Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00533

 

Ч.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 507 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ч.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ц-д холбогдох,

29 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Д.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Ч.А-, Д.Ц- нар 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр харилцан тохиролцож Ч.А- нь 30 000 000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэйгээр Д.Ц-д зээлдүүлэхээр болсон. Ингээд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат дээр зээлийн гэрээ, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 3 хэсэгт орших 42м2 хувийн орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд тавихаар тохиролцож барьцааны гэрээг тус тус хийж баталгаажуулан Ч.А- нь Д.Ц-д 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэрээнд тохирсон 1 сарын хугацаа өнгөрөхөд зээлдэгч Д.Ц- нь зээлийн гэрээний хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 2 сараар сунгахыг хүсэж эхний 2 сарын зээлийн хүү 4 800 000 төгрөг өгөх ёстойгоос 4 000 000 төгрөг өгсөн. Д.Ц- нь өнөөдрийг хүртэл Ч.А-од төлөх ёстой 49 800 000 төгрөгнөөс 29 800 000 төгрөгийг төлж барагдуулалгүй хохироож байна.

Иймд Цэрэндуламаас болон түүний барьцааны хөрөнгөөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 29 800 000 төгрөгийг гаргуулан Ч.А-од олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Зээл авснаа бол хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 01 дүгээр сарын 24-нд иргэн Ариунболдоос 30 000 000 төгрөгийг зээлж Гантулгад шилжүүлсэн. Яагаад би шилжүүлсэн бэ гэхээр гэрээ хийх үед миний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байсан. Тэгээд Ариунболд ирээд Үл хөдлөх хөрөнгийн нэр дээр чинь гэрээ хийгээд Гантулгад шилжүүлье гээд Ариунболд, Гантулга бид 3 хамт байж байгаад гэрээн дээр нотариатын мөнгийг Гантулга төлөөд бид зээлийн гэрээ байгуулсан. Би энэ мөнгийг авангуутаа Гантулга руу шилжүүлсэн. Энэ гэрээ 1 сарын хугацаатай гэрээ. Нэг сарын хугацаанд Гантулгын хүү мөнгөө төлөх байх энэ хоёр бие биенээ таньдаг юм чинь гэж бодсон гэтэл 2 сарын хугацаа өнгөрөхөд мөнгөө төлөөгүй гээд Ариунболд анх удаа утсаар ярьсан. Тэгээд би сандраад 4 800 000 төгрөг өгтөл алданги тооцох ёстой гээд 100 000 төгрөг нэмж өг гэж хэлсэн. Тэгээд би 4 900 000 төгрөгийг Ариунболд руу шилжүүлсэн. Тэгтэл Гантулга би Ариунболдтой учраа олсон. Чи үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваарай. Би зээлэнд L-470 маркийн машинаа өглөө. Одоо ямар ч төлбөр тооцоо байхгүй гэж 2014 оны сүүлчээр хэлсэн. Гэтэл жилийн дараа надад нэхэмжлэл ирсэн.

Ариунболд нь зээлийн төлбөртөө машин авч төлбөрөө дуусгасан гэсэн мөртлөө одоо яагаад дахин надаас мөнгө нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Гантулга болохоор 2005 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд орж ирсэн 60 000 000 төгрөгийн үнэтэй машинаа зээлийн төлбөрт Ариунболдод өгсөн гэж тайлбарлаж байхад 20 000 000 төгрөгөөр үнэлсэн гэдэг ямар ч судалгаагүйгээр хүний хөрөнгийг дур мэдэн үнэлж авчихаад одоо мөнгө нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 507 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-аас 4 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ариунболдод олгож, нэхэмжлэлийн дүнгээс 24 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.6, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэг дэх хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан барьцааны гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс 4 900 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 306 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 900 000 төгрөгөнд ногдох 93 350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Хөрөнгийн үнэлгээний төвөөс хийсэн машины үнэлгээний нэг хуудас баримтыг нотлох баримтаас хасч шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 507 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн: 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Д.Ц-аас үндсэн зээл, хүүнд 7 500 000 төгрөг, алданги 3 750 000 төрөг буюу нийт 11 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.А-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 550 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3-р баг 3-р хэсэгт байрлалтай Y-1317006311 дугаар бүхий улсын бүртгэлтэй 42м2 талбай бүхий хувийн сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 306 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 300 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх “зээлийн гэрээгээр хариуцагч нь 32 400 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Үүнээс 24 900 000 төгрөгийг төлж барагдуулсан байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Ч.А-оос Д.Ц-д 30 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатайгаар, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгахыг хүссэн уг хүсэлтийг хүлээн авсан. Гэрээг сунгасан дээрх хугацааны хүү 4 800 000 төгрөгний 4 800 000 төгрөгийг хариуцагч Цэрэндулам төлсөн. 100 000 төгрөгийг өмнөх сарын хүүнээс төлсөн. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тооцоход нийт 182 хоног болдог. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг нь 37 200 000 төгрөг байснаас хариуцагч Цэрэндулам нь 4 900 000 төгрөгийг төлсөн. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл болон хүүнд 32 300 000 төгрөг, алдангид 16 150.000 төгрөг, нийт 48 450 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Нийт тооцогдох алданги 29 393 000 төгрөг.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 32 300 000 төгрөг, үүний 50 хувь нь 16 150 000 төгрөг юм. Үүнээс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Ц-ын найз гэх Гантулгаас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд зээлийн үндсэн мөнгө, хүү, алдангийг төлөөгүй тохиолдолд Лексус маркийн Хонгорын нэр дээрх автомашиныг 20 000 000 төгрөгөөр тооцон суутгуулахыг зөвшөөрсөн. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул машиныг 20 000 000 төгрөгт тооцож суутгаж авсан. Иймээс хариуцагч нь 28 450 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг буруу тодорхойлсон. Мөн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх үүргээ гүйцэтгээгүй хугацаанд гэрээнд заасны дагуу алданги тооцох эрхгүй мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд харилцан тохиролцож 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 6 дахь заалтад “ззэлдэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги” тооцохоор тохиролцсон.

Нөгөөтэйгүүр зээлийн гэрээ нь нэхэмжлэгч Ч.А-од хариуцагч Д.Ц-аас үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, хожим хэлэлцэж тохиролцож сунгасан хугацааны хүү 4 800 000 төгрөгийг үндсэн зээл болон хүүнд шаардах эрхийг бий болгосон байдаг. Харин хариуцагчийн зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу 182 хоног нь алдангид 16 150 000 төгрөгийг шаардах эрхийг бий болгосон. Үүний дараагаар лексус 470 маркийн автомашиныг 20 000 000 төгрөгт тооцон шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид нэгэнт үндсэн төлбөрт 32 300 000 төгрөг, алдангид 16 150 000 төгрөг шаардах эрх бий болсноос хойш 20 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэж буй шиг үндсэн үүргээс дээрх 20 000 000 төгрөгийн төлөлтийг хасаж тооцсон ч 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 32 300 000 төгрөг байсан тул 16 150 000 төгрөгийг шаардах эрхтэй. Хожим нь үндсэн үүрэг багассан гэж үзэж алдангийн хэмжээг багасгах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн 46 тоот магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын дагуу би Гантулгыг гэрчээр дуудуулан иргэний хэргийн шүүхийн танхимд өөрөөр нь нотолгоо болгуулж машинаа яах гэж өгсөн талаар яриулсан. Энэ талаар Сэлэнгэ аймгийн шүүхийн удаа дараагийн шийдвэрт дурдагдахгүй байгаа нь алдаатай байна. Тэр мэдүүлэгтээ “миний машин бол тухайн үеийн ханшаар 40-50 сая төгрөгний үнэтэй мөнгө зээлүүлсэн хүмүүс намайг дарамталж машиндаа суулгаж байгаад энэ 20 сая гэдгийн бичүүлээд нэг нь бичлэг хийсэн” гэж хэлсэн. Хүний үнэтэй эд хөрөнгийг дарамт шахалтад оруулж бага үнээр үнэлүүлж бичлэг, бичиг хийлгэж авчихаад хавтаст хэрэгт оруулж түүнийг нь шүүх зөвшөөрч байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нөгөө талаар үнэхээр хүний үнэтэй эд зүйлийг барьцаанд хугацаатай авсан бол ямар ч хуулийн этгээд иргэн тухайн эд хөрөнгийн эзэнд заавал мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ үүрэг хариуцлагыг зөрчиж хэдэн төгрөгөөр хэнд хаана худалдсан нь тодорхойгүй алга болгосон байгаа нь учир дутагдалтай байна. Мөн мөнгө зээлдүүлэгч Ариунболд мэдүүлэгтээ “22 саяаар борлуулсан” гэснийг хэрэгсэхгүй болгосон нь бүр ч учир дутагдалтай байна. Машиныг авч борлуулсан хүн 22 сая гээд байхад яагаад үүнийг авч хэлэлцэхгүй байгаа юм гэсэн асуудал гарч ирсэн. Мөн машиныг хаашаа хэнд хэдэн төгрөгөөр зарсан нь ойлгомжгүй байхад иргэн хүн миний бие хөрөнгийн үнэлгээний газраар тухайн жилийн судалгааг гаргуулж үнэлгээг хавтаст хэрэгт хавсаргасан. Гэтэл түүнийг иргэний хэргийн шүүх нотлох баримтаас хассаныг би хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь ямар ч тамга тэмдэггүй дарамт үзүүлж бичүүлж авсан СД, гараар бичсэн бичгийг нотолгоо болгож авчихаад судалгаатай тамга тэмдэгтэй хариуцах эзэнтэй хууль ёсны эрх зүйн баримтыг нотлох баримтаас хассан байгаа нь учир дутагдалтай шийдвэр гэж үзсэн.

Удаа дараагийн шүүх хурал дээр нэхэмжлэгч тал машинаа зөв үнэлүүл гэж мэдүүлж байсан боловч нэхэмжлэгч тал лексус-470 машинтай холбоотой ямар ч эрх зүйн баримтгүйгээр байхгүй болгосон энэ нь өөрөөр хэлбэл эд зүйлсээ хулгайд алдсантай ялгаагүй болсон. Үүний үндсэн дээр хууль ёсны эрхтэй үнэлгээний газраар үнэлгээг хийлгэсэн. Энэ баримтыг нотлох баримт болгож авах нь зүйтэй байсан. Мөн нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлээ буруу зөрүүтэй бичсэн хүү болон алданги гэж авсан 4 900 000 төгрөгийг 4 сая төгрөг өгсөн гэж 800 000 алданги тооцсон зэрэг шударга бус үйлдлийг гаргасан гүтгэлгийн шинжтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хэргийн талаар ямар ч судалгаагүй хэн хэнтэй уулзаж хэдэн төгрөг өгсөн, Гантулга Ариунболд 2 хоорондоо удаа дараа хэрхэн уулзаж байсан талаар ямар ч судалгаагүй шүүх хуралд мэдлэггүй орж ирж гүтгэлгийн шинжтэй мэдэн будилсан нэхэмжлэлээсээ буцсан анхны нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулсан зэрэг иргэн миний эрхэнд шударга бус хандсан. Өөрсдийн өгсөн 30 000 000 төгрөг л мөнгө Гантулгын үнэ бүхий авто машин бол үнэгүй мэтээр мэдүүлсэн шударга бус үйлдлийг гаргаж байна.

Иймд Гантулгын өөрийн биеэр ирж өгсөн мэдүүлгийг эргэн харах, Ч.А-ын өгсөн гэрчийн мэдүүлгийг эргэн нягтлах, гэрээнээс гадуур үнийн дүнгийн 61.7 %-ийг   Гантулгаар төлүүлсэн байгаа нь өр шилжсэн гэх үндэслэлтэй. Гэрээний дагуу гар гараа дамжаагүй. Мөн Гантулгыг давхар хариуцагчаар татах хүсэлт тавьсан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Гантулгыг давхар хариуцагчаар татах, шүүх хуралд нотлох баримт болгон өгсөн хууль ёсны эрхтэй үнэлгээний газрын үнэлгээг харгалзан үзэж нотлох баримтаар авах, гэрээг огт сунгах талаар нотлох баримт байхгүй гэрээ сунгагдаж байгаагүй, хэдэн сарын хэдний өдөр машиныг барьцаанд авсан нь тодорхой биш байтал хүү алданги тооцсон. Хүү алданги тооцох ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрт 24 900 000 төгрөгийг төлсөн бөгөөд 7 500 000 төлөгдөөгүй гэж шийдвэрлэсэн нь хавтаст хэргийн нотлох баримтуудаас гаргасан шийдвэр боловч нэхэмжлэгч машин зарсан Ариунболдын өөрийн өгсөн мэдүүлгийг оруулаагүй байна.   Үүнийг оруулахад 26 900 000 болох шаардлагатай байсан. Мөн анз төлөх шаардлагагүй байсан. Учир нь гэрээний дагуу 1 сарын хугацаанд хүүг төлсөн. Машиныг барьцаанд нь авсан. Мөн нэхэмжлэгч тал машиныг хэдэн сарын хэдний өдөр хэн гэдэг иргэн, аж ахуйн нэгжид хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан албан ёсны баримт заавал байх шаардлагатай гэж үзэж байна.

Учир нь иргэн миний үнэлгээний газраар хийлгэсэн баримт нотлох баримтад ордоггүй юм бол нэхэмжлэгч талаас дур мэдэн барьцаанд байгаа эд зүйлийг эзэн буюу мөнгө зээлдүүлсэн хариуцагч этгээдэд мэдэгдэлгүй зарж борлуулсан тул нотлох баримтыг заавал гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иргэн миний дээрх хүсэлтийг хүлээн авч үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 

...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар татгалзах учиртай байсан. Ч.А-, Д.Ц- нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг, уг зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг Д.Ц-д 1 сарын хугацаатай, 8 хувийн хүү төлөхөөр тохиролцож, гэрээний хугацааг сунгахгүй, алданги төлнө гэсэн нөхцлөөр, Д.Ц-ын хувийн орон сууцыг барьцаалан, барьцааны гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед энэ хэргийн гэрч гэх Д.Гантулга байсан бөгөөд зээл 30 000 000 төгрөгийг Д.Ц-ын дансаар дамжуулан Д.Гантулга авсан. Үүнийг Ч.А- мэдэж байсан бөгөөд хоорондоо тохиролцсон үйл баримт нь хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзэж байна.

Мөн үүргийг Ч.Гантулгаар гүйцэтгүүлж өр төлбөр дууссан гэсэн атлаа хариуцагч Д.Ц-д үүргийг гүйцэтгэгдээгүй талаар огт мэдэгдээгүй байж Д.Ц-аас үүргийг зохих хугацаанд гүйцэтгээгүй гэж алданги нэхэж буй нь үндэслэлгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх энэ үйл баримтын талаар тодорхой дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл, нотлох баримт болж байгаа Д.Гантулга нь бичиж өгсөн баримтаас үзэхэд Д.Гантулга, Ч.А- нарын хооронд уг зээлийг хэрхэн төлөх талаар тохиролцсон хэлцэл хийгдсэн байх нөхцөл байдал байна. Түүнчлэн Д.Ц-ын зээл төлөх үүргийг Д.Гантулга өөртөө шилжүүлэн авсан байдал хавтаст хэргээс тодорхой харагддаг бөгөөд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн зохицуулалт, мөн гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлээд байгаа үйл баримтууд энэ хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх эсэхийг ч шүүх дүгнэсэнгүй. Хэрэв хуулийн дээрх заалтаар өр шилжсэн бол хариуцагч буюу зээлдэгчийн үүрэг дуусгавар болсон байх учиртай.

Иймд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар Д.Ц-ын өр шилжсэн гэж үзэж анхан болон давж шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Д.Ц-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч Д.Ц-аас зээлийн гэрээний үүрэгт 28 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 30 000 000 төгрөгийн, 1 сарын хугацаатай, сарын 8 %-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулжээ. Зээлдэгч Д.Ц- нь гэрээний дагуу зээлдүүлэгч Ч.А-од 32 400 000 төгрөг төлөхөөс 4 900 000 төгрөг төлж, иргэн Д.Гантулга зээлийн гэрээний төлбөрт Л-470 маркийн автомашиныг Ч.А-од шилжүүлсэн байна.

Хариуцагч Д.Ц- дээрх төлөлтөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн бол нэхэмжлэгч уг автомашиныг 20 000 000 төгрөгт тооцож авсан гэж тайлбарлажээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Хариуцагч Д.Ц-ын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээг нотлох баримтад үндэслэн зөв тооцсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн 32 400 000 төгрөгийн үүргээс 24 900 000 төгрөг төлөгдсөн гэж үзэж, үлдэгдэл төлбөрийг 7 500 000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Зохигч нь зээлийн гэрээндээ анзын талаар тохиролцсон байх тул шүүх дээрх 7 500 000 төгрөгт 3 750 000 төгрөгийн алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6.-д заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ч.А- барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байх ба давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын үндэслэл бүхий залруулга хийжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг эрх зүйн тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлуудын  агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч тус бүрийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 300 500 төгрөг, хариуцагчаас төлсөн 194 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН