Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2008

 

В.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06258 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Золжаргалд холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 98 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч В.Оюунгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч В.Оюунгэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би З.Золжаргалын нагац эгч бөгөөд арваад жилийн өмнөөс бизнесийг нь санхүүжүүлж ирсэн. Дүү З.Золжаргалын бизнес эхний 7-8 жил амжилттай явагдсан ба сүүлийн 2 жил доголдож, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр надтай хийсэн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч төлбөрөө төлөөгүй бөгөөд үүнээс хойш  1 жил болсон. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бидний зээлийн гэрээний хугацаа дуусч, З.Золжаргал төлбөрийн боломжгүй болсон тул гэрээнд тусгаснаар “түүний Автохит машины дулаан хучлаганы патент миний нэр дээр шилжих ёстой боловч би заавал тийм шаардлага тавихгүйгээр би ядаж мөнгөтэй хүнтэй хамтарч, энэ бизнесийг хийж, амьдралаа залгуулж байя” гэтэл З.Золжаргал “Удахгүй мөнгийг чинь өгнө” гэсээр өдий хүрсэн. Өнөөдрийн байдлаар З.Золжаргал зээл, хүү нийт 98 000 000 төгрөг төлөх үүрэгтэй ба түүнийг төлөх боломжгүй гэж байгаа тул гэрээний үүрэгт заасны дагуу би патентаа авч, патенттай холбоотой үйл ажиллагааг эрхэлж, амьдралаа залгуулах хүсэлтэй тул “Автохит” дулаан хучлагын патентыг миний нэр дээр шилжүүлж бизнес хийх нөхцлийг хангаж өгнө үү. З.Золжаргалаас 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг нэхэмжилж байгаа бөгөөд мөн өдөр байгуулсан №2, №3 дугаартай зээлийн гэрээ энд хамааралгүй бөгөөд З.Золжаргал тэр гэрээнүүдтэй хольж будлиан хутгаж байна. З.Золжаргалтай байгуулсан 52 000 000 төгрөгийн зээлийн гэрээний эх үүсвэр нь дараах шалтгаантай. Миний бие 2012 оны 6 дугаар сарын 12-нд “Мөнгөн зоос кредит” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний 30 000 000 төгрөгийн 25 500 000 төгрөг, мөн 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 25 000 000 төгрөг нийт 50 500 000 төгрөгийг З.Золжаргалд зээлдүүлсэн. 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 30 000 000 төгрөгийн зээлээс би өөртөө 4 500 000 төгрөг авсан. З.Золжаргал нь дээрх ББСБ-тай байгуулсан миний зээлийн гэрээний дагуу өөрийн авсан мөнгийг хүүгийн хамт тус ББСБ-д төлөх, надад 1 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. З.Золжаргалын 50 500 000 төгрөг төлөгдөхгүй байхаар нь байраа зарж зээлийн үлдэгдэл 42 322 600 төгрөгийг “Мөнгөн зоос кредит” ББСБ-д 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлж газраа чөлөөлж авсан. Тус ББСБ-д төлсөн 42 322 600 төгрөгийн 37 000 000 төгрөгийг З.Золжаргал төлөх ёстой, үлдэх 5 000 000 төгрөг би төлөх ёстой мөнгө байсан юм.

Үүний дараа З.Золжаргалд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14 500 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 500 000 төгрөг тус тус зээлдүүлсэн. Ингээд З.Золжаргал бид 2 тооцоо нийлээд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 52 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 52 000 000 төгрөгийг түүнд бэлнээр өгөөгүй. З.Золжаргал бид 2 тооцоо нийлээд бидний хоорондох тооцоо нийлсэн 1 дүгээр дэвтрийн 3 дугаар хуудас, 2 дугаар дэвтрийн 1 дүгээр хуудас дахь З.Золжаргал өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд мөнгөний барьцаанд “Автохит” хучлагын патент байгаа гэдгийг бичсэн болохоор уг хучлаганы патентыг миний нэр дээр шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. З.Золжаргал нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд 30 716 000 төгрөг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй. Иймд З.Золжаргалтаас 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн зээлийн гэрээний дагуу 52 000 000 төгрөг, хүү нийт 98 000 000 төгрөг гаргуулах, гэрээнд заасны дагуу Автохит дулаан хучлаганы патентыг миний нэр дээр шилжүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

          Хариуцагч З.Золжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би В.Оюунгэрэлээс зах зээлийн хамгийн өндөр хүүгээр мөнгө зээлж аваад буцаан төлж, харилцан бие биедээ тусалж байсан. 2011 оноос В.Оюунгэрэл өөрийн өмчийг ББСБ-д барьцаалан зээл авч надад өгч эргэлдүүлсэн бөгөөд би ББСБ болон В.Оюунгэрэл 2-т хүү зэрэг төлдөг байсан. Миний бизнес амжилттай үед зээл, зээлийн хүүгээ цаг тухайд нь төлсөөр ирсэн. Эрхэлдэг бизнес маань улирлын чанартай бөгөөд автомашины өвлийн хучлага хийж борлуулдаг. Өнгөрсөн 3 жил өвөл дулаахан болж бүтээгдэхүүний эрэлт суларсан, мөн санхүүгийн хямрал эхэлж худалдан авалт эрс муудсан зэргээс бизнес зогсонги байдалд орсон. В.Оюунгэрэл 2014 оны 3 дугаар сард ББСБ-т төлөх мөнгө нэхэгдээд байгаа учир байр үнэтэй, байгаа дээр зараад зээлээ чөлөөлсний эцэст дахиад зээл авахаар надаас зээлж ав гэсэн. Тухайн үед нь би түүнд байраа зарж болохгүй гэж олон удаа сануулж байсан. Гэвч удалгүй байраа зарж ББСБ-ын зээлийг чөлөөлж дахин зээл авсан гээд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн бичсэн 3 зээлийн гэрээг манай гэрт авч ирээд надаар гарын үсэг зуруулсан. Энэ гэрээний дагуу 52 000 000 төгрөгийг бэлэн эсхүл дансаар 100% хүлээн авсан баримт байхгүй, зөвхөн 29 500 000 төгрөг миний дансанд орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд би хоорондын өр төлбөрийн баримтыг муу хийж байсан ба гагцхүү эгчдээ итгэж тооцоог ерөнхийдөө түүний дэвтэрт хийдэг байсан. Дээрх мөнгийг төлөөгүй тохиолдолд автомашины хучлаганы патентыг В.Оюунгэрэлийн нэр дээр шилжүүлэх барьцааны гэрээг бичгээр хийгээгүй учир түүний патентыг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй. “Мөнгөн зоос кредит” ББСБ-тай В.Оюунгэрэл зээлийн гэрээ байгуулсан болохоос би гэрээ байгуулаагүй.

          В.Оюунгэрэл 2012 оны 6 дугаар сарын 14-нд 11 000 000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 31-нд 17 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 14-нд 5 000 000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 31-нд 3 000 000 төгрөг нийт 36 000 000 төгрөг авсан, үүний хүүг төлөх ёстой. В.Оюунгэрэл нь ББСБ-аас мөнгөө авсан даруйд надад өгөхөөр амаар тохирсон байтал тохирсон цаг хугацаанаасаа хожимдуулж өгч байсан. Мөн 2012 оны 8 дугаар сарын 20-нд 1 600 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 05-нд 1 544 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 21-нд 500 000 төгрөг нийт 2012 онд 40 044 000 төгрөг өгсөн. Миний бие 2012 оны 11 дүгээр сарын 04-нээс 2012 оны 12 дугаар сарын 27-ны хооронд “Мөнгөн зоос кредит” ББСБ, В.Оюунгэрэл нарт 32 140 000 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээл 12 000 000 төгрөг, хүү 6 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг В.Оюунгэрэлд төлөх ёстой. В.Оюунгэрэл нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 52 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд өмнөх 2012 оны 50 500 000 төгрөгийн үлдэгдэл 37 000 000 төгрөгийг ББСБ-д төлөх ёстой өрийг төлсөн гэдэг.  Бид амаар тохиролцохдоо “Мөнгөн зоос кредит” ББСБ-д би В.Оюунгэрэлээс авсан мөнгөө хүүгийн хамт төлнө, өөрт нь 1%-ийн хүү төлнө гэж тохиролцсон байтал өөрөө байраа зараад ББСБ-д зээлээ төлсөн. Энэ 52 000 000 төгрөгөөс үлдэх 15 000 000 төгрөгийн тухайд В.Оюунгэрэл байраа зараад дараагийн зээлийн гэрээний урьдчилгаа 20 000 000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 11-нд авсан өдөртөө надад шилжүүлэлгүй 2014 оны 02 дугаар сарын 26-нд 14 500 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн. Мөн 2014 оны 02 дугаар сарын 19-нд 500 000 төгрөг өгөөгүй байж энэ зээлийн гэрээнд оруулсан. Өөрт нь хүү төлсөөр байтал ББСБ-аас авсан зээлийнхээ шимтгэлийг миний тооцоонд оруулж, үүндээ хүү тооцсон. Ингээд би 2013 оны 12 дугаар сарын 30-нд “Мөнгөн зоос кредит” ББСБ болон В.Оюунгэрэлд төлөх ёстой бүх өрөө төлж дуусгасан. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг минийх мөн боловч өөрийнхөө авсан мөнгөнд хүү төлөхөөс биш аваагүй мөнгөнд хүү төлөхгүй. Миний бие 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 5 сар хүртэлх хугацаанд В.Оюунгэрэлд 30 716 000 төгрөг төлсөн. Иймд В.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 12 000 000 төгрөг, хүү 6 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг төлөх ёстой бөгөөд үлдэх хэсэг болон хучлаганы патентыг шилжүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Золжаргалаас 50 315 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47 685 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Золжаргалын Автомашины хучлага зохиогчийн №2906 дугаартай патентыг өөрийн нэр дээр шилжүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч В.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 19724 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.Золжаргалаас 409 525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэгч В.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгч В.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь хэсгийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийн төрсөн эгчийн хүү З.Золжаргалд түүний хувийн бизнесийг дэмжих зорилгоор анх 2012 онд “Мөнгөн зоос кредит” ББСБ-аас өөрийн эд хөрөнгийг барьцаалан өөрийн нэр дээр зээл авч 2012 оны 8 дугаар сарын 15-нд "Хамтран ажиллах гэрээ” нэртэйгээр 50 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж үндсэн зээлийг 2013 оны 7 дугаар сарын 30-ны дотор буцааж төлөхөөр тохиролцсон. Гэтэл З.Золжаргал уг зээлийнхээ талыг буюу 37 000 000 төгрөгийг төлж чадаагүйн улмаас миний бие өөрийн амьдарч байсан орон сууцыг зарж ”Мөнгөн зоос кредит” ББСБ-ын зээлийг барагдуулж улмаар байр зарж олсон орлогын үлдэгдэлээс 14 500 000 /2014.02.19-нд шилжүүлсэн/ болон 500 000 /2014.02.06-нд шилжүүлсэн/ төгрөгийг тус тус нэмж зээлүүлэхээр тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 52 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр З.Золжаргал 4,5%-ийн хүү cap тутамд бодож жилд нэг удаа төлөх, зээлийн барьцаанд "Автохит" хучлагын патентыг тавих үндсэн нөхцөлийг тохиролцсон. Эдгээр үйл баримт нь хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “Мөнгөн зоос кредит” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээнүүд, тооцооны баримтууд, хамтран ажиллах болон зээлийн гэрээ, тооцоо нийлж гарын үсэг зурсан дэвтрийн бичилт, банкны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогддог.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 52 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд өмнө нь тэдний хооронд 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн "Хамтран ажиллах гэрээ"-г дүгнэж, уг гэрээний үлдэгдэл 37 000 000 төгрөг, мөн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 500 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 500 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг нэгтгэн тусгасан..." гэж дүгнэсэн мөртлөө намайг 52 000 000 төгрөгийг З.Золжаргалд хүлээлгэн өгөөгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулагдаагүй гэх дүгнэлтүүд өөр хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасны дагуу миний бие 52 000 000 төгрөгийг З.Золжаргалд шилжүүлсэн тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу З.Золжаргал бид нар зээлийн гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр байгуулж хүү болон барьцааг тохиролцсон тул үндсэн зээлийн 1 жилийн хүү 28 080 000 төгрөгийг гаргуулах эрхтэй. Мөн З.Золжаргал зээлийн гэрээний үүргээ одоог хүртэл гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу хэтрүүлсэн хугацааны хүү 17 920 000 төгрөг нийт 98 000 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч В.Оюунгэрэл нь хариуцагч З.Золжаргалаас зээлийн гэрээний үүрэгт нийт 98 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр хариуцагч З.Золжаргалд 52 000 000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү, барьцаа тохиролцсон тул 1 жилийн хүү 98 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр  хангуулна гэж тайлбарлав.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр /хх-4/ 52 000 000 төгрөг зээлсэн гэсэн хэдий боловч зээлдэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 52 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлээгүй тул уг үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, байгуулагдаагүй гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.

 

Харин талууд хоорондын өмнөх зээлийн гэрээг нэгтгэн дүгнэж, тооцоо нийлсэн буюу талуудын хоорондын зээлийн харилцааг дүгнэсэн агуулга бүхий хэлцэл байгуулагдсан нь байх ба уг хэлцлийн хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.  

 

Иймд зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 52 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь  2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний дагуу хариуцагчид  52 000 000 төгрөг зээлүүлсэн гэх байдал тогтоогдоогүй учраас уг гэрээний дагуу хүү тооцох үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Энэ гэрээний дагуу тооцож үзэхэд нийт 37 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн гэсэн тооцоо нийлсэн баримтыг үндэслэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

          Хариуцагч нь талуудын хоорондын гэрээ дүгнэсэн өдрөөс хойш буюу 2014 оны 3 дугаар  сарын  18-ны  өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт 30 716 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргасан ба анхан шатны шүүхээс зохигчдын хооронд дээрхи хугацаанд 1 685 000 төгрөг төлөгдсөн болохыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэсэн нь зөв болжээ.

 

  Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд ...“Автохит” хучлаганы патент барьцаанд байгаа талаар тусгасан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцээгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Ийм учраас мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчээс нийт 98 000 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/06258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Оюунгэрэлээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө  гардан  авах  үүргээ  биелүүлээгүй нь  хяналтын  журмаар гомдол гаргах хугацааг

тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА