Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 507

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Ч.Ариунболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Цэрэндуламд холбогдох “29.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Д.Цэрэндулам, түүний өмгөөлөгч М.Гансүх,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ч.Ариунболд, Д.Цэрэндулам нар 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн зээлийн гэрээний өдөр харилцан тохиролцож Ч.Ариунболд нь 30.000.000 төгрөгийг 1 сарын 8%-ийн хүүтэйгээр Д.Цэрэндуламд зээлдүүлэхээр болсон. Ингээд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат дээр зээлийн гэрээ , Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 3 хэсэгт орших 42м2 хувийн орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд тавихаар тохиролцож барьцааны гэрээг тус тус хийж баталгаажуулан Ч.Ариунболд нь Д.Цэрэндуламд 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэрээнд тохирсон 1 сарын хугацаа өнгөрөхөд зээлдэгч Д.Цэрэндулам нь зээлийн гэрээний хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 2 сараар сунгахыг хүсэж хний 2 сарын зээлийн хүү 4.800.000 төгрөг өгөх ёстойгоос 4.000.000 төгрөг өгсөн. Д.Цэрэндулам нь өнөөдрийг хүртэл Ч.Ариунболдод төлөх ёстой 49.800.000 төгрөгнөөс 29.800.000 төгрөгийг төлж барагдуулалгүй хохироож байна. Иймд Цэрэндуламаас болон түүний барьцааны хөрөнгөөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 29.800.000 төгрөгийг гаргуулан Ч.Ариунболдод олгож хохиролгүй болгож өгнө үү гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 217 тоотод оршин суух, ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдардаг,  Өмгөөлөгчийн туслах ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Харнууд овогт Уртнасангийн Түвшин, РД:/МУ-95062451/ нь  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2014 оны 01 дүгээр сарын 24-нд 30.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй Цэрэндуламд зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусч 2014 оны 02 дугаар сарын 24-нд зээлийн гэрээний үүргээ шаардсан гэтэл Цэрэндуламын зүгээс өгөх боломжгүй байна “2 сар сунгаж өгнө үү” гээд гэрээгээ сунгасан байдаг. Ингээд 4.800.000 төгрөгийн хүүг Цэрэндулам нэмж төлөхөөр талууд тохирч сунгасан байдаг. Гэтэл 2 сарын дараа үүргээ биелүүлээгүй байдаг. Тиймээс тухайн өдрөөс эхлэн алданги тооцож эхэлсэн. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ний өдөр хүртэл нийт 182 хоногийн алданги тооцогдсон. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг 37.200.000 төгрөг байснаас 4.900.000 төгрөгийг төлсөн. Иймээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 32,300.000 төгрөг байсан үүнээс алданги хоногийн 0,5 хувиар тооцохоор 16 150 000 төгрөг болно. Нийт алданги нь 29.393.000 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож гүйцэтгээгүй үүрэг болох 32.300.000 төгрөгөөс тооцож анз нь  16.150.000 төгрөг болсон ба үүнийг бүрэн төлөгдсөнд тооцож байна.

Хариуцагчийн төлөх дүн нийт 48.450.000 төгрөг болсон. Үүнээс хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Цэрэндуламын найз гэх Гантулга гэдэг хүн 10 дугаар сарын 30-нд хүү алданги төлөөгүй тохиолдолд өөрийн L-470 маркийн авто машиныг 20.000.000 төгрөгөөр тооцож суутгахыг зөвшөөрөөд энэ талаар бичгээр үйлдсэн байдаг. 10 дугаар сарын 30-ний өдөр гэхэд зээл төлөгдөөгүй учир талууд тохиролцооныхоо дагуу 20.000.000 төгрөгөөр тооцож уг машиныг авсан байдаг. Иймээс хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл болох  29 800 000 төгрөгний шаардлагаа 1 350 000 төгрөгөөр багасгаж, 28.450.000 төгрөг үлдсэн байна. Иймд уг мөнгийг хариуцагч Цэрэндуламаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан  гэх,

Хариуцагч; Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг, 21 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Монгол овогт Дагвын Цэрэндулам, РД:/ЙК-78030706/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээл авснаа бол хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 01 дүгээр сарын 24-нд иргэн Ариунболдоос 30.000.000 төгрөгийг зээлж Гантулгад шилжүүлсэн. Яагаад би шилжүүлсэн бэ гэхээр гэрээ хийх үед миний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байсан. Тэгээд Ариунболд ирээд “Үл хөдлөх хөрөнгийн нэр дээр чинь гэрээ хийгээд Гантулгад шилжүүлье” гээд Ариунболд, Гантулга бид 3 хамт байж байгаад гэрээн дээр нотариатын мөнгийн Гантулга төлөөд бид зээлийн гэрээ байгуулсан. Би энэ мөнгийг авангуутаа Гантулга руу шилжүүлсэн. Энэ гэрээ 1 сарын хугацаатай гэрээ. Нэг сарын хугацаанд Гантулгын хүү мөнгөө төлөх байх энэ хоёр бие биенээ таньдаг юм чинь гэж бодсон гэтэл 2 сарын хугацаа өнгөрөхөд мөнгөө төлөөгүй гээд Ариунболд анх удаа утсаар ярьсан. Тэгээд би сандраад 4.800.000 төгрөг өгтөл алданги тооцох ёстой гээд 100,000 төгрөг нэмж өг гэж хэлсэн. Тэгээд би 4.900.000 төгрөгийг Ариунболдруу шилжүүлсэн. Түүнээс хойш Ариунболд надтай нэг ч удаа холбогдоогүй. Тэгтэл Гантулга би “Ариунболдтой учраа олсон. Чи үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваарай. Би зээлэнд L-470 маркийн машинаа өглөө. Одоо ямар ч төлбөр тооцоо байхгүй” гэж 2014 оны сүүлчээр хэлсэн. Гэтэл жилийн дараа надад нэхэмжлэл ирсэн.

Яагаад би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр энэ нэхэмжлэл дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар ч судалгаагүйгээр надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Ямар ч судалгаагүйгээр L-470 машиныг 20.000.000 төгрөгөөр үнэлээд, 2 сарын хүү 800.000 төгрөгийн дутуу 800.000 төгрөгөөс дахиад хүү алданги тооцоод миний өгсөн 4.800.000 төгрөгийг 4.000.000 болгож тооцоод, 4.900.000 төгрөгөөс 100.000 төгрөг нь байхгүй болоод өөрөө ийм эд хөрөнгөтэй холбоотой, хүний амьдарлын  ач холбогдолтой зүйл дээр маш буруу  судлаж, ямар нэгэн судалгаагүйгээр энэ нэхэмжлэлийг гаргасанд харамсаж байна. Яагаад гэхээр энэ хүн эдгээр хүмүүсийн хооронд юу болсон бэ, энэ хүн тухайн хүний бие төлөөлөгч болж байгаа бол хэдэн сарын хүү өгсөн юм, тухайн машин хэдэн төгрөгийн үнэтэй юм, үнэлгээ нь байгаа юм уу, тэр машин нь хаана хэнд зарагдсан юм, хэрэв зарагдсан бол хариуцагч талдаа хэдэн сарын хэдэнд хэн гэдэг хүнд хичнээн төгрөгөөр зарсан, зөвшөөрсөн юм уу гээд энэ олон асуудлууд гарч ирэх байсан. Яагаад би ингэж хэлж байна гэхээр хүн өөрийнхөө эд хөрөнгийг хураалгачихаад тодорхой хугацааны дараа буцаан авах чадваргүй бол аливаа нэгэн хувь хүн ч бай байгууллага ч бай тухайн хариуцагч руу “Таны эд хөрөнгө тэдэн төгрөгийн үнэтэй хураагдсан. Одоо тэдэн төгрөгийн үнэтэй зарлаа. Та энэ эд хөрөнгөө буцааж авах уу авахгүй юу, авахгүй бол зарлаа” гэж хэлдэг. Ийм байдлаар зээлийн гэрээ хийсэн надад мэдэгдэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл Гантулга гэж хүн машинаа 20.000.000 төгрөгөнд үнэлж өгсөн та одоо тэдэн төгрөг өгөх юм байна шүү гэ мэдэгдэх ёстой байтал надад мэдэлгүйгээр зээлийн гэрээнээс гадуур Гантулгатай удаа дараа уулзаж айлган сүрдүүлж замын цагдаагийн газрын хажууд дарамталж 20.000.000 төгрөг гэж бич гэж байж бичүүлж авсан үйлдлүүд зээлийн гэрээ байгуулсан надаас гадуур болсон байсан. Үүнийг би ноцтой хууль бус үйлдэл гэж үзэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Түвшин гэж хүн энэ зүйлийг яагаад судлаагүй вэ. Ариунболд энэ машиныг 22.000.000 төгрөгөөр худалдан борлуулж зээлэндээ авлаа гэсэн байдаг, гэтэл надаас нэхэмжилж байгаа дүн нь 20.000.000 төгрөг дээрээс нь надаас хүүгийн хүү 800.000 төгрөг гэх мэтээр энэ хэргийг огт судлахгүйгээр хоёр талын харилцан тохиролцож бичгээр хийсэн гэрээн дээр маш хийсвэр юм ярьж байгаад харамсаж байна.

Яагаад энэ үнэлгээг зайлшгүй хийлгэх  шаардлага гарсан учир нь Түвшин надруу удаа дараагийн шүүх хурлууд дээр дайрч “Тэр машиндаа үнэлгээ хйилгээд ир” гээд байсан. Тэр машинд үнэлгээ хийлгэх боломжгүй байсан. Энэ хүн тухайн хүний бүхэл бүтэн машиныг аваад задлаад зарсан юм уу, 22.000.000 төгрөгөөр зарсан юм уу үгүй юм уу мэдэхгүй. Гантулга болохоор 2005 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд орж ирсэн 60.000.000 төгрөгийн үнэтэй, Ариунболд 22.000.000 төгрөгөөр үнэлсэн харин Түвшин ямар ч судалгаагүйгээр 20.000.000 төгрөг гээд энэ бүхий дундаас үнэлгээ хийлгэх шаардлага бий болсон. Энэ бол хууль дүрмийн дагуу хийгдсэн үнэлгээ.Би үнэлгээний төв дээр очоод “Ийм маркийн тэдэн онд үйлдьэрлэгдсэн тэдэн онд орж ирсэн машин зах зээл дээр ямар үнэлгээтэй байхыг нотлоод өгөөч” гээд үнэлгээ хийлгэсэн. Нотлох баримтыг ер нь бол би биш нэхэмжлэгч тал гаргаад хэрэгт хавсаргах ёстой байсан гэж үздэг. Учир нь энэ хүн тухайн машиныг бүх бичиг баримттай нь аваад явсан. Хөрөнгө нь байхгүй болсон. Хүний хөрөнгийг хэдэн төгрөгөөр яаж зарсан нь мэдэгдэхгүй дахиад дундаас нь нэхэмжлэл гаргаад ингээд яваад байна. Энэ бол хууль бус залилангийн хэрэг. Яагаад гэвэл нэхэмжлэгч хариуцагчтай огт холбоо бариагүй хэрнээ гацхан зээлийн гэрээ бариад хүний эд хөрөнгийг авчихаад надаас мөнгө нэхээд байна. Хүний эд хөрөнгийг 20.000.000 гэж үнэлээд авчихсан. Тиймээс би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг хэрэгсэхгүй болгож өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл бүхэл бүтэн L-470 гэдэг машин бол өнөөдөр зүгээр нэг 5-6 сая төгрөгийн машин ярьж байгаа зүйл биш. Тэгэхээр энэ үнэлгээг үнэлгээ би гээд хэрэв үнэлгээ гаргах юм бол нэхэмжлэгч Түвшин тухайн машины бодит баримт болгоод хүний эд хөрөнгийг авсан юм бол баримт болгоод нэхэмжлэлээр тэр хүнд өгсөн  юм уу, мөнгө шилжүүлсэн юм уу, тэр хүн машиныг нь аваад энэ хүнд мөнгө шилжүүлсэн юм уу зэргээр нотлох баримт байх хэрэгтэй.Хэдэн төгрөгөөр хэнд өгсөн гээд нотлох баримт огт байхгүй учраас ийм нотлох баримт гаргасан. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэх,

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Ч.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн тус шүүхэд 2015 оны  05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ ... Д.Цэрэндуламаас барьцаат зээлийн гэрээний үүргийн дагуу  төлөх ёстой үндсэн  зээл, хүү, алданги нийт 29.800.000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд Ч.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингээс өгсөн тайлбартаа ... хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл болох  29 800 000 төгрөгний шаардлагаа 1 350 000 төгрөгөөр багасгаж, 28.450.000 төгрөг үлдсэнийг хариуцагч Цэрэндуламын барьцаа хөрөнгөнөөс уг мөнгийг гаргуулахаар шаардлага гаргасны заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж  үзэв. 

Учир нь: Нэг дэх хавтаст хэргийн 4-6 дугаар талд авагдсан бичгийн чанартай нотлох баримт болох зээлийн болон  барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрч Д.Гантулгын өмнөх шүүх хуралдаанд өгсөн / хэргийн 232 дахь тал / мэдүүлэг зэргээс үзэхэд зээлдүүлэгч Ц.Ариунболд зээлдэгч Д.Цэрэндулам нарын  хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1 дэх хэсэгт заасан ... зээлийн / мөнгө / гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээс гадна мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2 дахь хэсэгт зааснаар ... талуудын хооронд хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй,  талууд энэхүү гэрээ байгуулагдсан эсэх, мөн гэрээний зүйл болох мөнгөний хэмжээ зэрэг дээр маргаангүй байна.  

Харин талуудын дээрх тайлбараас үзэхэд ... зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 30 сая  төгрөгийн зээлийг бүрэн төлөгдсөн эсэх дээр  маргаж байна. Өөрөөр хэлбэл: Талуудын хооронд байгуулагдсан  дээрх зээлийн гэрээний  зүйл болох 30 000 000 төгрөгийг гэрээний дагуу  зээлдүүлэгч  Ц.Ариунболд нь зээлдэгч  Д.Цэрэндуламд 2014 оны  01 сарын 24-ний өдрөөс  2014 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэл  1 сарын хугацаатайгаар, сарын 8 хувийн хүүтэйгээр,  Д.Цэрэндуламын өмчлөлийн хувийн сууцыг барьцаалан зээлээр өгөлцөж, авалцсан ба  зээлийн гэрээний  4-д ... зээлдэгч нь тогтоосон хугацаанд 32.400.000 төгрөг /зээл, хүүгийн хамт/-ийг гэрээний  1 дэх  хэсэгт заасан нэг сарын хугацаанд буцааж өгөх үүрэгтэй, гэрээний 5- д зааснаар ... талууд гэрээний хугацааг сунгахгүй байхаар тохиролцож, гэрээний 6-д зааснаар  ... зээлдэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тусгаснаас гадна гэрээний  8-д ... талууд өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гэрээ болон хууль зөрчөөгүй өөртөө туслах ямар ч аргыг сонгох эрхтэй байхаар заасан гэрээний шууд утгыг шүүх Иргэний хуулийн  198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар анхаарч  үзсэн болно.

Хариуцагч  Д.Цэрэндулам, түүний найз гэх гэрч Д.Гантулгын өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, тайлбар болон хавтаст хэргийн 93-94 дүгээр талд авагдсан Д.Гантулгын гар бичмэл баримт  болон CD-нд авагдсан ... машиныг 20 сая төгрөгөөр тооцож суутгуулахыг  хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр Д.Гантулгын өмчлөлийн гэх LEXUS 470  маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр тооцон үндсэн зээл, хүү, алдангиас хасаж тооцохоор тохиролцсон нь нотлогдож байгаа ба уг 20.000.000 төгрөгийг  гаргуулж авснаа хүлээн зөвшөөрсөн тухай  нэхэмжлэгч Ч.Ариунболдын шүүхэд өгсөн /хавтаст хэргийн 46 дугаар тал/ тайлбар зэргээр давхар нотлогдож байна.

Иймд нэг дэх хавтаст хэргийн 17, 218, 219 дүгээр талд авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар хариуцагчаас төлсөн 4.900.000 төгрөг,  нийт 24.900.000 төгрөгийг дээрх нэхэмжлэлээс хасч, хэрэгсэхгүй болгож, үлдэх  /29.800.000-24.900.000=4.900.000/ 4.900.000  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо мөн хэргийн 4, 5 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заагдсан хариуцагчийн үл хөдлөх  хөрөнгийн үнийн дүнгээс  тооцож Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.6 мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар  дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... нэхэмжлэгч талд  зээлийн барьцаанд  60 сая төгрөгийн үнэтэй машин өгсөн, авсан тул зээл бүрэн төлөгдсөн гэж маргаж байгаа боловч  шүүхэд энэ байдлаа нотлоогүйгээс гадна уг машин нь  талуудын хооронд байгуулагдсан  барьцааны гэрээний зүйл биш  бөгөөд  мөн шүүх хуралдаанд  хариуцагчаас гаргаж өгсөн “Хөрөнгийн үнэлгээний төв” –өөс хийсэн машины  үнэлгээний баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 –д заасан журмыг  зөрчсөн албан ёсны шүүхээс томилсон үнэлгээний байгууллага гаргаагүй  тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар ... уг үнэлгээний баримтыг нотлох баримтаас хасах нь зүйтэй.  

Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 4 900 000 төгрөгд ногдох 93350 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар  Д.Цэрэндуламаас  4.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ариунболдод олгож, нэхэмжлэлийн дүнгээс 24.900.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.6, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэг дэх хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан  барьцааны гэрээнд заагдсан  үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс 4.900.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 306.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4.900.000 төгрөгөнд ногдох 93350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгийн үнэлгээний төв” –өөс хийсэн машины  үнэлгээний нэг хуудас баримтыг нотлох баримтаас хассугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг  дурдсугай.
  6. Энэхүү шийдвэрийг хариуцагч тал сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон зохигч энэ  хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

        9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.7 дахь хэсэгт            зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан                     аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      10.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт        зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн            шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү,                  Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд гомдол  гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ЭНХТАЙВАН