Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00517

 

Х.Б-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дүгээр шийдвэр

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар магадлалтай

Х.Б нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-ийн Булган салбарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Х.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б миний бие нь “Т” ХХК-ийн Булган салбарт "Хадгаламж" банк нэртэй байхад нь 2010 онд Хаан банкнаас шилжин ирж ажилласан ба 2014 оноос харилцааны ахлах менежерээр ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлөхдөө өөрийн хүсэлтээр гэж чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд хандаж байна. Учир нь 2017 оны 05 дугаар сард төв банкнаас манай салбарыг алдагдлаас гаргах албан даалгавар өгч, уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд салбарын захирал, харилцааны ахлах менежер, ерөнхий нягтлан бодогч нарт хариуцлага тооцож сахилгын арга хэмжээ авна гэж заасан байсан.Тэр үед би төв банкнаас зохион байгуулсан банкаар дамжуулан олгодог төслийн семинарт 3 хоног явах болоод даргадаа танилцуулаад 5 дахь өдөр явчихаад ирэхэд уг семинарт зөвшөөрөлгүй явлаа гэж загнан тайлбар бичүүлж авсан ба ингэж тайлбар бичүүлэх үедээ, намайг дээрх албан даалгаварт заасан алдагдлаас гаргах үүргийг чи биелүүл, хугацаанд нь биелүүлж чадахгүй бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө гэж наанаа бич гэж шаардан бичүүлсэн тайлбарынхаа дор албан хүчээр бичүүлж авснаас биш би өөрийн хүсэл сонирхлоор бичээгүй. Дээрх албан даалгаварт заагдсан алдагдлаас гаргах үүргийг миний бие биелүүлж банкны барьцаанд байсан байшинг 6 дугаар сард багтаан зээлээр зарсан боловч 2017 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд тог тасарсны улмаас Улсын бүртгэлийн газар ажиллаагүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ солигдох боломжгүйгээс зээл олгогдож байшин зарагдаагүй. 7 дугаар сарын 05-ны өдөр байшин зарагдаж банк ашигт ажиллагаанд орсон. Гэтэл салбарын захирал 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой ажлаасаа гар гэж хэлээд 8 дугаар сарын 1-ний өдөр өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлөв гэсэн тушаал гаргасан байсан. Би өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, банкны алдагдлыг зогсоох ажлыг өөрийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн гэж үзэж буй тул ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2-т заасны дагуу хандаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Б нь Хадгаламж банкны Булган салбарын захирлын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тушаалаар тус банкинд ажилд орсон байдаг. “Т” ХХК-ийн Булган салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 107 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Х.Б нь удирдлагынхаа ямар ч зөвшөөрөлгүйгээр 3 хоног сургалтанд суух нэрийдлээр 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 5 хоног ажил тасалсан байдаг ба ажилдаа ирснийх нь дараа ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй ба дарамт шахалт үзүүлээгүй. Төв банкнаас өгсөн албан даалгаврын дагуу салбарын захирал салбарыг алдагдлаас гаргах хугацаатай үүрэг даалгавар өгсөн ба Х.Б нь үүнийг хүлээн зөвшөөрч 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тайлбар бичиж өгсөн. Уг тайлбарт 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хагас жилийн байдлаар Булган салбарыг алдагдлаас гаргаж ашигтай ажиллуулна. Хэрэв алдагдлаас гаргаж чадахгүй бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болно гэсэн тайлбар өгсөн. Энэ үүрэг даалгаврыг биелүүлээгүй боловч Х.Б-д ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй болно. Х.Б нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гараар бичиж өгсөн өргөдөлдөө тус салбарын харилцааны ахлах менежер ажилтай Х.Б миний бие нь эрүүл мэндийн улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн утгатай өргөдлийг салбарын захиралд бичиж өгсөн. Түүний өргөдлийн дагуу салбарын захирлын зөвлөл 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж хэлэлцээд 10 тоот проткол үйлдэж ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн болно. Х.Б нь ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж, ажил тасалдаг. Хамтарч ажиллахад бэрхшээлтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Мааньт овогт Х.Б-ыг “Т” ХХК-ийн Булган салбарын харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 4089148 /дөрвөн сая наян есөн мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т” ХХК-ийн Булган салбарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн Булган салбараас 80376 /наян мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар магадлалаар Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 376 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х.Б-ын нэхэмжлэлтэй “Т” ХХК-ийн Булган аймаг дахь салбарт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд гаргасан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “...маргааны үйл баримтыг нотлох, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгөх, өмгөөлөгч авах тухай хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг зөрчсөн. Нөгөө талаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохиогчдод олгоогүй нь “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж үзэх үндэстэй байна гээд давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдсэн нь шийдвэр “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Магадлалд дурдсан хариуцагчийн хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгөх, өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүй гэсэн тухайд:

Хариуцагч байгууллагын төлөөлөгч X.Б-ын нэхэмжлэлийг 2017оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гардан аваад /хх-11/ эрх үүрэг тайлбарласан баримттай танилцаж гарын үсэг зурсан, 10 дугаар сарын 26-нд 46 хуудас бүхий хэргийн материалтай танилцсан тухай гарын үсгээ зурсан, анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд хэргийн оролцогч нарт эрх үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асуухад ойлгосон, шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байна уу гэхэд байхгүй гэж хариулсан /хх-51/ эдгээр нотлох баримтаас хариуцагч нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан баримт байхгүй байхад шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах, нотлох баримт гарган өгөх эрхийг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэснээс үзвэл хэргийн оролцогч шүүх хуралдаан товлон зарлахаас өмнө нотлох баримтаа гарган өгөх, хурал эхлэхэд өгч буй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол хүлээн авна гэж ойлгогдохоор байна.

Хэрэг шүүхээр хэлэлцэгдэж нотлох баримтыг шинжлэн судалсантай холбогдон хариуцагч шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй бөгөөд авах хууль зүйн үндэслэл байгаагүй. Иргэний хэрэг үүссэнээс хойш 2 сар шахмын хугацаанд хариуцагчид нотлох баримтыг гаргаж өгөх боломж хангалттай байсан. Гэтэл гаргаж өгөх байсан юм гэдгээр эрхийг хангаагүй, нотлох баримтыг цуглуулах боломж олгоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй”-г хуульчилсан, энэ үүргээ биелүүлээгүй хариуцагчийн “...шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж дүгнэсэн зэрэг нь шийдвэр “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:       

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэстэй байна.

Х.Б нь “Т” ХХК-ийн Булган салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Б нь 2010 оноос “Т” ХХК-д ажилласан, 2014 оноос харилцааны ахлах менежерээр ажиллаж байхад нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1. дэх заалт нь ажилтны  санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байх бөгөөд ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй гэж ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс нотлох баримт бүрдүүлэх боломжийг хариуцагчид олгоогүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 25 дугаар зүйлийн 25.1.3-т хэргийн оролцогч нь “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 105 дугаар зүйлийн 105.1., “шинэ  нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар ... хүсэлт гаргах...” эрхтэй гэж,  38 дугаар зүйлийн 38.9-д “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах”-аар тус тус зохицуулжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан, мөн өдрөө хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариу тайлбараа өгч, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдах шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн, хэргийн материалтай танилцсан, улмаар шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байхгүй талаар хэлсэн болох нь хэрэгт авагдсан эрх үүрэг танилцуулсан, шүүх хуралдааны тов мэдэгдсэн, хэргийн материалтай танилцсан баримтууд болон шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож /хх-10-14, 40-41, 51/ байх бөгөөд шүүх хариуцагчийн эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх боломжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд ажил олгогч ажилтныг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэх хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй, улмаар нотлох баримт гаргаж өгөхөөр, эсхүл өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулахаар шүүх хуралдаанд хүсэлт гаргаагүй ба ажилтнаас гаргасан “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт” гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасан шүүх хуралдааны явцад тогтоогдсон шинэ нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Хэргийн оролцогч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д нийцээгүй тул энэ үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэстэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.2. дахь заалтад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР      

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД