Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2016/00019

 

Хас банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийншүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сар 20-ны өдрийн 151/ШШ2016/01100 шийдвэртэй

Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Басбиш, Т.Шинэтуяа нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 28.394.225 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон бусад хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан, нарийн бичгийн даргаА.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нар нь 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 1300012257 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 30.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн барьцаанд Төв аймаг Зуунмод сум 1-р баг, Номт 18-р байр 54 тоот 000138256/Ү1427000642 гэрчилгээ болон улсын бүртгэлийн дугаар бүхий 30 мкв орон сууцыг барьцаалж зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийг авсан өдрөөс хойш байнга явцын болон сар дамнасан хугацаа хэтрэлтүүдийг гаргаж байсан бөгөөд зээлдэгч Т.Шинэтуяагийн хүсэлтийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1300014561 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 1 жилээр сунгаж, 2016 оны 1 сараас 2016 оны 7 сар хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлж, хүү төлөх нөхцөлтэйгөөр өөрчлөлт оруулан зээлдэгч нарт боломж олгосон боловч төлбөрөө огт төлөөгүй.

Зээлдэгч зээлийн гэрээний 3.2.1, 3.2.5, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчсөн. 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар зээлдэгч нарын үндсэн болон нэмэлт гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр нь үндсэн зээл 24.681.810 төгрөг, зээлийн хүү 3.712.414 төгрөг, нийт 28.394.225 төгрөг байна. Мөн өмнө гаргасан нэхэмжлэл дээр бичсэний дагуу нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртлэх хугацааны зээлийн хүү 1.825.778, нэмэгдүүлсэн хүү 11.053 төгрөг нийт 1.836.831 төгрөг бодогдсон. Энэ төлбөрийг анхны нэхэмжлэлийн үнийн дүн дээр нэмж нийт 30.231.056 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч нарын банкинд барьцаалуулсан хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Шинэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд зээл авахдаа банкуудыг судалж үзсэн. Тухайн үед Хас банк сарын 1.7 хувийн хүүтэй, Хаан банк сарын 2 хувийн хүүтэй зээл гаргаж байсан болохоор би Хас банкнаас зээл авахаар болж материалаа бүрдүүлж өгөөд зээл авсан. Нэгэнт гарын үсэг зураад баталгаажсан гэрээ учраас би төлөх нь үнэн гэхдээ надад тухайн үед сарын 2.5 хувийн хүүтэй зээл өгсөн байна. Намайг анх зээл авахад зээлийн эдийн засагч 1.7 хувийн хүүтэй зээл өгнө гэж байсан болохоор би хүү нь 1.7 юм байна гэж бодсоноос 2.5 гэдгийг анзаарч мэдээгүй.

Гэхдээ би гэрээний нөхцөл өөрчлүүлнэ гэж хүсэлт гаргаж байгаагүй. Миний бие Хас банкнаас 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 30 сая төгрөгийн зээл авсан. Үлдсэн зээлд 30 сая төгрөг хүүнд нь 7 сая гаран төгрөг нийт хүүнд нийт 22.500.000 төгрөг төлсөн. Банкнаас авсан зээлийнхээ 20 сая төгрөгийг найздаа зээлүүлээд алдчихсан юм. 2015 оны 9 дүгээр сард зээлийн төлөлт хийхдээ Хас банкны зээлийн эдийн засагч Саруулд энэ байдлаа хэлж байсан юм. Банкнаас намайг зээлээ төлөөч гэж ярьж байсан гэвч 2015 оны 12 дугаар сарын 31-ний орой нэгэнт намайг дуудаад зээлийн гэрээний нөхцөлийг танд ашигтайгаар шийдчихлээ ирээд гарын үсэг зурчих гэсэн. Түүнээс би гэрээний нөхцөлийг зөөлрүүлж өгөөч, зөвхөн хүүгээ төлмөөр байна гэж хүсэлт гаргаж байгаагүй. Хэдийгээр банк ашгийн байгууллага хүүгээ авах нь зүй ёсны хэрэг ч гэсэн намайг шүүхэд өгвөл өгчих хүүгээ зогсоолгоод зөвхөн үндсэн зээлээ төлмөөр байна. Илүү их мөнгө төлөөд өрөнд ороод байна гэж хэлж байсан. Санхүүгийн хүндрэл үүссэн талаараа би Хас банкинд удаа дараа мэдэгдэж байсан.

Гэтэл намайг олон сараар хүү бодож явуулчихаад, нэмэгдүүлсэн хүү бодож ээжийн чинь байрыг гээд дарамталсан ээж минь өвөөд хэвтчих юм бол энэ хүнийг асрах хүн байхгүй, өвчтэй хүүхэнтэйгээ 2-лаа хамт амьдардаг юм гэж хэлж байхад 3, 4-лээ ирээд байрыг чинь лацадна гар гэж сэтгэл санааны маш их дарамтанд учруулж байсан. Гэтэл энэ асуудлаас болоод миний ээжийн зүрх өвдөөд, дарамт нь ихсэж байсан. Та нар намайг шүүх өг энэ хүнийг битгий дарамтлаач, сэтгэл санааны маш их хохиролд оруулж байна хэлж байсан. Өөрийн санхүүгийн хүндрэлээ би нуугаагүй. 9 дүгээр сард хамаг юмаа шавхаад зээлээ төллөө үүнээс цааш хэцүү шүү гэж би хэлж байсан. Ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад шинэ бизнес эхлээд үсчингийн газар нээгээд түрээс аваад явж байгаач гэсэн зээлээ төлөхийг аль болох хичээсэн. Тэгэхэд банкнаас гэрээг танд ашигтайгаар шийдчихлээ зөвхөн хүү төлөхөөр гэрээний нөхцөлийг өөрчилсөн гэж надад хэлсэн. Гэрээнд гарын үсэг зурж байсан. Манай найз надаас 20.000.000 төгрөг аваад Солонгос явсан. Хамгийн гол нь найзаасаа авах 10.000.000 төгрөгөө хүлээсээр байгаад өөрөө ийм байдалд орчихлоо гэв.

Хариуцагч М.Басбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкнаас мөнгө авсан л юм чинь төлнө гэж бодож байна. Би нэг мэдрэл муутай охиныхоо хамт байрандаа амьдардаг. Хүйтэн сэрүүний цаг эхэлж байгаа энэ үед байрнаас гараад хоёулаа хүүхдийнхээрээ явна гэхэд надад хүндрэлтэй байна. Банкнаас авсан нь үнэн юм чинь төлөх байх гэхдээ зээл авчихаад өөртөө хувцас авч өмсөөгүй, машинаа засуулаагүй, байр аваагүй, урин дулаан цаг ирэхээр өөрийнхөө байрыг ч гэсэн зарж байгаад төлбөрийг нь барагдуулна. Анх зээл авахад би гарцаагүй гарын үсэг зураад хамт авсан гэхдээ хэдэн төгрөг авсан, миний байрыг тавьсан эсэхийг би мэдээгүй. 2018 он хүртэл би тэтгэврийн зээл авчихсан. Энэнд тусалж байгаа ёр нь тэр. Би эд нараас мөнгө төгрөг харж байгаагүй. Хүний юм авсан чинь өгөлгүй яах вэ. Би 40 хэдэн настай ирээд байраа хувьчилж авч байсан юм. Энэ өвөл байрандаа өвөлжчих юм бол урин дулаан цаг ирэхээр засвар хийсэн байр зарагдчих байх. 30 гаран сая төгрөгт байраа зарчих юм бол зээлийг нь төлчих байх. Зээлийг нь төлчихөөд 5 ханатай гэр худалдаж аваад хашаанд амьдарна. Яахав өвчтэй охиноо дагуулаад айлаар амьдарна гэж байхгүй. Миний охин яваад л байгаа олон жижиг хүүхэдтэй, нөхөр нь олигтой хань болохгүй болохоор хэцүү юм гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг тус тус баримтлан Хас банкны Зуунмод салбар, хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нарын 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан №1300012257 дугаартай Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нараас үндсэн зээл 24.681.810 төгрөг, зээлийн хүү 3.712.414 төгрөг, нийт 28.394.225 /хорин найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан Хас банкны Зуунмод салбарт олгож, 1.836.831 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-д заасны дагуу зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 299921 төгрөгийг гаргуулж, Хас банкны Зуунмод салбарт буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Шинэтуяа давж заалдах гомдолдоо: ... Хас банкны Зуунмод салбарын нэхэмжлэлтэй Т.Шинэтуяа, М.Басбиш нарт холбогдох зээлийн гэрээг цуцлаж, гэрээний үүрэгт 28.394.225 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон бусад эд хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Шинэтуяа миний бие Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1100 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 01-т ... хариуцагч Т.Басбиш, Т.Шинэтуяа нараас ... зээлийн хүү 3.712.414 төгрөг ... гаргуулах Хас банкны Зуунмод салбарт олгож гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

-Талуудын хооронд болсон үйл баримтын талаар:

Хариуцагч М.Басбиш, Т.Шинэтуяа нар нь Хас банкны Зуунмод салбартай 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 1300012257 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн барьцаанд Төв аймаг, Зуунмод сум, 01 дүгээр баг, Номт 18-р байр, 54 тоот хаягт байрлах 30 мкв орон сууцыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч миний бие уг мөнгийг өөрийн найздаа зээлүүлж, үүнээс хойш зээлийг төлөх боломжгүй байдалд хүрсэн. Зээлийг буцааж төлөхөд хүндрэлтэй байдал үүссэн, санхүүгийн хүндрэлтэй байгаа талаар Хас банкинд удаа дараа хэлж байсан. Барьцаанд байгаа байр нь манай ээж Т.Басбишийн өмчлөлийн байр бөгөөд би өөрөө Улаанбаатар хотод амьдардаг. Ээж маань нэг охинтой хоёулаа амьдардаг, хүйтэн сэрүүний цаг эхэлж байгаа учир уг байрнаас гарахад хүндрэлтэй байна.

Анх зээл авахдаа зээлийн хүүг судлаж үзэхэд Хас банк сарын 1,7, Хаан банк сарын 2 хувийн хүүтэй зээл гаргаж байсан болохоор Хас банкнаас зээл авахаар болж материалаа бүрдүүлж өгсөн. Харин Хас банк нь зээлийн гэрээ байгуулахдаа жилийн 30 хувь буюу сарын 2,5 хувийн хүүтэй гэж заасныг би зээлийн гэрээ байгуулсныхаа дараа мэдсэн.Тухайн үеийн банкны зээлийн хүү нь дээд тал нь сарын 2 буюу жилийн 24 хувийн хүүтэй байдаг байсан. Харин Хас банкны Зуунмод салбар нь зээлийн хүүг жилийн 30 хувь гэж байгуулсан нь хариуцагч Т.Шинэтуяа надад илт хохирлтой, өндөр хүүтэй зээлийн гэрээ гэж үзэж байна. 2015 оны 12 дугаар сард намайг Хас банкнаас дуудаад зээлийн гэрээний нөхцлийг таньд ашигтайгаар шийдчихлээ ирээд гарын үсэг зурчих гэсний дагуу зээлийн гэрээнд нэмэлт оруулж, гарын үсэг зурсан. Харин энэ гэрээ нь зээлийн гэрээний үндсэн мөнгөнөөс хасагдахгүйгээр зөвхөн хүүг төлөхөөр гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж зааснаар зээлийн хүүг багасгаж болох боломжтой байсан боловч шүүх энэ заалтыг хэрэглээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн шүүхийн шийдвэр гэж үзэж байна. Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1100 дугаар шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зарим шаардлагад хамааралтай хуулийг зөв сонгон хэрэглээгүй, зарим хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрхэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан, зээлийн гэрээний талуудыг буруу тодорхойлсноос зээлийн гэрээний үндсэн үүрэг болон нэмэгдүүлсэн хүүгийн хариуцлагыг хуулийн дагуу хариуцвал зохих үүрэг гүйцэтгэгчийг буруу тогтоож, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн хамтран үүрэг гүйцэтгэгчийн харилцааг зохицуулсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбар шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчааар Т.Шинэтуяа, Ц.Энхбат, М.Басбиш нарыг тодорхойлж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 28.394.225,75 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн 3 шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү 1.825.778,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.053,00 төгрөг, нийт 1.836.831,14 төгрөгөөр нэмэгдүүлжээ. /хх-ийн 51-р тал/

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 151/ШЗ2016/02314 дугаар захирамжаар хариуцагч Т.Шинэтуяа, Ц.Энхбат, М.Басбиш нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ ... хариуцагч Ц.Энхбат олдохгүй байгаа шалтгаанаар нэхэмжлэлийг гардуулж өгөөгүй өдий хүрч байгаа гэсэн тайлбарыг шүүгчийн туслахаас гаргасан тул ...хариуцагчаас Ц.Энхбатыг хасч байгаагаа мэдэгдэж, шүүх хуралдааныг хийж өгөхийг хүсч байна гэжээ. /хх-ийн 41-р тал/

Шүүх нэгэнт тухайн хариуцагчид холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа явуулсан бол нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг үндэслэн хариуцагч Ц.Энхбатад холбогдох нэхэмжлэлийг хэрхэхийг хуульд заасан журмаар шийдвэрлээгүй нь буруу байна.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийн агуулгаас үзвэл хариуцагч Ц.Энхбатыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзан бусад хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан агуулгатай байх тул шүүх хариуцагч Ц.Энхбатад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байжээ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Анхан шатны шүүх зээл болон барьцааны гэрээний үүрэг хэн хэний хооронд үүссэн, гэрээний үүргийн эрх зүйн зарчмын дагуу зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь хэн болох, банк зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг гэрээг үндэслэн хэний эсрэг хэрэгжүүлэх эрхтэй болохыг тогтоохдоо талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ-ний зээлдүүлэгч нь Хас банк, зээлдэгчээр Т.Шинэтуяа, Ц.Энхбат нар оролцож, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасны дагуу бичгээр гэрээ байгуулж, зээлдэгч нь банкнаас 30.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө болон өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа гэрээний талуудад үүсчээ. Энэхүү гэрээнд хариуцагч М.Басбиш зээлийн гэрээний нэг тал болж оролцоогүй байна. /хх-ийн 8-10-р тал/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар...үүсэх юм.

Мөн өдөр байгуулсан Баталгаат ипотекийн гэрээ Хас банк, Т.Шинэтуяа нарын хооронд байгуулагдаж, барьцааны гэрээний хавсралтад барьцаа хөрөнгө болох Төв, Зуунмод, 1-р баг, 18-54 тоот орон сууцны хамтран өмчлөгч М.Басбиш, Э.Эрдэнэтуяа нар хамтран өмчлөгчийн хувиар барьцааны зөвшөөрөл өгч гарын үсгээ зурсан байна./хх-ийн 11-14-р тал/ Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.2, 156.3, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийн заалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул үүрэг гүйцэтгүүлэгч Хас банк үүрэг гүйцэтгэгч Т.Шинэтуяагаас зээл болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснааршаардах эрхтэй.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Т.Шинэтуяад хүлээлгэн өгсөн, Т.Шинэтуяа нь зээл болон хүүд 13.682.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээл төлсөн баримтаар нотлогдсон ба зохигчид энэ тухайд маргаагүй.

Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ...Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-ийн гэрээгээр 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 5-ныг хүртэл 36 сараар сунгаж, зээлдэгч Т.Шинэтуяаг 2016 оны 1-р сараас 2016 оны 7-р сар хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлж, хүү төлөх нөхцөлтэй болгож өөрчлөлт оруулсан болох нь зохигчдын тайлбар болон гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар нотлогджээ. /хх-ийн 15-16-р тал/

Тухайн нэмэлт өөрчлөлтийн гэрээнд М.Басбиш нь барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан, барьцааны гэрээ нь үндсэн зээлийн гэрээгүйгээр тусдаа бие даан оршдоггүй, Иргэний хуулийн 87 дугаар зүйийн 87.1-д заасан салгаж үл болох эрхийн шинжтэй байдаг ньМ.Басбишийг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм. Иймээс М.Басбишийг зээлийн гэрээний нэг тал гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь хуульд нийцэхгүй болно.

Шүүх хариуцагч Т.Шинэтуяагийн гүйцэтгэх үүргийн хэмжээ болон хариуцагчийг 2015 оны 9-р сараас хойш зээл, хүүг төлөх гэрээний үүргээ удаа дараа зөрчсөнөөс зээлдүүлэгч банк гэрээг цуцлахаар шаардах эрхтэй талаарх эрх зүйн дүгнэлт нь үндэслэлтэй хэдий ч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийг холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, гэрээ цуцлах үндэслэл, шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буюу мөнгөн төлбөрийн үүргийн буцаан гаргуулахаар дүгнэлт хийсэн зэрэг нь хууль хэрэглээний алдаатай болжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Хариуцагч Т.Шинэтуяагийн давж заалдах гомдолд дурдсан ...зээл авах үед зээлийн гэрээний хүүг жилийн 30 хувь буюу сарын 2.5 хувийн хүүтэй гэж заасныг гэрээ байгуулсны дараа мэдсэн, анх зээл авахдаа хүүг судалж үзэхэд Хас банк 1,7 хувийн хүүтэй зээл гаргаж байсан...өөрт нь илт хохиролтой, өндөр хүүтэй зээлийн гэрээ гэж үзэж хүүг багасгах боломжтой хуулийн заалтыг хэрэглэсэнгүй гэх үндэслэлээр шүүхээс шийдвэрлэсэн 3.712.414 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... тухай гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2016/01100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...Иргэний хуулийн 453.1.. гэсний дараа 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3... гэж, ... М.Басбиш нарын... гэснийг Ц.Энхбат нарын... гэж, ...М.Басбиш нараас... гэснийг хасч, ...Т.Шинэтуяа... гэснийг ...Т.Шинэтуяагаас... гэж, шийдвэрийн 2 дугаар заалтаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Энхбат, М.Басбиш нарт холбогдох Хас банкны Зуунмод салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмж, шийдвэрийн 2 дугаар заалтыг 3 дугаар заалт болгож, Хариуцагч Т.Шинэтуяа төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Төв, Зуунмод, 1-р баг, Номт 18-р байр, 54 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж тус тус өөрчилж, 3,4 дүгээр заалтыг 4,5 дугаар заалт болгон нэг заалтаар ухрааж дугаарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.349 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ӨРНӨНДЭЛГЭР