Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2017/00624

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /захирал У.С-, /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.К-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Х” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С-, хариуцагч Н.К-, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэж, 39 сарын түрээсний төлбөр 4940000 төгрөг, алданги 741000 төгрөг нийт 5681000 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч “Х” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газар нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Н.К-тай харилцан тохиролцож нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж газрын хамт түрээслэх эрхийн харилцаа үүсгэж нэг жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан болно. Түрээсийн гэрээний 4.1-д “түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ны дотор Төрийн банкан дахь дансанд шилжүүлэхээр заасан ба 4.5-д “төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх”-өөр үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Гэтэл түрээслэгч Н.К- нь халуун усны байрны түрээсийн төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй манай байгууллагад их хэмжээний хохирол учруулж байна. Түрээслүүлэгч байгууллагын хувьд түрээслэгчид төлбөрөө төлөх талаар удаа дараа амаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч түрээслэгч нь уг шаардлагыг үл биелүүлэн. Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт явуулан Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг халуун усны түрээслэгч нь Н.К- нь нийт 4550000 төгрөгийн өр төлбөртэй гэж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №02 дугаартай аудитын дүгнэлт гарсан. Түүнээс гадна 2017 оны 6, 7, 8 дугаар саруудын төлбөр болох 390000 төгрөгийг мөн ч төлөөгүй болно. Түрээслэгч Н.К- нь түрээсний гэрээний 5.1-д “түрээсний төлбөрөө 3 удаа нэг сараас илүү хугацаагаар хожимдуулсан тохиолдолд түрээсийн гэрээгээ цуцлах”-аар гэрээндээ тодорхой зааж хоёр тал гарын үсэг зурж уг гэрээг нотариатаар баталгаажуулсан болно. Түрээслүүлэгчийн талаас төлбөрөө төлөх, түрээсийн гэрээг дуусгавар болох талаар түрээслэгч Н.К-д 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн боловч энэ хооронд түрээслэгч Н.К- нь ямар нэгэн хариу ирүүлээгүй тул түрээсийн гэрээг хүчингүй болгож өөр хүнтэй гэрээ байгуулсан боловч Н.К- нь бидний ажилд саад учруулж нийтийн халуун усны барилга, суурилагдсан тоног төхөөрөмж, газрыг сайн дураар хүлээлгэж өгөхгүй байгаа тул Н.К-ыг уг байрнаас албадан нүүлгэж, төлөгдөөгүй байгаа 39 сарын түрээсний төлбөр 4940000 төгрөг, алданги 741000 төгрөг нийт 5681000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Аймгийн “Х” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Х” ОНӨААТҮГазар нь 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Н.К-тай харилцан тохиролцож нийтийн халуун усны барилгыг тоног төхөөрөмж, газрын хамт  түрээслэх эрхийн харилцаа үүсгэж 1 жилийн хугацаатай түрээсэлж гэрээ байгуулсан болно. Түрээсийн гэрээний 4.1-т түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын төлбөрийг 138000 төгрөгөөр тохиролцож,  төлбөрийг сар бүрийн 28-ны дотор Төрийн банкан дахь дансанд шилжүүлэхээр заасан ба 4.5-т төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар тооцож алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөхөөр үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Гэтэл Н.К- нь халуун усны байрны түрээсийн төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй, түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, манай байгууллагад их хэмжээний хохирол учруулж байна. Түрээслэгч байгууллагын хувьд төлбөрийг төлөх талаар амаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч түрээслэгч уг шаардлагыг үл биелүүлсэн ба Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт явуулж Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг халуун усны түрээслэгч Н.К- нь 4550000 төгрөгийн өр төлбөртэй гэж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өрийн 02 дугаартай аудитын дүгнэлт гарсан. Түүнээс гадна 2017 оны 6,7,8 дугаар саруудын түрээсийн төлбөр болох 390000 төгрөгийг төлөөгүй болно. Н.К- нь түрээсийн гэрээний 5.1 “түрээсийн төлбөрийг 3 удаа нэг сараас илүү хугацаагаар хожимдуулсан тохиолдолд түрээсийн гэрээг цуцлахаар тодорхой зааж хоёр тал гарын үсэг зурж уг гэрээг нотариатаар баталгаажуулсан болно. Түрээсийн төлбөрийг төлөх болон түрээсийн гэрээг дуусгавар болох талаар Н.К-д 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн боловч энэ хооронд Н.К- нь ямар нэгэн хариу ирүүлээгүй тул түрээсийн гэрээг хүчингүй болгож өөр хүнтэй гэрээ байгуулсан боловч Н.К- нь бидний ажилд саад учруулж нийтийн халуун усны барилга, тоног төхөөрөмж, газрыг сайн дураар хүлээлгэж өгөөгүй байгаа тул Н.К-ыг уг байрнаас албадан нүүлгэж, төлөгдөөгүй байгаа 39 сарын түрээсийн төлбөр болох 4940000 төгрөг, алданги 741000 нийт 5681000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Гэрээг цуцлах болон төлбөрийг төлөх талаар 2017 оны 7 дугаар сард мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй тул түрээсийн гэрээний 5.3-т зааснаар тушаал гаргаж гэрээг дуусгавар болгосон юм гэв.

Хариуцагч Н.К- шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие тус газартай 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах халуун усыг түрээсээр авч ажиллуулсан нь үнэн. Гэрээ ёсоор сард 130000 төгрөг төлөх ёстой боловч түүнийг төлөх ямар ч боломжгүй байсан. Энэ нь ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон үнэ байсан. Би халуун усыг ажиллуулахад хэрэглээний халуун усыг “Суат” ХХК-наас, цахилгааныг “А” ХХК-наас тус тус авч үнийг нь бэлнээр төлж байсан. Мөн 4 хүнийг ажилтай болгож 1 хүнд сард 150000 төгрөгийн цалин хөлс олгож байсан. Хэрэглээний нүүрсийг өөрөө зах дээрээс бэлэн мөнгөөр авч зарцуулж байсан. 2015 оны өвөл халуун усны цэвэр усны шугам бүрэн хөлдөж 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл огт ажиллаагүй. Энэ хугацаанд ямар ч орлого олоогүй. Нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөгийн хөлс авдаг. Энэ нь маш бага хөлс бөгөөд орлогоороо зарлагаа огт нөхдөггүй. Тус газар нь надтай зөвхөн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Дараа нь гэрээг огт сунгаагүй, шинэчлэн гэрээ байгуулаагүй. Би халуун усны газрыг хүлээж авснаас одоо хүртэл эзэн болж бүрэн бүтэн байдлыг хариуцаж байна. Бид халуун ус ашиггүй ажиллаж байсан учир Өлгий сумын болон аймгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 98-ны өдрийн 48 дугаар тогтоолоор тус халуун усыг менежментийн гэрээгээр 3 жилийн хугацаагаар ажиллуулах шийдвэр гарч гэрээ байгуулахыг Орон нутгийн өмчийн алба, “Х” ОНӨААТҮГ-т зөвшөөрсөн. Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир би халуун усны газрыг “Х” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өгөхгүй. Халуун усны газраас албадан нүүлгэх үндэсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Аймгийн санхүү хяналт, аудитын албанаас шалгалт явуулж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай аудитын дүгнэлтээр 4550000 төгрөгийн өр төлбөр тогтоосон гэж бичжээ. Би энэ талаар огт мэдэхгүй. Аудитын албаны хүмүүс надтай ирж уулзаж энэ талаар тодруулж байгаагүй. Дүгнэлтийг надад танилцуулж байгаагүй. Дүгнэлт гарсан гэдгийг нэхэмжлэлээс олж мэдлээ. Иймд “Х” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч Н.К- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Энэ халуун усны газрыг 2014 онд авсан маань үнэн. Эхэндээ ямар ч үр ашиггүй байсан. Уг халуун усыг авахдаа тог авдаг газар ч байхгүй, ус ч байхгүй, тог авдаг газар ч байхгүй байсан. Тэгэхэд хөрш айлуудаас тог аваад ажиллуулж байсан. Тэр үед тэнд нэг ч айл байхгүй байсан. Үүнийг У.С- мэдэж байгаа. Надад нэг жилийн түрээсийн мөнгийг төлөх ямар ч чадвар байхгүй байсан. Тэгээд би Өлгий сумын дарга Хабай, “Х” ОНӨААТҮГазрын захирал Женисбек нарт өргөдөл өгсөн. Тэрний дагуу аудитын шалгалт ирж тогтоол гаргасан.  Надад 1 жилийн хугацаатайгаар хийсэн гэрээ байсан. Тэрнээс өөр гэрээ байхгүй. Би энэ нэхэмжилж байгаа 4 сая, 5 сая төгрөг гэдгийг мэдэхгүй юм байна.  Нэгэнт нэрээ байхгүй болохоор ямар ч мөнгө төлөхгүй. Тэр үед надад ямар ч ашиггүй байсан. Тэгэхээр нь би энэ мөнгийг төлж чадахгүй юм байна. Одоо хүртэл өөрийн хүчээр өөрийн хөрөнгөөр ажиллуулж байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Тэгэхэд менежментийн гэрээгээр хувьчлах тогтоол гаргасан. Тэгээд менежментийн гэрээ хийх гээд дуудахад нь очсон. Дараа дараа гэсээр байгаад энэ мөнгийг төлж чадсангүй. Учир байдлыг У.С- сайн мэдэж байгаа. Яагаад 4,5 жил ажиллуулсан халуун усыг авах гээд зүтгээд байгааг мэдэхгүй юм байна. Би одоо 2,3 хүнийг ажилтай болгосон. Би хүлээж аваагүй гэж хэлээгүй, бүх зүйлийг хүлээж авсан. Гэхдээ тоггүй байсан, тоггүй байсан учраас усгүй байсан. Тэгээд цахилгаан станцид очиход 50 метр газраас авах учраас бүдүүн кабел хэрэгтэй, тэрнийг авбал 2 сая төгрөг гарна гэсэн. Тэгээд одоохондоо “А ХХК”-тай тохироод тэндээс тог авч байгаа. У.С- бол хамтарч ажиллая, та нарт ийм мөнгө байгаа юм байна, тэрийг сар болгон хувааж төл гэхээр нь тэгье, тохиролцъё гэж хэлсэн. Гэхдээ гэрээ хийе гэсэн. Гэрээ хийгээгүй болохоор энэ хүний хэлснээр мөнгө төлөхийг хүсээгүй. Одоо энэ жилээс эхэлж ашгаа үзэж эхэлж байгаа. Энэ төлбөрийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Уг халуун усны газрыг 5 жилийн хугацаанд засаж янзлаад ажиллуулж одоо л гайгүй болж байгаа учраас өгмөөргүй байна. Хэрвээ менежментээр хувьчлах юм бол өөрөө авах хүсэлтэй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч “Х” ОНӨААТҮГ-ын захирал У.С- нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарласан боловч хууль зүйн үндэслэлийг тодорхойлж чадаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар” гэсэн ба энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасны дагуу нэхэмжлэгч Аймгийн “Х” ОНӨААТҮГ-ын захирал У.С- нь “Х” ОНӨААТҮГазрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болно. Иймээс нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал болон хариуцагч Н.К- нарын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-гээр Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах халуун усыг 1 жилийн хугацаатай хариуцагч Н.К- нь түрээсээр авч ажиллуулж байсан байна.

Энэхүү “Түрээсийн гэрээ”-ний 4.1-д “түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ны дотор Төрийн банкан дахь дансанд шилжүүлэхээр”, 4.5-д “төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх”-өөр хариуцагч Н.К- үүрэг хүлээсэн боловч халуун усны байрны түрээсийн төлбөрөөс гэрээний хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Зохигчид хэрэглээний халуун ус, тог цахилгаан, хэрэглээний нүүрсийг хаанаас хэдэн төгрөгөөр тооцож авах тухайгаа “Түрээсийн гэрээ”-д тодорхой тусгаагүй боловч зохигчид 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн дугаар зүйлийн 318 дугаар зүйлд заасан “Түрээсийн гэрээ”-г сайн дурын үндсэн дээр хийж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байх тул Түрээсийн гэрээг хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна гэж дүгнэв.

Хариуцагч Н.К- нь “Түрээсийн гэрээ”-ний үнэ ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон гэдгээ, мөн хариуцагч Н.К- нь нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөгийн хөлс авдаг энэ нь маш бага хөлс бөгөөд орлогоороо зарлагаа огт нөхдөггүй гэдгээ тус тус нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ний 5.1-д “түрээсний төлбөрөө 3 удаа нэг сараас илүү хугацаагаар хожимдуулсан тохиолдолд түрээсийн гэрээгээ цуцлах”-аар тодорхой заасан боловч нэхэмжлэгч (түрээслүүлэгч) гэрээг цуцлах талаар арга хэмжээ аваагүй, мөн гэрээний 6.2-т “түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн протокол үйлдэж байна” гэж заасан боловч нэхэмжлэгч (түрээслүүлэгч), хариуцагч (түрээслэгч) нар гэрээг дүгнээгүй байна. Иймд “Түрээсийн гэрээ”-ний 1.3-д зааснаар 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байна.

Улмаар Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” тогтоолоор Өлгий сумын ..., 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х” ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа халуун усыг хавсралтад дурдсан иргэдтэй 3 жилийн хугацаагаар менежментийн гэрээ байгуулахыг аймгийн орон нутгийн өмчийн алба, “Х” ОНӨААТҮГазарт зөвшөөрсөн ба энэ тогтоолын хавсралтын “Менежментийн гэрээ”-гээр ажиллуулах халуун усны жагсаалтын  5-д Өлгий сумын 13 дугаар багт байршилтай, халуун усны эзэмшдэг хүний нэр гэдэгт Н.К-ы нэр орсон байна.

2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч (түрээслүүлэгч) төлбөрөө төлөх, түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар хариуцагч (түрээслэгч) Н.К-д 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн нь учир дутагдалтай байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” тогтоол нь өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй болох нь зохигчдын тайлбар болон Аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга А.Даримханы мэдүүлэг, Аймгийн орон нутгийн өмчийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 194 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.

Аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай “Х” ОНӨААТҮГ-ын 2014, 2015, 2016 онуудын санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулгад “халуун усны үйл ажиллагаа”-ны талаар тусгасан болохоос хариуцагч Н.К-д холбогдолтой төлбөр тогтоосон акт биш байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” тогтоол нь өнөөдрийг хүртэл биелэгдээгүй явдалд хариуцагч буруугүй тул Н.К-ыг халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн эсэхийг нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд “Түрээсийн гэрээ”-ний 4.5-д “төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэж байгаа тул хавтаст хэрэгт авагдсан “Түрээсийн гэрээ”-ний 1.3-д заасан гэрээний 01 жилийн хугацааны буюу 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх халуун усны байрны түрээсийн төлбөр нийт 1560000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн төлбөр хожимдуулсан гүйцэтгээгүй үүргийн алданги 780000 төгрөгийн хамт бүгд 2340000 төгрөгийг хариуцагч Н.К-аас гаргуулан нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3341000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. (нэг сарын түрээсийн төлбөр 130000 төгрөг х 12 сар =1560000 төгрөг; гүйцэтгээгүй үүргийн алданги 780000 төгрөг; 01 жилийн төлбөр 1560000 төгрөг + алданги 780000 төгрөг = нийт 2340000 төгрөг)

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газар”-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176200 төгрөгөөс 105846 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70354 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 52390 төгрөгийг хариуцагч Н.К-аас гаргуулан нэхэмжлэгч  “Х” орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч К-аас түрээсийн төлбөр, алдангийн хамт нийт 2340000 (хоёр сая гурван зуун дөчин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3341000 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-ийг баримтлан хариуцагч К-ыг Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч Х орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газар”-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176200 төгрөгөөс 105846 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70354 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 52390 төгрөгийг хариуцагч Н.К-аас гаргуулан нэхэмжлэгч  “Х” орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор  Аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МАНГИЛИК