Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Д.Гантөмөрийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Лхамрагчаад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/01008 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Д.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Лхамрагчаад холбогдох,

            “Гэм хорын хохирол 8.200.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төмөрчулууны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төмөрчулуун, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Булган Эрдэнэ багийн авто зам дээр Кантер маркийн 41-24 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Лхамрагчаа нь Д.Гантөмөр миний жолоодож явсан Хюндай сонота маркийн 53-65 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас орж, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, миний авто машиныг гэмтээж, хохирол учруулсан юм. С.Лхамрагчаа буруутай гэдгийг замын шинжээчийн 106 дугаартай дүгнэлтээр бүрэн тогтоосон. Хюндай соната маркийн 53-65 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Гантөмөр би 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 8.200.000 төгрөгөөр Монголд дөнгөж орж ирсэн, 2011 оны автомашин худалдаж авсан байсан юм.

Бид энэ автомашинаараа хот хоорондын тээвэрт явах зорилгоор авсан ба үнэлгээний газар нь эвдрэлийг тооцсон үнэлгээ ч бодитой тогтоогдсонгүй. Одоо сэлбэг авч, засвар хийлгэх гэхээр үнэлсэн 2 сая төгрөг хаанаа ч хүрэхгүй байна. Кузов солих шаардлагатай гэсэн. Энэ эвдрэлийн үнэлгээнд огт орохгүй байгаа. 2011 оны автомашины кузов өнөөдрийн байдлаар Эрдэнэт, Улаанбаатарын зах дээр байхгүй байна.

Иймд худалдаж аваад 6-хан хонож байсан ямар ч эвдрэл гэмтэлгүй машинаа бүрэн бүтнээр гаргуулан авах хүсэлтэй байх тул Автомашин худалдаж авсан 8.200.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч С.Лхамрагчаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Гантөмөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ослын дүгнэлтээр гаргасан 2.036.000 төгрөгийг Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр Гантөмөр бид 2 тохиролцон гарын үсэг зуралцсан болно. Хууль зүйн үндэслэлгүй тул С.Лхамрагчаа би барагдуулж чадахгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/01008 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Лхамрагчаагаас гэм хорын хохирол 2.036.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гантөмөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.164.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146.150 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 47.526 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гантөмөрт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төмөрчулуун давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ “машин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн болох нь тогтоогдоогүй, энэ талаарх шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй” гэж дүгнэсэн. МУ-ын Иргэний хуулийн 510-р зүйлд “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/ адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах/ зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Нэхэмжлэгч уг автомашиныг 2017 оны 06 сарын 22-ны өдөр худалдаж авсан, техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, насжилтын хувьд МУ-ын автотээврийн болон, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан насжилтаас хэтрээгүй байсна тул өөрийн амьдралаа өөд татах зорилгоор такси үйлчигээнд явахын тулд зээл аван худалдаж авчээ. Зам тээврийн осол болсоноос хойш 4 сарын хугацаа өнгөрөхөд хариуцагчийн талаас нэхэмжлэгчтэй огт уулзаагүй, хохирол барагдуулах талаар ямар ч алхам хийгээгүй өдийг хүрч нэхэмжлэгч өнөөг хүртэл хохирсоор явна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа одоог хүртэл дэмжсээр байгаа, гэм хорын хохирол одоог хүртэл төлөгдөөгүй байх тул Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/01088 дугаартай шийдвэртэй хэргийг бүх талаас нь нарийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Гантөмөр нь хариуцагч С.Лхамрагчаад холбогдуулан автомашинд учирсан хохирол 8.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Лхамрагчаагаас гэм хорын хохирол 2.036.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гантөмөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.164.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Д.Гантөмөр нь автомашины үнэ 8.2 сая төгргө гаргуулах хүсэлтэй байсан боловч 2017 оны 07 дугаар сарын 01 ний өдрийн Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр автомашинд 2.036.000 төргрөгийн хохирол учирсан гэжээ.

Энэхүү үнэлгээг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд шүүх хуралдаан дээр автомашины рам гулзайснаас хэрэглэх боломжгүй болсон талаар тайлбарлажээ.

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төмөрчулуун автомашинд үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүхийн тогтоолын Үндэслэх хэсэгт “маргаан бүхий 53-65 ОРО улсын дугаартай соната-6 автомашинд үзлэг хийх шаардлагагүй гэжээ.

Шүүхийн тогтоолд яагаад үзлэг хийх шаардлагагүй талаар дүгнэлт хийгээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Гантөмөрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.600 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/01008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Гантөмөрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                             Б.БАТТӨР