Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00548

 

Ж.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02654 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2543 дугаар магадлалтай

Ж.Ц-гийн нэхэмжлэлтэй

З.М-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд нийт 17 853 708 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ц- нь З.М-ийн гуйлтаар өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, Хаан банкны Сэлбэ салбараас 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 30 000 000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй авч мөн өдрөө З.М-т 29 500 000 төгрөг өгсөн бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 29 500 000 төгрөгийн зээлийн гэрээг, хүүгүй, 2 сарын хугацаатай байгуулсан. Гэвч зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр н.Цэцэгмаагаар дамжуулж 12 000 000 төгрөг авсан. З.М- олдохгүй байсан учир Цагдаагийн байгууллагад хандсанаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөг авсан. Үндсэн зээлээс 12 500 000 төгрөг үлдсэн тул энэ үлдэгдэл дээрээ 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл алданги төлөхөөр тохирч гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Үүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1 700 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 360 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 400 000 төгрөг төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 3 046 187 төгрөгийг З.М- нь Ж.Ц-д төлөх, үүнд хүү тооцохгүй байхаар тохирсон нь Хаан банкнаас Ж.Ц-гийн авсан зээлдээ төлсөн эхний 2 сарын зээл, хүүгийн төлөлт юм. Энэ мөнгийг гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний нийт үлдэгдэл 12 362 500 төгрөг, хүү 309 062 төгрөг, нийт 12 671 562 төгрөг, алданги 6 335 781 төгрөг буюу нийт 19 007 343 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргасны дараа 1 223 835 төгрөг төлсөн тул үлдэх 17 783 508 төгрөгийг, З.М-ийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөгийн хамт нийт 17 853 708 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Ж.Ц-гоос З.М-т 29 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай хүү, алдангигүй зээлүүлсэн. 2 сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 699 750 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1 700 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 360 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 12 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 223 835 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан тул энэ дүнг нэмж оруулсан. Тэгэхээр 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний үлдэгдэл 2 816 420 төгрөг байгаа. З.М-ийн хувьд дээрх гэрээний дагуу зээлийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй нь үнэн. Гэвч нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээгээр шаардаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 15 546 187 төгрөгийн зээлийг Ж.Ц-гоос З.М-т олгоогүй тул шаардах эрхгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсан гэж үзэхээр байгаа бөгөөд ийнхүү мөнгө шилжээгүй тул үүрэг үүсэхгүй. Энэ гэрээгээр хүү, алданги шаардахаар тохирсон нь ч үндэслэлгүй. Өмнөх гэрээний үргэлжлэл гэж үзэхгүй. 3 046 187 төгрөгийг Ж.Ц- Хаан банкинд төлсөн нь тогтоогддоггүй, энэ хохирлыг төлөх үүргийг З.М- хүлээгээгүй. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкнаас авсан 30 000 000 төгрөгийн зээлээс 29 500 000 төгрөгийг З.М-т шилжүүлснийг нотлох баримт байхгүй. Хаан банкны зээлдэгч нь н.Одгэрэл, Ж.Ц- нар юм. Тэгэхээр дангаараа хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр мөнгө шилжүүлээгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг зөрчсөн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч З.М- нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөхийг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. 3.М- нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын нэгд: “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасныг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл учир гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ж.Ц- нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр З.М-ийн танил Хаан банкны СБ Сэлбэ тооцооны төвийн захирал Н.Батнасангаар уламжлан өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 28 дугаар байрны 38 тоот 30 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалж, 30 000 000 төгрөгийн зээлийг сарын 2,5 хувийн хүүтэй зээлдэн авч 29 700 000 төгрөгийг З.М-т 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээлгэн өгч, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 29 500 000 төгрөг дээр 2 сарын хугацаатай зээлийн гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан байна. З.М- нь Ж.Ц-г банкнаас хүүтэй зээл авч өөрт нь өгч байгааг мэдэж байсан. Зээлийн гэрээ дуусахад зээлдэж авсан мөнгөө буцаан өгөх үүрэг хүлээсэн боловч буцааж өгөөгүй ба гэрээнд дурдсан хаяг дээрээ байхгүй, утасны дугаараа өөрчилж, холбогдох боломжгүй болсон тул Ж.Ц- нь 2015 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 нэгдүгээр хэлтэст З.М-т залилуулсан тухай гомдол гаргахад Д.Цэцэгмаагаар дамжуулан 12 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Цагдаагийн газар гомдлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. З.М-тэй холбогдох утсыг олж түүнтэй олон удаа холбогдож, үлдэгдэл мөнгөө нэхсэн боловч өгнө гэдэг боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй, алга болсон учир 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин гомдол гаргахад гомдлыг хүлээн авсан мөрдөн байцаагч З.М-ийг олж Цагдаагийн газар дуудан ирүүлж, З.М- түүний өмгөөлөгч нарыг Ж.Ц-той уулзуулаад, та нар зээлийн гэрээ хийсэн байгаа нь иргэний шүүхээр асуудлыг хэлэлцүүлэх ёстой, хоорондоо ярилцаж шийд гэхэд З.М- нь өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ж.Ц-той тооцоо хийж, 5 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 15 546 187 төгрөг дээр зээлийн гэрээ хийсэн байна.

Энэ гэрээ нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үргэлжлэл гэрээ юм. Энэ гэрээгээр талууд хүү болон алданги тооцохоор тохиролцсон байдаг. З.М- нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т мөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог, 15 546 187 төгрөгийг өгөөгүй байж өгсөн мэтээр гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл байх боломжтой гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

З.М- нь нэхэмжлэгчийг банкнаас хүүтэй мөнгө зээлдэж өөрт нь өгч байгааг мэдэж байсан, Ж.Ц-гийн авсан зээлийн графикт заасан эхний хоёр сарын үндсэн зээлийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ хийхдээ түрүүчийн зээлийн гэрээгээр авсан мөнгөний үлдэгдэл дээр хүү болон алданги тооцохоор тохиролцож, зээл төлөх хугацааг тохирсон зэрэг нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй юм.

3. З.М- 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуусахад гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ба оршин суух хаяг дээрээ байхгүй, олдохгүй байсан учир 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол, Хан- Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/03331 дүгээр шийдвэрээр Тахарын Ерөнхий газраас эрэн сурвалжлах ажиллагаа хийж З.М-ийн оршин сууж байгаа газрыг тогтоож өгч байсан.

З.М- нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 29 500 000 төгрөг зээлж авсан зээлийн гэрээний үүргийн биелүүлээгүй үнийн дүн 15 546 187 төгрөг дээр 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа 12 500 000 төгрөг дээр сар бүрийн 2,5 хувийн хүү төлөх, зээлийн гэрээний хавсралтад дурдсан хугацаанд үндсэн зээл, хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож алданги төлөхөөр болсон. Энэхүү гэрээг хийхэд түүний өмгөөлөгч дэргэд нь байж зөвлөгөө өгч байсан байгаа  юм.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02654 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан З.М-ээс 12 521 854 төгрөгийг гаргуулж Ж.Ц-д олгож, Ж.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 261 654 төгрөгт холбогдох хэсэг болон Ж.Ц-, З.М- нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох З.М-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 299 009 төгрөгөөс 284 009 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 235 680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 15 000 төгрөгийг улсын орлогоос, 215 300 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2543 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02654 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “12 521 854” гэснийг “7 536 825” гэж, “5 261 654” гэснийг “10 246 683” гэж, 2 дахь заалтын “215 300” гэснийг “135 539” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.М-ийн төлсөн 216 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ц- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02654 дугаар шийдвэрээр З.М-ээс 12 521 854 төгрөг гаргуулж Ж.Ц-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2543 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 985 029 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

З.М- нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуусахад үндсэн зээл 12 500 000 төгрөг, түүний хүүд 937 500 төгрөг буюу нийт 13 437 500 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөөгүй.

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний 5-д хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй болохыг заасан. З.М- нь зээл, түүний хүүг төлөх хугацааг 7 хоногоор хэтрүүлсэн. Түүний гүйцэтгэх үүргийн үнийн дүн 13 437 500 төгрөгөөс хэтрүүлсэн хоногт алданги тооцоход 1 хоногт 67 187 төгрөг х 7 хоног = 470 309 төгрөг төлөх тооцоолол гарч байгаа юм. /гүйцэтгэх ёстой үүргийн үнийн дүнд зээл, хүү аль аль нь ордог/ Шүүх алдангийг тооцохдоо үндсэн зээл 12 500 000 төгрөгөөс тооцож алдангийн тооцооллыг хийсэнд нэхэмжлэгч маргаагүй. Тухайлбал:

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12 500 000 төгрөг, хүү 937 500 төгрөг, алданги 7 хоногийн 437 500 төгрөг /(12 500 000x0,5%)х7хоног/ төгрөг буюу нийт 13 875 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлсөн 1 700 000 төгрөгийг хасаад хүү төлөгдсөн гэж үзэж, үндсэн зээлийн 12 175 000 төгрөгийг З.М- төлөх үүрэг үлдсэн.

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12 175 000 төгрөг, 61 хоногийн алданги 3 713 375 буюу нийт 15 888 375 төгрөг төлөхөөс төлсөн 3,000,000 төгрөгийг тооцвол 12,888,375 төгрөг, 2016 оны 04 сарын 28-ны өдрийн байдлаар үлдэгдэл 12 888 375 төгрөг, 1 хоногийн алданги 64 442 /(12 888 375x0,5%)х1хоног/ төгрөг буюу нийт 12 952 817 төгрөг төлөхөөс 360 000 төгрөгийг тооцвол 12 592 817 төгрөг, 2016 оны 05 сарын 20-ны өдрийн байдлаар үлдэгдэл 12 592 817 төгрөг, 22 хоногийн алданги 1 385 210 /(12,592,817х0,5%)х22хоног/ төгрөг буюу нийт 13 978 027 төгрөгөөс төлсөн 1 300 000 төгрөгийг тооцвол 12 678 027 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үлдэгдэл 12 678 027 төгрөг, 3 хоногийн алданги 190 170 /(12 678 027x0,5%)х З хоног/ төгрөг буюу нийт 12 868 197 төгрөгөөс төлсөн 400 000 төгрөгийг тооцвол 12 468 197 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар үлдэгдэл 12 468 197 төгрөг, 27 хоногийн алданги 1 683 207 /(12 468 197x0,5%)х27 хоног/ төгрөг буюу нийт 14 151 404 төгрөгөөс төлсөн 1 699 750 төгрөгийг тооцвол 12 451 654 төгрөг үлдэж байх тул хариуцагч З.М-ээс 12 451 654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх З.М-, Ж.Ц- нарын хооронд хийгдсэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 5-д заасан алдангийг тооцож гаргахдаа З.М- нь гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 8 459 750 төгрөг төлсөн гэж дүгнэхдээ дээрх төлбөрийг хэсэгчлэн хугацаа хэтрүүлж төлж байсныг анхаараагүй, З.М- нь зээлийг хугацаанд төлөөгүйгээс алданги төлөх үүрэг үүссэн байхад зээлийн эргэн төлөлтийн хооронд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож авах эрх үүссэнийг үгүйсгэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2543 магадлалын хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хугацаа хэтрүүлсэн гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох тухай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тооцооны алдаа гаргасан байна.

Нэхэмжлэгч Ж.Ц- нь хариуцагч З.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 17 783 508 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Ц- нь З.М-т  29 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бөгөөд улмаар дээрх үйлдлийг баталгаажуулан 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр талууд Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Ж.Ц- нь зээлдэгч З.М-т 29 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч гэрээний хугацаа дуусахад төлбөрийг бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн байна.

Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч төлбөрийг бүрэн төлөөгүй тул талууд 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр үлдэгдэл 12 500 000 төгрөгт  зээлийн гэрээ байгуулж, тус мөнгийг 3 сарын хугацаатай, сарын 2.5%-ийн хүүтэй зээлдүүлж, зээлэхээр харилцан тохирч, гэрээний хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй бол эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцохоор, мөн өмнө авсан 29 500 000 төгрөгийн зээлийн дүнгээс банкинд төлсөн хүүг хохиролд тооцон 3 046 187 төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлжээ.

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зээлийн гэрээг шинээр байгуулснаар талуудын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул зохигчдын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3. дахь заалтад нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа үндсэн зээл 12 500 000 төгрөгт гэрээгээр тохирсон хүү, хугацаа хэтэрсэн хоног тутамд ногдох алдангийг  төлбөр төлсөн тухай бүрд нь тооцож, хариуцагчийн хүлээх үүргийг  12 521 854 төгрөгөөр тогтоож, хохиролд нэхэмжилсэн 3 046 187 төгрөгт холбогдох шаардлагыг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий болжээ.

Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагчийн хүлээх үүргээс хугацаа хэтрүүлж төлсөн төлбөрийг нийтэд нь хасч, үлдэх төлбөрт   алданги тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дахь заалтад нийцээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч З.М- нь зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4. дэх заалтыг зөрчсөн тул хууль зөрчиж хийгдсэн...” гэж тайлбарлажээ.

Гэрээний зүйл болсон 12 500 000 төгрөг нь хариуцагчийн төлөх ёстой төлбөр болох талаар хариуцагч маргаагүй, дээрх төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр анхны гэрээний нөхцөлийг өөрчилж, шинээр гэрээ байгуулсныг хариуцагч зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2543 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ж.Ц-гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД