Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 227

 

Д.Гантулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 505 дугаар магадлалтай, 201625020530 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Суваргачин овогт Дугарын Гантулга нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гантулгыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 21 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Х.Ургаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Гантулга хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийтгэх тогтоолд ямар нотлох баримтыг үндэслэн “маргалдсаны улмаас” гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэрчийн мэдүүлэг дэх маргалдсан гэсэн үгийг үндэслэж байгаа бол миний зүгээс яаж маргалдсан, ямар өнгө аястай үг хэллэг хэрэглэж байсан, сүрдүүлэх заналхийлэх зүйл байсан эсэх, санаа сэдэлт, зорилго ажиглагдсан үгүйг хэрхэн тогтоож байгаа вэ. ...Тодорхой нотлох баримтгүй зүйлээр дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ямар нэг санаа зорилгогүй үйлдлийг санаатай болгон дүгнэхэд хүрч, миний хувийн байдалд хүндээр тусч байна. ...Тухайн үед талийгаачаас айсандаа биш, согтуу хүн хутга авч балмад зүйл хийх вий гэж айж сандарсандаа хамгийн ойр байсан хэсэг болох нүүр лүү нь түлхсэн байх. Тэрнээс надад түлхээд унагах гэсэн санаа зорилго байгаагүй.

...Надад хүнийг унагах, гэмтээх, алах санаа зорилго огтхон ч байгаагүй. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон явдал нь үнэхээр харамсалтай байна. Иймд тодорхой биш нотлох баримтуудыг тодруулж, зөв дүгнэлт гаргаж, хуулийн тохирох зүйл ангиар ял шийтгэхийг хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Д.Гантулгын гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг буруу тогтоож, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн зүйлчлэлийг буруу тогтоож, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзнэ. Шийтгэх тогтоол, магадлалд уг хэргийн субьектив шинжийг зөв тогтоосон атлаа гэм буруугийн шууд бус санаатай буюу Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар ямар нэгэн нотлох баримтгүйгээр хор уршиг учрахыг мэдсэн, ухамсарласан, хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруугийн хэлбэрийг буруу тогтоосон гэж үзэхэд хүргэж байна.

Шүүгдэгч Д.Гантулгын үйлдлийн сэдэлт гэм буруугийн хэлбэр нь анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг шууд бус санаатай үйлдэл биш бөгөөд хэрэг хоромхон хугацаанд болоод өнгөрсөн. Д.Гантулга нь ямар нэгэн цохих зодох үйлдэл хийгээгүй болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа бөгөөд энэ хэргийн цорын ганц нүдээр харсан гэрч А.Оюун-Эрдэнийн мэдүүлгээр Д.Гантулга нь хохирогчийн цээжинд түлхэхэд сууж байсан сандал тээглэж түүнийг давж унахдаа тархиндаа хүнд гэмтэл авч улмаар нас барсан болох нь нотлогдож байгаа тул Д.Гантулгыг бусдын амь насыг санаатай хохироосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Д.Гантулга нь хадам эцгээ түлхэх үед сандалд тээглэж унаад улмаар амь насаа алдаж болно гэдгийг урьдчилан ухамсарлаж мэдэх боломжтой байж болох боловч тухайн хэрэг учрал болох хоромхон хугацаанд ингэж урьдчилан мэдсэн, ухамсарлаж ойлгосон, зориуд үхэлд хүргэсэн байна гэж ямар шалгуураар, ямар нотлох баримтаар тогтоож байгаагаа шийтгэх тогтоол, магадлалын дүгнэлт хэсэгтээ тодорхой зааж оруулаагүй буюу ийм баримт хэрэгт авагдаагүй, байхгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийн талаарх дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1, 319.1.2, 319.1.3 болон мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3-т заасныг баримтлаагүй гэж дүгнэх үндэслэл болж байна. Харин уг эргэлзээтэй байдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Д.Гантулга нь үйлдлийнхээ хор аюулыг урьдчилан мэдэлгүйгээр, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хайхрамжгүй хандаж үйлдсэн гэж хуульд зааснаар дүгнэх нь зөв гэж үзнэ.

Дээрх байдлаас дүгнэхэд Д.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэхэд хангалттай хэмжээний нотлох баримт цугларсан, түүнийг болгоомжгүй гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэхэд хууль хэрэглээний талаас илүү бодитой, ялтны үйлдлийн сэдэлт санаа зорилгыг илүү оновчтой зөв тогтоосон шийдвэр болох тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Д.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл ангид заасан ялыг тохируулан хэрэглэх нь ялтны хувийн болон эрх зүйн байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. ” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар  ял шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд хэргийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах” гэсэн зүйлчлэлээр зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Гэмт хэргийн сэдэлтийг тогтоогоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан зөрчлүүд байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Д.Гантулга нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хадам эцэг Б.Алтангэрэлтэй маргалдаж, түүнийг түлхэж унаган хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон.  Шүүгдэгч болон амь хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, хувийн байдал зэргийг сайтар шалгаж тогтоосон байна. Хэрэг гарах үеийн нөхцөл байдал, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ. Үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 Шүүгдэгч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Гантулгад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасныг баримтлан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Гантулгын гэм бурууг хэлэлцэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Гантулга нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 13 дугаар гудамжны 707б тоотод өөрийн хадам эцэг Б.Алтангэрэлийг түлхэж унагасны улмаас биед нь “...чамархай зулайн яс, хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, олон тооны эдийн дотор цусан хураа, аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, баруун дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий гэмтэл учирч, хохирогч нас барсан бөгөөд хэрэг гарахад амь хохирогч Б.Алтангэрэлийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хүргэн Д.Гантулгыг удтал хэл амаар доромжилж заналхийлсэн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Харин шүүх хэргийн талаар тогтоогдсон дээрх үйл баримтыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхдээ Д.Гантулгыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Д.Гантулгын хүний амь насыг хохироосон хор уршигт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан сэтгэхүйн харьцааг тогтоосон нотлох баримт хэрэгт цуглараагүйгээс гадна Д.Гантулгын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой өгсөн “...Гал тогооны өрөөнд ширээн дээр байсан хутганы ойролцоо сууж байгаад босоод ирэхээр нь би хутга авах гэж байна гэж бодож сандраад өөдөөс нь баруун гараараа түлхчихсэн юм. Тэгтэл сандал даваад ар дагзаараа хүчтэй унасан, тэрнээс би дахин гар хүрээгүй, зодоогүй…” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч Д.Гантулгын амь хохирогч Б.Алтангэрэлийг түлхэж унагахаас өмнө болон дараах үеийн үйл хөдлөлийг шууд харсан гэрч А.Оюун-Эрдэнийн “… Өвөө Гантулга ахыг “халхын шээс минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод дайрч давшлаад байсан. Тэр хоёрыг маргалдаад байхаар нь би дүүгээ дагуулаад гараад явчихсан. Намайг гаднаас эргээд орж ирэхэд Гантулга ах өвөөг цээж рүү нь нэг удаа түлхэж байгаа харагдсан. Тэгээд өвөө хойшоогоо хүчтэй савж унасан. Өвөөг шалан дээр унахад нь Гантулга нь өргөөд босгоод суулгасан чинь хамраас нь цус гарсан…/хх-23/” гэх мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

Шүүгдэгч Д.Гантулга амь хохирогч Б.Алтангэрэл нарын хоорондын харилцааны түүх, хувийн байдлын талаар гэрч А.Хоролсүрэнгийн өгсөн “Анх Алтангэрэл бид хоёр гэр бүл болоод суухад архи согтууруулах ундаа хэрэглэх нь гайгүй байсан, сүүлдээ архи согтууруулах ундааг өдөр өнжихгүй маш ихээр уудаг болсон, агсам согтуу тавьдаг хамт амьдрах боломжгүй болоод аргагүй эрхэнд 2001 онд салсан юм. Байгаа байдал нь сэтгэцийн хувьд цоо эрүүл биш, бүдүүн тоймын хүн байсан. Дорнодод байхдаа эрүүлжүүлэхэд орж байсан. Бараг гудамжны архичин болсон. Хотод байгаа охин Алтан-Оргилоос сонсоход “сүүлийн үед архи ихээр уугаад хүүхдүүдээ хэл амаар доромжилж агсам тавьдаг гэж дуулдсан. Сүүлдээ хүүхдүүд аргаа бараад талийгаачтай хамт байхгүй, байр хөлсөлж амьдарья гэж бодсон боловч мөнгө төгрөгний асуудлаас болж амжаагүй байна лээ /хх-26/”, гэрч А.Алтан-Оргилын “… Талийгаач архийг нэлээн уудаг. Нэг уухаараа олон хоног үргэлжилдэг. Архи уусан үедээ ширүүн авиртай болчихдог, зан ааш нь өөрчлөгдөөд байдаг юм… Архи уухаараа Гантулга руу ширүүн үг хэлдэг, Гантулга тэвчихээ байхаараа өөрөө гараад явчихдаг, ажил дээрээ очоод хоночихдог байсан. Зодоон хийдэггүй байсан. Гантулга бол мэдлэгтэй боловсролтой сайн хүн... /хх-28/”, гэрч А.Алтансувдын “…Аав архи уухаараа Гантулга руу агсам тавьж хэл амаар доромжлоод байдаг. Аав ер нь бид нар руу дайрч доромжилдог байсан, бид нар тоодоггүй байсан. Гантулга аавын гаргаж байгаа зан авирыг тэвчээд өнгөрүүлдэг байсан. Нэг удаа аав намайг байхад Гантулгыг “чамайг унтаж байхад чинь хоолойг чинь хэрчинэ” гэж байсан. Гантулга архи уухаараа янз бүрийн зан гаргадаггүй. /хх-30/”, гэрч А.Алтан-Ундрахын “Талийгаач архи уусан үедээ хэл ам нь хурц болдог... 2001 онд ээжээс салсан, түүнээс хойш манайд амьдарч байгаад 2014 онд хотод ирээд миний доод талын дүү Алтан-Оргилынд амьдарч байсан…/хх-32/”, гэрч А.Алтанболорын “… цагаан сарын өмнө эгч Алтан-Оргил надтай утсаар ярихдаа “аав Гантулгад жоохон үг хаяад байна, ер нь таарах шинжгүй байна” гэж надад хэлж байсан…Манай ээж, талийгаач аав хоёр салснаас хойш ээж Гантулгын аавтай суусан. Тэрнээс болоод талийгаач аав, Гантулга хоёр таарч тохирдоггүй байх гэж бодож байна. /хх-34/” гэх мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хэмжээнд судалж үзэхэд Д.Гантулга амь хохирогч Б.Алтангэрэлийг гэмтээх, улмаар алах гэсэн хүсэл зорилготой байсан, өөрөөр хэлбэл түлхсэний улмаас амь хохирогч хүндээр гэмтэж, үхэж болохыг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт хүсэж эсхүл зориуд хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хайхрамжгүй хандах нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог болно.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч Д.Гантулгыг амь хохирогч Б.Алтангэрэлийг түлхэх үед тэрээр унаж гэмтэж болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч үүндээ хайхрамжгүй хандсан буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдыг алсан гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн “Д.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн 505 дугаар магадлалд “Д.Гантулгыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар  4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Гантулгын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                   ДАРГАЛАГЧ,

                                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧ                                                                  Б.БАТЦЭРЭН