөө байгаагүй. Д.Мөнхзул, Б.Э- хоёр бие биенээсээ юмаа их нуудаг. 1 600 000 төгрөг авснаа эхнэр Д.Мөнхзулд мэдэгдмээргүй байна гэсэн хирнээ одоо энэ хүн аваагүй гэж хэлээд байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Э-д 14 200 000 төгрөг зээлүүлсэн, 02 дугаар сарын 24-ний өдөр 1 600 000 төгрөг нэмж, нийт 15 800 000 төгрөг болсон. Тэгээд 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хугацаа хэтрэх юм бол 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. 03 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 82 хоног болсон. 15 800 000 төгрөгийн 0,5 хувиар тооцохоор хоногийн 79 000 төгрөгийн хүү болсон, 82 хоногт бодохоор 6 471 000 төгрөг, нийт 22 271 000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөө барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 41 дүгээр байрны 66 тоот, 18 мкв, Ү2204012636 дугаартай хөрөнгөөр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 14 200 000 төгрөг болон 240 000 төгрөгийг төлөх боломжтой. Харин 22 271 000 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02218 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О-д холбогдох 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-аас 16 456 000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.О-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5 822 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Б.Э- шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 байр, 66 тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204012636 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 950 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 340 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-аас 240 230 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.О-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2338 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн гэсний дараа “тухай” гэж, “...үлдээж” гэсний дараа “хариуцагч Б.О-гаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож” гэж, 5 дахь заалтыг 4 болгон өөрчилж уг заалтын агуулгыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О-, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нар хяналтын гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/02218 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2338 тоот магадлалаар “Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ...шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож” шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэг. Хариуцагчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/02218 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа ба давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож” гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь:

Нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн таньдаг цагдаагаар хориулж, айлган сүрдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй ба хариуцагч нь бодитой хүч хэрэглэсэн, өөрийн танил цагдаагаар дамжуулан нэхэмжлэгч талыг хэлцэл хийхээс өөр аргагүй байдалд оруулж дарамталсан байдал хавтаст хэрэгт баримтаар тогтоогдохгүй байгаа ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлож чадахгүй байна. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй” гэжээ. Гэтэл зохигчдын хооронд 2017 оны 02-р сарын 24-ний өдөр хоорондоо харилцан тохирч, талууд хүсэл зоригийн илэрхийлэл болгон “Зээлийн болон барьцааны гэрээ”-г байгуулж гарын үсгээ зурж, тус гэрээнүүдийг Баянзүрх дүүргийн нотариатын газарт 164 дугаар бүхий бүртгэлтэй нотариатч П.Бадамсүрэнгээр хэний ч дарамт шахалтгүйгээр батлуулсан байдаг. Эндээс дүгнэхэд Цагдаагийн байгууллага дээр уг барьцааны гэрээг хүч хэрэглэн хийгээгүй болох нь тодорхой байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт хамаарна гэж дүгнэсэн нь хууль зөрчжээ гэж үзнэ.

Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн 1-д “...3 дахь заалтыг хүчингүй болгож” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь:

Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах нотариатын газарт зээлийн гэрээг байгуулж, нотариатчаар батлуулсан болон хоорондоо 14 200 000 төгрөг болон 1 600 000 төгрөг өгч авалцсан үйл баримтын талаар маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Мөн дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 66 тоот, 18 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2204012636 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг барьцаалж, талуудын хооронд “Барьцааны гэрээ” байгуулсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэсний дагуу Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь хуульд нийцнэ гэж үзнэ. Хэрвээ шүүхээс талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа бол Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү. Иймд гомдлыг хүлээн авч, хянан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Б.О-д холбогдуулан талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Зээлийн болон барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 22 278 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалтыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн талаар:

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” тус тус байгуулагдсан ба “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч Б.О- 15 800 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүүгүй зээлдүүлэх, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор, зээлдэгч зээлийг гэрээгээр тохирсон хугацаанд төлнө гээд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 41 дүгээр байрны 66 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцын барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хариуцагч нь цагдаагийн байгууллагад очсоны дараа байрны гэрчилгээг өгөхгүй бол өргөдөл гаргаж залилан мэхлэх хэрэгт шалгуулна гэж дарамталсны учир орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан, үүний дараа зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан тул хүч хэрэглэж хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд зээлдэгчийн хүсэлтээр “Бид” ББСБ-д зээлийн барьцаанд байсан зээлдэгчийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж, дахин зээл авч өгнө гэсэнд итгэж 14 200 000 төгрөгийг зээлдүүлсэн боловч дахин зээл олгоогүй үндэслэлээр авсан мөнгөө төлөөгүй тул залилсан гэж үзэж, цагдаагийн байгууллагад хандсан нь үнэн боловч хүч хэрэглээгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан бөгөөд талууд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нөхөж хийсэн талаар маргаагүй, зээлдүүлэгчээс зээлдэгчийн дансанд түүний хүсэлтээр зээлийн гэрээний зүйл болох 14 200 000 төгрөг дансаар шилжсэн нь баримтаар тогтоогдсон, гэрээ байгуулсан өдөр 1 600 000 төгрөгийг бэлнээр хүлээн авч гарын үсгээ зурсан байх тул тус зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Харин барьцааны гэрээтэй холбогдох шаардлагад хамаарах нотлох баримт, үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэл бүхий үнэлсэнгүй.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д “нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж, 60.2.-т “хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учруулна гэж итгүүлж, үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ” гэжээ.

Зээлдүүлэгч Цагдаагийн байгууллагад хандаж, зээлдүүлсэн мөнгөнд барьцаа хөрөнгө шаардаж, барьцааны хөрөнгө болох орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй бол өргөдөл гаргаснаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдоно гэж итгүүлэн, үнэмшүүлснээр зээлдэгч орон сууцны гэрчилгээг зээлдүүлэгчид өгч, улмаар Барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ хуулийн хүрээнд, сайн дурын үндсэн дээр хийгдэх зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл болж чадаагүй тул зээлдүүлэгчийг хүч хэрэглэж  хэлцэл хийсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Б.О- зээлийн гэрээний үүрэгт 22 278 000 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчээс 16 456 000 төгрөг гаргуулж, үлдэх 5 822 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн ба шүүхийн энэ шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

Харин барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон үндэслэлээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалтыг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д нийцжээ.

Хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул барьцаалагчид барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүсэхгүй.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн алдааг зөвтгөн засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул  магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 172.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2338 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.О-, түүний өмгөөлөгч М.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД