Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00564

 

 “Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00145 дугаар магадлалтай

“Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

Н.К-д холбогдох

Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэх, түрээсийн төлбөр 5 681 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Н.К-ы хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.К-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газар нь 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.К-тай харилцан тохиролцож нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж газрын хамт нэг жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1-д түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130 000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ны дотор Төрийн банк дахь дансанд шилжүүлэхээр заасан ба 4.5-д төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх-өөр үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Гэтэл түрээслэгч Н.К- нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд нийт 4 550 000 төгрөгийн өр төлбөртэй гэж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №02 дугаартай аудитын дүгнэлт гарсан. Түүнээс гадна 2017 оны 6, 7, 8 дугаар саруудын төлбөр болох 390 000 төгрөгийг мөн төлөөгүй. Түрээслэгч Н.К- нь түрээсийн гэрээний 5.1-д түрээсийн төлбөрөө 3 удаа нэг сараас илүү хугацаагаар хожимдуулсан тохиолдолд түрээсийн гэрээг цуцлах-аар тодорхой зааж хоёр тал гарын үсэг зурж уг гэрээг нотариатаар баталгаажуулсан. Төлбөрөө төлөх, түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд түрээсийн гэрээг хүчингүй болгож өөр хүнтэй гэрээ байгуулсан боловч Н.К- нь нийтийн халуун усны барилга, суурилагдсан тоног төхөөрөмж, газрыг сайн дураар хүлээлгэж өгөхгүй байгаа тул Н.К-ыг уг байрнаас албадан нүүлгэж, төлөгдөөгүй байгаа 39 сарын түрээсийн төлбөр 4 940 000 төгрөг, алданги 741 000 төгрөг нийт 5 681 000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус газартай 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, халуун усыг түрээсээр авч ажиллуулсан нь үнэн. Гэрээ ёсоор сард 130 000 төгрөг төлөх ёстой боловч түүнийг төлөх ямар ч боломжгүй байсан. Энэ нь ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон үнэ байсан. Би халуун усыг ажиллуулахад хэрэглээний халуун усыг СУАТ ХХК-иас, цахилгааныг Агайын ХХК-иас тус тус авч үнийг нь бэлнээр төлж, мөн 4 хүнийг ажилтай болгож 1 хүнд сард 150 000 төгрөгийн цалин хөлс олгож байсан. Хэрэглээний нүүрсийг өөрөө зах дээрээс бэлэн мөнгөөр авч зарцуулж байсан. 2015 оны өвөл халуун усны цэвэр усны шугам бүрэн хөлдөж 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл огт ажиллаагүй. Энэ хугацаанд ямар ч орлого олоогүй. Нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөгийн хөлс авдаг. Энэ нь маш бага хөлс бөгөөд орлогоороо зарлагаа огт нөхдөггүй. Тус газар нь надтай зөвхөн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Дараа нь гэрээг огт сунгаагүй, шинэчлэн гэрээ байгуулаагүй. Би халуун усны газрыг хүлээж авснаас одоо хүртэл эзэн болж бүрэн бүтэн байдлыг хариуцаж байна. Бидний халуун усны газар ашиггүй ажиллаж байсан учир Өлгий сумын болон аймгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолоор тус халуун усыг менежментийн гэрээгээр 3 жилийн хугацаагаар ажиллуулах шийдвэр гарч гэрээ байгуулахыг Орон нутгийн өмчийн алба, “Х” ОНӨААТҮГ-т зөвшөөрсөн. Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир би халуун усны газрыг “Х” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өгөхгүй. Халуун усны газраас албадан нүүлгэх үндэсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд аудитын дүгнэлтийн талаар огт мэдэхгүй, танилцуулаагүй. Дүгнэлт гарсан гэдгийг нэхэмжлэлээс олж мэдлээ. Иймд “Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч Н.К-аас түрээсийн төлбөр, алдангийн хамт нийт 2 340 000 /хоёр сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Х” ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 33 41 000 /гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч Н.К-ыг Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00145 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.К-аас 5 681 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгосугай.” гэж,

2 дахь заалтыг “2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эзэмшлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах нийтийн халуун усны барилгыг хариуцагч Н.К-ы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,” гэсний дараа “44 дүгээр зүйлийн 44.1.1,” гэж нэмж өөрчлөн, мөн заалтын “мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 52 390 төгрөгийг хариуцагч Н.К-аас гаргуулан нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгосугай.” гэснийг “хариуцагч Н.К-аас 105 846 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 406 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, ”Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.К- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00145 дугаартай магадлалаар хариуцагч Н.К- надаас түрээсийн төлбөр, алданги 5 681 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ОНӨААТҮГ-т олгож “Х” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах нийтийн халуун усны барилгыг хариуцагч Н.К- миний хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж зохицуулсан хэдий ч давж заалдах шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалтай уялдуулан дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Энэ тохиолдолд эрх зүйн үр дагавар гарах гол урьдчилсан нөхцөл нь хөлслүүлэгч эд хөрөнгийг цаашид үргэлжлүүлэн эзэмшихийг зөвшөөрч байгаа нь түүний үйлдэл, эс үйлдэхүйгээр тодорхойлогдож байх ёстой.Мөн гэрээг сунгах хүсэлтэй байгаа гэдгийг харуулсан агуулга бүхий илэрхийлэл байх ёстой ба энэ нөхцөл байдлыг түрээслүүлэгч нотлох ёстой.Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал өөр байсан.

Тухайлбал “Х” ОНӨААТҮГ нь надтай 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаанд түрээсийн гэрээ байгуулсан.Гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад түрээслүүлэгч байгууллага болох “Х” ОНӨААТҮГ-аас гэрээг сунгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй.Үүнээс хойш надтай байгуулсан түрээсийн гэрээ ямар нэгэн байдлаар сунгагдаагүй, шинэчлэн гэрээ байгуулагдаагүй.

Түрээсийн гэрээний 6.2-т “Түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, түрээсийн харилцаатай холбоотой шинээр гарсан шийдвэр, хууль тогтоомжийн дагуу зарим заалтад өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн протокол үйлдэж байна” гэж тодорхой зааж өгсөн.

Түрээслүүлэгч байгууллага болох “Х” ОНӨААТҮГ нь гэрээгээр хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй.Энэ нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаа болохоос биш түрээслэгч миний буруу биш юм.

Мөн тухайн халуун усны газар ашиггүй ажиллаж байсныг “Х” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Женисбек сайн мэдэж байсан ба энэ байдлыг тогтоолгохоор хараат бус аудиторт хандаж Хараат бус аудитор нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дүгнэлт гаргаж “Х” ОНӨААТҮГ-ын захирал А.Женисбект хүргүүлсэн.

Нэгэнт халуун усны газар нь ашиггүй ажиллаж байсан тул “Х” ОНӨААТҮГ, Өлгий сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын зүгээс аймгийн ИТХ-д асуудал оруулж энэ асуудлыг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар авч хэлэлцээд менежментийн гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэж мөн өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар надтай 3 жилийн хугацаагаар менежментийн гэрээ байгуулж ажиллахыг Орон нутгийн өмчийн газрын дарга А.Даримхан, “Х” ОНӨААТҮГ-ын захирал А.Женисбек нарт үүрэг болгосон.Гэвч эдгээр албан тушаалтнууд дээрх үүргийг биелүүлээгүй бүтэн 1 жил явсан.Энэ нь дээрх албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа байсан.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эдгээр болсон үйл явдлууд болон түрээсийн гэрээний холбогдох заалт, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолд огт дүгнэлт хийгээгүй мөртлөө халуун усны газрыг үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан мэтээр үзэж 38 сарын түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “...”Х” ОНӨААТҮГ болон Н.К- нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнээс үзвэл түрээслүүлэгч нь түрээслэгчид нийтийн халуун усны газрыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар тоног төхөөрөмж, барилга, газрын хамт түрээслүүлэхдээ тэдгээр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг өөртөө хадгалж, зөвхөн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашиглуулахаар түрээслэгчийн мэдэлд шилжүүлсэн байх тул хуулийн дээрх заалт хамааралгүй гэж дүгнэн талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэхээр зохицуулсан.Түрээслэгч эзэмших эрхийг шилжүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхгүй байх ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй учир давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэж зохицуулсан.

Мөн зүйлийн 3-д ИТХ нь орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах бүрэн эрхийг зааж өгсөн.

Баян-Өлгий аймгийн ИТХ нь хуульд заасан дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд халуун усны газрыг менежментийн гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар авч хэлэлцээд менежментийн гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэж мөн өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар надтай 3 жилийн хугацаагаар менежментийн гэрээ байгуулж ажиллахыг Орон нутгийн өмчийн газрын дарга А.Даримхан, “Х” ОНӨААТҮГ-ын захирал А.Женисбек нарт үүрэг болгосон.Энэ шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн аман тайлбараар намайг халуун усны газрыг хууль бусаар эзэмшиж байгаа мэтээр дүгнэж хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргасан.

Ингэхдээ тухайн халуун усны газар “Х” ОНӨААТҮГ-ын өмч хөрөнгө мөн эсэхийг огт тодруулаагүй, хэргийн материал дотор үүнийг нотлох ямар нэгэн нотлох баримт байхгүй.

Иймд миний гомдлыг хяналтын журмаар хянан хэлэлцэж Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00145 дугаартай магадлалыг хүчингүй болгож Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Х” ОНӨААТҮГ нь Н.К-д холбогдуулан Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай нийтийн халуун усны байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, түрээсийн төлбөрт 5 681 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх түрээсийн төлбөрийн зарим хэсгийг хариуцагчаас гаргаж, халуун  усны газрыг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээний үргэлжлэх хугацааг буруу тооцож, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засч шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэл нь зөв боловч хэргийн зарим үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

1.    Түрээсийн төлбөр 4 940 000 төгрөг, алданги 740 000 төгрөг нийт 5 681 000 төгрөг

гаргуулах шаардлагын талаар:

Маргааны зүйл болсон Өлгийн сумын 13 дугаар багт байрлах Халуун усны газар нь ОНХС-гийн хөрөнгөөр баригдсан, нэхэмжлэгч “Х” ОНӨААТҮГ-ын эзэмшилд байдаг бөгөөд талууд 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээгээр түрээслүүлэгч “Х” ОНӨААТҮГ нь 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж, газрын хамт зориулалтаар нь 1 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр түрээслэгчид шилжүүлэх, түрээслэгч Н.К- нь түрээслэсэн хөрөнгийн эдэлгээ, ашиглалтын горимыг чанд мөрдөн гамтай эдлэх, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах, түрээсийн төлбөрт сард 130 000 төгрөг төлөхөөр, төлбөрийг хугацаа хожимдуулан төлөхөд хүрвэл төлбөрийн дүнгээс хоног тутам 0.5%-иар тооцсон алданги нэмж төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д “...түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрөө төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан байна.

Гэрээний дагуу түрээслүүлэгч түрээсийн зүйл болох Халуун усны газрыг түрээслэгчид хүлээлгэн өгч, хууль болон гэрээгээр хүлээсэн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч түрээслэгч түрээсийн төлбөр төлөөгүй, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, түрээсийн төлбөрөө нэхэмжилсэн хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Түрээслэгч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “гэрээ ёсоор сард 130 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэ нь ямар ч тооцоо судалгаагүй дүн байсан, халуун усыг ажиллуулахын тулд хэрэглээний халуун ус, цахилгааныг холбогдох байгууллагаас төлбөр төлж авах, тус халуун усны газар ажиллаж байгаа ажилтанд цалин олгох зэргээр гарсан зардал нь орлогоосоо давсан, түүнчлэн 2015 оны өвөл халуун усны цэвэр усны шугам бүрэн хөлдсөнөөс өвөл огт ажиллаагүй. Гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан, энэ хугацаанд төлбөр төлөх ямар ч чадваргүй байсан. Гэрээ сунгагдаагүй тул төлбөр нэхэмжилсэн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гаргажээ.

Талууд 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад түрээслэгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн эзэмшиж, ашигласаар байсныг түрээслүүлэгч татгалзаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5., 296 дугаар зүйлийн 296.1.-д зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзэн, хариуцагч нь халуун усны газрыг ашигласан хугацааны түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй байна.

Иймд халуун усны газрыг түрээслэн авсан 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 оны 09 дүгээр сар хүртэлх 38 сарын түрээсийн төлбөр /38х130 000/ 4 940 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин алдангийг хариуцуулахаар шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1.-д зааснаар хөлслүүлэгч буюу түрээслүүлэгч нь түрээсэлсэн хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлэх, 288.1.3.-т зааснаар түрээслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь түрээслүүлсэн эд хөрөнгийг гэрээний хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжоор хангах үүргээ биелүүлээгүйгээс тухайн халуун усны цэвэр усны шугам өвөл хөлдөж, ажиллаагүй, үүнтэй холбоотой түрээсийн төлбөр төлөгдөөгүй хугацаа алдсанд дан ганц хариуцагчийг буруутгах боломжгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийг мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ алдсан гэж үзэн, нэхэмжлэгчээс алдангид нэхэмжилсэн 741 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

2. Халуун усны газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагын талаар:

Түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Халуун усны газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар хариуцагчийн эзэмшил хууль бус байснаар өмчлөгчид өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрх үүснэ.

Хариуцагч Н.К- нь тус халуун усны газрыг 2014 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байсан бөгөөд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 48 дугаар тогтоолын хавсралтаар Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Их булан” нэртэй халуун усны газрыг эзэмшигч Н.К-тай 3 жилийн хугацаагаар, менежментийн  гэрээ байгуулан ажиллахыг аймгийн Орон нутгийн өмчийн алба, “Х” ОНӨААТҮГ-т зөвшөөрсөн байна.

Иймд Н.К-ыг 2016 оноос хойш 3 жилийн хугацаагаар тус халуун усны газрыг хууль ёсоор эзэмшиж, үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд гэж үзнэ.

Харин  нэхэмжлэгч “Х” ОНӨААТҮГ нь хариуцагчтай менежментийн гэрээ байгуулаагүйд хариуцагчийг буруутгах боломжгүй байтал давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй үндэслэлээр хариуцагчийг шударга эзэмшигч биш гэж үзсэн дүгнэлт Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1. дэх зохицуулалтад нийцээгүй, магадлалын энэ шийдэл үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх боловч хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй.

Тус халуун усны газар нь аймгийн орон нутгийн өмч бөгөөд нэхэмжлэгч “Х” ОНӨААТҮГ нь хууль ёсны эзэмшигч тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д зааснаар гуравдагч этгээд буюу Н.К-ы хувьд нэхэмжлэгч нь өмчлөгч гэж тооцогдоно.

Иймд бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардсан нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтад хамаарахаар байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00145 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар Н.К-аас 4 940 000 төгрөгийг гаргуулан “Х” ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...106.2....” гэснийг “...106.1....” гэж, 3 дахь заалтын “...56.1.” гэснийг “...56.2.” гэж, “...52 390...” гэснийг “...93 990...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.К-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 846 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД