Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 159/2019/0017/з |
Дугаар | 221/МА2021/0052 |
Огноо | 2021-01-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2021/0052
Д.О нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгч Д.О, Ш.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Т.Э, гуравдагч этгээд М.Ж, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.О нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 19 дүгээр зүйлийн 19.1.10, 52 дугаар зүйлийн 52.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай 71 дүгээр тогтоолын хавсралтын дөрөвдүгээр хүснэгтийн 4, 5 дахь хэсэг, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/12 дугаар захирамжийг тус тус Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал М.Ж шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байна. Тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх явцад нийт 3 удаа шинжээчийн дүгнэлтүүд гарсан бөгөөд энэ дүгнэлтүүдэд заахдаа: тус талбай нь тариалангийн ангилалд хамаарч байна гэдгийг тодруулан заасан юм. Аливаа зүйлийг тодруулахын тулд мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулдаг гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр маргаантай зүйлийг тодруулан заасаар байхад шүүх тус талбайг дээр дурьдсанаар тариалангийн газрын атаршсан газар гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй, бэлчээр, атар, тариалангийн газрын аль нь болохыг тогтоогоогүй гэж шийдвэртээ зааж бичиж байгаа нь буруу гэж үзэж байна. Шинжээчийн 2020 оны 09-р сарын 23-ны өдрийн 2020/01 дугаартай дүгнэлтэд: Шаамар сумын Дэлгэрхаан 1-р багийн иргэдийн малаа бэлчээдэг гэх “49 дүгээр точик”, “Бааюу” гэх газар нь “С” ХХК-д эзэмшүүлсэн 4307010599, 4307010600 нэгж талбарын дугаар бүхий газруудтай давхцаагүй байна, “С” ХХК-д эзэмшүүлсэн 4307010599 дугаартай нэгж талбар нь газрын нэгдмэл сангийн ангиллаараа 37,6 га талбай нь бэлчээрийн газарт, 183,4 га талбай нь тариалан, 4307010600 дугаартай нэгж талбар нь газрын нэгдмэл сангийн ангиллаараа 21,71 га талбай нь бэлчээр, 57,32 га талбай нь тариалангийн ангилалд тус тус хамаарч байна гэж маш тодорхой заасан билээ. Гэтэл шүүх эдгээр ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж дүгнэх ёстой байтал зөв үнэлж дүгнээгүй юм. Шүүх шийдвэртээ бичихдээ шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн болох нь тогтоогдсон байна гэж илт буруу дүгнэж бичиж байгаа нь огт үндэслэлгүй юм. Шинжээч дүгнэлтэндээ бэлчээрийн газартай давхцаагүй байна гэж дүгнэсэн шүү дээ. Улсын Дээд шүүх тогтоолдоо заахдаа тариалангийн зориулалтаар олгогдсон уг газар нь нэхэмжлэгч нарын малаа бэлчээдэг гэх “бэлчээрийн газар”-тай давхцсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж заасан билээ. Шинжээчийн дүгнэлтээр давхцаагүй байна гэж дүгнэлт гарсан юм. Тариалангийн талбайн хэмжээ, бэлчээрийн газрын хэмжээг тус тусад нь тодорхойлон дүгнэсэн байхад шүүх эдгээр нотлох баримтуудад үндэслэж шийдвэрээ гаргах ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл шүүх тухайн актуудыг хууль ёсны болохыг нотлуулах, үүнийг шүүхээс тогтоох нь ихээхэн хэмжээний ажиллагаа шаардах бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж эрх зүйн актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ёстой байсныг хэрэгжүүлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж энэ гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож манай гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн болохыг тогтоохдоо зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн. Гэвч дээрхи заалтуудын дагуу тэдний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар дүгнэлт огт хийгээгүй. Нэхэмжлэгч нар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 71 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон Сэлэнгэ аймаг, Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хуралд нийт 122 иргэн оролцож, олонхийн саналаар эмийн ургамал тариалах 300 га газрыг эзэмшүүлэх асуудлыг тогтоол гарган шийдвэрлэсэн үйл баримт тогтоол, тэмдэглэл, фото зургийн хамт хавтаст хэрэгт цугларсан байна. Нэхэмжлэгч нар нь энэ хуралд оролцсон болохыг хариуцагч болон гуравдагч этгээд нар нотлох баримт гарган тайлбарлаж мэтгэлцсээр байтал шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд тодруулаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01/484 дугаар албан бичгээр ирүүлсэн “Шинжээчийн дүгнэлт”-д Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэдийн малаа бэлчээдэг гэх “49 дүгээр точик”, “Бааюу” гэх газар нь “С” ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын дугаар бүхий газруудтай давхцаагүй гэсэн байдаг. Нэхэмжлэгч нар хэдий хэмжээний /ойролцоогоор/ бэлчээрийн газарт мал нь бэлчиж байвал тэдний эрх ашиг хөндөгдөхгүй байх талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй байтал анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.О, Ш.О, Д.А, П.Э, С.Д нараас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай” 71 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн нэгж байгууллагад төмс, хүнсний ногоо, таримал мод, ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ”-г тогтоосон 4 дүгээр хүснэгтийн 4, 5 дахь хэсгийг, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/12 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай” 71 дүгээр тогтоолын хавсралт 4 дүгээр хүснэгтийн 4, 5 дахь хэсгээр тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Үржихийн энгэрийн баруун урд хэсэгт 100 га, Дулаан зөрлөгийн зүүн урд дэнжид 200 га газарт тус тус “Эмийн ургамал тариалах” зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээг тогтоосон байх ба Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Дэлгэрхаан 1-р багийн нутаг дэвсгэр, Үржихийн энгэрийн урд байрлах 221 га, 49-р км зүүн урд энгэрт байрлах 79 га газрыг тус тус “хагалахгүйгээр бусад аргыг ашиглаж эмийн ургамал тарих” зориулалтаар “С” ХХК-д 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгч нэр бүхий 5 иргэн дээрх захиргааны актуудыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...манай нутгийн ихэнх газар нь тариалангийн зориулалттай байдаг ба малчин өрхийн амьдралын эх үүсвэр болсон бэлчээрийн газрыг эмийн ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлсэн нь бидний эрхийг зөрчиж байна” гэж маргасан.
Анхан шатны шүүх маргаан бүхий актуудыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв боловч ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлийн зарим хэсэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1, 2, 3 дугаар багийг тариалангийн бүс нутгаар тогтоосон байх ба энэхүү тариалангийн бүс нутагт газар эзэмшүүлэхдээ Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн газрыг газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээ (цаашид “гэрээ” гэх)-ний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулна” гэж зааснаар газрын нэгдмэл санд тариалангийн газраар бүртгэгдсэн байхыг шаардана.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “С” ХХК-д эзэмшүүлсэн Шаамар сумын 1 дүгээр баг, Үржихийн энгэрийн урд нэгж талбарын 4307010599 дугаартай, 49-р км зүүн урд нэгж талбарын 4307010600 дугаартай газрууд нь газрын нэгдмэл сангийн ангиллын зурган мэдээлэлтэй давхцуулахад усалгаатай тариалангийн ангилалд хамаарч байгаа нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/2953 дугаар албан бичиг, хавсралтаар ирүүлсэн зурган мэдээллүүд, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээч Д.А-ын дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн “тариалангийн атаршсан газар” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Ийнхүү баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “маргаан бүхий газар нь газрын нэгдмэл сангийн ангилал болон аймгийн газрын мэдээллийн санд ямар зориулалтаар бүртгэгдсэн нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, “газрын байршил хэмжээ тогтоохдоо тухайн газар нь бэлчээр, атар, тариалангийн газрын аль нь болохыг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан, газрын талаар Засгийн газрын холбогдох шийдвэр гарсан эсэх, шийдвэр гаргуулах шаардлагатай эсэхийг нягтлан шалгаагүй” гэж хариуцагч нарыг буруутгасан нь нотлох баримтыг буруу үнэлсэнд тооцогдоно.
Харин “С” ХХК-д тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын 4307010599 дугаартай газрын 37,6 га талбай нь бэлчээрийн газарт, нэгж талбарын 4307010600 дугаартай газрын 21,71 га талбай нь бэлчээрийн газарт хамаарч байгаа нь Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээч Д.А-ын дүгнэлтээр, 244 га газар үр тариа, 56 га талбай нь бэлчээрийн ангилалд хамаарч байгаа нь Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/669 дүгээр албан бичиг, хавсарган ирүүлсэн Шаамар сумын нэгдмэл сангийн зургаар нотлогдож байх тул маргаан бүхий актуудыг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, бэлчээрийн газартай давхцуулсан энэ тохиолдолд Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн газрыг эзэмшүүлэх заалтыг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар “бэлчээр” гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг ойлгох бөгөөд хуулийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: 6.2.1 “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэж зааснаар бэлчээрийн газрыг нийтээр ашиглах эрхтэй.
Нэхэмжлэгч нэр бүхий иргэд Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багт оршин суудаг, мал бүхий иргэд болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба тэдний малаа бэлчээдэг “Бааюу”, “49 дүгээр точик” гэх газар нь маргаан бүхий газартай давхцаагүй, тодорхой зайд байрлаж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ч бэлчээрийн талбайд хамаарах газрыг тариалангийн зориулалтаар олгосон нь тэр орчимд малаа бэлчээдэг иргэдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2 “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 20.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”: 20.2.1 “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж тус тус зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өөрийн сум орон нутгийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас гарсан шийдвэрийг сумын Засаг дарга хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.
Гэтэл Шаамар сумын Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай” 71 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллахдаа уг тогтоолд тусгаснаас зөрүүтэй хэмжээгээр газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “газар төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчимд нийцээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан бөгөөд газрын хэмжээ зөрүүтэй, бэлчээрийн газартай тархавар байдлаар давхацалтай байгаа энэ тохиолдолд “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзэх нь зөв, газрын хэмжээ зөрүүтэй байгаа алдааг залруулан, давхцлыг арилган дахин шинэ захиргааны акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлэх шийдэл үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д баримталсан хуулийн заалтыг: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.2.1, 20 дугаар зүйлийн 20.1.2, 54 дүгээр зүйлийн 54.4, Тариалангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4, 15 дугаар зүйлийн 15.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ Д.Оюумаа
ШҮҮГЧ О.НОМУУЛИН