Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2017/00145

 

“Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой 

үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын /цаашид “ОНӨААТҮГ” гэх/ нэхэмжлэлтэй, К-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С, хариуцагч Н.К, хариуцагчийн өмгөөлөгч Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хариуцагчийг нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэж, 39 сарын түрээсийн төлбөр 4940000 төгрөг, алданги 741000 төгрөг нийт 5681000 төгрөг гаргуулах” тухай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Тус газар нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.К-тай харилцан тохиролцож нийтийн халуун усны барилгыг суурилагдсан тоног төхөөрөмж газрын хамт нэг жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1-д “түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 130000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг сар бүрийн 28-ны дотор Төрийн банк дахь дансанд шилжүүлэхээр заасан” ба 4.5-д “төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,5%-аар алдангийг түрээсийн төлбөрийн хамт төлөх”-өөр үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Гэтэл түрээслэгч Н.К нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд нийт 4550000 төгрөгийн өр төлбөртэй гэж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №02 дугаартай аудитын дүгнэлт гарсан. Түүнээс гадна 2017 оны 6, 7, 8 дугаар саруудын төлбөр болох 390000 төгрөгийг мөн төлөөгүй. Түрээслэгч Н.К нь түрээсийн гэрээний 5.1-д “түрээсийн төлбөрөө 3 удаа нэг сараас илүү хугацаагаар хожимдуулсан тохиолдолд түрээсийн гэрээг цуцлах”-аар тодорхой зааж хоёр тал гарын үсэг зурж уг гэрээг нотариатаар баталгаажуулсан. Төлбөрөө төлөх, түрээсийн гэрээг дуусгавар болгох талаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд түрээсийн гэрээг хүчингүй болгож өөр хүнтэй гэрээ байгуулсан боловч Н.К нь нийтийн халуун усны барилга, суурилагдсан тоног төхөөрөмж, газрыг сайн дураар хүлээлгэж өгөхгүй байгаа тул Н.К-ыг уг байрнаас албадан нүүлгэж, төлөгдөөгүй байгаа 39 сарын түрээсийн төлбөр 4940000 төгрөг, алданги 741000 төгрөг нийт 5681000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

  Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний бие тус газартай 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, халуун усыг түрээсээр авч ажиллуулсан нь үнэн. Гэрээ ёсоор сард 130000 төгрөг төлөх ёстой боловч түүнийг төлөх ямар ч боломжгүй байсан. Энэ нь ямар ч тооцоо судалгаагүй тогтоогдсон үнэ байсан. Би халуун усыг ажиллуулахад хэрэглээний халуун усыг “С” ХХК-аас, цахилгааныг “А” ХХК-аас тус тус авч үнийг нь бэлнээр төлж, мөн 4 хүнийг ажилтай болгож 1 хүнд сард 150000 төгрөгийн цалин хөлс олгож байсан. Хэрэглээний нүүрсийг өөрөө зах дээрээс бэлэн мөнгөөр авч зарцуулж байсан. 2015 оны өвөл халуун усны цэвэр усны шугам бүрэн хөлдөж 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл огт ажиллаагүй. Энэ хугацаанд ямар ч орлого олоогүй. Нэг хүнийг усанд оруулахад 1500 төгрөгийн хөлс авдаг. Энэ нь маш бага хөлс бөгөөд орлогоороо зарлагаа огт нөхдөггүй. Тус газар нь надтай зөвхөн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Дараа нь гэрээг огт сунгаагүй, шинэчлэн гэрээ байгуулаагүй. Би халуун усны газрыг хүлээж авснаас одоо хүртэл эзэн болж бүрэн бүтэн байдлыг хариуцаж байна. Бидний халуун усны газар ашиггүй ажиллаж байсан учир Өлгий сумын болон аймгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолоор тус халуун усыг менежментийн гэрээгээр 3 жилийн хугацаагаар ажиллуулах шийдвэр гарч гэрээ байгуулахыг Орон нутгийн өмчийн алба, “Х”ОНӨААТҮГ-т зөвшөөрсөн. Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир би халуун усны газрыг “Х”ОНӨААТҮГ-т хүлээлгэж өгөхгүй. Халуун усны газраас албадан нүүлгэх үндэсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд аудитын дүгнэлтийн талаар огт мэдэхгүй, танилцуулаагүй. Дүгнэлт гарсан гэдгийг нэхэмжлэлээс олж мэдлээ. Иймд “Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэрээр “1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч К-аас түрээсийн төлбөр, алдангийн хамт нийт 2340000 (хоёр сая гурван зуун дөчин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Х”ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3341000 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-ийг баримтлан хариуцагч К-ыг нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Х”ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: ““Х”ОНӨААТҮГ нь иргэн Н.К-тай түрээсийн гэрээ хийж халуун усны байр, тоног төхөөрөмжийн хамт түрээсэлсэн болно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж тодорхой заасан боловч гэрээний хугацааг зөвхөн нэг жилээр хийгдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна. Түрээслэгч Н.К нь халуун усны үйл ажиллагааг өнөөг хүртэл хэвийн явуулж байгаа байдал мөн хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хурлын протоколд түрээсийн төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар болж түрээслүүлэгч болон түрээслэгч нарын харилцан тохиролцсоноор протоколд сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан баримт зэргээс харахад түрээсийн гэрээг нэг жилээр хийж дараагийн жилээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. “Х”ОНӨААТҮГ нь тухайн түрээсийн төлбөрөөс олсон санхүүжилтээс бусад албан хаагч нарыг цалинжуулах байсан боловч цалингаа  тавьж чадахгүй байдалд хүрч их хэмжээний өр авлагад орсон. Иймд түрээслэгчийн эрх нь зөрчигдөөгүй гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан боловч нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Иймд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн түрээсийн төлбөр болох 3341000 төгрөгийг хангуулж, мөн гэрээний үүргээ зөрчсөн байдлыг харгалзан үзэж албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 624 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан маргааныг шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч “Х”ОНӨААТҮГ нь хариуцагч Н.К-д холбогдуулан түрээсийн төлбөрт 4940000 төгрөг, алданги 741000 төгрөг, нийт 5681000 төгрөг гаргуулах, тус газрын эзэмшлийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах нийтийн халуун усны барилгыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч үндэслэлээ “2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Н.К-тай түрээсийн гэрээ байгуулж, Өлгий сумын 13 дугаар багт байрлах, тус газрын эзэмшлийн нийтийн халуун усны газрыг тоног төхөөрөмж, газрын хамт түрээслүүлсэн бөгөөд түрээслэгч нь сар бүр түрээсийн төлбөрийг төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон боловч нэг ч удаа түрээсийн төлбөр төлж байгаагүй тул гэрээг цуцлагдсанд тооцож, түрээсийн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байна” гэж тайлбарлан, хариуцагч “Сар бүрийн түрээсийн төлбөрийн хэмжээ үндэслэлгүй тогтоогдсон, 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл ажиллуулаагүй, тус нийтийн халуун ус нь орлогоороо зарлагаа нөхдөггүй, гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд цаашид сунгагдаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй” гэж маргажээ. 

 

Зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, нийтийн халуун усны байрыг түрээслэгчид хүлээлгэн өгсөн акт, Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар дүгнэлт танилцуулга, Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоол, тус аймгийн орон нутгийн Өмчийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 194 дүгээр албан бичиг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл зэргийг харьцуулан судалж дүгнэвэл, нэхэмжлэгч “Х”ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах нийтийн халуун усны газрыг тоног төхөөрөмж, барилга, газрын хамт 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар Н.К-д түрээсэлсэн бөгөөд гэрээний талууд нэг сарын түрээсийн төлбөрийг 130.000 төгрөгөөр тохиролцож, сар бүрийн 28-ны өдөр байгууллагын дансаар төлөх, түрээслэгч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон боловч түрээслэгч Н.К нь уг нийтийн халуун усны газрыг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа атлаа түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлж байгаагүй зэрэг үйл баримтууд тогтоогджээ. 

1. Түрээслүүлэгч “Х”ОНӨААТҮГ болон түрээслэгч Н.К нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т зааснаар нийтийн халуун усны газрыг тоног төхөөрөмж, барилга, газрын хамт аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэгчид ашиглуулахаар түрээсийн гэрээ байгуулагджээ. Түрээслэгч түрээсийн төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түрээслүүлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2.-т зааснаар түрээслэгчээс хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг болон мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6.-д зааснаар алдангийг тус тус шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн “түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу тайлбар болон анхан шатны шүүхийн “түрээсийн гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдсан тул 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй” гэж дүгнэн, түрээслэгчээс нэг жилийн хугацааны түрээсийн төлбөрийг алдангийн хамт гаргуулан түрээслүүлэгчид олгосон шийдвэр Иргэний хуульд нийцээгүй байна. 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан ба хуулийн Хорин долдугаар бүлгээс үзвэл, түрээсийн гэрээ үргэлжлэх хугацааг сунгах асуудлыг тусгайлан зохицуулаагүй байна. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.-т заасан журам түрээсийн гэрээнд нэгэн адил хэрэглэгдэх ба зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаас үзвэл түрээсийн зүйл болох нийтийн халуун усны газрыг анх түрээсийн гэрээ байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл түрээслэгч ашигласаар ирсэн нь тогтоогдсон, түрээслүүлэгч нь түрээслэгчийн үйл  ажиллагааг /үргэлжлүүлэн ашигласаар байгаа/ 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд татгалзсан, эсэргүүцсэн талаарх үйл баримт тогтоогдоогүй тул талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг тухайн нөхцөлөөр, тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч “Х”ОНӨААТҮГ нь хариуцагч Н.К-аас 39 сарын түрээсийн төлбөрт 4940000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч энэ нь 38 сарын, тухайлбал аудитын байгууллагын актаар тогтоогдсон 35 сар, 2017 оны 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр болох нь тогтоогдсон байна. Харин түрээслэгчийн төлөх алдангийн хэмжээг талуудын хооронд байгуулагдсан гэрээ, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар түрээслэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцох боловч нэхэмжлэгчээс 741000 төгрөгийн алданги нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Каас 38 сарын түрээсийн төлбөрийг алдангийн хамт 5681000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. 

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний хэлбэрийн шаардлагыг хуульчилжээ. “Х”ОНӨААТҮГ болон Н.К нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнээс үзвэл, түрээслүүлэгч нь түрээслэгчид нийтийн халуун усны газрыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар тоног төхөөрөмж, барилга, газрын хамт түрээслүүлэхдээ тэдгээр үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрхийг өөртөө хадгалж, зөвхөн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар  ашиглуулахаар түрээслэгчийн мэдэлд шилжүүлсэн байх тул хуулийн дээрх заалт хамааралгүй гэж дүгнэн, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. 

 

2. Нэхэмжлэгч “Х”ОНӨААТҮГ нь уг нийтийн халуун усны газрыг хариуцагч Н.К-ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөөгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хариуцагч Н.К нь нэхэмжлэгчийн эзэмшлийн нийтийн халуун усны газрыг тоног төхөөрөмж, барилга, газрын хамт гэрээний үндсэн дээр ашиглаж байвал түүнийг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзнэ. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа хариуцагч түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид хүлээлгэж өгөхгүйгээр ашигласаар байгаа нь хуульд нийцэхгүй байна. 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.-т зааснаар тодорхой бус хугацаагаар сунгагдсан боловч түрээслүүлэгч “Х”ОНӨААТҮГ-аас түрээслэгч Н.К-д 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Шаардах хуудас” хүргүүлж, түрээсийн төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны дотор төлөх, хэрвээ төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах ба ингэснээр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдахыг бичгээр мэдэгджээ. Уг мэдэгдлийг хүлээж авсан талаар хариуцагч хүлээн зөвшөөрч, маргаагүй байна. 

Иргэний хуулийн 204, 205, 225, 226 дугаар зүйлд хугацаанаас өмнө гэрээнээс татгалзах нийтлэг журмыг зохицуулсан боловч түрээсийн гэрээний хувьд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.2, 294.3.-т гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах журмыг тусгайлан зохицуулжээ. Хуулийн дээрх заалтуудад түрээсийн гэрээг талууд тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээг цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд уг гэрээ дуусгавар болохоор заасан. Харин Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.-т мөн зүйлийн 294.1.2.-т заасан хугацааг “гурван сар” гэж тогтоосон бол талууд гэрээг цуцлах хугацааны талаар түрээсийн гэрээндээ тусгаагүй боловч 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл” гэж харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулж байжээ. 

Үүнээс дүгнэвэл хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2.-т заасан үндэслэлээр дуусгавар болсон байна. Тодруулбал, түрээслүүлэгчээс түрээслэгчид гэрээг цуцлах тухайгаа мэдэгдсэн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3.-т заасан гурван сарын хугацааг тоолж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэж үзнэ. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2.-т заасан түрээсийн гэрээг цуцлах хугацааны талаар талууд 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцсон гэж үзвэл, уг хугацаа 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дуусгавар болсон гэж үзэхээр байна. Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.1-т “түрээсийн гэрээг 3 удаа нэг сараас илүү хугацаагаар хожимдуулан төлсөн бол түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэж заасан тул түрээслэгч гэрээний хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1.-т зааснаар түрээслүүлэгч гэрээг цуцлах эрхтэй. 

 

Иймээс нэхэмжлэгчийн гэрээг цуцалсан үйлдэл нь Иргэний хууль болон талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд нийцсэн байх тул хариуцагч Н.Кыг нэхэмжлэгчийн эзэмшлийн нийтийн халуун усны газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэхгүй. Иргэний хуулийн 326 дугаар дугаар зүйлийн 326.1.-т зааснаар түрээслэгч Н.К нь түрээсийн гэрээ дуусгавар болсон учраас түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул тухайн эд хөрөнгийн эзэмшигч “Х”ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас шаардах эрхтэй гэж дүгнэв. 

 

Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн нь баримтаар тогтоогдоогүй” гэх дүгнэлт бодит байдалд нийцээгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаагүй тул нэхэмжлэгчийн уг эд хөрөнгийг эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэж, “нийтийн халуун усны барилга, суурилагдсан тоног төхөөрөмж, газрыг сайн дураар хүлээлгэж өгөхгүй байгаа тул Н.К-ыг уг байрнаас албадан нүүлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар хангаж шийдвэрлэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. 

 

Шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг хэрэглэсэн нь оновчгүй болжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар мөн хуулийн 106.2, 106.3 дахь заалт нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах бөгөөд мөн зүйлийн 106.2 дахь хэсэгт “эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах” эрхийг, 106.3 дахь хэсэгт “өмчлөгчийн болон эзэмшигчийн шаардах эрхийг хэрэгжүүлснээс хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал эзэмшигч шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах” талаар зохицуулсан байна.

 

Хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “менежментийн гэрээ байгуулагдахаар эрх бүхий байгууллагаас шийдвэр гарсан” гэж тайлбарлажээ. Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолоор “Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х”ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа халуун усны газрыг Н.К-тай менежментийн гэрээгээр 3 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр” шийдвэрлэж байсан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар менежментийн гэрээг бичгээр байгуулсан эсэх нь тогтоогдоогүй.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилсан хэсэгт хуульд заасны дагуу өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 624 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: 

 

“1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.К-аас 5681000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгосугай.” гэж, 2 дахь заалтыг: 

 

“2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эзэмшлийн, нийтийн халуун усны барилгыг хариуцагч Н.К-ы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж, 

 

3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,” гэсний дараа “44 дүгээр зүйлийн 44.1.1,” гэж нэмж өөрчлөн, мөн заалтын “мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 52390 төгрөгийг хариуцагч Н.Каас гаргуулан нэхэмжлэгч “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгосугай.” гэснийг “хариуцагч Н.Каас 105846 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68406 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, “Х”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК