Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00492

 

Т.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 542 дугаар шийдвэр

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар магадлалтай

Т.М-гийн  нэхэмжлэлтэй

“С”-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 хэсэгт байрлах Ү-1317005736 дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000562005 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй 197мкв газар, Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 хэсэгт байрлах Ү-1317001625 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээнд гомдол гаргаж байна. “С” нь төлбөр авагч Э.Эрдэнэзаяа, Д.Цэвэлмаа нарын хүсэлтийн дагуу төлбөр төлөгч Т.М- надад холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн билээ. Төлбөрийг иргэн миний эд хөрөнгөнөөс гаргуулах ажиллагаа хийгдэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь миний нэр дээрх Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 баг 2 хэсэгт байрлах Ү-1317001625 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65 354 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 80 000 000 төгрөг юм.

Мөн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг 3 хэсэгт байрлах Ү-1317005736 дугаартай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 111 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш нь 200 000 000 төгрөг тул эрх ашиг хохиролтойгоор тогтоогдсон. Хоёр үл хөдлөх хөрөнгөнд тогтоосон “С”-ны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.М-гийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 тоот захирамжаар төлбөр төлөгч Т.М-гийн өмчлөлийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах Ү-1317005736 үл хөдлөх өмчлөх эрхийн улсын дугаартай 200мкв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 197мкв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газраар 50 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан Д.Цэвэлмаад олгохоор, мөн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр Т.М-гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлах Ү-1317001625 үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 37.350 мкв талбай бүхий хувийн орон сууцаар 37 350 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан Э.Эрдэнэзаяад олгохоор тус тус шийдвэрлэсэн байсан.

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 дугаартай шүүгчийн захирамжид 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 291 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж төлбөр авагч Д.Цэвэлмаагийн хүсэлтийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шүүхийн шийдвэрт 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж төлбөр авагч Э.Эрдэнэзаяагийн хүсэлтийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Т.М-гийн өмчлөлийн Сүхбаатар сумын 2 дугаар багт барлах Ү-1317005736 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг, 000562005 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 71/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн төлбөр төлөх хугацаа өгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 75/01 дугаартай тогтоолоор хураан авсан. Т.М-гийн өмчлөлийн Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах Ү-1317001625 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 75/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 75/1 дугаартай хураах тогтоолоор хураан авсан.

Дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч Т.М- болон төлбөр авагч нараас авахад үнийн санал зөрсөн тул Ү-1317001625 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай Шинжээч томилох тогтоолоор, Ү-1317005736 дугаартай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 07 дугаартай Шинжээч томилох тогтоолоор тус тус Баян модот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг хураасан эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээчээр томилсон бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах Ү-1317005736 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаартай 200 мкв талбайтай барилга, 197мкв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 111 000 000 төгрөгөөр, Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах улсын бүртгэлийн Ү-1317001625 дугаарт бүртгэлтэй 337.5 мкв талбайтай барилгыг 65 300 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн үнэлгээг төлбөр төлөгч Т.М-д 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэйг сануулж мэдэгдсэн. Дээрх үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээг бодитой хууль ёсны дагуу гарсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдаж байгаа гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн 542 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар Т.М-гийн гомдолтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар магадлалаар Гомдол гаргагч Т.М-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 542 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Т.М-гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Т.М- би “С”тай холбогдолтой хэргийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсанд гомдолтой байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шийдвэр, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Хяналтын шатны шүүх хуралд биечлэн оролцохгүй тул хэрэгт авагдсан материалаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.М- ”С”-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдан хураагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 тоот шүүгчийн захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр Т.М-гаас нийт 87 350 000 төгрөгийг гаргуулан Д.Цэвэлмаад 50 000 000 төгрөгийг, Э.Эрдэнэзаяад 37 550 000 төгрөгийг тус тус олгуулахаар, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчид төлбөр төлж гүйцэтгэх хугацаа тогтоож өгсөн боловч тэрээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй үндэслэлээр барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагаа явагдсан байна.

Улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн дүнг харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн шинжээч томилж, эд хөрөнгийг үнэлүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Барьцааны хөрөнгө болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 2 дугаар  багт байрлах Ү-1317005736 улсын бүртгэлийн дугаартай 200мкв талбайтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 197мкв талбайтай газар эзэмших эрхийг төлбөр төлөгч 200 000 000 төгрөгөөр үнэлснийг хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК 111 00 000 төгрөгөөр, Сүхбаатар сумын 8 дугаар бар 2 дугаар хэсэгт байрлах Ү1317001625 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 337.5мкв талбай бүхий хувийн орон сууцыг төлбөр төлөгч 70 000 000 төгрөгөөр үнэлснийг шинжээч 65 300 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Шинжээч  эд хөрөнгийг үнэлэхдээ өмчлөгчийг байлцуулан танилцаж, хөрөнгийн чанар, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг нарийвчлан судалсны үндсэн дээр үнэлгээний тооцоог өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргачлалаар тооцож гаргажээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34, 37 дугаар зүйлийн 37.2., болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтуудыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур, төлбөр төлөгчийн ашиг сонирхолд хохиролтойгоор тогтоосон гэх гомдлоо нотлоогүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин шийдвэр гүйцэтгэгч 2017 оны  06 дугаар сарын 07, 08-ны өдөр шинжээч томилж, Шинжээч нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийг үнэлж, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Үнэлгээний тайлангаа гаргасан байхад анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш үйлчилсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засаагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. дахь заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 542 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хуулийн 55 дугаар зүйлийн 55.7,” гэснийг “...хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.3.,” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.М-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД