Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1891

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019         12         16                                   2019/ШЦТ/1891

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Хохирогч Ж.Алтанцэцэг,

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гэд холбогдох эрүүгийн 1906 06069 2542 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ буюу 2018 оны 5 дугаар сарын 09, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 16-1а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.Алтанцэцэгийн үснээс нь зулгааж өшиглөж, цохиж зодсон,

мөн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 16-1а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.Алтанцэцэгийн үснээс нь зулгааж өшиглөж зодож байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                      

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ж.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Урд орой нь манай нөхөр таксинд гарсан юм. Өглөө 8 цагийн үед гэртээ орж ирсэн. Ирэхдээ архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Тэгэхээр нь би чи бас л гударчихсан уу гэж хэлсэн. Тэгэнгүүт л нөхөр чи надруу муухай харлаа, гударчихсан уу гэж хэллээ гээд гар хүрсэн. Тэгээд манай нөхөр надруу чи ахтайгаа нийлж манай аавыг алсан, Өлзий та 2-ыг ална гэж хэлээд миний өмсөж явсан гэрийн халаадыг урсан. Тэгсэн чинь том хүү ааваа болиоч гэсэн чинь дуугай бай гэж хэлсэн чинь хүүхэд чимээгүй болчихсон. Тэгээд байж байсан чинь миний гар утас дугарсан. Тэгсэн чинь манай ах залгасан байсан. Тэгээд би гар утсаа авсан чинь ах юу болоод байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би нөгөөдөх чинь бас архи уучихсан ирээд агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ах цагдаа дуудсан байна лээ. ...

... сандлаар намайг цохих гэж далайснаа болиод тэр сандалаа нөхөр хөлөөрөө өшиглөөд эвдээд хаячихсан. Өөр эвдэлсэн зүйл байхгүй. ... 

... байнга уудаггүй. Архи уухаараа ер нь жоохон түргэн ааштай. Заримдаа зүгээр байдаг, заримдаа хэрүүл өдөж байгаад унтаад өгдөг гэх мэдүүлэг /хх 9-10/,

 

Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 8 цаг өнгөрч байхад эхнэр Жамчин овогтой Алтанцэцэг чи архи уусан юмуу гэж асуухаар нь би уусан гэсэн чинь эхнэр уухгүй байж болдоггүй юмуу гэхээр нь болдоггүй юм гэж хэлсэн чинь чи муу пизда ахтайгаа нийлж миний аавыг алсан биздээ гэхээр нь өмсөж байсан халааднаас нь татсан чинь ханцуйн хэсэг нь урагдсан тэгээд би унтаад өгсөн 12 цаг өнгөрч байхад сэрээд эхнэрээ арагдах гэсэн уурлаад байхаар нь дуугүй сууж байсан чинь хүргэн Өлзий 2 цагдаатай хамт орж ирээд цагдаатай орж ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн гэх мэдүүлэг /хх 12/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

-цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 4/,

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх 13-14/,

-гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 53-59/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Г нь согтуурсан үедээ буюу 2018 оны 5 дугаар сарын 09, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 16-1а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.Алтанцэцэгийн үснээс нь зулгааж өшиглөж, цохиж зодсон, мөн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 16-1а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.Алтанцэцэгийн үснээс нь зулгааж өшиглөж зодож байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзэхэд гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл болох нь тогтоогдохгүй байна.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Алтанцэцэгийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, хуваарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөний улмаас Г.Гийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1700, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 769 дүгээр шүүхийн шийтгэврээр тус тус зөрчлийн шийтгэл оногдуулжээ.

 

Шүүгдэгчид хамгийн сүүлд оногдуулсан шийтгэлээс хойш 11 сарын хугацаа өнгөрсөн байх ба Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар тус хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдэснээс хойш 6 сарын хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ийнхүү зөрчлийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан байнга гэх шинж үгүйсгэгдэж байна.

Мөн нөгөөтэйгүүр үгийн утга, агуулгын хувьд байнга гэх шинж нь нэг үйлдэлийг олон удаа ойр ойрхон хийхийг ойлгохоос бус нэг үйлдлийг хугацааг нь харгалзахгүйгээр 3 ба түүнээс дээш удаа хийсэн байна гэж ойлгох нь өрөөсгөл болж байна.

 

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.Алтанцэцэгийн үснээс нь зулгааж өшиглөж зодож байгаа үйлдэл нь нэг удаагийн үйлдэл болох бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан боловч давтамжийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” хэмээх шинжийг хангахгүй болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэг төгссөнд тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон байна.

 

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч Г.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй байна.

 

Харин уг үйлдэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалган шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

Г.Гэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

3. Г.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ