Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 17

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                Л.Амарсанаа

                                                                                      Г.Давааренчин

                         Оролцогчид

                                      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин

                                      Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 194 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч, түүний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлоор Д.Цэрэндуламд холбогдох “Үндсэн зээл, зээлийн хүү, алданги 29.800.000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ч.Ариунболд, Д.Цэрэндулам нар 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр харилцан тохиролцож Ч.Ариунболд нь 30.000.000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэйгээр Д.Цэрэндуламд зээлийн гэрээгээр зээлдүүлэхээр болсон. Ингээд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат дээр зээлийн гэрээ, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 3 хэсэгт орших 42м.кв хувийн орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд тавихаар тохиролцож барьцааны гэрээг тус тус хийж баталгаажуулан Ч.Ариунболд нь Д.Цэрэндуламд 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэрээнд тохирсон 1 сарын хугацаа өнгөрөхөд зээлдэгч Д.Цэрэндулам нь зээлийн гэрээний хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 2 сараар сунгахыг хүсэж эхний 2 сарын зээлийн хүү 4.800.000 төгрөг өгөх ёстойгоос 4.000.000 төгрөг өгсөн. Д.Цэрэндулам нь өнөөдрийг хүртэл Ч.Ариунболдод төлөх ёстой 49.800.000 төгрөгнөөс 29.800.000 төгрөгийг төлж барагдуулалгүй хохироож байна. Гэрээг 2 сараар сунгасан боловч зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 30.000.000 төгрөг төлөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. Хүүний төлбөрт л 4.900.000 төгрөг төлсөн. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги тооцогдоод явж байсан. Ингээд үндсэн мөнгө, хүү, алданги нийлээд 49.800.000 төгрөг хуримтлагдсан байсан. Уг мөнгийг төлөх талаар нэхэмжлэгч талаас удаа дараа шаардлага гаргаж байсан. Д.Цэрэндулам манай найзад байгаа машиныг өгье гэсэн агуулга бүхий зүйл хэлдэг байсан. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө төлж барагдуулахгүй бол Ц.Гантулгын машиныг 20.000.000 төгрөгөөр тооцож төлбөрт суутгаж өгнө гэж ярьж байсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ямар нэгэн төлбөрт төлөлт хийгээгүй тул Д.Гантулгын Lexus 470 маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр тооцож зээлэнд суутгаж авсан. Өнөөдрийн байдлаар хариуцагч Д.Цэрэндуламын төлбөл зохих мөнгөн дүн 29.800.000 төгрөг үлдсэн ба үүний 1.350.000 төгрөгөөс татгалзаад 28.450.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 182 хоногийн хугацаанд хариуцагч тал зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас Иргэний хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцож эхэлсэн. Алдангийг Иргэний хуулинд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 16.150.000 төгрөгөөр бодсон ба үүнийг машины үнээр тооцож төлсөн гэж үзэж, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 28.450.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

“...Д.Цэрэндулам миний бие 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Ариунболдоос 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй 30.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Би уг мөнгийг аваад бүгдийг нь Ц.Гантулгад өгсөн. Үүнийг Ц.Ариунболд мэдэж байсан. Миний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан ба мөнгийг Ц.Гантулга авсан. Гэрээг 2 сараар сунгасан гэж яриад байна. Гэрээг хоёр сараар сунгах тухай ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй. Ц.Ариунболд уг 30.000.000 төгрөгийг Ц.Гантулга авсан гэдгийг мэдэж байсан учир надаас нэхдэггүй байсан. Миний бие зээлийн төлбөрт 2 сарын хүү бүтнээр нь төлсөн. Ц.Ариунболд намайг 5 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна гэхээр нь би 100.000 төгрөг нэмээд хүүнд нийт 4.900.000 төгрөг төлсөн. Мөнгөө төлөх талаар надад огт хэлээгүй байж Ц.Гантулгын lexus 470 маркийн автомашиныг барьцаанд авсан байсан. Би 3 сарын дараа Ц.Гантулгатай уулзаад чи өрөө барагдуулсан уу? гэхэд одоо ямар ч төлбөр үлдээгүй. Яагаад гэвэл би өөрийнхөө lexus470 автомашинаа өрөндөө өгсөн. Харин чи Ц.Ариунболдоос үл хөдлөх эд хөрөнгөнийхөө гэрчилгээг аваарай гэж хэлсэн. Ингээд  үүнээс хойш бүтэн жилийн дараа нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасныг би ойлгохгүй байна. Гэрээ Ц.Ариунболд бид хоёрын хооронд хийгдсэн байтал үүргийг өөр хүнээр гүйцэтгүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Ямар ч хүн Lexus 470 машиныг 20.000.000 төгрөгөөр үнэлэхгүй. Тухайн үед lexus 470 маркийн автомашины зах зээлийн дундаж ханш 60.000.000 төгрөг орчим байсан. Нэхэмжлэгч тал зээлийн барьцаанд 60.000.000 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх машин авсан тул өр бүрэн барагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Анхан шатны шүүх Ч.Ариунболдын нэхэмжлэлтэй, Д.Цэрэндуламд холбогдох иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 194 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Цэрэндуламаас 15.600.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ариунболдод олгож, нэхэмжлэлийн дүнгээс 12.850.000 төгрөгийн шаардагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 306.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.600.000 төгрөгөнд ногдох 235.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрх бүхийн этгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...нэхэмжлэгч Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин би Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын       14-ний өдрийн 194 тоот дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүлийн 161.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл болон талуудын хооронд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Ч.Ариунболд болон Д.Цэрэндулам нар нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гуравдагч этгээдийн ятгалга, болон хүч нөлөөнд авталгүйгээр, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Ч.Ариунболд нь 30.000.000 төгрөгийг, 1 сар /2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 24/ хугацаатайгаар сарын 8 хувийн хүүтэйгээр Д.Цэрэндуламд зээлдүүлсэн.

Зээлдэгч Д.Цэрэндулам нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч “...зээлийг бүрэн төлж барагдуулах боломжгүй байна...” гэсэн тул зээлийн гэрээний хугацааг сунгахыг хүссэн хүсэлтийг зээлдэгч Ч.Ариунболдод тавьсан. Уг хүсэлтийг хүлээн авч зээлийн хугацааг 2 сараар сунгасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан байна. Хариуцагч Д.Цэрэндулам нь 2 сарын хүү төлсөн тухайгаа өөрийн тайлбартаа удаа дараа хэлж байсан. /энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэж найдаж байна./

Талуудын зээлийн гэрээний хугацааг сунгасан нөхцөл байдалд ач холбогдол өгөөгүй, хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...анзын нийт дүнг тухайн гүйцэтгээгүй үнийн дүн болох 32.400.000 төгрөгийн 50 хувь болох 32.400.000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцоход 16.200.000 төгрөг болох бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар... хэргийн нөхцөл байдлыг харгалзан уг 16.200.000 төгрөгийн анзыг 50 хувиар багасгаж 8.100.000 төгрөгийн анз төлүүлэхээр тооцож...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ”, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Талууд уг хуулийн заалтын хүрээнд алдангийн талаар тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх талуудын тохиролцсон тохиролцоонд хөндлөнгөөс халдаж, нэхэмжлэгч Ч.Ариунболдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн баримталсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн баримталж буй хуулийн хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь алдангийн хэмжээ илт их байх ёстой юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.” 232 зүлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс алдангийг хуулийн хүрээнд тооцсон. Алдангийг илэрхий ихээр бодсон зүйл байхгүй байхад нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөгөөтэйгүүр Д.Гантулгын гэх машиныг 20.000.000 төгрөгт тооцож суутган авах үед алданги 16.200.000 төгрөгийг тооцож, үлдэх 3.800.000 төгрөгийг үндсэн зээлийн мөнгөнөөс хассан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнэж буй шиг хариуцагч нь зээлийн ихэнхи хэсгийг төлөөгүй. Хэргийн нөхцөл байдлын тухайд хариуцагч Д.Цэрэндулам нь нэхэмжлэгч Ч.Ариунболдоос авсан мөнгөө төлөхгүй элдэв арга хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож байна. Нэхэмжлэгч Ч.Ариунболдын гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаанд хугацаа авсан. Нэхэмжлэгчийн мөнгөний үлдэгдэл төлбөр болох 28.450.000 төгрөгийг өгөхгүй байх талаар идэвхитэй арга хэмжээ авсан. Иймд анхан шатны шүүхийн алдангийн 50 хувийг багасгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 194 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж /тогтоох  хэсгийн Д.Цэрэндуламаас 15.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ариунболдод олгож” гэснийг “Д.Цэрэндуламаас 28.450.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ариунболдод олгож” гэж өөрчлөлт/ оруулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Цэрэндулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ч.Ариунболдоос өөрийн үл хөдлөх болох байшингийн гэрчилгээг барьцаанд тавьж, 30.000.000 төгрөгийг Д.Гантулгад авч өгсөн. Энэ талаар бүх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан болно. Би мөнгийг гэрээний дагуу миний дансаар орж ирэхэд шууд тэр өдөртөө Д.Гантулгад шилжүүлсэн. Гэрээ хийж авсан 30.000.000 төгрөгнөөс би юу ч аваагүй. Гэрээний дагуу Ч.Ариунболд надаас 1 сарын хүү болон үндсэн мөнгөө нэхсэн тухайн үед 2 сар болсон байсан. Би 2 сарын хүү, 4 хоногийн алданги болох 4.900.000 төгрөгийг Ч.Ариунболдын дансанд шилжүүлсэн. Хавтаст хэрэгт эх хувиар нь хавсаргасан болно. Үүнээс хойш надаас ерөөсөө төлбөр барагдуулах талаар нэхээгүй бөгөөд Д.Гантулгыг тэр мөнгийг авсан гэдгийг нь Ч.Ариунболд сайн мэдэж байгаа учраас “LEXUS-470” машиныг барьцаанд авч төлбөрийг барагдуулах талаар удаа дараа гэрт нь очиж байсан байна. Би Д.Гантулгаас төлбөрийг барагдуулсан талаар асууж байшингийн гэрчилгээгээ авахыг хэлэхэд би төлбөрийг өөрийн машинаар төлсөн тул одоо надад ямар ч өр төлбөр байхгүй чи үл хөдлөхөө авахад л болно гэж өөрөө надад хэлсэн.

Үүнээс хойш жилийн дараа гэрээний дагуу 30.000.000 төлж барагдуулахаар хүү алданги тооцсон 29.800.000 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжилсэн байна.

Үүнийг би хууль бус гэж үзсэн бөгөөд нэхэмжлэлд дараах асуудлууд тусгагдсан нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүхээс надад 15.600.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хавтаст хэргийн нотлох баримтууд гэрч Д.Гантулгын мэдүүлгээр 30.000.000 төгрөгийг “LEXUS-470” маркийн машинаараа барагдуулсан нь тодорхой байхад ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь нөхцлүүдийн улмаас хүчингүй гэж үзэж байна:

  1.Нэхэмжлэлд хэдийнээс эхэлж хүү алданги тооцсон тухай огт дурдаагүй он сар өдөр бөглөөгүй хоосон орхисон ойлгомжгүй. Хэдий хугацаанаас эхлэн хүү алданги тооцсон тодорхой биш энэ талаар манай өмгөөлөгч М.Гансүх хэлсэн боловч шүүхийн шийдвэрт огт дурдаагүй.

  2.Ч.Ариунболд нь нэхэмжлэлдээ машиныг 20.000.000 төгрөгөөр зарсан гэх боловч өөрөө гэрчийн мэдүүлэг өгөхдөө 22.000.000 төгрөг зарсан гэж мэдүүлэг өгсөн.

  3.Миний бие 2 сарын хүү болон 5 хоногийн алдангийн төлсөн байхад нэхэмжлэгч 800.000 төгрөгийг дутуу өгсөн гэж худлаа мэдүүлсэн.

  4.Надтай гэрээ хийж гэрээний үүргийн дагуу төлөх ёстой төлбөрийг

 

 

  5.Ч.Ариунболдын нэхэмжлэл нь илт алдаатай олон зүйл байсан. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүхийн шийдвэрт дурдаагүй.

  6.Шүүхийн шийдвэрт машиныг үнэлсэн үнэлгээ байхгүй. 60.000.000 төгрөг гэх боловч нотлох баримтгүй гэж үзсэн байна. Гэтэл Ч.Ариунболдын нэхэмжлэлд дурдсан 20.000.000 төгрөгөөр зарсан гэх дүн шаардлагад нийцсэн гэж үзэж Ч.Ариунболдын өөрийн өгсөн мэдүүлэгт 22.000.000 төгрөгөөр гэх дүнг авч үзэлгүй аль нь зөв аль нь бурууг шийдвэрлээгүй гаргасан байна.

  7.Нэхэмжлэгч Ч.Ариунболд нь машиныг үнэлүүлсэн үнэлгээ буюу зарж борлуулсан баримт байх ёстой гэж үзсэн. Ийм нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

  8.Шүүхийн шийдвэр буюу аль байгууллага иргэн, аж ахуйн нэгж хэн нэгэн этгээдийн хөрөнгийг барьцаалж авсан бол тухайн хөрөнгийг зарахаар болсон тухай хэдэн төгрөгөөр хааш нь яаж борлуулах тухай заавал мэдэгдэх ёстой.

  9.Гэрээний дагуу надаас мөнгийг төлөх талаар хэлээгүй бөгөөд Д.Гантулгад өгснийг Ч.Ариунболд өөрөө сайн мэдэж байгаа бөгөөд үүргээс  өөрөө төлбөрийг барагдуулсан байна. Мөн Д.Гантулгын гэрт удаа дараа очиж мөнгөө нэхсэн байсан бөгөөд машиныг нь барьцаанд авч худалдан борлуулсан байна. Мөн үүргээс гадуур төлбөрийг төлүүлж авчихаад дахин нэг жилийн дараа мөнгө нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй залилангийн шинжтэй үйл ажиллагаа гэж үзэж байна.

  Шүүхийн шийдвэрт гэрч Д.Гантулга барьцаанд машинаа тавьсан тэд нар хэрэв мөнгөө авч чадахгүй бол 20.000.000 төгрөгөөр зарна гэж хүчээр сүрдүүлэн бичиг хийж бичлэг хийж авсан. Миний машин тийм үнэтэй биш гэж хэлсэн. Үнэхээр бүхэл бүтэн “LEXUS-470” маркийн машин 20.000.000 төгрөг байх үндэслэл байхгүй. Үүнийг хэдээр зарсан, хэнд зарсан, хэдээр үнэлсэн баримт зайлшгүй байх шаардлагатай байна.

  10.Би Д.Гантулгаас төлбөрөө барагдуулсан тухай асуухад машинаа өгөөд барагдуулсан байгаа үл хөдлөхийн гэрчилгээгээ аваарай гэсэн. Гэтэл надаас мөнгийг нэхэмжилсэн. Ч.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн үнэн учрыг сайн судлаагүйн улмаас нэхэмжлэлд худлаа зүйл заалтууд оруулсан үүнийг ч шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

  Иймд дээрх 10 зүйлийн улмаас энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй биш гэж үзэж байна. Энэхүү шийдвэрийг дахин нягталж, үнэн зөв шийдвэр гаргаж Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 194 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ч.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Д.Цэрэндуламаас зээлийн гэрээний үүрэгт 29.800.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус хэдэн төгрөг нь үндсэн зээл, хүү алданги болохыг мэдэх боломжгүй, хэдэн сарын хэдний өдрөөс хүү алданги бодож байгаа нь ойлгомжгүй, хэдэн хоногийн алданги бодсон талаараа бичээгүй нэхэмжлэл гаргасан байна.

Ч.Ариунболд, Д.Цэрэндулам нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Уг зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг Д.Цэрэндуламд нэг сарын хугацаатай, 8 хувийн хүү төлөхөөр тохиролцож, гэрээний хугацааг сунгахгүй алданги төлнө гэсэн нөхцөлөөр, Д.Цэрэндуламын хувийн орон сууцыг барьцаалан, барьцааны гэрээ байгуулсан байдаг.

Гэрээ байгуулах үед энэ хэргийн гэрч гэх Д.Гантулга байсан бөгөөд зээл 30.000.000 төгрөгийг Д.Цэрэндуламын дансаар дамжуулан Д.Гантулга авсан.

Үүнийг Ч.Ариунболд мэдэж байсан бөгөөд хоорондоо тохиролцсон үйл баримт нь хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзэж байна. Учир нь:

Ч.Ариунболд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрмөгц, Д.Цэрэндуламаас гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаж барьцааны эд хөрөнгө буюу хувийн сууцаар үүргийг хангуулах эрхтэй байсан атлаа, гэрч Д.Гантулгаас гэрээний үүргийг шаардаж, улмаар түүний эзэмшлийн 60-70 сая төгрийн үнэ бүхий “LEXUS-470” маркийн тээврийн хэрэгслийг өрөндөө авсан үйл баримт нь Ч.Ариуболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл, мөн Ч.Ариунболдын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан  шатны шүүхэд өгсөн тайлбар “машин зараад надад 22.000.000 төгрөг өгсөн” хавтаст хэргийн 45 дугаар тал, хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд гэрч Д.Гантулгын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар тодорхой дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.    

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл, нотлох баримт болж байгаа Д.Гантулга нь бичиж өгсөн хавтаст хэргийн 92 дугаар талд байгаа баримтаас үзэхэд Д.Гантулга, Ч.Ариунболд нарын хооронд уг зээлийг хэрхэн төлөх тохиролцсон хэлцэл хийгдсэн байх нөхцөл байдал байна.

Д.Гантулга, Ч.Ариунболдын талын хүмүүсийн хооронд зээлийн эргэн төлөлтийн талаар ярилцсан дүрс бичлэг бүхий CD-г шүүх хуралдааны явцад шинжлэн судалж, шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд заасан ямар журмаар бүрдүүлсэн нотлох баримт  болохыг шүүх тайлбарласангүй.

Түүнчлэн Д.Цэрэндуламын зээл төлөх үүргийг Д.Гантулга өөртөө шилжүүлэн заасан байдал хавтаст хэргээс тодорхой харагддаг. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн зохицуулалт энэ хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх эсэхийг ч шүүх дүгнэсэнгүй. Хэрэв хуулийн дээрх заалтаар өр шилжсэн бол хариуцагч буюу зээлдэгчийн үүрэг дуусгавар болсон байх учиртай.

Иймд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар Д.Цэрэндуламын өр шилжсэн гэж үзэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 194 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Д.Цэрэндуламд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал болон талуудын хооронд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасан.

1.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийг төлөх боломжгүй байна гээд зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт нэхэмжлэгчид тавьсны дагуу гэрээг 2 сарын хугацаагаар сунгасан.  Энэ нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон. Гэтэл шүүх гэрээ сунгасан эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

2. шүүх анзыг хэргийн нөхцөл байдлыг харгалзан 50 хувиар багасган тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх талуудын гэрээгээр тоохиролцсон тохиролцоонд хөндлөнгөөс халдаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Мөн Д.Гантулга нь өөрийн автомашинаа 20.000.000 төгрөгөөр тооцон Д.Цэрэндуламын өрөнд өгсөн талаар хэрэгт нотлох баримт авагдсан бөгөөд автомашиныг шилжүүлэн авах үед зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тул тухайн 20.000.000 төгрөгийг зээлийн хүү болон алдангид тооцон хассан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж  шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

 

  Шүүхэд нэхэмжлэгч Ч.Ариунболд нь өөрийгөө шүүхэд төлөөлөх эрхийг Иргэний хуульд заасны дагуу  иргэн Б.Энхтүвшинд олгож тэрхүү итгэмжлэлийн дагуу түүний нэрийн өмнөөс хариуцагч Д.Цэрэндуламд холбогдуулан шүүхэд  нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл шүүх Ч.Ариунболдын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийг Б.Энхтүвшин гэж буруу тодорхойлж, улмаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс 10 захирамж  гарчээ.  

 

Дээрхи алдааг залруулах талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд шүүх тухайн хүсэлтийг нь  хүлээн авч шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтүвшинг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тодорхойлон улмаар  жинхэнэ  нэхэмжлэгч Ч.Ариунболдоор солих нь зүйтэй гэж дүгнэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн  алдаатай гарсан захирамжуудад  “Б.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй” гэснийг “нэхэмжлэгч Ч.Ариунболдын нэхэмжлэлтэй” гэж  өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийг сольж шийдвэрлэсэн байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь нотлох баримтаар тогтоогдвол нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч бус этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих ажиллагааг зохицуулсан бөгөөд ийнхүү нэхэмжлэгчийг сольсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр оролцож буй этгээд 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх ёстой  тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шинээр явагдах учиртай.

 Тухайн хэргийн нэхэмжлэгч Ч.Ариунболдын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийг Ч.Ариунболд гэж тодорхойлсоор байхад шүүх түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ  нэхэмжлэгчийг  буруу тодорхойлж илтэд алдаа гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар энэхүү алдаагаа  шүүгч захирамжаа хүчингүй болгох эсхүл өөрчлөх замаар засах боломжтой.

Гэтэл шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийн нэхэмжлэгчийг сольсон, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илт үндэслэл муутай гарсан захирамжуудад өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан хүсэлт шийдвэрлэх, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан захирамж гаргах тухай заалтуудыг тус тус удирдлага болгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь буруу болжээ.

  Иймд шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг солих ажиллагаа хийсэн,  нэхэмжлэгчийг сольж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр явуулах байтал энэхүү ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж  зохигчдын хуулиар олгосон эрхийг зөрчсөн, тухайн хэргийн нэхэмжлэгч Ч.Ариунболдыг  гэрчээр асуун мэдүүлэг авсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн  гэсэн үндэслэлээр шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр сум дундын  шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул хэргийн шийдэл болон зохигчдын давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Түүнчлэн тус хэргийн нэхэмжлэгч Ч.Ариунболдыг анхан шатны шүүхээс гарсан бүх эрхийн актуудад “Ц.Ариунболд” гэж ташаа бичсэн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 194 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ариунболдоос  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220.500 төгрөгийг,   хариуцагч Д.Цэрэндулмаас  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.950 төгрөгийг  тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                               

 

                                        ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                        Г.ДАВААРЕНЧИН