Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 542

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч  Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  2 дугаар баг Цагаан эрэг 1 дүгээр хэсэг 20-54 тоотод оршин суух, эмэгтэй, 39 настай Ваур овогт Төмөрхуягийн Мөнхзаяагийн /МЬ-78011703/ гомдолтой

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойт 54 гудамж 14 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сүхбаатар сумын 4 дүгээр баг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажилчдын байранд оршин суух, эмэгтэй, 36 настай, одоо Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 75 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажилтай Харчин овогт Энхбатын Дондмаа /ВЮ-81091905/ /Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд/ холбогдох:             

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлын тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа, иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОР ХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гомдол гаргагч Т.Мөнхзаяагийн шүүхэд гаргасан гомдлоос:

 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 хэсэгт байрлах Ү-1317005736 дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000562005 дугаартай эзэмших эрхийн  гэрчилгээтэй 197м2 газар, Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 хэсэгт байрлах Ү-1317001625 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ аймаг дахь ШШГА-ны үнэлгээнд гомдол гаргаж байна.

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь төлбөр авагч Э.Эрдэнэзаяа, Д.Цэвэлмаа нарын хүсэлтийн дагуу төлбөр төлөгч Т.Мөнзаяа надад холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн билээ. Төлбөрийг иргэн миний эд хөрөнгөнөөс гаргуулах ажиллагаа хийгдэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь миний нэр дээрх Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 баг 2 хэсэгт байрлах Ү-1317001625 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65.354.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 80.000.000 төгрөг юм.

Мөн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг 3 хэсэгт байрлах Ү-1317005736 дугаартай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 111.000.000  төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш нь 200 сая төгрөг тул эрх ашиг хохиролтойгоор тогтоогдсон. Хоёр үл хөдлөх хөрөнгөнд тогтоосон Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа шүүх хуралд гаргасан тайлбартаа:

Иргэн Т.Мөнхзаяагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 тоот захирамжаар төлбөр төлөгч Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах Ү-1317005736 үл хөдлөх өмчлөх эрхийн улсын дугаартай 200м2  талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 197м2 талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газраар 50.000.000 төгрөгний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан  Д.Цэвэлмаад олгохоор,

мөн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлах Ү-1317001625 үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 37.350м2 талбай бүхий хувийн орон сууцаар  37.350.000  төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан Э.Эрдэнэзаяад олгохоор тус тус шийдвэрлэсэн байсан.

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 дугаартай шүүгчийн захирамжинд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 291 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж төлбөр авагч Д.Цэвэлмаагийн хүсэлтийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шүүхийн шийдвэрт 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж төлбөр авагч Э.Эрдэнэзаяагийн хүсэлтийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сүхбаатар сумын 2 дугаар багт барлах Ү-1317005736 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг, 000562005 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 71/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн төлбөр төлөх хугацаа өгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 75/01 дугаартай тогтоолоор хураан авсан.

Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах Ү-1317001625 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 75/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 75/1 дугаартай хураах тогтоолоор хураан авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч Т.Мөнхзаяа болон төлбөр авагч нараас авахад үнийн санал зөрсөн тул Ү-1317001625 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай “Шинжээч томилох тогтоол”-оор, Ү-1317005736 дугаартай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 07 дугаартай “Шинжээч томилох тогтоол”-оор тус тус “Баян модот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг хураасан эд хөрөнгийг үнэлүүлэхээр  шинжээчээр томилсон  бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах Ү-1317005736 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаартай 200м2 талбайтай барилга, 197м2 талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 111.0 сая төгрөгөөр, Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах улсын бүртгэлийн Ү-1317001625 дугаарт бүртгэлтэй 337.5м2 талбайтай барилгыг 65.3 сая төгрөгөөр тус тус үнэлэгдсэн үнэлгээг төлбөр төлөгч Т.Мөнхзаяад 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэйг сануулж мэдэгдсэн. Дээрх үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээг бодитой хууль ёсны дагуу гарсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулинд заагдсаны дагуу явагдаж байгаа гэж үзэж байна гэх.

Гомдол гаргагч Т.Мөнхзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Т.Мөнхзаяа би Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албатай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.      

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч буюу гомдол гаргагч Т.Мөнхзаяа нь шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь төлбөр авагч Э.Эрдэнэзаяа, Д.Цэвэлмаа нарын хүсэлтийн дагуу төлбөр төлөгч Т.Мөнзаяа надад холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн билээ. Төлбөрийг иргэн миний эд хөрөнгөнөөс гаргуулах ажиллагаа хийгдэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь миний нэр дээрх Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 баг 2 хэсэгт байрлах Ү-1317001625 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65.354.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 80.000.000 төгрөг юм.

Мөн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг 3 хэсэгт байрлах Ү-1317005736 дугаартай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 111.000.000  төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш нь 200 сая төгрөг тул эрх ашиг хохиролтойгоор тогтоогдсон. Хоёр үл хөдлөх хөрөнгөнд тогтоосон Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь: 

1.Гомдол гаргагч Т.Мөнхзаяа нь иргэн Д.Цэвэлмаагаас 10 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай 25.000.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 09 сарын хугацаанд хэрэглэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлж, зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хийсэн байна. Т.Мөнхзаяа нь хугацаандаа зээлээ төлөхгүй, зээлийн гэрээг зөрчсөн учраас Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Цэвэлмаа нь нэхэмжлэл гарган зохигчид нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд эвлэрэн хэлэлцэж шүүхээс шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 дугаартай “Зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарган, тус захирамжаар нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 19.750.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 50.000.000 төгрөгөндөө зохигчид эвлэрч, барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар багт /сүүлд 6 дугаар баг болон өөрчлөгдсөн/байрлах  “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн  000324337 дугаартай, Ү-1317005736 дугаарт бүртгэлтэй, 200м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 Шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 дугаартай захирамжийг үндэслэн иргэн Д.Цэвэлмаагийн хүсэлтээр шүүгчийн 2017 оны 04 дүгээр  сарын 26-ны өдрийн 929 дугаартай “Шүүхийн шийдвэр албадан биелүүлэх тухай” захирамжийг гаргаж, мөн өдрийн 291 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигдсэн байна.

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 929 дугаартай захиармжийн дагуу гаргасан 291 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулинд заасны дагуу дараах ажиллагаанууд явагдсан байна. Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2017 оны 04 дугаар сарын 27-ны өдөр 255 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гарган, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл”, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 75/01 дугаартай “Эд хөрөнгийг хураасан тухай тогтоол”, “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, зэрэг нь хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна.

Дээрх тогтоол, тэмдэглэлийн дагуу хариуцагч Т.Мөнхтуяа нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандан Сүхбаатар сумын 2 дугаар багт /сүүлд 6 дугаар баг 3 дугаар хэсэг болон өөрчлөгдсөн/ байрлах “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000324337 дугаартай, Ү-1317005736 дугаарт бүртгэлтэй, 200м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 200.000.000 төгрөгөөр үнэлэх саналаа гаргасан байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Бүрэнжаргал нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хамт 50.350.000 төгрөгөнд үнэлж дуудлага худалдаанд оруулах талаар саналаа гарган төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд үнийн талаар зөрүүтэй санал гаргасан учраас Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгчээс Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах  “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн  000324337 дугаартай, Ү-1317005736 дугаарт бүртгэлтэй, 200м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоол гарган, шинжээчээр “Баянмодот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг томилсон байна.

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолыг үндэслэн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9011157074 улсын бүртгэлийн дугаартай, 2070413 регистрийн дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-тэй “Баянмодот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом нь /хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн 071200051 дугаартай гэрчилгээтэй/ 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №2017-07 дугаартай “Үнэлгээний тайлан” гаргасан байна. “Үнэлгээний тайлан”-даа “...Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  000324337 дугаартай, Ү-1317005736 дугаарт бүртгэлтэй, 200м2 талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхийн гэрчилгээтэй 197м2 газрын зах зээлийн үнэ цэнийн баримжааг тогтоох ажлыг гүйцэтгэв.  Уг хөрөнгийн байдалтай 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өмчлөгчийг байлцуулан танилцаж, хөрөнгийн чанар, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судалж нарийвчлан тогтоосны үндсэн дээр тус үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн баримжааг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 111.0 сая төгрөгөөр тогтоосон болно...” гэсэн байгаа нь тухайн үнэлгээг мэргэжлийн ур чадвар бүхий этгээд хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Тухайн үнэлгээ хийсэн талаар зохигчдод 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны “Мэдэгдэл”-ээр мэдэгдэн хариуцагч Т.Мөнхзаяа нь уг мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан болохоо хэрэгт авагдсан нотлох баримтаар /2017.06.23-ны өдрийн “Мэдэгдэл”-д бичигдсэн хүлээн авсан он,сар, өдөр/ нотлогдож байна.   

2.Гомдол гаргагч Т.Мөнхзаяа нь иргэн Э.Эрдэнэзаяагаас 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан сарын 8 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай 20.000.000 төгрөг зээлж, мөн “Барьцааны гэрээ” байгуулан Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлалтай Ү-1317001625 дугаарт бүртгэлтэй үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан зээл авсан байна. Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь Т.Мөнхзаяад холбогдуулан шүүхэд “37.350.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяагийн хүсэлтээр шүүгчийн 2017 оны 05 дугаар  сарын 01-ний өдрийн 971 дугаартай “Шүүхийн шийдвэр албадан биелүүлэх тухай” захирамжийг гаргаж, мөн өдрийн 300 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигдсэн байна.

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийдвэр, 300 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулинд заасны дагуу  дараах ажиллагаанууд явагдсан байна.  Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдийн 260 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гарган, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгө битүүмжлэх тухай 75/01 дугаартай тэмдэглэл”, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 75/1 дугаартай “Эд хөрөнгийг хураасан тухай тогтоол”, “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл” зэрэг нь хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна.

Дээрх тогтоол, тэмдэглэлийн дагуу хариуцагч Т.Мөнхтуяа нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандан Сүхбаатар сумын 8 дугаар багт  байрлах “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1317001625 дугаарт бүртгэлтэй, 337.5м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 70.000.000 төгрөгөөр үнэлэх саналаа гаргасан байна. Мөн нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд 11.000.000 төгрөгөнд үнэлж дуудлага худалдаанд оруулах талаар саналаа гарган төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд үнийн талаар зөрүүтэй санал гаргасан учраас Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгчээс Т.Мөнхзаяагийн өмчлөлийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлах  “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн  Ү-1317001625 дугаарт бүртгэлтэй, 337.5м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоол гарган, шинжээчээр “Баянмодот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг томилсон байна.

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолыг үндэслэн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9011157074 улсын бүртгэлийн дугаартай, 2070413 регистрийн дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-тэй “Баянмодот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом нь /хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн 071200051 дугаартай гэрчилгээтэй/ 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №2017-6 дугаартай “Үнэлгээний тайлан” гаргасан байна. “Үнэлгээний тайлан”-даа “...Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийн баримжааг тогтоох ажлыг гүйцэтгэв.  Уг хөрөнгийн байдалтай 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өмчлөгчийг байлцуулан танилцаж, хөрөнгийн чанар, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судалж нарийвчлан тогтоосны үндсэн дээр тус үл хөдлөх хөрөнгийн үнэ  цэнийн баримжааг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 65.3 сая төгрөгөөр тогтоосон болно...” гэсэн байгаа нь тухайн үнэлгээг мэргэжлийн ур чадвар бүхий этгээд хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Тухайн үнэлгээ хийсэн талаар зохигчдод 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны “Мэдэгдэл”-ээр мэдэгдэн хариуцагч Т.Мөнхзаяа нь уг мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан болохоо хэрэгт авагдсан нотлох баримтаар/ 2017.06.23-ны өдрийн “Мэдэгдэл”-д бичигдсэн хүлээн авсан он,сар, өдөр/ нотлогдож байна.  

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 дугаартай захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийдвэрийн дагуу тус тус явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуулинд заасны дагуу явагдсан байх тул Т.Мөнхзаяагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Т.Мөнхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар гомдол гаргагчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэрэгт авагдсан баримтаар  хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 160.1-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар Т.Мөнхзаяагийн гомдолтой “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол”-ыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц   хүчинтэй   болохыг  дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар шүүх  хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХЗУЛ

                                                      ШҮҮГЧИД                     Л.ЭНХТАЙВАН

                                                                                            Л.СОЁЛМАА