Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 52

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                          С.Энхжаргал

                                                                      Г.Давааренчин

                     Оролцогчид

                             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Мөнхзул даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 542 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Т.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдох  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдолтой” иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Т.Мөнхзаяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 хэсэгт байрлах      Ү-1317005736 дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000562005 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй 197м2 газар, Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 хэсэгт байрлах Ү-1317001625 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ аймаг дахь ШШГА-ны үнэлгээнд гомдол гаргаж байна.

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь төлбөр авагч Э.Эрдэнэзаяа, Д.Цэвэлмаа нарын хүсэлтийн дагуу төлбөр төлөгч Т.Мөнхзаяа надад холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн билээ. Төлбөрийг иргэн миний эд хөрөнгөнөөс гаргуулах ажиллагаа хийгдэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь миний нэр дээрх Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 баг 2 хэсэгт байрлах Ү-1317001625 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65.354.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 80.000.000 төгрөг юм.

Мөн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг 3 хэсэгт байрлах Ү-1317005736 дугаартай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 111.000.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш нь 200 сая төгрөг тул эрх ашиг хохиролтойгоор тогтоогдсон. Хоёр үл хөдлөх хөрөнгөнд тогтоосон Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Т.Мөнхзаяагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 тоот захирамжаар төлбөр төлөгч Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах               Ү-1317005736 үл хөдлөх өмчлөх эрхийн улсын дугаартай 200м2 талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 197м2 талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газраар 50.000.000 төгрөгний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан Д.Цэвэлмаад олгохоор,

Мөн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлах Ү-1317001625 үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 37.350м2 талбай бүхий хувийн орон сууцаар 37.350.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан Э.Эрдэнэзаяад олгохоор тус тус шийдвэрлэсэн байсан.

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 дугаартай шүүгчийн захирамжинд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 291 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж төлбөр авагч Д.Цэвэлмаагийн хүсэлтийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шүүхийн шийдвэрт 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж төлбөр авагч Э.Эрдэнэзаяагийн хүсэлтийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сүхбаатар сумын 2 дугаар багт барлах Ү-1317005736 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг, 000562005 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 71/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн төлбөр төлөх хугацаа өгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 75/01 дугаартай тогтоолоор хураан авсан. Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах Ү-1317001625 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 75/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 75/1 дугаартай хураах тогтоолоор хураан авсан.

Дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч Т.Мөнхзаяа болон төлбөр авагч нараас авахад үнийн санал зөрсөн тул Ү-1317001625 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай Шинжээч томилох тогтоолоор, Ү-1317005736 дугаартай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 07 дугаартай Шинжээч томилох тогтоол-оор тус тус “Баян модот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг хураасан эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээчээр томилсон бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах Ү-1317005736 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаартай 200м2 талбайтай барилга, 197м2 талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 111.0 сая төгрөгөөр, Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах улсын бүртгэлийн Ү-1317001625 дугаарт бүртгэлтэй 337.5м2 талбайтай барилгыг 65.3 сая төгрөгөөр тус тус үнэлэгдсэн үнэлгээг төлбөр төлөгч Т.Мөнхзаяад 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэйг сануулж мэдэгдсэн. Дээрх үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээг бодитой хууль ёсны дагуу гарсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулинд заагдсаны дагуу явагдаж байгаа гэж үзэж байна” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 542 дугаартай шийдвэрээр:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн           160.1.2-т зааснаар Т.Мөнхзаяагийн гомдолтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,   

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

   Нэхэмжлэгч Т.Мөнхзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Т.Мөнхзаяа миний Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 хэсэгт байрлах Ү-1317005736 дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, хөрөнгө 000562005 дугаартай эзэмших эрхийн гэрилгээтэй 197м2  газар, Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 хэсэгт байрлах  Ү-1317001625 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны үнэлгээнд гомдол гаргасан.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дээрх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Миний нэр дээр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлах O-1317001625 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65.354.000 төгрөгөөр үнэлсэн.

Уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 80.000.000 төгрөг юм. Мөн Сүхбаатар сум 6 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах Ү-1317005736 дугаартай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 111.000.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш нь 200.000.000 төгрөг юм. Анхан шатны шүүхээс дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн судалгааг хийлгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны үнэлгээг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг одоо зах зээлийн ханшийг судлан, гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа:

Т.Мөнхзаяатай холбоотой 2 шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Манай байгууллага нь үнэлгээ гаргах эрхгүй. Хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээг үнэн зөв болсон гэж үзэж байна. Нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэв.

                                                Үндэслэх нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Мөнхзаяа нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эд хөрөнгөд үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Гомдол гаргагч Т.Мөнхзаяа нь 50.000.000 төгрөгийг иргэн Д.Цэвэлмаад төлөхөөр тохирч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар багт /сүүлд 6 дугаар баг болон өөрчлөгдсөн/ байрлах  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000324337 дугаартай, Ү-1317005736 дугаарт бүртгэлтэй, 200м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хангуулахаар эвлэрэн  Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 дугаартай захирамжаар баталгаажуулсан байна.

 

Мөн Т.Мөнхзаяа нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр иргэн Э.Эрдэнэзаяад 37.350.000 төгрөг төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд  түүний барьцаа болох Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлалтай       Ү-1317001625 дугаарт бүртгэлтэй үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэжээ.

 

Гомдол гаргагч Т.Мөнхзаяа нь дээрхи шүүхийн шийдвэрүүдийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Д.Цэвэлмаа, Э.Эрдэнэзаяа нарын хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч тус захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан ажиллагааг хийж, улмаар Т.Мөнхзаяагийн барьцаа хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т “үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа  явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно. Шинжээчийг  дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан  нотлох баримтаас үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх бөгөөд талууд үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар тохиролцоогүй тул 75 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Гомдол гаргагч Т.Мөнхзаяа нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн судалгааг хийлгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үнэлгээг үндэслэлтэй гэж үзсэн нь буруу гэж тайлбарлажээ.

Гомдол гаргагч Т.Мөнхзаяа нь үл хөдлөх хөрөнгүүдийг одоогийн зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарлан маргаж байгаа боловч ямар нотлох баримтыг үндэслэн  зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээ хийсэн гэж тайлбарлаж  байгаа, өөрийн үнэлгээнээс өөр баримт шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл гомдлынхоо шаардлагатай холбоотой тухайн үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий этгээдийн үнэлгээ тогтоосон тухай ямар нэгэн  баримт ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх  тул шүүх түүний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

 

 Иймд гомдол гаргач Т.Мөнхзаяагийн эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гомдол гаргагч Т.Мөнхзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 542 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар гомдол гаргагч Т.Мөнхзаяагийн   давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн оролгод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                           С.ЭНХЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН