Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2020/0328/З |
Дугаар | 221/МА2021/0001 |
Огноо | 2020-12-23 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2021/0001
2020.12.23-ны өдөр 221/МА2021/0001
“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, гомдол гаргагчийн төлөөлөгч Д.М, хариуцагч Б.Б, Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, прокурор С.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 685 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 5 дугаар зүйлийн 5.3, 5.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.12-т зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0303596 дугаар Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 121,535,254.12 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг 3,423,007.00 төгрөгөөр бууруулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч “Ф” ХХК-ийн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: Шүүх захиргааны актын эрх зүйн хэлбэр байх нь гомдол гаргагчийн эрхийн байдалд шууд нөлөөлж буйг анхаарч үзээгүй тухайд
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас харахад Татварын улсын байцаагчдад Татварын хяналт шалгалттай холбоотой харилцаанаас үүссэн эрх зүйн харилцаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэх, улмаар шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулах эрх олгогдоогүй байна.
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1.4-д “нөхөн ногдуулалтын акт” гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татварын төлөгчид хүргүүлэх баримт бичгийг” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлд нөхөн ногдуулалтын актын талаар дэлгэрэнгүй байдлаар зохицуулжээ.
Татварын улсын байцаагчид 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. Дээрх зохицуулалт нь Татварын хяналт шалгалтыг хийх явцад татвар төлөгч Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр /2019 оны 03 дугаар сарын 22-ны нэмэлт, өөрчлөлт/ зүйлд заасан тайлан хугацаандаа илгээгээгүй, НӨАТ-ын баримт олгоогүй зэрэг зөрчил илэрвэл зөрчлийн хуулийг хэрэглэж, шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байтал “нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулах ёстой, татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг шийтгэлийн хуудаст бичсэн нь үндэслэлгүй байна.
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар бүлэг, мөн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйл, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн татварын өрийг татварын алба хураана” гэсэн зохицуулалтаас харахад Монгол Улсын Татварын алба бие даан татварын өрийг хураахаар болсон байна.
Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлд өртэй татвар төлөгч хугацааны хөнгөлөлт эдлэх нөхцөл бололцоог татварын алба олгохоор хуульчилсан байна.
Гэтэл хариуцагч хуулийг буруу хэрэглэн захиргааны актын хэлбэрийг буруу сонгосноос болж татвар төлөгчийн дээрх хугацааны хөнгөлөлт эдлэх боломжгүй болгож байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийл 8-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяалах шүүхэд хүсэлт гаргана” гэж заасны дагуу ямар ч хугацааны хөнгөлөлт эдлэх боломжгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хараа хяналт дор шийтгэлийн хуудсын өрийг барагдуулна.
Шүүх захиргааны актын хэлбэрээс болж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн тохиолдолд албадлагын арга хэмжээг Татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлгийг хэрэглэж, мөн татвар төлөгчийн эрх, баталгааг татварын алба эдлүүлээд явах, нөгөө нь шийтгэлийн хуудас үйлдэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэн татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй, эрх зүйн байдал дордож буйг анхаарахгүй байна.
Татварын хуулийг буруу хэрэглэсэн тухайд Татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэлийн хуудас ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн Албан татварын тэг хувь хэрэглэх хэмээх 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна” гээд 12.1.4-д “Монгол улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан” гэсэн байна. Манай нэхэмжлэгч нь Монгол улсад оршин суудаггүй гадаад улсын хуулийн этгээдүүдэд үйлчилгээ үзүүлдэг тул хуулийн дээрх зохицуулалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үндэслэлгүй юм.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0303596 дугаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч “Ф” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 121,535,254.1 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан 0303596 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Гомдол гаргагч “Ф” ХХК-иас “Шүүх захиргааны актын эрх зүйн хэлбэр ямар байх нь гомдол гаргагчийн эрхийн байдалд шууд нөлөөлж буйг анхаарч үзээгүй, хуулийг буруу хэрэглэсэн” гэж давж заалдах гомдлыг гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нараас “Ф” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтөнд иж бүрэн хяналт шалгалтыг хийж 0303596 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж зааж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ”, 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”, 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан байна.
Дээрх журмаас үзвэл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орж Татварын ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн байх ба өмнөх Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд хамаарч байсан зарим зөрчил нь Татварын ерөнхий хуульд зааснаар зохицуулагдах болсон байх бөгөөд материаллаг болон процессын хэм хэмжээг зохицуулж буй Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөнө гэж ойлгохоор байна.
Өөрөөр хэлбэл, процессын зохицуулалт бүхий хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд татварын байгууллага тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоосон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй юм.
Маргаан бүхий /2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн/ шийтгэлийн хуудас гарахаас өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн;” гэсэн хуулийн үндэслэл нь байхгүй болж, агуулгын хувьд Татварын ерөнхий хуулийн 82-84 дүгээр зүйлд зохицуулагдсан гэж үзэхээр байх бөгөөд татвар төлөгчийн үүргээ зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь “төлбөл зохих нөхөн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 30-40 хувиар торгох”-оор заасан, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд байсан “алданги” тооцох боломжгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан. Энэ хэргийн хувьд маргаан бүхий шийтгэлийн хуудас гүйцэтгэгдээгүй байх тул шүүх Зөрчлийн тухай хуулийн дээрх зарчим болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан “сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх” зарчмын хүрээнд гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Татварын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ холбогдох зүйл, заалтыг буцаан хэрэглэж, шийтгэлийн хуудсаар оногдуулсан алдангийг хасах, татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх эсэхийг шийдвэрлэх боломжтой юм.
Маргаан бүхий шийтгэлийн хуудсанд заасан Зөрчлийн тухай хуулийн өөрчлөгдсөн үндэслэл буюу гомдол гаргагч “Ф” ХХК-ийн гаргасан зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 82-84 дүгээр зүйлийн аль зүйл, заалтад хамаарах буюу алийг нь хэрэглэх, мөн түүнээс үүдэн хүлээлгэх хариуцлагын хэмжээг /нөхөн татвар, торгууль/ хэрхэн яаж тооцох нь хариуцагч нарын эрх хэмжээнд хамаарахаар байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагч татварын улсын байцаагч нь “Ф” ХХК-ийн холбогдох зөрчлүүдэд хуулийг зөв хэрэглэх замаар дахин шинэ акт гаргах шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 685 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0303596 дугаар шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж, шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд татварын улсын байцаагч дахин шинэ акт гаргахгүй бол Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0303596 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гомдол гаргагч “Фанднэт” ХХК-д буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН