Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00534

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/01008 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Л-д холбогдох,

Гэм хорын хохирол 8 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Л-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Булган Эрдэнэ багийн авто зам дээр Кантер маркийн 41-24 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Л- нь Д.Г- миний жолоодож явсан Хюндай сонота маркийн 53-65 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас орж, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, миний авто машиныг гэмтээж, хохирол учруулсан юм. С.Л- буруутай гэдгийг замын шинжээчийн 106 дугаартай дүгнэлтээр бүрэн тогтоосон.

Хюндай соната маркийн 53-65 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Г- би 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 8 200 000 төгрөгөөр Монголд дөнгөж орж ирсэн, 2011 оны автомашин худалдаж авсан байсан юм.

Бид энэ автомашинаараа Хот хоорондын тээвэрт явах зорилгоор авсан ба үнэлгээний газар нь эвдрэлийг тооцсон үнэлгээ ч бодитой тогтоогдсонгүй. Одоо сэлбэг авч, засвар хийлгэх гэхээр үнэлсэн 2 сая төгрөг хаанаа ч хүрэхгүй байна. Кузов солих шаардлагатай гэсэн. Энэ эвдрэлийн үнэлгээнд огт орохгүй байгаа. 2011 оны автомашины кузов өнөөдрийн байдлаар Эрдэнэт, Улаанбаатарын зах дээр байхгүй байна.

Иймд худалдаж аваад 6 хонож байсан ямар ч эвдрэл гэмтэлгүй машинаа бүрэн бүтнээр гаргуулан авах хүсэлтэй байх тул Автомашин худалдаж авсан 8 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ослын дүгнэлтээр гаргасан 2 036 000 төгрөгийг Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр Гантөмөр бид 2 тохиролцон гарын үсэг зуралцсан болно. Хууль зүйн үндэслэлгүй тул Лхамрагчаа би барагдуулж чадахгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/01008 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Л-гаас гэм хорын хохирол 2 036 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 164 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146 150 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 47 526 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/01008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгожээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлтээр уг машинд нийт 2 036 000 төгрөгийн хохирол учирсан, эвдэрсэн эд ангийг солих, засах боломжтой гэж дүгнэсэн байгаа. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мөн уг машин нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

Би шинжээчийн дүгнэлтээр гарсан төлбөрийг төлнө, харин надаас бүтэн машины мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ямар эд анги эвдэрсэн, гэмтсэн дээр маргаагүй, шинжээчийн дүгнэлтээр эд ангиудыг засах болон солих боломжтой гэж гарсан, замын цагдаагийн газрын зөрчлийн материалд осол болсон газар, зураглал, машины зураг, хэмжилт зэргийг бүгдийг хийсэн, энэ тухай баримт хэрэгт хавсаргасан заавал тэр машиныг үзэх, үзлэг хийх шаардлагагүй гэж би үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч С.Л-гаас авто ослын улмаас учирсан эд хөрөнгийн гэм хорын хохирол 8 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч тал өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн автомашин авто ослын улмаас дахин ашиглагдах боломжгүй, рам нь гулзайсан учир автомашины үнэ 8 200 000 төгрөг шаардсан бол хариуцагч тал шинжээчийн дүгнэлтээр автомашины эвдрэлийг 2 036 000 төгрөгөөр тогтоосон гэж маргажээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгч талын автомашинд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүх тодорхой үндэслэл заалгүй шаардлагагүй гэж үзэн хангахаас татгалзжээ. Давж заалдах шатны шүүх ийнхүү татгалзсан явдлыг буруутган шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7., 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах,  шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг байна. Мөн хуулийн 67 дугаар зүйлийн  67.1.3.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй боловч хүсэлтийг хангасан эсхүл хангахаас татгалзсан тохиолдол бүрт үндэслэл, шалтгааныг тодорхой заах учиртай. Ямар нэг үндэслэл заалгүйгээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан явдлыг үндэслэлгүй татгалзсан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2018/00093 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН