Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2017/ДШМ/53

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                               

        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Болор,

            Хохирогч: Б.Г,

            Хохирогчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүгдэгч: Б.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дашдорж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шүүхийн тогтоолтой, шүүгдэгч Б.Бд холбогдох, эрүүгийн 201710010020 дугаартай, 2 хавтас, 288 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагч Н.Амаржаргалын гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сүлд баг 25 дугаар байрны 25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чонос овогт Б.Б /РД: ЙЭ82082851/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Норжай” караокены гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт явсан Б.Гтай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасны улмаас бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шүүхийн тогтоолоор:

Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 201710010020 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 3 ширхэг, саарал өнгийн ханцуй дээрээ хар 3 судалтай, хоолой болон бүсэлхийгээрээ хар оруулгатай adidass гэсэн бичигтэй цамц 1 ширхэг, бор саарал өнгийн урдуураа цахилгаантай цамц 1 ширхэгийг хэргийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газарт хүргүүлж,

Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Улсын яллагч Н.Амаржаргал  давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоох зорилгоор хохирогч Гг сэжигтнээр татаж шалгасан боловч сэжигтэн Ггийн мэдүүлэг /хх-33-34/, гэрч Золзаяагийн мэдүүлэг /хх-38-39/, шүүгдэгч Бямбаахүүгийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд хохирогч Г, шүүгдэгч Бямбаахүү нарын өгсөн мэдүүлгээр тогтоогддоггүй. Нөгөө талаар шүүгдэгч Бямбаахүү нь хэний үйлдлээс болж өөртөө гэмтэл учирсан талаар эх сурвалжийг хэлж мэддэггүй. Тиймээс хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэж үзээд Бямбаахүүгийн биед учирсан хөнгөн гэмтлийг нотлох баримтгүйгээр хэн нэгнийг буруутгаж болохгүй юм. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ХААН банкны камерийн бичлэгийг шинжлэн судлахад хохирогч Г нь дүрс бичлэгт Бямбаахүү ах намайг цохиод унагааж байгаа нь харагдаж байна. Би хүнийг гүтгэхгүй, үнэнээ хэлж байна гэж мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан хохирогч Г, гэрч Золзаяа, Ууганбаатар, Уранбилэг, Түмэнбаяр нарын мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүхийн тогтоолын 2-3-т заасан үзлэг туршилт, таньж олуулах ажиллагааг хийх болон камерын бичлэгтэй харьцуулах, шинжилгээ хийх ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна.

Хавтаст хэргийн 5-р хуудсанд авагдсан Норжай ХХК-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...гадна болон дотор талын камерын бичлэгийг шалгах зорилгоор уг компанийн хүнсний дэлгүүрт байрлах төв серверийн бичлэгийг сэргээн үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 48 минутын хоорондох бичлэг хадгалагдсан байсан ба 2016.12.18-ны өдрийн 18 цаг 49 минутаас хойшхи 2016.12.29-ний өдрийн бичлэг хадгалагдаагүй байна гэж тодорхой бичигдсэн байхад камерын бичлэг тухайн үед ажиллаж байсан эсэхийг тодруул гэсэн нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди бичлэгт байгаа хүмүүсийг хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын хэн нь ч танихгүй бөгөөд ямар нэг эх сурвалж байхгүй учраас мөрдөн байцаалтын шатанд тогтоох боломжгүй бөгөөд дээрх камерын бичлэгт байгаа хүмүүсийг олж тогтоох зорилгоор гэрч Буджаргал, С.Энхжаргал, Т.Мөнхжаргал нарыг асуух ажиллагааг хийсэн.

Хэрэгт гэрч Галсандоной, С.Энхжаргал,Т.Мөнхжаргал нарыг дахин байцаах шаардлагагүй. Учир нь дээрх гэрч нарын өгсөн мэдүүлэг нь зөрүүгүй бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдэхэд харсан гэрч нар биш бөгөөд хэргийн бусад нөхцөл байдлыг тодруулахаар мэдүүлэг өгсөн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд эргэлзээтэй байна гэж үзвэл дээрх гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, тэдний мэдүүлгийг сонсож тодруулах бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ажиллагааг явуулах эрхтэй бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Б нь согтуугаар хохирогч Гтай маргалдаж улмаар түүний биед хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Ггийн “..Тэгээд нэг мэдсэн Норжай караокений гадаа гарчихсан Бямбаахүүтэй юунаас ч болсон юм мэдэхгүй хоорондоо маргалдаад Бямбаахүү миний нүүр лүү гараар цохьтол арагшаа замын бордюр дээр толгойгоор савж унаад ухаан алдах шиг болсон, үүнээс хойш юу болсон талаар санахгүй байж байгаад маргааш орой нь гэртээ хамаг бие, толгой өвдөөд сэрсэн... гэх /хх-ийн 21-24 р хуудас/,  гэрч Золзаяагийн”...Нэг мэдсэн Норжай караокед бид гурав орчихсон дуулаад сууж байсан бөгөөд миний хувьд архи ууснаасаа болоод ядраад унтчихсан байсан, тэгээд нэг сэрээд гадаа гартал эргэн тойронд хэн ч байхгүй, Норжай караокений үүдэнд Г дээгүүрээ нүцгэн ухаангүй байдалтай газар хэвтэж байсан ба Бямбаахүү хажууд нь куртикийг нь нөмөргөөд сууж байсан. Тухайн үед Бямбаахүү “Г үхчихлээ ш дээ” гэж надад хэлсэн, ...Маргааш өглөө нь Бямбаахүү намайг “толгой өвдөөд байна, нэг шил архитай гэрт хүрээд ир гэж утсаар дуудахаар нь нэг шил архитай гэрт нь очсон. Тэгсэн урьд өдрийн болсон зүйлийн талаар надаас асуугаад “чамд ер нь санаж байгаа юм байна уу, би өөрөө юу ч санахгүй байна” гэхээр нь “би харин юу болсон талаар мэдэхгүй байна, нэг мэдсэн караокед унтаад сэртэл та хоёр караокены гадаа нэг нь ухаангүй, нэг нь хажууд сууж байсан” гэж хэлсэн, өөр зүйлийн талаар яриагүй тэгээд өнгөрсөн. Үүнээс хойш 4 хоногийн дараа Бямбаахүүтэй утсаар ярихад “би Хаан банкны гадна талын камерыг цагдаагийн хамт шүүлгэж үзэхэд Норжай караокены үүдэнд Гг би цохиж унагааж байгаа юм уу, түлхэж унагааж байгаа юм уу, ямар ч гэсэн газар унагааж буй бичлэг байна” гэж хэлсэн. ... Надад үзүүлсэн бичлэгт Бямбаахүү нь Гг 2 удаа цохиод газар унагааж буй үйл явдал гарч байна гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,  гэрч Г.Ууганбаатарын "...Норжай караокены ойр орчим биечилсэн сурвалжлага хийж ажиллахад ямар нэг сэжиг бүхий зүйл илрээгүй бөгөөд Хаан банкны гадна талын хяналтын камерын бичлэгийг үзэхэд Г нь нэг хүнтэй муудалцаад цохиулж буй бичлэг хадгалагдсан байсан. Тэгээд Бямбаахүүд бичлэгийг үзүүлээд бичлэг дээр гарч байгаа хүмүүсийн талаар асуухад Гг цохисон хүн нь би байна, караокеноос гарч ирэхэд нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, ямар ч гэсэн хоорондоо нэг маргалдаж байсан” гэж хэлснээс өөр зүйл яриагүй ээ. ...Мөн бичлэг дээрээ байгаа хүнийг чи мөн байна шдээ гэж хэлэхэд “харин тийм байна, би нэлээн согтуу байсан, юм санахгүй байна” гээд хэлсэн үгээ давтаад байсан. Тухайн үед Жаялаа гэх залуутай уулзсан бөгөөд “манай гэр Норжай караокены хажууд байдаг нь үнэн, гэхдээ зодоон цохион болсон үгүйг хараагүй, намайг андуурсан байх” гэж хэлсэн тул хэрэгт ач холбогдогүй гэж үзсэн. Мөн дээрхи камерын бичлэгийг Бямбаахүүд үзүүлэхэд өөрийгөө таньсан учир Г, Бямбаахүү хоёр хоорондоо маргалдаад зодолдсон болох нь тогтоогдсон гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас /,

Хавтаст хэргийн 07-р хуудсанд авагдсан ХААН банкны камерын бичлэгт цайвар өнгийн цамцтай залуу цагаан өнгийн футболктой залууг цохиод газар унагааж буй дүрс бичлэг /хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар з-гийн цамцтай тохирч байгаа болно/,

Гэрч Г.Түмэнбаярын ”...Сахиур хийж байхдаа Гг ухаан орохоор нь өөрөөс нь юу болсон талаар асуухад “Бямбаахүү ах намайг цохисон” гэж хэлснээс өөр зүйлийн талаар яриагүй. Хүүхэд хагалгаанаас гарсаны дараа Бямбаахүү надтай утсаар яриад камер шүүгээд би цохисон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх-ийн 47-48- р хуудас/,

Гэрч Э.Уранбилэгийн ”...Эмнэлэг дээр байхад Бямбаахүү ах Гд нэлээн санаа зовсон шинжтэй “юу болсноо мэдэхгүй байна” гэж хэлээд сууж байсан ба Ггийн хөлд сөгдөж суучихаад нэг юм яриад байсан. ... Бямбаахүү ах байсхийгээд өрөөнд орж ирээд “Г зүгээр үү” гээд санаа зовоод байсан, тухайн үед би энэ хүн яагаад ингэтлээ санаа зовоод байгаа юм болдоо гээд бодож байсан. Хагалгаанд орсныхоо дараа Бямбаахүү ахад караокены гадаа цохиулсан гэж байснаас өөр зүйл хэлээгүй, ...Хаан банкны гадаах камерыг шүүж үзэхэд Г, Бямбаахүү ахтай муудалцаад Бямбаахүү ах Г цохиод унагааж байгаа дүрс бичлэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаартай дүгнэлтээр Ггийн биед гавал тархины битүү гэмтэл, гавал ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу халсан дээрх цусан хураа, гэмтэл тогтоогдсон ба амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Бямбаахүүгийн гэм буруутай нь нотлогдсон. /хх-ийн 53-р хуудас /

Нөгөө талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэж заасан байхад шүүх шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа нэг талыг барьж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүй мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үзэж мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байх тул  37 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлийг дэмжиж байгаа. Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 5 үндэслэлээр хэргийн буцаасан. Б.Бгийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоох, шаардлагатай гэж үзсэн. Бямбаахүү тухайн үед согтуу байсан учраас хэн намайг цохисныг мэдэхгүй байна гэж мэдүүлдэг. Мөн Ггийн мэдүүлэгт Бямбаахүү намайг цохисны улмаас болж миний биед гэмтэл учирсан. Бямбаахүүгийн биед гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна гэж мэдүүлдэг. Тухайн хэрэг үйлдэгдэх болсон үйл явдлыг тодруулах, таньж олуулах ажиллагаа нь хуулийн дагуу хийгдсэн. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ХААН банкны камерын бичлэгийг шинжлэн судлахад хохирогч Г нь дүрс бичлэгт Бямбаахүү ах намайг цохиод унагааж байгаа нь харагдаж байна. Би хүнийг гүтгэхгүй, үнэнээ хэлж байна гэж мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан хохирогч Г, гэрч Золзаяа, Ууганбаатар, Уранбилэг, Түмэнбаяр нарын мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүхийн тогтоолын 2-3-т заасан үзлэг туршилт, таньж олуулах ажиллагааг хийх болон камерын бичлэгтэй харьцуулах, шинжилгээ хийх ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна.

Норжай ХХК-ийн 2016.12.24-25-ны өдрийн камерын бичлэг хадгалагдаагүй байсан. Тиймээс үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн. Гэрч Галсандоной, С.Энхжаргал, Т.Мөнхжаргал нарын мэдүүлгийн зөрүүг арилга гэж буцаасан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах боломжтой. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд эргэлзээтэй байна гэж үзвэл дээрх гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, тэдний мэдүүлгийг сонсож тодруулах бүрэн боломжтой байсан. Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Ггийн Бямбаахүү миний нүүр лүү гараар цохитол арагшаа замын бордюр дээр толгойгоор савж унаад ухаан алдах шиг болсон, үүнээс хойш юу болсон талаар санахгүй байж байгаад маргааш орой нь гэртээ хамаг бие, толгой өвдөөд сэрсэн гэх /хх21-24/, мөн гэрч Золзаяагийн мэдүүлэг, хохирогчийн ээжид Бямбаахүү би хохирогчид гэмтэл учруулсан гэж хэлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэв. .

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн материалтай танилцаад хэргийн бүрдэл дутуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /хуучин хуулийн/ 80-д заасан ажиллагаанууд дутуу байгаа учраас анхан шатны шүүх хуралдаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай оролцсон бөгөөд шүүхэд хэрэг гарах өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө өмсөж явсан саарал өнгийн, хоёр ханцуйгаараа хар өнгийн зураастай, саарал өнгийн, хүзүү болон бүсэлхийгээрээ хар өнгийн оруулгатай цамцыг мөн 2017 оны 03 сарын 27-ны өдрийн туршилтын ажиллагаа хийх үед өмсөж явсан цамц зэргийг эд мөрийн баримтаар тооцуулах хүсэлт гаргаж шүүхээс уг хүсэлтийг хангасан байдаг.

Уг гэмт хэрэг 2017 оны 12 дугаар сарын 24-25 нд шилжих шөнө гарсан бөгөөд хохирогчийн зүгээс биедээ хүнд гэмтэл авч холбогдогч биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан харамсалтай үйл явдал болсон байдаг. Хавтаст хэрэгт өгсөн хохирогч, гэрч, сэжигтэн яллагдагч нар нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болтлоо хэрэглэсэн, болсон үйл явдлыг дүрслэн санаж чадахгүй байгаа болох нь мэдүүлгүүдээр нь хангалттай нотлогддог.

Хавтаст хэрэгт авагдсан CD буюу эд мөрийн баримтаар тухайн үеийн бодит болсон үйл явдлын бичлэг ХААН банкны бичлэгт бичиж үлдсэн нь хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан бөгөөд уг бичлэгт болж байгаа үйл баримт хохирогч гэрч нарын мэдүүлгүүдээс өөр байгаа нь тухайн үед дээрх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, болж байгаа үйл явдлаа санахгүй байгаа болох нь хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог. Уг бичлэгт хэд хэдэн хүмүүс байсан, хэд хэдэн хүнийг хамарсан болох нь тодорхой бичигдсэн байна. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт Бямбаахүү намайг цохисон гэж мэдүүлж түүнийг нь улсын яллагч хохирогч заасан учраас Бямбаахүү цохисон гэж ялласан нь хэт нэг талыг барьсан хэргийн бодит нөхцлийг үгүйсгэсэн хэлбэр болсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /хуучин хуулийн/ 83 дугаар зүйлийн 83.2 “Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэж хуульчлан заасан байх бөгөөд хохирогчийн зааж байгаа мэдүүлэг эд мөрийн баримтаар авагдсан баримт зэргээс ноцтой зөрүүтэй байгаа нь хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байсан.

Тухайн эд мөрийн баримтан дээр саарал өнгийн цамцтай хүн хохирогчийг удаа дараа цохих бөгөөд эргэн тойрон маш олон хүмүүс байсан болох нь тодорхой харагддаг гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөн байцаагч хэргийг хянаж байгаа прокурор тухайн хүмүүсийг олж тогтоох зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулаагүй бөгөөд хэт таамаглалд үндэслэн хэргийг шүүх рүү шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэцүүлгээс тодорхой харагддаг. Тухайн цаг үед шүүгдэгч Бямбаахүү нь ханцуйгаараа хар өнгийн, хүзүү болон бүсэлхий хэсгээрээ хар өнгийн оруулгатай саарал өнгийн цамцтай явсан болох нь эд мөрийн баримтаар авагдсан хохирогчийг аваад эмнэлэгрүү явж байгаа бичлэг болон эмнэлэг дээрх эмчийн бичлэгээс тодорхой харагддаг ч хохирогчийг цохиж байгаа цамц нь хар өнгийн судал оруулга байгаа эсэх талаар эд мөрийн баримтанд нарийн үзлэг хийгээгүй мөн тухайн баримтанд бичигдсэн хүн бүрийн нэг бүрийн үйлдлийг мөрдөн байцаагч тэмдэглэл үйлдээгүй нь шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримт судлах үед уг бичлэгийн үйл явдлыг судлаж буй оролцогч нар өөр өөрийнхөөрөө тайлбарлах үндэслэл болж байсан. Хэрэв мөрдөн байцаагч болон прокурор хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн эд мөрийн баримтанд авагдсан үйл явдалд анхаарч хуулийн хүрээнд тэмдэглэл үйлдэж бэхжүүлж мэргэжлийн шинжээч томилж тухайн бичлэг дээрх хүний өмсөж буй хувцас биеийн ерөнхий онцлог шинж зэргийг нарийвлан шинжлүүлж мөн 3 СD-нд бичигдсэн Бямбаахүүгийн дүрсийг хооронд нь харьцуулан шинжлүүлэх шаардлагатай байсан. Хавтаст хэрэгт 2017 оны 03 сарын 27-ны өдөр туршилт явуулсан боловч тухайн үед сэжигтнээр татагдсан Бямбаахүү нь ямар цамц өмсөж явснаа санахгүй байсны улмаас өөр цамц өмсөж очсон бөгөөд хавтаст хэрэгтэй танилцах үед саарал өнгийн хар оруулгатай цамц өмсөж явснаа мэдсэн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Тийм ч учраас улсын яллагч дээрх туршилт хийсэн баримтыг нотлох баримтаас хасуулахаар саналыг шүүхэд гаргасан болох нь шүүх хурлын тэмдэглэлээр нотлогдоно.

2017 оны 12 сарын 24-25 хооронд тухайн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь байгууллага хамт олон шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж байсан үеүд байсан байх боловч тухайн цаг үед ямар байгууллага хамт олноороо шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэсэн эсэх тухайн камерт бичигдсэн 10 гаруй хүмүүс ямар хүн болох талаар олж тогтоож гэрчээр мэдүүлэг авах ямар ч санал санаачлага гаргаагүй болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум бол тодорхой тооны албан газруудтай тодорхой тооны шөнийн цагаар ажиллаж байгаа үйлчилгээний газруудтай бөгөөд энэ талаар ажиллагаа явуулах нь тийм хэцүү зүйл биш байсан.

Улсын яллагч эсэргүүцэлдээ тодорхой нэр бүхий хохирогч гэрчүүдийн мэдүүлгийг түүж бичсэн боловч эд мөрийн баримтанд тусгагдсан хэргийн бодит байдалтай хохирогч гэрч нарын мэдүүлэг хэрхэн зөрж байгаа талаар бичээгүй, уг гэрчүүд хэргийн болсон үйл явдлыг хараагүй харин өөрийнхөө таамаглалд үндэслэн мэдүүлсэн гэрчүүд болохыг анхаарч үзээгүй мөн 2017 оны 06 сарын 23 өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 37 дугаартай шүүхийн тогтоолын уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан 5 үндэслэлийг няцааж чадаагүй болох нь 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 05/08 дугаартай эсэргүүцлээс тодорхой харагдаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан гол нотлох баримт болох СD бичлэг дээрх болж байгаа үйл баримтаас харахад хохирогч холбогдогч хоёр өөр хоорондоо зодолдсон биш харин хоёулаа бусдад зодуулсан байх магадлал өндөр байгаа нь харагдаж байгаа учраас анхан шатны шүүхээс уг үйл баримтыг тодорхой болгох зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж уг гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотлох баримтаар нотлох ажиллагааг хийлгүүлэхээр мөрдөн байцаалтанд буцаасан гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгодог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн,...олж тогтоон шудрагаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино", 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалган хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуупьд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно’’ гэж хуульчлан заасан байхад дээрх эрх үүргээ хэрэгжүүлээгүй нь гэмт хэрэг үйлдээгүй хүн гэмт хэрэгтэн болох нөхцөл байдал бүрдээд байна. Эд мөрийн баримтаар авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Бямбаахүүг мөн гэдгийг хөдөлбөргүй нотолсон баримт хэрэгт л байхгүй бөгөөд гагцхүү саарал цамцтай гэдгээр буруутгаж шүүхрүү оруулж ирсэн нь дээрх хуулийн эргэлзээгүй гэх хуулийн заалтыг зөрчсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих ажиллагаануудыг хийх талаар хуульчлан заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан баримтуудаар дээрх ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй учраас хэргийг эцэслэн шийдвэрлэх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан байгаа тул 2017.06.23-ны өдрийн 37 дугаартай шүүхийн огтоолыг хэвээр үлдээж хэрэгт холбогдсон Бямбаахүүг тухайн үед өмсөж явсан эд мөрийн баримтаар тогтоогдсон цамцыг өмсүүлэн туршилтын ажиллагаа зэргийг хуулийн хүрээнд хийж уг хэргийг үнэн шударгаар шийдвэрлэж уг гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ эзнийг олж тогтоох боломж нөхцлийг хуулийн хүрээнд хангаж яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Бямбаахүүд цохиулж байгаагаа маш сайн санаж байгаа. Караокед цохиулж байгаагаа ч, гарч ирээд цохиулж байгаагаа ч бас санаж байгаа. Туршилтын ажиллагаа хийхэд Бямбаахүү бор цамцтай ирсэн. Та саарал цамцтай байсан шүү дээ гэхэд манай эхнэр намайг бор цамцтай гарсан гэж хэлсэн. Би энэ талаар байцаалт авч байгаа байцаагчид нь хүртэл хэлж байсан. Байцаагч Бямбаахүүгээс чамд канттай цамц байгаа юу гэхэд байхгүй гэж хэлж байсан. Би өөрөө Бямбаахүүд цохиулж байгаагаа мэдээд байхад дахин дахин шүүх хуралдаанд ороод байгааг гайхаад байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Улсын яллагч 5 үндэслэлээр эсэргүүцэл гаргасан. Үүнээс шалгачихъя гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч, хохирогч нар бодитойгоор мэдүүлсэн. Энэ хүмүүс чинь амьд сэрүүн байна. Бямбаахүүгийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар яриад байгаа. Бямбаахүү энэ хөнгөн гэмтлийг хэн цохисныг мэдэхгүй байна. Үүнийг дахин шалгах шаардлага байхгүй. Тухайн гэмт хэрэг болсон талаар туршилт хийж, таньж олуулах ажиллагааг хийсэн байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад CD-ийг тавиад энэ хэн бэ гэдэг зүйлийг ярьдаг, тэгэхэд энэ Бямбаахүү байна гэж заасан тул тодорхой болж, нотолдог. Норжай ХХК-ийн камерт бичигдэж байгаа хүмүүсийг таньж олуулна гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан. 2016.12.26-ны өдөр болсон хэргийг өнөөдөр олно гэж байх уу. Цамцны хувьд эмнэлэг дээр очиход нь эмч бичлэг хийсэн байдаг. Бямбаахүү тухайн үед ямар хувцастай байсан нь эмчийн утсаараа хийсэн бичлэгээр нотлогдоно. Үүнийг дахин шалгаад байх шаардлагагүй. Гэрчүүдийг шүүх хуралдаан дээр дахин байцааж болно. Эсэргүүцлийг дэмжиж байгаа гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Камерын бичлэг дээр цамцны кантнууд маш тод харагдаж байгаа. Тухайн үед би өөрийгөө мөн байна гэж харсан. Дараа нь би тухайн үед болсон газар дээр явж үзээд Хаан банкны камерын бичлэгээс харахад цамцны кант маш тод харагдаж байгаа. Энэ талаар дахин хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 201710010020 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт  буцаасан анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт нийцжээ.

Тодруулбал шүүгдэгч Б.Бг 2016 оны 12 даар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Норжай” караокены гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт явсан Б.Гтай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасны улмаас бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002/ тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт нотолбол зохих байдал бүрэн гүйцэд тогтоогдоогүй байна.

Энэ нь: 1. Хохирогч Б.Гн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд улсын яллагч яллах дүгнэлтдээ ХААН банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэсэн байх боловч үзлэгийн тэмдэглэлд “...нийт 10 хүн Норжай караокений /7 эрэгтэй, 3 эмэгтэй/ гадаа байснаас цайвар өнгийн цамцтай залуу, цагаан өнгийн футболктой залууг цохиод унагааж буй дүрс бичлэг хадгалагдсан” гэж тусгасан атлаа уг этгээдүүд хэн болохыг шалгаж тогтоогоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй,

2. Шүүгдэгч Б.Бгийн  тухайн хэрэг болох үед өмсөж явсан цамц нь гэрч С.Долгорын гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байхад уг хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх буюу  туршилт хийх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн хийгээгүй,

3. Дээрх ХААН банкны хяналтын камерын бичлэг, гэрч С.Долгорын гар утасны камерын бичлэг зэргийг туршилтаар илэрсэн нөхцөл байдалтай харьцуулан шинжлэх, эдгээр бичлэгт тусгай мэргэжлийн талаас шинжилгээ хийлгээгүй,

4. Мөн хэргийн талаар буюу ХААН банкны хяналтын камерын бичлэгийг нийт 4 гэрчид буюу гэрч Г.Буджаргал, Э.Золзаяа, Э.Галсандоной, Ж.Болормаа нарт үзүүлж, бичлэгт тусгагдсан үйл баримтын талаар мэдүүлэг авсан боловч эдгээр гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, хохирогчид хэн гэмтэл учруулсаныг гэрчлээгүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.6 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нотлоогүй гэж үзэв.

Иймд улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        Н.БАТЧИМЭГ