Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 714

 

 

Т.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

          прокурор С.Оюунжаргал,

          ялтан Т.Д-ий өмгөөлөгч Х.Отгончимэг,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Дий өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Дд холбогдох эрүүгийн 2017 2400 0175 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Д, 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, өрлөг бетон, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 3 дүү, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны 30 тоотод оршин суух,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 649 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 539 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 323-Ө дүгээр шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Дий эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 8 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Дий эдлээгүй үлдсэн 3 сар 6 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, /РД: /;

Т.Д нь 2017 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Сансар-32 худалдааны төвийн баруун талын замд “Тоёота Приус” загварын 45-86 УНГ улсын дугаартай, бүрэн бүтэн бус буюу зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсгийн “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Б-г мөргөж амь насыг нь хохироож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Т.Д-ий үйлдлийг 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос -д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон нийцүүлэн өөрчилж, Т.Д-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Акума” авто засварын төвийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг флашыг хэрэгт хавсаргаж, Т.Д-ий №970576 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэрчмаа нь Т.Д-өөс хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Д-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Т.Д-ий өмгөөлөгч Х.Отгончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг тэнсэн харгалзах үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авах ялаар солиулахыг хүсэх тухай.

Ялтан Т.Д нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Сансар-32 худалдааны төвийн баруун талын замд “Тоёота Приус” загварын 45-86 УНГ улсын дугаартай, стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч А.Б-г мөргөж амь насыг нь хохироосон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилээр хасуулж, 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэгдсэн.

Т.Д нь тухайн осол гарах үед зам хөндлөн 2 хүн гүйснийг нэгийг дарж гарган дахин нөгөөг нь гаргахаар зүүн гар тийш нь дарж тормозоо гишгэсэн боловч талийгаач А.Б нь автомашины зүүн урд хэсэгт мөргөгдөн зам дээр унаж газар дээрээ нас барсан байна. Жолооч Т.Д нь автомашинаас бууж очин талийгаачийг тэврэн авч хохирогчид анхны тусламж үзүүлсэн боловч түргэний тэрэг ирэх үед талийгаач жолоочийн өвөр дээр амьсгал хураасан байдаг.

Т.Д нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, ээж Лхагвасүрэүнгийн хамт хохирогчийн ээж, ах, эгч, дүү нараас удаа дараа очиж, уучлалт гуйж, мөн оршуулгын зардалд нэхэмжилсэн 3.714.644 төгрөгийг бүрэн төлж барагдуулснаас гадна өөрийн боломжоор 1.300.000 төгрөг нэмж нийт 5.018.000 төгрөгийн оршуулгын зардал төлсөн.

Т.Д-ий хувьд ээж, 3 дүү, эхнэр, охины хамт амьдардаг бөгөөд багийн амьжиргааны доод түвшинтэй өрхийн бүртгэлд хамрагддаг байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэрчмаа нь сэтгэл санааны хохирол гэж 20.000.000 төгрөг төлөхийг шаардсан боловч үнэхээр амьдралын боломжгүй байдлаасаа болоод төлж чадаагүй боловч анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 4.500.000 төгрөг төлсөн.

Т.Д нь анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хүндэдсэн гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүйг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарна биз.

Авто ослын гэмт хэрэг нь шууд хүсэж үйлдэгдсэн санаатай гэмт хэрэг биш, саандгүй, болгоомжгүй байдлаас болж үйлдэгддэг гэмт хэрэг юм. Мөн ялтны хувьд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлсөн ба цаашид хохирогчийн зүгээс нэхэмжлэх хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ ч хохирогчийн ар гэрийнхэнд хэлсэн байдаг юм.

Т.Д-ий хувьд цэл залуу өсөж хөгжих насандаа дөнгөж амьдрал зохиож шинэ аав болох үедээ болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, мөн өөрийн буруугаас болж эрдэнэт хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж гэмшиж байгаа болно.

Ялын бодлого нь заавал хорьж яллахдаа биш ялтныг нийгэмшиж гэм буруугаа ойлгож, улс нийгэмдээ зөв хүн болгож төлөвшүүлэх зорилготой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Мөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан байна. Иймд Т.Д-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэн харгалзаж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч өгнө үү...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж, хянан харгалзахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 560 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах нь хэсэгт: “шүүгдэгч Т.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсугай” гэсэн байх боловч тогтоосон хугацаанаас хойно буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан хийж, шийтгэх тогтоол гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна.”, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т “хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Т.Д--д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул тус шүүх хуралдаанаар ялтан Т.Д-ий өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,Т.Д-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл ялтан Т.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Ялтан Т.Д нь хохиролд 4.500.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сэрчмаагийн “Хаан банк”-ны 5030202416 тоот дансанд шилжүүлсэн гэх 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган хүргүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ