Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0033

 

2021.01.08-ны өдөр 221/МА2021/0033

 

 

 

 

 

 

 

 

 

  “Н” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Т.Б, Э.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 674 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус үндэслэн Багануур дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “Н” ХХК-д санхүүгийн 2013-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх талаар удирдамж, томилолтыг 2017 оны 09 дүгээр сард танилцуулж, энэ хугацааны санхүүгийн болон анхан шатны баримтыг ирүүлэх албан шаардлага, мэдэгдлийг захирал Н-д гардуулсан бөгөөд гаргаж өгсөн баримт, тайланд үндэслэн хяналт шалгалтыг эхлүүлэн 3 сарын хугацаанд шалгалтыг явуулсан. Дээрх хугацааны хяналт шалгалтын тайлан, анхан шатны баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар үдэгдэж, цэцлэгдсэн байх ёстой бөгөөд татварын улсын байцаагч нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална, 5.1.2-д тасралтгүй байх, 5.1.3-д жинхэнэ хэрэгжилтийн, 5.1.4-д үнэн зөв байх, 5.1.5-д хэмжигдэхүйц байх, 5.1.6-д зохицох, 8.4-д аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 18.1.3-д заасны дагуу өөрсдийнх нь гаргаж өгсөн анхан шатны баримт, татварын тайланг шалгахад зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага ногдуулсан.

Гэтэл нэхэмжлэгч нь татварын хяналт шалгалтыг танилцуулж, мэдэгдээгүй, нэг өдөр дуудаж, мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн бол үдээс хойш нь шийтгэлийн хуудсыг гардуулсан, мөн нэхэмжлэгчийн зүгээс тооцооллын маргаантай л гэдэг боловч яг ямар тооцоолол гэдэг дээр нарийвчилсан тодорхой байр суурийг илэрхийлдэггүй. Ямар нэгэн аргаар л шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байгаа байдлаас тодорхой харагддаг.

Өөрөөр хэлбэл, шийтгэлийн хуудсаар 6 төрлийн зөрчилд хариуцлага ногдуулсан бөгөөд 1-4 дэх зөрчлийг хүлээн зөвшөөрч маргаагүй атлаа шийтгэлийн хуудсыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэдэг. Энэ үндэслэлээ тооцооллын маргаантай л гэдэг тайлбар өгдөг бөгөөд яг ямар тооцоолол дээр маргаантай болох нь тодорхойгүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тус бүртг хууль зүйн үндэслэл бүхий няцаалт бүхий маш тодорхой тайлбарыг шүүх хуралдаанд бичгээр гаргасан болно. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар нэхэмжлэлин шаардлага, маргаж буй үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл шүүгч хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагчийн зүгээс өмнөх хуралдаанд Өршөөл үзүүлэх тухай хууль болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай холбоотойгоор эрх хэмжээний хүрээнд зөвшөөрч оролцож байсан. Гэхдээ бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл маргаагүй асуудлаар зөвшөөрч оролцох нь үндэслэлгүй гэж үзэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байр суурьнаас оролцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ч энэ талаар үндэслэл гаргаж, маргаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Нөгөөтэйгүүр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй гэж шүүх үзсэн тохиолдолд хамруулаад шийдвэрлэх бүрэн боломжтой /өмнө зөвшөөрсөн хэмжээгээр/ бөгөөд торгууль, алданги, хугацааны тооцоолол нь хэрэгт бүрэн авагдсан байхад энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн болон нөхөн татвар, торгууль алданги, хүүгийн тооцоолол тодорхойгүй гэж ямар баримт, юуг үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй, хийсвэр дүгнэлтийг өгсөн.

Хариуцагчийн зүгээс хяналт шалгалтыг боломжит хугацаанд явуулсан бөгөөд оролцоог нь хагаж, удаа дараа тайлбар мэдүүлэг авах, тэмдэглэл үйлдэж байсан нь тодорхой байхад оролцоог нь хангаагүй, тооцооллыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй хэт өрөөсгөл дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед өөрсдөд нь танилцуулж, тайлбарлаж, тэмдэглэл үйлдэж байсан бөгөөд тухайн үед яригдаагүй, шаардсан боловч өөрсдөө гаргаж өгөөгүй баримтыг шинээр гаргаж ирэх, хяналт шалгалтаас сүүлд байгуулагдсан компанийн баримтыг гаргаж өгөх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрт мэдүүлэх баримтуудаа өөрчлөх, шинээр гаргаж өгөх, сүүлд гаргасан баримтыг хаслаа гэх зэргээр илт үндэслэлгүй өөрчилж байгааг шүүх анхаарч үзээгүй. Маргаж буй үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг баримтлан хариуцагчийг дахин шалга гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай ямар үндэслэл байгаа, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нь тодорхойгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс сүүлд гаргаж өгсөн 2 хавтас баримт нь хяналт шалгалтын цаг хугацаанаас хойш баримт, нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болно гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь Багануур дүүргийн Татварын хэлтсин Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Маргаан бүхий актаар

1. 2013 онд 1,438,716.9, төгрөгийн, нийт 2,556,045.5 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөлгүй 144-265 хоног хугацаа хожимдуулж төлсөн,

2. 2014 онд 1,364,760.0 төгрөгийн, 2016 онд 2,390,520.0 төгрөгийн, нийт 3,755,280.0 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөлгүй 7-224 хоног хугацаа хожимдуулж төлсөн,

3. 2013 онд 561,000.0 төгрөгийн, 2014 онд 381,000.0 төгрөгийн, нийт 942.000.0 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлбөл зохих хугацаанд төлөлгүй 81-188 хоног хугацаа хожимдуулж төлсөн,

4. 2014 онд 16348684 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын 608,450.0 төгрөгийн падааныг давхар тайлагнаж төсөвт төлөх татвараа бууруулсан,

5. 2013 онд 111,086,233.8 төгрөгийн, 2014 онд 77,236,659.0 төгрөгийн, 2015 онд 75,056,830.9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн, нийт 333,963,298.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тайлагнасан,

6. 2013 онд 111,086,233.8 төгрөгийн, 2014 онд 77,236,659.0 төгрөгийн 2015 онд 75,056,830.9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн, нийт 333,963,298.00 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн нийт 675,788,371.52 төгрөгийн зөрчилд 66,853,504.60 төгрөгийн нөхөн татвар, 25,446,958.80 төгрөгийн торгууль, 13,572,263.00 төгрөгийн алданги, 79,313.90 төгрөгийн хүү, нийт 105,952,040.30 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Уг шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчаас эс зөвшөөрч “...Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн, татварын тайланд үндэслэн нөхөн татвар, алданги, торгууль оногдуулахдаа борлуулалтын орлогод компанийн удирдлагын болон ашиглалтын хэрэглээний зардал тусгагдсаныг хасаж тооцоогүй, анхан шатны баримтад үндэслээгүй, маргаантай зөрчилд хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “...3 сарын хугацаанд хяналт шалгалт явуулж, энэ хугацаанд санхүүгийн болон анхан шатны баримтыг ирүүлэх албан шаардлага, мэдэгдлийг гомдол гаргагчид гардуулсан, өөрсдийнх нь гаргаж өгсөн анхан шатны баримт, татварын тайланг үндэслэж шийтгэл ногдуулсан, гомдол гаргагчаас тооцооллын маргаантай гэдэг боловч яг ямар тооцоолол гэдэг дээр нарийвчилсан тодорхой байр сууриа илэрхийлдэггүй...” гэж тайлбарлан маргажээ.

Өмнө нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр шүүх хуралдааны тогтоолоор “...гомдол гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь татварын хяналт шалгалтын үед байсан эсэх, цаг хугацааны хувьд маргаан бүхий актад дурдсан зөрчилтэй хамааралтай эсэхийг нягталж шалгаагүй...” гэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 248 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “...дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг...” түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, анх нэхэмжлэгчээс 6 хавтас анхан шатны баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эдгээр анхан шатны баримтууд нь /нотолгооны ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй/ гэж хэргийн оролцогч нар маргаагүй байна. Харин анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан зарчмыг хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, маргааныг тодруулж болох бүхий л эрх зүйн болон бусад эх сурвалжуудыг ашиглах боломжтой бөгөөд гомдол гаргагчийн гаргасан 6 зөрчлүүдийг хариуцагч ямар баримтаар тогтоосон болохыг тодруулж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр шүүх хуралдааны тогтоолд заасан ажиллагааг хийж, нотлох баримтыг дахин шинэчлэн судалж шийдвэр гаргах боломжтой байжээ.

Иймд хариуцагчийн “...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох...” тухай давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН