Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 130/2017/00479/И |
Дугаар | 001/ХТ2018/00585 |
Огноо | 2018-04-12 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00585
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 637 дугаар шийдвэр
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00142 дугаар магадлалтай
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
З.А, О.А, Д.М, Т.Ж, З.М, Х.Х, Х.Ж, Р.Г нарт холбогдох
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 312 кв.м талбайтай, 0173747 дугаар гэрчилгээтэй, 031304259 нэгж талбарын дугаартай газрыг хууль бусаар ашиглаж байгаа нэр бүхий хариуцагч нарын гараашийн объектуудыг албадан буулгаж, зориулалтын дагуу ашиглахаар газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагч З.А, О.А, З.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага өөрийн ажилчдын хэрэгцээнд 24 айлын орон сууцны барилга барих зориулалтаар аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 031304259 нэгж талбарын дугаартай 312 м.кв газрыг газрын албатай гэрээ байгуулан 0173747 дугаартай гэрчилгээгээр эзэмшиж, хуулийн дагуу үүргээ биелүүлэн газрын татварыг тогтмол төлж байгаа боловч уг газарт иргэд дур мэдэн хууль бусаар автомашины гарааш барьж ашиглаж, эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах боломж олгохгүй бидний эрхийг зөрчиж байна. Уг асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд бид аймгийн Засаг даргад хүсэлт гаргаснаар хууль бусаар ашиглаж байгаа иргэдээс газрыг албадан чөлөөлөх тухай 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 173 дугаар захирамж гарсан бөгөөд уг захирамжийн дагуу үүрэг болгосон этгээдүүдэд хандан газар чөлөөлүүлэх тухай шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээж авахгүй байна. Иймд нэр бүхий хариуцагч нарын гараашийг албадан буулгаж, зориулалтын дагуу ашиглах бидний эрхийг хамгаалж газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.А, О.А, З.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Бидний гарааш барьсан газар нь нэхэмжлэлд дурдсан 312 кв.м газартай холбогдолгүй газар бөгөөд уг гарааш нь бидний амьдарч буй 8 айлын орон сууцны хананд наалдсан байрлалтай. Бид уг маргаан бүхий газарт анх автомашины гарааш барихад “К” ХХК-ийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, шаардлага тавиагүй.
2. Бид хувиасаа олон сая төгрөгийн хөрөнгө зарцуулан автомашины гарааш барьсан. Албадан нүүлгэх асуудал гарвал ирээдүйд эдийн засгийн хохирол хүлээх эрсдэлтэй бөгөөд үүнийг хэн хариуцах болж байна. Уг газарт 8 айлын орон сууцны цонхыг хаах, нарны гэрэл тусахгүй байх сөрөг талтай. Ийм тохиолдолд мэргэжлийн байгууллага барилга барих зөвшөөрөл олгохгүй бөгөөд бодит байдалд орон сууцны барилга байгууламж барих техникийн үндэслэлгүй.
3. Нэхэмжлэгч уг газрыг өөрийн эзэмшилдээ хууль ёсоор аваад бараг 9 жил болж байгаа боловч орон сууцны барилга баригдаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар эзэмшил газрыг 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болох үндэслэл болно.
4. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 24 дүгээр тогтоол болон Өлгий сумын инженерийн шугам сүлжээ бүхий хэсэг дэх нийтийн эдэлбэр газрыг заасан хавсралт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 392 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Журам батлах тухай 96 дугаар тогтоол болон түүний хавсралт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Комисс байгуулах тухай 199 дүгээр захирамжаар “К” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт эзэмшүүлсэн 312 м.кв газар нь орон сууцанд амьдарч буй оршин суугчдын дундын эзэмшлийн газар болох нь тогтоогдож байна.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр “К” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшил газрыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Энэхүү тогтоогдсон нөхцөл байдал нь “К” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшлийн 312 м.кв газраас албадан нүүлгэх асуудал хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.
6. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 168 дугаар захирамжаар Өлгий сумын төвийн нийтийн зориулалттай орон сууцнуудад газрын байршил, хэмжээг схем зургийн хамт баталж, улмаар Береке сууц өмчлөгчдийн холбоонд хууль журмын дагуу хувийн хэрэг нээж газар ашиглах эрхийг баталгаажуулсан байна. Энэ нь өмнөх хавтаст хэрэгт авагдсан орон сууцнуудын газрын байршил, хэмжээ, схем зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
7. Анхан шатны шүүхээс уг маргаан бүхий газарт үзлэг хийхэд өөр нэг этгээдийн барьсан орон сууц байрлаж буй газар нь “К” ХХК-ийн маргаан бүхий газартай зохих хэмжээгээр давхацсан болох нь тогтоогдсон байна. Хариуцагч З.А, О.А, З.М бид ойрын үед өмгөөлөгчөөр дамжуулан өмнө шийдвэрлэгдсэн иргэний хэргээс холбогдох нотлох баримтуудыг шүүхэд хуулбарлан гаргаж өгнө.
Иймд “К” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “К” 24 айлын орон сууц барина гээд 8 гараашийн газрыг булаацалдаад байх юм. Бидний харалдаа гараашуудын эзэд хаалгаа хаалгаж барилга бариулахгүй. Барилга барих ямар ч боломжгүй газар. “К” ХХК-ийн захирал М.Ержанд ахмад хүний хувьд хүсэхэд 8 хүний нийтийн эзэмшлийн газраас хэрэглэж байгаа өчүүхэн газрыг булаацалдахаа больчихооч гэмээр байна гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 637 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан “К” ХХК-ийн эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 312 м.кв талбайтай газрыг хариуцагч З.А, З.М, Т.Ж, Х.Х, О.А, Д.М, Х.Ж, Р.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.А, З.М, Т.Ж, Х.Х, О.А, Д.М, Х.Ж, Р.Г нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00142 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 637 дугаар шийдвэрийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “К” ХХК-ийн эзэмшлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Гаалийн орон сууцны хойд талд байрлах 312 м.кв талбайтай газрыг хариуцагч З.А, З.М, Т.Ж, Х.Х, О.А, Д.М, Х.Ж, Р.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,
1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 100 дугаар зүйлийн 100.2.-т заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэж “К” ХХК-ийн эзэмшлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Гаалийн орон сууцны хойд талд байрлах 312 м.кв талбайтай газар дээрх З.А, З.М, Т.Ж, Х.Х, О.А, Д.М, Х.Ж, Р.Г нарын өмчлөлийн 8 гараашийг албадан буулгахыг дурдсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч З.А, З.М О.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч З.А, З.М О.А нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч З.А, О.А, З.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: З.А, О.А, З.М бид нар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 637 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00142 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
1. Бид нийтийн эзэмшлийн газарт автомашины гарааш барьсан буюу одоо гарааш байрлаж байгаа газар “К” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 031304259 дугаар бүхий нэгж талбарын дугаартай 312 кв.м газартай холбогдолгүй газар гэж үзэж байна. Бидний барьсан автомашины гарааш нь бидний амьдарч буй 8 айлын орон сууцны хананд наалдсан байрлалтай юм. Бид уг маргаан бүхий газарт анх автомашины гарааш барихад “К” ХХК-ийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, тухайн газарт авто гарааш барьж болохгүй гэсэн шаардлага тавиагүй юм. Бид хувиасаа олон зуун, сая төгрөг гарган үл хөдлөх эд хөрөнгө буюу автомашины гарааш барихад зарцуулсан юм. Хэрвээ бидний өмчлөлийн автомашины гараашийг албадан нүүлгэх асуудал гарвал ирээдүйд эдийн засгийн хохирол хүлээх эрсдэлтэй. Ирээдүйд гарах эдийн засгийн хохирлыг хэн хариуцах болж байна. Уг маргаан бүхий газарт “К” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар нь орон сууцны барилга байгууламж барьсан тохиолдолд бидний одоо амьдарч буй 8 айлын орон сууцны цонхыг хаах, нарны гэрэл тусахгүй байх сөрөг талтай юм. Энэхүү үйл ажиллагаа явагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллага барилга барих зөвшөөрөл олгохгүй шүү дээ. Иймээс нэхэмжлэгч анхнаасаа уг газрыг орон сууц барихаар эзэмшилд авсан боловч бодит байдалд орон сууцны барилга байгууламж барих техникийн үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч уг газрыг өөрийн эзэмшилдээ хууль ёсоор аваад бараг 8 жил болж байгаа боловч орон сууц барилга баригдаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар эзэмшил газрыг 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.
3. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 24 дүгээр тогтоол болон “Өлгий сумын инженер шугам сүлжээ бүхий хэсэг дэх нийтийн эдэлбэр газар”-ыг заасан хавсралт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай'' 392 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Журам батлах тухай” 96 дугаар тогтоол болон түүний хавсралт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Комисс байгуулах тухай" 199 дүгээр захирамжаар “К” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт эзэмшүүлсэн 312 мкв газар нь орон сууцанд амьдарч буй оршин суугчдын дундын эзэмшлийн газар болох нь тогтоогдож байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр ”... Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “К” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшил газрыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Одоо Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 346 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Энэхүү тогтоогдсон нөхцөл байдал нь “К” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшлийн 312 мкв газраас албадан нүүлгэх асуудал хууль зүйн үндэслэлгүй болохыг нотлож байна.
5. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 168 дугаар захирамжаар Өлгий сумын төвийн нийтийн зориулалттай орон сууцнуудад газрын байршил, хэмжээг схем зургийн хамт баталж, улмаар “Береке” сууц өмчлөгчдийн холбоонд хууль журмын дагуу хувийн хэрэг нээж газар ашиглах эрхийг баталгаажуулсан байна. Хавтаст хэрэгт авагдсан орон сууцнуудын газрын байршил, хэмжээ, схем зурагт “К” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт эзэмшүүлсэн 312 мкв газар багтааж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа юм. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", мөн хуулийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлнэ” гэж заасныг ноцтой зөрчиж байна.
6. Барилгын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч маргаан бүхий газарт барилга буюу орон сууц барих тохиолдолд эхлээд техник эдийн засгийн судалгаа буюу эрх бүхий байгууллагаас дүгнэлт гарсан байхыг шаарддаг юм. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны барилгын улаан шугамыг мэргэжлийн эрх бүхий хүмүүсээр газар дээр нь татуулж тухайн маргаан бүхий газарт орон сууц барих эсэх талаар эрх бүхий байгууллагуудаас заавал зөвшөөрөл авсан байх шаардлагатай юм. Гэтэл хавтаст хэрэгт энэ тухай ямар нэгэн бичгийн нотлох баримтууд авагдаагүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх нь анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Шүүгчээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “К” ХХК-ийн салбарын эзэмшил газарт өөр иргэн, аж ахуйн нэгж орон сууц барьсан нь нотлогдсон юм. Ингэхээр бодит байдалд маргаан бүхий газарт ирээдүйд нэхэмжлэгч орон сууц барих боломжгүй байгааг анхаарч үзээгүй байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 637 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 212/МА2017/00142 тоот магадлал нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг илт хамгаалсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь бодитой үнэлж чадаагүй, нэг талыг барьсан, Монгол улсын иргэд бидний Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн заалтын ноцтой зөрчсөн хууль зүйн үндэслэл муутай шийдвэрүүд учраас шийдвэр, магадлалыг тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгч гэх “К” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт: ...Хариуцагч нар нь “...иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэл гаргасан байгаа боловч хуулийн ямар ямар заалтуудыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн тухай үндэслэл гаргаагүй байна.
Хариуцагч нарын гаргасан гомдлын Үндэслэл 1-д “... бид нийтийн эзэмшил газарт автомашины гарааш барьсан...” “... “К” ХХК-ийн эзэмшил газарт холбогдолгүй, “К” нь гарааш барихад эсэргүүцэл үзүүлээгүй, хориглосон шаардлага тавиагүй...” зэрэг үндэслэлүүд нь үнэнд нийцэхгүй байна.
Бид тухайн газрыг хууль бусаар эзэмшигч нараас албадан чөлөөлүүлэх тухай сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргахад, хариуцагч нар тухайн газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган анхан, давах, дээд шүүхээр 3 шатанд хянан шийдвэрлэж тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж тухайн газрын хууль ёсны эзэмшигч нь “К” ХХК болохыг тогтоосон.
Ингэхдээ хариуцагч нар дээрх гомдлыг мөн гаргаж байсан ба гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх шалгаж тогтоохын зэрэгцээ иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхэд хариуцагч нарын хүсэлтээр үзлэг хийгдэж гомдол үндэслэлгүй болохыг тогтоосон нь хэргийн хавтаст нотлох баримтаар авагдсан байгаа.
“...хариуцагч нар ирээдүйд эдийн засгийн хохирол хүлээнэ...”, “...барилга барихыг мэргэжлийн байгууллага зөвшөөрөхгүй...” “...техникийн үндэслэлгүй...” гэх зэрэг үндэслэлүүд нь таамаг төдий бөгөөд тэдэнд гарааш барьж хууль бусаар газар эзэмшиж ашиглах эрх олгохгүй юм.
Үндэслэл 2-т “...газрыг аваад 8 жил болж байхад зориулалтын дагуу ашиглаагүй ... хуулийн дагуу 2 жилийн дотор ашиглаагүй нөхцөлд эзэмших эрх хүчингүй болох ёстой...”
Хариуцагч нар Захиргааны хэргийн шүүхэд уг үндэслэлээр гомдол гаргасан ба тухайн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Хариуцагч нар эзэмшил газрыг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглах боломжийг өөрсдөө олгохгүй саад хийж өдий 8 жилийн турш шүүхээр маргаж, газар чөлөөлөхгүй байж ийнхүү үндэслэл гаргаж байгааг ойлгоход бэрх байна.
Үндэслэл 3 ба 5-д Хариуцагчдын хяналтын журмаар гомдол гаргасан 3 ба 5 дахь үндэслэл нь огт үндэсгүй бөгөөд захиргааны хэргийн анхан, давах, дээд шүүх зэрэг 3 шатны шүүхэд мөн адил тухайн үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг захиргааны хэргийн шат шатны шүүхүүд хянан шийдвэрлэж газрын хууль ёсны эзэмшигчийг нэгэнт тогтоосон хуулийн хүчин төгөлдөр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байгаа учир энэхүү үндэслэлээр иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах нь үндэслэлгүй юм.
Үндэслэл 4-т Бид тухайн газрыг албадан чөлөөлөх тухай аймгийн засаг даргын захирамжид үүрэг болгосны дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар үүргээ биелүүлэхгүй, газар чөлөөлөхгүй байгаа тул Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг хариуцагчаар татан газар чөлөөлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь хуулиар тухайн үүргийг хүлээхгүй, хуулиар хариуцуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үнэн, энэ нь хариуцагч нарыг бусдын эзэмшил газрыг хууль бусаар эзэмшиж ашигласаар байх эрхийг олгохгүй юм.
Үндэслэл 6-д Хариуцагчид, маргаан бүхий газарт орон сууц бариулах техник эдийн засгийн судалгаа, эрх бүхий байгууллагаас гаргуулсан дүгнэлт байгаа эсэх тухай үндэслэл бүхий гомдол гаргасан байна. Гэвч энэ нь газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй холбоотой гаргах нотлох баримт биш бөгөөд хариуцагчдыг бусдын хууль ёсны эзэмшил газрыг хууль бусаар эзэмшиж ашиглах, газрыг чөлөөлөхгүй байх эрхийг олгохгүй юм.
Хариуцагчдын гаргасан гомдолд “Шүүгчээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “К” ХХК-ийн салбарын эзэмшил газарт өөр иргэн, аж ахуйн нэгж орон сууц барьсан нь нотлогдсон юм. Ингэхээр бодит байдалд маргаан бүхий газарт ирээдүйд нэхэмжлэгч орон сууц барих боломжгүй байгааг анхаарч үзээгүй” гэж бодит байдлыг гуйвуулж илт худал мэдэгдэл хийж байна. Бодит байдалд, зэрэгцээ олгогдсон газартай эрх бүхий байгууллагаас олгосон зураг байршлаар огт давхцуулаагүй бөгөөд тухайн зэргэлдээ газар эзэмшигчид манай эзэмшлийн газар руу дөнгөж 0,5-1 метрийн орчим нэвтэрч барилга барьсан байдаг ба энэ нь зохицуулж болох хуулийн болон холбогдох журмын зохицуулалттай асуудал. Энэ нь манай эрх зөрчигдсөн байгаа болохоос биш хариуцагчдад бусдыг эзэмшлийн газрыг хууль бусаар гарааш барьж ашиглах эрх олгохгүй.
Иймд дээрх хариуцагч нар болох бусдын эрхийг огт хүндэтгэн үздэггүй 10 орчим жилийн хугацаанд чирэгдүүлж маш олон удаа шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн ч давах гомдол гарган процессын болон бусад шалтгаанаар дахин дахин буцаагдаж байсан тухайн хэргийг нэг мөр шийдвэрлэж хариуцагчдын гомдлыг хэрэгсэхгүй болгож Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 637 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар 11-ний өдрийн 212/МА2017/00142 дугаар магадлалыг хэвээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч З.А, О.А, Д.М, Т.Ж, З.М, Х.Х, Х.Ж, Р.Г нарт холбогдуулан нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайд хууль бусаар барьсан гараашуудыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 106 дугаар зүйлийн 106.1., Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.3., 27.4.-т заасныг баримтлан “К” ХХК-ийн эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 312 мкв талбайтай газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т зааснаар нэхэмжлэгчийн газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, хариуцагч нарын 8 гараашийг албадан буулгахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий байсан боловч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв хэрэглээгүй байх тул магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг засч, зөвтгөх нь зүйтэй.
Нэхэмжлэгч “К” ХХК нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаар шийдвэрээр Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 031304259 нэгж талбарын дугаартай 312 мкв талбай бүхий газрыг нийтийн 24 айлын орон сууцны барилга барих зориулалтаар эзэмших эрхтэй болох нь Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн №0173747 дугаартай гэрчилгээгээр нотлогджээ.
Тус газарт хариуцагч З.А нарын нэр бүхий иргэд 2009 оноос өөрсдийн автомашины гараашийг барьж, улмаар “К” ХХК-д газар эзэмших эрх олгосон Аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн гурван шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр шаардаж буй газар дээр хариуцагч нарын гарааш байрлаж байгаа талаар зохигчид маргаагүй, хариуцагч нар нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй гарааш барьсан нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.
Харин нэхэмжлэгч “К” ХХК нь тухайн газрын өмчлөгч бус хууль ёсны эзэмшигч бөгөөд бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардсан байхад шүүх өмчлөгчийн эрхэд хамаарах хуулийг зохицуулалтыг хэрэглэсэн нь хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийг баримталсан нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4. дэх зохицуулалт нь хуулийн 106.2., 106.3.-т заасан өмчлөгчийн шаардах эрх хууль ёсны эзэмшигчид хамаарна гэжээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. дахь заалт нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй үндэслэлээр эрх нь зөрчигдсөн байхыг, 106.3. дахь зохицуулалт нь дээрх шаардлагатай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхийг зохицуулсан байна.
Гэтэл нэхэмжлэгч “К” ХХК нь өөрийн эзэмшлийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байх тул хуулийн дээрх заалт нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм.
Хариуцагч нар нь бусдын эзэмшлийн газар дээр эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй гарааш барьсан тул тэднийг шударга бус эзэмшигч гэж үзнэ.
Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-д зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч нар нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг чөлөөлж өгөх үүрэг хүлээнэ.
Мөн нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Газрыг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болсон, хариуцагч нарын эзэмшиж буй газар нь оршин суугчдын дундын эзэмшлийн газар болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн газар чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, тус газарт орон сууц барих зөвшөөрөл аваагүй байгаа талаарх гомдолд дурдсан үндэслэл өмнө шийдвэрлэгдсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Иргэний шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлсэнгүй гэсэн хариуцагч З.А, О.А, З.М нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 212/МА2017/00142 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-д зааснаар “К” ХХК-ийн эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 312мкв талбайд баригдсан хариуцагч З.А, О.А, Д.М, Т.Ж, З.М, Х.Х, Х.Ж, Р.Г нарын эзэмшлийн гараашийг албадан буулгаж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг чөлөөлсүгэй.” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч З.А, О.А, З.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД