Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                                     

Хэргийн индекс 132/2017/00413/И

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дугаартай шийдвэртэй,

 

 Х. Б нэхэмжлэлтэй, Т-ийн б-ны Б с-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:   

Нэхэмжлэгч Х.Б

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х овогтой Б миний бие нь Т-ийн б-ны Б салбарт "Хадгаламж" банк нэртэй байхад нь 2010 онд Хаан банкнаас шилжин ирж ажилласан ба 2014 оноос харилцааны ахлах менежерээр ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлөхдөө өөрийн хүсэлтээр гэж чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд хандаж байна. Учир нь 2017 оны 05 дугаар сард төв банкнаас манай салбарыг алдагдлаас гаргах албан даалгавар өгч, уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд салбарын захирал, харилцааны ахлах менежер, ерөнхий нягтлан бодогч нарт хариуцлага тооцож сахилгын арга хэмжээ авна гэж заасан байсан.Тэр үед би төв банкнаас зохион байгуулсан банкаар дамжуулан олгодог төслийн семинарт 3 хоног явах болоод даргадаа танилцуулаад 5 дахь өдөр явчихаад ирэхэд уг семинарт зөвшөөрөлгүй явлаа гэж загнан тайлбар бичүүлж авсан ба ингэж тайлбар бичүүлэх үедээ, намайг дээрхи албан даалгаварт заасан алдагдлаас гаргах үүргийг чи биелүүл, хугацаанд нь биелүүлж чадахгүй бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө гэж наанаа бич гэж шаардан бичүүлсэн тайлбарынхаа дор албан хүчээр бичүүлж авснаас биш би өөрийн хүсэл сонирхлоор бичээгүй. Дээрх албан даалгаварт заагдсан алдагдлаас гаргах үүргийг миний бие биелүүлж банкны барьцаанд байсан байшинг 6 дугаар сард багтаан зээлээр зарсан боловч 2017 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд тог тасарсны улмаас Улсын бүртгэлийн газар ажиллаагүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ солигдох боломжгүйгээс зээл олгогдож байшин зарагдаагүй. 7 дугаар сарын 05-ны өдөр байшин зарагдаж банк ашигт ажиллагаанд орсон. Гэтэл салбарын захирал 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой ажлаасаа гар гэж хэлээд 8 дугаар сарын 1-ний өдөр өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлөв гэсэн тушаал гаргасан байсан. Би өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, банкны алдагдлыг зогсоох ажлыг өөрийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн гэж үзэж буй тул ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2-т заасны дагуу хандаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Б нь Х банкны Булган салбарын захирлын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тушаалаар тус банкинд ажилд орсон байдаг. Т-ийн б-ны Б с-ын захирлын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 107 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Х.Б нь удирдлагынхаа ямар ч зөвшөөрөлгүйгээр 3 хоног сургалтанд суух нэрийдлээр 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 5 хоног ажил тасалсан байдаг ба ажилдаа ирснийх нь дараа ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй ба дарамт шахалт үзүүлээгүй. Төв банкнаас өгсөн албан даалгаварын дагуу салбарын захирал салбарыг алдагдлаас гаргах хугацаатай үүрэг даалгавар өгсөн ба Х.Б нь үүнийг хүлээн зөвшөөрч 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тайлбар бичиж өгсөн. Уг тайлбарт “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хагас жилийн байдлаар Булган салбарыг алдагдлаас гаргаж ашигтай ажиллуулна. Хэрэв алдагдлаас гаргаж чадахгүй бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болно” гэсэн тайлбар өгсөн. Энэ үүрэг даалгаврыг биелүүлээгүй боловч Х.Б ямар нэг сахилгын шийтгэл оногдуулаагүй болно. Х.Б нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гараар бичиж өгсөн өргөдөлдөө “тус салбарын харилцааны ахлах менежер ажилтай Х.Б миний бие нь эрүүл мэндийн улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн утгатай өргөдлийг салбарын захиралд бичиж өгсөн. Түүний өргөдлийн дагуу салбарын захирлын зөвлөл 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж хэлэлцээд 10 тоот проткол үйлдэж ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн болно. Х.Б нь ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж, ажил тасалдаг. Хамтарч ажиллахад бэрхшээлтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Мааньт овогт Х-ийн Б-ыг Т-ийн б-ны Б с-ын харилцааны ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 4089148 /дөрвөн сая наян есөн мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Т-ийн б-ны Б с-т даалгаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т-ийн б-ны Б с-аас 80376 /наян мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж,

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

 

... Шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулж өгөх үедээ болон шүүх хурладааны хэлэлцүүлгийн үед ИХШХШТХ-ийн 25-р зүйлд заасан эрх үүргийг маань тодорхой тайлбарлаж өгөөгүй, шүүхийн туслах ажилтан нэхэмжлэлийн хувийг гардуулсан хэд хэдэн баримтанд гарын үсэг зуруулсан. Гэтэл миний хууль мэдэхгүй ойлгоогуй байдлыг ашиглан нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримттай танилцах, хариу тайлбар гаргахдаа холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргах, шүүхэд нотлох баримтыг бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд  өмгөөлөгчөөр үйлчлүүлэх эрхийг минь хангалгүйгээр шүүх хэргийг нэг талыг барьж хариуцагчийн төлөөлөгч миний эрх ашгийг зөрчиж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Х.Б нь ажлаас чөлөөлөх хүсэлтээ нэг л удаа 2017.08.01-ний өдөр Т-ийн б-ы Б с-ын архив бичиг хэргийн ажилтан Л.Н-д өөрийн гараараа бичиж өгсөн бөгөөд өргөдлийн нотариатаар батлуулсан хувь нь надад байна. Х.Б энэ хүсэлтийн эх хувийг 2017.08.10-ны өдөр тус салбарын архив бичиг хэргийн ажилтан Л.Н-гаас өөрийн өргөдлийн утгыг харчаад өгъе гэж хуурч авч яваад буцааж авчирч өгөөгүй болохыг архив бичиг хэргийн ажилтан Л.Н гэрчилнэ. Нэхэмжлэгч Х.Б үүнээс өмнө 2017.06.12-ны өдөр мөн өөрийн гараар ажил сайжруулах талаар бичгээр амлалт авч амлалтаа биелүүлж чадахгүй бол ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэж өргөдөл гаргасан. Би үүнийг ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болгоогүй. Б нь олон удаа архи ууж ажил тасалсан. Үүнийгээ өөрөө хүлээн зевшөөрч цаашид ажиллах боломжгүй байна гэж ажлаас чөлеөлөгдөх өргөдлөө өгсөн. Би түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас члөөлсөн. Шүүгч ИХШХШТХ - ийн 67- р зүйлд заасан:  Нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүргийг танилцуулж эдлэх эрхийг тайлбарлаж өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжийг сануулах, зэрэг ажиллагааг огт хийгээгүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүхийн өөр ажилтан нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Энэ нь гарын үсэг зуруулсан баримтан дээрээс тодорхой харагдана. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.Б нь өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаагүй гэж шүүхэд тайлбарладаг, хариуцагч нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр өгсөн гэж маргаж байхад шүүх ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 9.д заасан өөрийн санаачлагаар шүүх хуралдааныг хойшлуулж энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч, хариуцагч нараас шаардах хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийн оролцогчийн хэт нэг талын эрх ашгийг барьж хэргийг шийдвэрлэснээс хариуцагчийн хуулиар олгогдох эрх ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг Анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү. Би энэ маргааныг хууль зүйн дагуу шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэгч Х.Б-аас хэргийн нотлох баримт болох өөрийн гараар бичсэн ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийн эх хувийг гаргуулах, энэ талаар мэдэж гэрчлэх Л.Н-г гэрчээр асуулгах, Х.Б өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг мэдэх гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах, Х.Б-ын гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийн нотариатаар батлуулсан хувийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх, хэрэгт цугларсан Х.Б-ын гаргаж өгсөн нотлох баримттай танилцах, хуульд заасан эрхээ эдэлж шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгчийн туслалцаа авах зэрэг олон чухал үйл ажиллагааг шүүхээр шалгуулах шаардлагатай байна. Хүсэлтийг минь харгалзаж давж заалдах гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүрэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2- т заасан шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч Х.Б нь Т-ийн б-ны Б а д с-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Б нь 2010 оноос ТТ-ийн б-ны Б а д с-т  ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 107 дугаар тушаалаар ажлаасаа чөлөлөгдсөн байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Төрийн банкны “хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлйин 5.16.3, 5.25.д заасныг үндэслэл болгожээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Т-ийн б-ны Б а д с-ын төлөөлөгч тайлбарлахдаа нэхэмжлэгч Х.Б нь өөрийн хүсэлт ажлаас халагдах тухай өргөдлөө бичиг хэрэгт өгсөн байсан тул түүний хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн, хариуцагч нь би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй гэж мэтгэлцсэн байх тул маргааны үйл баримтыг нотлох, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгөх, өмгөөлөгч авах тухай хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.т заасныг зөрчсөн.

Нөгөө талаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж “шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх” боломжийг зохигчдод олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.         

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80.376.0 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ё.БЯМБАЦЭРЭН

 

 ШҮҮГЧИД                                                                         С.УРАНЧИМЭГ

 

                                                                                           М.ХҮРЭЛБААТАР