Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 0031

 

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 158/ШШ2017/0031

Булган аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Ч.Г нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт холбогдох

Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий 158/2017/0008/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Г нь Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/51 тоот өмчлөх эрхийг олгосон захирамжийн дагуу Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Толгодын 4 дүгээр гудамж 26 тоот 1041 м2 газрыг хууль ёсны дагуу өмчлөн авсан билээ. Гэтэл Булган аймгийн Засаг дарга дур мэдэн дээд шатны байгууллага доод шатны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй гэж үзэн өмчлөх эрхийг олгосон захирамжийг хүчингүй болгосон нь Газар өмчлүүлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илтэд хууль бус акт болсон гэж үзэж байна. Сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгох эрхгүй. Түүнчлэн өмчлөх эрхийг миний бие хууль бусаар авсан тухай эрүүгийн шинжтэй гэмт хэрэгт шалгагдаагүй. Гэтэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон гэж өмчлөгч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Миний бие Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Толгодын 4 дүгээр гудамж 26 тоот 1041 м2 газрыг буюу хуучнаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48б-6 тоот газрыг өмчилж авсан билээ. Миний Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Толгодын 4 дүгээр гудамж 26 тоот газрын хууль ёсны өмчлөгч тул Булган аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/48 тоот захирамж илтэд хууль бус болохыг тогтоолгож, уг актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд Булган аймгийн Засаг даргын А/48 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч аймгийн Засаг дарга уг захирамжаа өөрчилснийг захиргааны хэргийн материалтай танилцаж байхдаа мэдсэн тул аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжлэх ажиллагаа хийгдсэн байдаг. Их залуу багийн 48б-5,6 тоот нь хилийн цэсээр Булган аймгийн Орхон суманд харьяалагдах газар. Иргэн Ч.Г  Орхон аймгийн Цагдаагийн газраас дээрх битүүмжлэгдсэн гэх 48б-6 тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлсэн гэсэн гомдлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. З.Эрдэнэжаргал нь анх 48б-5 тоот газрыг өмчилж авахаар эрх бүхий байгууллагад хандсан байдаг. Харин Ч.Гөмчилж авсан газар нь 48б-6 тоотод байрладаг ба энэ газрыг хэн нэгэнд өмчлөх, шилжүүлэх асуудлыг хориглосон талаар эрх бүхий албан тушаалтнаас албан бичиг Орхон суманд очоогүй. Аймгийн Засаг дарга иргэн Ч.Г өмчлөх эрхэд халдаж, Орхон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг хийгээгүй. Хэрвээ Ч.Г д энэ тухай мэдэгдсэн бол тухайн өмчилж авсан газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг тогтоосон Орхон аймгийн Прокурорын газрын тогтоолыг өгөх байсан. Мөн Ч.Г аас тайлбар аваагүй, түүний саналыг сонсоогүй нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Аймгийн Засаг дарга иргэнд газар өмчлүүлэх эрх олгосон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл бол газар эзэмших, ашиглахтай холбогдож үүссэн маргааныг шийдвэрлэх, үүнтэй холбоотой шийдвэрийг хүчингүй болгох болон өөрчлөх эрхийг олгосон байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар иргэний өмчилж авсан газрыг хураан авах, өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх зөвхөн шүүхэд байхаар заасан байгаа. Аймгийн Засаг дарга газар өмчлөгчийн буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй мөртлөө түүнд газар өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа нь газар өмчлөгчийн эрхэд шууд халдсан гэж үзэж байгаа. Иймд аймгийн Засаг даргын захирамж хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Хариуцагч Булган аймгийн Засаг дарга З.Батзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд Ч.Г гаргасан нэхэмжлэлийг хянан үзэхэд Орхон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосноор түүний газар өмчлөх эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр З.Эрдэнэжаргал нь 6500000 төгрөгийг Ц.Цэрмаад олгохоор шийдвэрлэгдсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас З.Эрдэнэжаргалын амьдарч байсан хашаа, байшинг битүүмжилсэн байна. Орхон сумын Засаг дарга, ЗДТГазрын дарга, газрын даамал нар нь энэхүү битүүмжилсэн хашаа байшин, газрыг иргэн Ч.Г д олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлд заасан хуулийн байгууллагаас дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуусан, бусдад шилжүүлсэн мөн хуулийн 272 дугаар зүйлд заасан албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг аймгийн Прокурорын газраас тогтоосон байна. Ийм учраас хуулийн дагуу Орхон сумын Засаг даргын 2016 оны А/51 тоот захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын А/48 болон А/63 тоот захирамж гарах болсон үндэслэл нь тухайн газрыг хууль зөрчиж бусдад олгосон эрх бүхий албан тушаалтнуудыг буруутай гэж үзсэн Булган аймгийн Прокурорын газрын 5/09 тоот тогтоол юм. Энэхүү тогтоолд Орхон сумын Засаг дарга болон газрын даамал, тамгын газрын дарга нарыг албан тушаалаа буруугаар ашиглаж битүүмжлэгдсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй боловч хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Нэгэнт тухайн битүүмжлэгдсэн газрыг бусдад шилжүүлсэн үйлдэл нь тогтоогдсон гэж үзээд аймгийн Засаг даргаас бүрэн эрхийнхээ хүрээнд А/48 тоот захирамжийг гаргаж, Орхон сумын Засаг даргын А/51 тоот өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон. Дараа нь А/51 тоот захирамжаас Ч.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зөв гэж үзээд А/48 тоот захирамжиндаа өөрчлөлт оруулж А/63 тоот захирамжийг гаргасан. Улсын Ерөнхий Прокурорын газраас нэхэмжлэгчид ирүүлсэн гомдлын хариу нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Булган аймгийн Прокурорын газрын 5/09 тоот тогтоол нь хуулийн дагуу үндэслэлтэй гарсан гэсэн байдаг.

Сонсгох ажиллагааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан иргэний гомдлыг шийдвэрлэсэн тул Ч.Гд сонсгох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн. Аймгийн Засаг даргаас иргэн Ц.Цэрмаагийн гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Орхон сумын ЗДТГазарт хүргүүлсэн албан бичигт 48б-5 тоотод байрлах хашаа, байшин гэж тодорхой бичсэн байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т доод шатны Засаг даргын шийдвэр хууль зөрчсөн бол хүчингүй болгох эрхийг аймгийн Засаг даргад олгосны дагуу Орхон сумын Засаг даргын А/51 тоот захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс битүүмжлэл хийсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдол гаргаагүй, битүүмжлэл хийгдэх үед өөрөө байлцсан байдаг. Захирамж гарах болсон бодит нөхцөл байдал нь иргэн Ч.Г д газар өмчлөх эрх олгосон захирамжийг гаргасан албан тушаалтнуудыг буруутай гэж үзсэн прокурорын хүчин төгөлдөр тогтоол байгаа. Нэгэнт тэдгээр хүмүүсийг албан тушаалаа урвуулан битүүмжлэгдсэн газрыг бусдад өмчлүүлэхээр шилжүүлсэн нь тогтоогдсон байсан тул сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г аас Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/48 тоот захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Булган аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн байна.[1]

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болон хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Г нь Орхон сумын 2 дугаар багийн нутаг Толгодын 4-26 тоотод байрлах 1041 м2 газрыг өмчилж авахаар Орхон сумын Засаг даргад хүсэлт гаргаж, Орхон сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/51 тоот Газар өмчлүүлэх тухай захирамжаар түүний хүссэн 1041 м2 газрыг өмчлөх эрхийг олгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0409000272 дугаарт бүртгэн гэрчилгээг олгосон байна.[2] Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газар дээр байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн 000408594 дугаарын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр авчээ.[3]

Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/48 тоот[4] захирамжаар иргэн Ч.Гд газар өмчлөх эрх олгосон Орхон сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/51 тоот захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжаар өмнө гаргасан А/48 тоот захирамжид өөрчлөлт оруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.[5]

Нэхэмжлэгчээс Булган аймгийн Засаг дарга өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь Газар өмчлүүлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, сонсгох ажиллагаа хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Хариуцагчаас доод шатны албан тушаалтны хууль бус үйлдлийг эрх бүхий байгууллагаас шалган тогтоож, тэднийг буруутай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг нотолсон баримтад үндэслэн сумын Засаг даргын хууль бусаар гаргасан шийдвэрийг эрхийнхээ дагуу хүчингүй болгосон гэж маргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын А/63 тоот захирамж гарах болсон гол үндэслэл нь аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5/09 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол байсан гэх ба уг тогтоолд Орхон сумын Засаг дарга О.Оюун, ЗДТГазрын дарга П.Цолмон болон газрын даамал Д.Нямаа нарыг хуулийн байгууллагаас дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл тогтоогдсон гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.[6]

Орхон сумын Засаг даргын А/51 тоот захирамжаар иргэн Ч.Гд өмчлүүлэхээр олгосон газар нь 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр Баг байгуулах тухай Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багаас Их залуу баг руу шилжиж, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Яргуйт багийг байгуулах үед Их залуу багийн 48 дугаар гудамж нь Орхон аймгийн хилийн цэснээс гадна байрлаж байсан тул Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт харьяалагджээ.[7] Ингээд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолоор дээрх Их залуу багийн 48б-6 тоот газар нь Толгодын 4-26 гэсэн хаягжилттай болсон байна.[8]

2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Их залуу багийн 48б-5,6 тоот хоёр айлын газар, мансардтай амины сууцыг төлбөр төлөгч З.Эрдэнэжаргалын төлбөрт битүүмжлэн хурааж авсан тухай акт[9] үйлдсэн байх ба ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Наранбаяраас 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/738 тоот албан бичгийг Булган аймгийн Орхон сумын газрын албанд хүргүүлжээ.[10] Уг албан бичигт Их залуу багийн 48б-5 тоот газрыг хэн нэгэнд өмчлүүлэх буюу эзэмшүүлэхгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн байх ба Булган аймгийн Орхон сумын ЗДТГазрын дарга П.Цолмон 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03/202 тоот албан бичгээр дээрх Их залуу багийн 48б-5 тоот газрыг хэн нэгэн иргэнд өмчлүүлэх буюу эзэмшүүлэхгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх хариуг өгсөн байна.[11]Үүнээс харахад Орхон сумын Засаг даргын шийдвэрээр иргэн Ч.Гд олгосон гэх /Их залуу багийн 48б-6 тоот/ газрыг битүүмжилсэн болон дансалсан талаар Орхон сумын удирдлага, газрын даамал нарт мэдэгдээгүй нь уг газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны битүүмжлэлээс чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн албан бичигт дурдсан Их залуу багийн 48б-5 тоот 818,6 м2 газар нь одоог болтол хэн нэгний өмчлөл, эзэмшилд шилжээгүй, уг газар нь З.Эрдэнэжаргалын нэр дээр байх боловч эзэмшиж, өмчилж аваагүй ба иргэн Ч.Гөмчлөлд авсан Толгодын 4-26 тоот газартай давхцаагүй нь сумын Засаг дарга О.Оюуны эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэргийн материалд өгсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн тоотыг зөрчиж З.Эрдэнэжаргалд газар олгосон асуудал байхгүй. Би 48б-06 гэсэн хаяган дээр Ч.Г гэх хүнд газар өмчлөх эрх олгох захирамж гаргасан гэх тайлбар, сумын Засаг даргын орлогч Ж.Энхтуяагийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02/113 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.[12]

Дээрх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад аймгийн Засаг даргаас сумын Засаг даргын газар өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгохдоо уг захирамжид заагдсан газар, эрх бүхий байгууллагаас битүүмжлэгдсэн газартай давхцсан эсэх, битүүмжлэгдсэн гэх Их залуу багийн 48б-5 тоот газрыг бусдад шилжүүлсэн эсэх талаар нарийн судлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан Нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу иргэний гомдлыг ханган шийдвэрлэж байгаа учир сонсгох ажиллагаа хийх шаардлагагүй гэж маргаж байгаа ба иргэн Ц.Цэрмаагийн гомдлоор сумын Засаг даргын А/51 тоот захирамжийг хүчингүй болгож, иргэний гомдлыг хангаж шийдвэрлэжээ. Гэвч Орхон сумын Засаг даргын захирамж нь өөр иргэнд эрх олгосон захирамж байх ба А/51 тоот захирамжаар өмчлөх эрх авсан иргэн Ч.Гхууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгааг анхаарч үзээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэснийг зөрчиж, өмчлөх эрх нь хөндөгдөж байгаа иргэн Ч.Гд мэдэгдээгүйн улмаас түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах эрхийг хаасан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар аймгийн Засаг дарга сумын Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгох эрхтэй боловч хүчингүй болгох гэж байгаа шийдвэр ямар харилцааг зохицуулсан хэнд ямар эрх олгосон талаар дүгнэлт хийгээгүй нь мөн хуулийн 29 дугаар зүйлийн 29.2-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэнд газар өмчлүүлэх эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, иргэний газар өмчлөх эрхэд халдах нөхцөл байдал тогтоогдвол анх газар өмчлүүлэх шийдвэр гаргасан этгээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр хуульд тусгайлан заажээ. Харин аймгийн Засаг даргын маргаан бүхий захиргааны акт гаргахад баримталсан Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл нь газар эзэмшигч, ашиглагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэртэй холбоотой зохицуулалт гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Булган аймгийн Засаг дарга захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 26 дугаар зүйлүүдийг зөрчиж, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус баримтлан Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамж-ийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг дарга /З.Батзориг/-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Гд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 -т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ


[1] Хавтаст хэргийн 1, 31 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 5,6,7 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 8 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 27 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 60,61 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 115, 116, 118, 120 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 124, 125 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 76-78 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 98 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 100 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 123 дугаар тал