Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

2020         01         24                                  2020/ШЦТ/141

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Ц.Сүхбат,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бод холбогдох эрүүгийн 2017 0100 0100 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.       

   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь "Багануур-Илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж “Монгол керамик” ХХК-иас авах ёстой авлага 284.791.475 төгрөгт “Багануур Илч” ХХК-д ашиглагддаггүй 55 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр,

Мөн “Эрэл” ХХК-иас авах ёстой авлага 42.000.000 төгрөгт 8 ширхэг втулкийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр,

Мөн “Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас авах ёстой авлага 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус тооцон авсан,

Түүнчлэн “Багануур Илч” ХХК-д 2016 онд 16.000.000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн "Мон Энерго Строй" компанийн 38-60 УНЯ улсын дугаартай зах зээлийн үнэлгээгээр 12.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндэй Старекс” автомашиныг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Багануур Илч" ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулан “Багануур Илч” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                    /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч С.Б нь хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 Багануур илч ХХК нь Багануур ХК-ийн охин компани байгаа юм. Улаанбаатар хотын жижиг албан газар, ААН байгууллага, хувь хүмүүсийг нүүрсээр хангах зорилготой бөөнөөр болон  жижиглэнгээр нүүрс зарж борлуулах үндсэн чиг үүрэгтэй. Багануур илч ХХК нь Эрэл тоосгоны үйлдвэрээс 139.512.350 төгрөгний авлагатай байсан. Тэгтэл С.Б 42.000.000 төгрөгт нь 3519.05.02.302 маркын втулкыг тус бүрийг нь 5.250.000 төгрөгөөр бодож 8 ширхэгийг авсан. Энэ сэлбэгийг манай компанид ашигладаггүй. Багануур ХК-ийн нүүрсний уурхайд экскаваторын тоног төхөөрөмжинд хэрэглэдэг гэсэн. Мөн Монгол керамик ХХК-с 285.582.428 төгрөгийн авлагатай байсан. Уг компаниас тус бүрийг 5.192.407 төгрөгөөр бодож 3519.05.02.302 маркийн втулкыг авсан. 2015 оны 12 сард Онь тэнгэрийн бичиг ХХК-с 60.009.000 төгрөгт нүүрсний шуудай авахаар болж Багануур ХК-с 49.753.700 төгрөгийг Онь тэнгэрийн бичиг ХХК-т шилжүүлсэн. Багануур илч ХХК-с 10.255.300  төгрөгийг бэлнээр гаргаж тус компанид тушаасан. Багануур ХК-с гаргасан төлбөр нь Багануур илч ХХК-ийн өглөгт бичигдсэн. Ингээд тус компаниас 20 сая төгрөгт 110.000 ширхэг шуудай авсан. Үлдсэн 42.042.000 төгрөгт шуудай авах байтал 16 сая төгрөгт нь ажилчдын унаа гэж хуучин старекс машин авч үлдэх 26.042.000 төгрөгт нь 5 ширхэг 3519.05.02.302 маркын втулка авсан. Эдгээр 68 втулкыг өр барагдуулах нэрээр авч байгууллагын орлогод хүчээр авахуулсан. Орлогод авах боломжгүй, манай компанид ашигладаггүй гэж хэлхээр цалин мөнгөнөөс чинь хасна, захиралын тушаал биелүүлээгүй гэдэг байсан. Багануур ХК-ийн ТУЗ-ын зөвшөөрөлгүйгээр С.Б нь Багануур илч ХХК-ийн эд хөрөнгийг актлах, худалдан авах, данс балансаас хасах эрхгүй. Багануур ХК-ийн ТУЗ-ын гишүүд 3519.05.02.302 маркын втулкыг үнэтэй байна гээд авахгүй байгаа юм. Манай компани Иннова ХХК-с 25.3 сая төгрөг авах ёстой байсан. 2015 оны сүүлээр С.Б уг авлаганд R 33-1800 гүдер маркын белазын 7 ширхэг дугуйг тус бүрийг 7.500.000 төгрөгөөр бодож аваад НӨАТ-тай дүнтэйгээ нийлээд 57.750.000 төгрөг болсныг хүлээн авч Багануур ХК-д өгсөн. Ингээд Иннова ХХК-д зөрүү 32.450.000 төгрөгийг төлнө гээд касснаас 10.000.000 төгрөг, 7.000.000 төгрөг тус тус С.Б бэлнээр авч байсан. Үлдсэн 15.450.000 төгрөгт нүүрс өгсөн санагдаж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25/

...авлагатай 3 компаниас ирсэн сэлбэгийг С.Б захирал хүлээж ав гэдэг шийдвэрийг 2015 оны 10 сараас хойш ерөнхий нягтлан бодогч Амарзаяа бид хоёроос шаардаж байсан. ТУЗ-ын шийдвэргүй, авч болохгүй гээд компаний орлогод авахгүй байсан. 2016 оны 02 сард 2015 оны жилийн эцсийн тайлан мэдээ гаргах гээд аргагүй байдалд ороод С.Б захиралаар өөрөөр нь хариуцлага хүлээнэ гэсэн бичиг хийлгэж авч байгаад орлогод авсан. С.Б нь втулка ирэхээр  шүүхийн шийдвэрээр хураагдаж ирсэн гэж тайлбарладаг байсан. Гэхдээ үзүүлж байсан зүйл байхгүй. Ном журмынхаа дагуу ирж байгаа бол шүүхийн шийдвэрийг нь үзүүлээд, учрыг нь тайлбарлаад компаниас комисс гаргаад сэлбэг авч ирж өгч байгаа хүмүүсээс албан ёсоор хүлээж аваад тооцоо нийлээд хүлээлцсэн актыг үйлдэх ёстой. Энэ втулка сэлбэг хэрэгсэл манай компанид ямар ч хэрэггүй. Манай компани ашиглахгүй. С.Б нь өртэй компаниудаасаа мөнгө авах ёстой байсан боловч мөнгө авалгүй шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан гэж ажилчиддаа ойлгуулж хувиараа оруулж ирсэн 68 ширхэг втулкыг компанид шахаад өөртөө ашиг олсон байж болзошгүй гэдэг хардлага бидэнд төрөөд байгаа юм. Одоо компанид хэрэгцээгүй баахан сэлбэг авснаас болоод манай компани эдийн засгийн маш хүнд байдалд ороод байна. Хэрэв бэлэн өмнгөө авсан бол эдийн засгийн хүнд байдалд орохгүй байсан. Эрэл ХХК-иас авах ёстой 42.000.000 төгрөг, Монгол керамик ХХК-иас авах ёстой 284.791.475 төгрөг мөн үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасны төлбөр улсын тэмдэгтийн хураамж 790.953 төгрөг, Онь тэнгэрийн бичиг ХХК-нд шуудай нийлүүлэх гэрээний зөрүү мөнгө болох 26.042.000 төгрөг, 38-60 уня улсын дугаартай Хьюндэй старекс маркын тээврийн хэрэгсэлийг ажилчдын унааны зориулалтаар худалдаж авсан үнийн зөрүү 4.000.000 төгрөг, компанид учирсан бүх хохирол нийлээд нийт 357.624.428 төгрөг болж байгаа тул уг мөнгөн дүнг нэхэмжлэж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/

 

Гэрч Ц.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...Б- захирал шүүхийн захирамжтай тул 3519.05.02.302 маркийн втулка сэлбэгийг хүлээж ав гээд захирлын тушаал гарсан тул “Эрэл” ХХК-иас өгсөн гэх 8 ширхэг втулкыг тооцооны нягтлан бодогч Г.Төмөрбаатар, нярав Ж.Жадамба бид гурав хүлээж авсан. ...2016 оны бизнес төлөвлөгөөнд ТУЗ-ийн гишүүдийн зөвшөөрлөөр “Багануур Илч” ХХК-нд ажилчдын унаа 16.0 сая төгрөгөөр авах зөвшөөрөл олгосон. Тэгсэн С.Б захирал интернетээр судалгаа хийлээ хуучин “Старекс” машин 16.0 сая төгрөгний үнэтэй байгаа тул одоо “Багануур Илч” ХХК-ийн ажилчдын унаанд явж байгаа “Старекс” маркын машиныг авчихъя Ганбат гэж хүний машин байгаа юм миний хувийн компанид явдаг машин байгаа юм гэж надад танилцуулсан. ...Сүүлдээ өдөр болгон шахуу л энэ машиныг орлогод авчихаач гээд байхаар нь би компанийн орлогод авсан. … Сэлбэгүүд агуулахад бууснаас хойш нилээн хэд хоногийн дараа С.Б захирал тухайн втулкануудыг хүлээж авах талаар нягтлан Төмөрбаатар, нярав Жадамбаа бид гурвын нэрийг оруулсан тушаал гаргасан байсан. Уг тушаалын дагуу хүлээж ав гэхээр нь ТУЗ-ийн шийдвэр гараагүй тул хүлээж авч компанийн орлогод авах боломжгүй гэдгээ С.Б захиралд шууд хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг авахаас өмнө интернетээр судалгаа хийж байгаад бензин бага иддэг машин авъя, приус-20 маркын автомашин авбал зүгээр юм биш үү гэдэг санал тавьж байсан. Сүүлд нь нэрийг нь шилжүүлчихсэн орлогод ав гэхээр нь материал нь дутуу байна. Арай үнэтэй юм биш үү гэж өөрт нь хэлхэд нэг иймэрхүү асуудал байж болно биздээ гэсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34, 5-р хх-ийн 30-31/,

 

Гэрч Б.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...Би “Багануур Илч” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын бэлтгэл ажил, хурлын тэмдэглэлийг хөтлөдөг. Хөндлөнгөөс үйл ажиллагаа, шийдвэрт нь нөлөөлөх эрх байхгүй. С.Б захирал нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон ТУЗ-ийн хурал дээр Эрэл ХХК-иас эхлээд Шүүхийн шийдвэрийн дагуу сэлбэг хэрэгсэл өгөхөөр болж байгаа гэж ярьж байсан. Яг 3519.05.02.302 маркын втулка авахаар болж байгаа гэж яриагүй. Тухайн үед ТУЗ-ийн гурван гишүүнээс судлаад танилцуул гэдэг үүрэг даалгавар өгөгдөж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121/,

 

Гэрч Н.Базарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ТУЗ-ийн хурал дээр өглөг, авлагын талаар С.Б нь танилцуулахдаа Шүүхийн шийдвэрээс Эрэл ХХК-н 100.000.000 төгрөгийн өглөгтөө сэлбэг материал өгнө гэсэн. Энэ сэлбэг материал нь дан уул уурхайн чиглэлийнх тиймээс толгой компанид шаардлагатай сэлбэг материалыг шижлүүлж өрнөөсөө барагдуулах саналтай байна гэж хэлж байсан. Мөн толгой компаниас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өр барагдуулах ажлыг хийж байгаа гэж хурал дээр ярьж байсан. Ингэхээр нь би наад асуудлаа бүртгэл судалгаатай болго, шүүхийн шийдвэрээр хураагдсан эд хөрөнгө гээд зарах асуудал байж болдог юм уу судал, манайд хэрэглэгдэх сэлбэг материал байна уу судлаж танилцъя гэж хэлж байсан. Ингээд над руу сэлбэг материалын судалгааг явуулсан юм байхгүй, удалгүй өөрөө ажлаа хүлээлгэж өгсөн. Шүүгчийн шийдвэрийн дагуу авсан гэж л яриад байхаар нь үнэхээр шүүхийн шийдвэрийн дагуу авсан юм байлгүй гэж л ойлгосон. 2017 онд шинээр томилогдсон ТУЗ-д С.Б ажилаа танилцуулахдаа3519.05.02.302 маркын втулка өрөндөө авсан байгаа, толгой компани хүлээж авна уу гэж танилцуулж байсан. Гишүүд боломжтой эсэхийг судалж үзнэ гэж байсан ч С.Б энэ хурал дээр өөрөө хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-123/,

 

Гэрч Ч.Очирлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн

...Би 2013-2017 онд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тус зөвлөл нь гурван хүний бүрэлдэхүүнтэй, ТУЗ-ийн дарга нь М.Отгонбаяр, гишүүдэд Б.Базарсүрэн бид хоёр ажилладаг байсан. “Эрэл” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу өрөндөө сэлбэг материал авахаар болсон гэж танилцуулж байсан. Миний хувьд анхааруулаад үнэхээр шүүхийн шийдвэрийн дагуу хураагдаж ирсэн юм бол зарж борлуулаад мөнгийг нь гаргаж авах оролдлого хий, зар өг, хууль, дүрмийн дагуу шийдвэрлэ гэж зөвлөж хэлж байсан. Тэгэхэд С.Б ойлгож байна гэсэн. “Багануур Илч” ХХК нь толгой компанидаа маш их өртэй байсан тул өрөө хаах маягаар уг сэлбэг хэрэгслийг шууд өгч болох уу гэж хурал дээр асууж байсан. Миний хувьд болохгүй тийм юм байхгүй, эхлээд зарж борлуулах оролдлого хийх толгой компанидаа мөнгөөр нь өрөө барагдуулах шаардлагатай гэсэн зарчмын шаардлагаа тавьж байсан. М.Отгонбаяр, Б.Базарсүрэн нар мөн л адилхан шууд авч болохгүй хууль журмын дагуу судлаж байгаад авч болох үгүйг шийднэ гэж хэлж байсан гэх мэдүүлэг/1-р хх-ийн 124-126/,

 

Гэрч М.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

С.Б танилцуулахдаа авлагатай компаниудаа шүүхэд өгсөн. Шүүхийн шийдвэрээр сэлбэг хураагдаж ирсэн. Тэр сэлбэг нь уул уурхайнх тул толгой компанидаа өгч өрнөөсөө хасуулъя гэдэг байсан. Миний хувьд хуулийн байгууллага тэгж шийдвэрлэсэн бол яая гэхэв үндсэн хөрөнгөндөө бүртгэж аваад байлгаж бай. Дараа нь хуулийн дагуу шийдвэрлье гэж хэлсэн. Үүнээс хойш удаагүй би ажлаасаа чөлөөлөгдсөн. С.Б нь Монгол керамик ХХК-с орон сууц, автомашины зогсоол зэргийг авч өөрөө хувиараа втулкыг БНХАУ-с оруулж ирж компаний хөрөнгөд авсан талаар надад мэдэх юм алга. Орон сууц, автомашины зогсоол авсан гэж танилцуулж байгаагүй. Шүүхийн шийдвэрийн дагуу баахан сэлбэг хэрэгсэл хүлээж авсан. Тэр нь толгой компанидаа хэрэгтэй уурхай дээр ашиглах сэлбэг гэж ярьж байсан. ... өр авлагын асуудал их үүсгээд үүнийгээ барагдуулж чадахгүй асуудал үүссэн болохоос бусдаар дажгүй ажилласан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131/,

 

Гэрч Д.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

би Л.Уранцэцэг гэх хүнд 55 ширхэг втулка өгөөд 2 өрөө, 3 өрөө байр тус бүр нэгийг, дөрвөн автомашины зогсоол авсан. 2 өрөө байр, нэг автомашинь зогсоолыг нь хадам аав С.Б өрөндөө нэг хүнд өгсөн. Мөн 2 автомашинь зогсоолыг нь бас өртэй хүндээ өгсөн. Гурван өрөө байр, 1 автомашины зосгоолы: нь зарахаар зар тавьчихсан байсан чинь хүн авахаар боллоо гэж хадам аав надад хэлэхээр нь үнэ өртөгийг нь тохирсон юм уу хэдэн төгрөгөөр зарж байгаа юм бз гэхэд 170.000.000 орчим төгрөгөөр зарж байгаа гэж надад хэлсэн. Ингээд би байр автомашины зосгоол авна гэсэн хүнтэй нь утсаар ярьж уулзаад нотариатын газар очиж гэрээ байгуулсан. Уг 3 өрөө байр, авто зогсоолыг худалдаж авсан хүн эмэгтэй хүн байсан. Тухайн үед байр зарагдахгүй байсан тул мөнгөө гаргаж авахын тулд хямдхан зарчихсан юм. Уул нь уг 3 өрөө байрыг 200.000.000 төгрөгөөр дээш зарна гэж тооцоолоод анх худалдаж авсан юм. Тэгсэн байр зарагдахгүй хямдхан зараад ашиг гараагүй. Втулка сэлбэг хэрэгсэлийг Монгол керамик ХХК-нд шахаад оронд нь байр, автомашины зосгоол авах боломж байна гэдэг саналыг хадам аав С.Б надад санал болгосон. Ингээд би 2016 оны намар БНХУ-ын Эрээн хотод оршин суудаг Өвөр монгол залуу Баатар гэж ажил хэргийн холбоотой хүнлүү утсаар ярьж втулка Монгол улс руу оруулж ирэх боломж байгаа талаар судлуулсан. Тэгсэн Баатар над руу нэг ширхэг втулка явуулсан. Би түүнийг хадам аавд аваачиж өгсөн. Хадам аав үзээд болно гэсэн. Ингээд би Баатартай дахиж холбогдоод 54 ширхэг втулка захиад 2016 оны 10 дугаар сарын сүүлээр Хятадаас орж ирсэн. Замын-Үүд сумаас гаальтай машинд ачиж өгөөд над руу явуулсан. Уг машин нь Улаанбаатар хотод ирчихлээ гэж над руу утсаар ярихаар нь хадам аавтай яриад танай ажил дээр буух юм чинь та очоод авчихаач гэж хэлсэн чинь тэгье, тэгье гэж хэлээд хүлээж авсан байсан. Уг втулкыг Улаанбаатар хотод ирээд буухад нь би хүлээж аваагүй.

Би одоо хэдэн төгрөгөөр бодож втулка авснаа санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед 55 ширхэг втулка Монгол керамик ХХК-нд өгөөд оронд нь дээрх 2 байр, 4 авто зогсоолыг аваад тухайн үеийн зах зээлийн ханшаар зарахад 100.000.000 /зуун сая/ орчим төгрөгийн ашиг олохоор тооцоолж байсан боловч байраа зах зээлийн ханшаар борлуулж чадаагүй, зарагдахгүй байсан тул хямдхан зарсаны улмаас ашиг олж чадаагүй. Уг компаниас өөр компанид втулка зараагүй. Хэдэн төгрөгт втулка авснаа санахгүй байна. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57, 155-156, 4-р хх-ийн 36/,

 

Гэрч Д.Отгонбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би Эрэл ХХК-ийн өмгөөлөгчөөр 5 дахь жилдээ ажиллаж байна. Манай тоосгоны үйлдвэр нь Багануур-Илч ХХК-аас нүүрс худалдан авч үлдэгдэл төлбөрт 139.512,350 төгрөгний өртэй байсан юм. Энэ өрийг 2014 оноос хойш барагдуулахгүй явсаар 2015 оны 10 дугаар сарын үед Багануур-Илч ХХК-н нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шүүхээс хүлээж аваад иргэний хэрэг үүсгээд хянан шийдвэрлэх явцад манай компани нь төлбөрийг төлнө. Алданги тооцож байгаа 69.756.175 төгрөгнөөс татгалзаж бидэнд төлбөр барагдуулах хугацаа өгөөч, өр төлбөрөө барагдуулах зорилгоор бараа материал санал болгомоор байна гэж гүйцэтгэх захирал С.Б нь хэлэхэд бидний хүсэлтийг хүлээн авсан тул 2015 оны 12 дугаар сард Эрэл ХХК-ийн агуулахад байсан барааны жагсаалтыг С.Бод өгсөн. Тэр бараа материалтай танилцаад R 33-1800 Гүдвер маркын Белиазын 7 ширхэг шинэ дугуйг тус бүрийг 6 сая төгрөгөөр үнэлэж нийт 42.000.000 төгрөгөнд тооцож авахаар болж хоорондоо тохиролцон улмаар 2015.12.28-ны өдөр уг 7 ширхэг дугуйг 63-55 УНЦ улсын дугаартай Хова маркын авто машинд ачуулж явуулсан байна. Ингээд дугуй шилжүүлсэн акт, машинд ачуулсан тэмдэглэл үйлдэж, С.Боор хүлээн авсан тэмдэглэл дээр гарын үсэг зуруулж, байгууллагын тэмдэгийг даруулж баталгаажуулж авсан байна. Иймээс иргэний хэргийн шүүх 2016.01.11-ний өдөр хялбаршуулсан журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, одоо үлдэгдэл 97.512.350 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна.

Ямар учиртай хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан бэ гэхээр 2016.01.11-ний өдөр бол жинхэнэ гэрээ буюу манай компаниас С.Бод хүлээлгэж өгсөн 7 ширхэг дугуйны үнэ болох 42.000.000 төгрөгийг барагдуулсан гэж гэрээ байгуулсан. Энэ бол жинхэнэ гэрээ юм. Харин 2016.01.11-ний өдөр манай компаниас Багануур-Илч ХХК-нд 8 ширхэг втулка нийлүүлсэн гэрээ нь хуурамч. Яагаад хуурамч юм бэ гэхлээр 2016 оны 03 дугаар сарын дундуур С.Б нь над руу утсаар яриад Эвлэрлийн гэрээний үнэнд таарсан втулка нийлүүлсэн гэх гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж намайг гуйсан. Би түүнээс ямар учиртай юм бэ гэхэд, ах нь асуудалгүй, өөр юманд ашиглах гэж байгаа юмаа гэхээр нь, миний хувьд санаанд ороогүй уг гэрээн дээр нь гарын үсэг зурсан, тамга, тэмдэг дарж өгөөгүй. Манай компанид втулка гэж ямар нэгэн эд анги байхгүй. Хүлээлгэж өгсөн дугуйнууд бол манай компани алтны уурхайтай байсан. Түүнд явж байсан Белиазын дугуйнуудын үлдэгдэл шинэ дугуйнууд байсан. Эрэл ХХК втулка ашигладаггүй тул улсын хилээр оруулж ирсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38/,

 

Гэрч Э.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би С.Бод Алтан-Орд хороололд байх ээжийнхээ нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй хоёр өрөө, гурван өрөө орон сууц байр тус бүр нэг нэг ширхэгийг, автомашины зогсоол 4 ширхэг зэргийг санал болгосон. Тэгэхэд С.Б аваагүй, дээшээ мэдэгдэж санал аваад хариу хэлье гэсэн. Ингээд үйлдвэр дээр нэг залуу ирж уулзаад та нар Багануур-Илч ХХК-нд өр, төлбөртэй юм байна. Надад Багануур-Илчид хэрэгтэй бараа нь байна. Та нар надтай наймаа хийхүү гэсэн. Тэгэхээр нь тоосго авах уу гэсэн чинь үгүй гэсэн. Тэр залуу аөр юу байна гэхээр нь Норд бенз машин, орон сууцны байрнууд, зогсоол байна гэхэд байр, зогсоолыг чинь авъя гэсэн. Ингээд тэр залууд Алтан-Орд хотхоны хоёр өрөө, гурван өрөө байрыг, 4 автомашины зогсоолтой үзүүлсэн. Тэгсэн хэд хоногийн дараа үнээ бууруулаач арай үнэтэй байна гэхээр нь манайх бартераар авсан байр, үнээ буулгах боломжгүй авсан үнээрээ үнэлж байна гэсэн. Ингээд наймаа хийхээр болсон. Орон сууцны байр, зогсоолын гэрчилгээ манай ээж Л.Уранцэцэгийн нэр дээр байсан тул нөгөө залуутай худалдах, худалдан авах гэрээг ээж хийсэн. Оронд нь авсан 55 ширхэг втулкыг тэр залуу шууд Багануур Илч ХХК-нд өгсөн. Манай компани 29.808.525 төгрөгийн алдагдал хүлээсэн нь үнэн. Тухайн үед байрны үнэ унаад байсан, дээр нь хүн амьдрахгүй хоосон байгаа байрны дулаан, СӨХ-ийн мөнгө, авто зогсоолын төлбөр зэргийг cap бүр төлөх хүндрэлтэй, хэрэв зарагдахгүй бол улам ч их алдагдал хүлээх байсан. Компанид санхүүгийн баримт үлдэх ёстой учраас би ээжтэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ өр төлбөр нь жилийн эцсийн тайлан мэдээнд тусгагдсан байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41, 4-р хх-ийн 34-35/,

 

Гэрч Л.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би Монгол керамик ХК-ийн захирал Э.Өлийбаяртай 2016 оны дугаар сарын 05-ны өдөр 55 ширхэг 3519.05.02.302 маркын гуулин втулка худалдах худалдан авах гэрээ хийсэн эсэхээ санахгүй байна. Захирал Э.Өлзийбаяр нь манай том хүү байгаа юм. Харин Эрдэнэсүрэн гэж хүнд өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан Алтан орд хотхонд 3 өрөө 93 м2, 2 өрөө 64 м2 тус бүр хоёр байр, автомашины 4 граж зэргийг бартерт тооцож 55 ширхэг втулка сэлбэг тус бүрийг 5.700.000 гаран төгрөгөөр бодож худалдах худалдан авах гэрээ хийж байсан. Ингээд уг 55 ширхэг втулка сэлбэгийг Монгол керамик ХХК авсан. Цаашаа хэнд өгснийг мэдэхгүй байна. Алтан орд хотхоны 3 өрөө 93 м2, 2 өрөө 64 м2талбай бүх орон сууцны байр нь Монгол керамик ХК-иас барилгын ажилд нь тоос нийлүүлсэний хөлсөнд авсан бартерийн байрнуудын гэрчилгээ нь миний нэр дэ гарсан байсан тул би худалдах худалдан авах гэрээ хийж байсан.   Тэгэхээр байрууд нь Монгол керамик ХХК-ийн емч гэсэн үг. Би ямар нэгэн втулка сэлбэг хэрэгсэл Монгол улсын хил гаалиар оруулж ирж зарж борлуулж байгаагүй. Эрдэнэсүрэнгээс 55 ширхэг втулкыг бартераар худалдаж авах гэрээ хийхэд Б.Сувдаа цуг явж байсан. Монгол керамик ХК-нийг Багануур илч ХХК-д өр төлбөртэй гэдгийг Эрдэнэсүрэн гэж хүн мэдээд втулка нийлүүлэхээр болсон гэсэн. Ингээд миний нэр дээр байх байриар сольсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45/,

 

Гэрч Ц.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...38-60 уня улсын дугаартай Хьюндэй Старекс маркын авто машин миний эзэмшлийн машин биш. 2016 оны 07 дугаар сарын сүүлээр манай том охин Сувдаагийн нөхөр С.Батбаяр аав таны нэр нэг Старекс машин шилжүүлээд буцаагаад компанид зарах гэсэн юм. Бичиг баримтаа аваад цуг яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хүргэн С.Батбаярын хамт явсан. Намайг дагуулж яваад Сонсоглонгийн авто тээврийн газар дээр очиж 38-60 уня улсын дугаартай Хьюндэй Старекс маркын авто машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн, маргааш нь Хөдөө хөдөлмөрийн яамны урд талын нотиратын газар очиж уг машиныг Багануур Илч ХХК-нд худалдах, худалдан авах гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. Би гарын үсэг зурж өгчихөөд явсан. Би уг машиныг зарсан мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Уг машиныг хүргэн С.Батбаяр унадаг байсан. Манай хоёр айл нэг хашаанд амьдардаг юм. С.Б нь манай хүргэн С.Батбаярын ах тул муухан танина. С.Бтой ойр дотно харилцаа байхгүй. Би урьд нь яагаад худал мэдүүлсэн бэ гэхээр манай хүргэн С.Батбаяр намайг Авлигатай тэмцэх газарт байцаалт өгөх талаар мэдээд 38-60 уня улсын дугаартай Хьюндэй Старекс маркын авто машиныг өөрийн машин гэж мэдүүлэг өгөөрэй гэхээр нь би хүргэнийхээ үгэнд ороод худал мэдүүлсэн юм. Хүргэн С.Батбаяр надад хэлэхдээ компаниас, компанийн хооронд шилжүүлж болохгүй байна. Таны нэр дээр шилжүүлээд буцаагаад өөр компанийн нэрлүү шилжүүлчихье гэхээр нь хууль бус зүйл гэж бодолгүй тэгээ тэг гээд хэлчихсэн юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133/,

 

Гэрч Т.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2015 оны 12 дугаар сарын сүүлээр миний танил болох Багануур Илч ХХК-нд Ковшийн жолоочоор ажиллаж байсан С.Батбаяр гэж залуу над руу утсаар яриад Эрэл компаний агуулахаас дугуй ачаад Багануур ХК-нд хүргээд өгөөч гэж хэлсэн тул би зөвшөөрөөд найз Одхүүгийн хамт Эрэл ХХК-ийн агуулах дээр очиход хоёр хүн тосож аваад ачааны авто машины R 33-1800 Гүдвер маркын 7 ширхэг дугуйг миний унаж явсан машины тэвшин дээр гүйдэг тайлаар өргөж ачиж өгсөн. Ингээд бид хоёр Эрэл ХХК-ийн ажилтанаас 500.000 төгрөг хөлсөндөө аваад шууд Багануур ХК-ийн агуулах дээр 19 цагийн үед очиж уг 7 ширхэг дугуйг буулгаж хүлээлгэж өгчихөөд буцсан. Би 250.000 төгрөгөөр түлш хийгээд, 250.000 төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Дугуйны маркыг нь санахгүй байна. Их л том дугуйнууд байсан. Белиазын дугуй байх, надаас лав өндөр байсан. Миний хувьд 1 метр 65 см өндөртэй хүн. Би С.Батбаярыг л танина түүнтэй цуг 2015 оны өвөл 1 cap орчим хугацаанд Багануур Илч ХХК-ийн нүүрсийг станцаас, Толгойт дахь нүүрс борлуулах цэг дээр нь буулгаж өгдөг байсан тэгээд танилцсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134/,

 

Гэрч Д.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...3519.05.02.302 маркын втулкны зах зээлийн үнэ нь 4.700.000 – 4.900.000 төгрөг байдаг. Голдуу ийм ханшаар л манай компани худалдаж авдаг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139/,

 

Гэрч Д.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... уг 3519.05.02.302 маркын втулкыг ер нь ингэж олноор аваад байдаггүй. Ганц хоёр ширхэгээр хүлээж аваад зөөдөг байсан. Сард 1-2 ширхэгийг авдаг байсан. Нэг экскаваторт хийсэн втулка бараг 1 жил болдог. Өдөр тутамдаа солиод байдаг сэлбэг биш гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140/,

 

Гэрч А.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Манай Иннова ХХК нь хөнгөн бетон, блокны үйлдвэр эрхэлээд 7-8 жил үйл ажиллагаа явуулж байна. Блокоо чанахын тулд уурын зуухаар уур гаргадаг юм. Ингээд нүүрс их хэмжээгээр хэргэлдэг тул Багануур Илч ХХК-иас гэрээ хийж нүүрс авдаг. С.Б нь втулка зардаг  хүнийг надтай уулзуулсан. Тэр залууд нь би  хөнгөн бетон блок нийлүүлээд 8 ширхэг втулка авахаар болсон. Тэр втулка гэдэг зүйлийг би хараагүй, юу ч байдаг, юунд ашигладгийг ч мэдэхгүй. С.Б аваад зохицуулна л гэсэн. Тэр залуу нь надаас блок аваад 8 ширхэг втулкыг Эрэл ХХК-д өгнө гэсэн. Эрэл ХХК-с 7 ширхэг дугуйг манай нэрээр Багануур ХК-д өгсөн. Энэ бүгдийг С.Б найруулсан. Миний хувьд өр дарахын тулд блок нийлүүлсэн. Ингээд манай компанийн 25.523.000 төгрөгийн өр дарагдсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 119-120/,

 

Гэрч Х.Мооёогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний улсын хилээр оруулж ирээд Шарын голын уурхайд борлуулсан 3519.05.02.302 маркын втулка сэлбэг хэрэгсэлийн худалдаж авсан үнэ, гаалын бүрдүүлэлтийн үнэ нь үйлдвэрийн газраас 19.993 рубелиэр худалдаж авсан. Тухайн үед рубелийн Монгол төгрөгтэй харьцах ханш нь 33-35 төгрөг орчим байсан. Тэгэхээр нэг ширхэг 3519.05.02.302 маркын втулкыг Монгол мөнгөөр 700.000 орчим төгрөгөөр худалдаж аваад тээврийн зардалд нь 10 хувийг төлдөг гэхээр нэг ширхэг тус бүрт 70.000 төгрөг, үүн дээр гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвар нийлээд 15.5 хувийг төлдөг гэхээр 1 ширхэг втулка улсын хилээр орж ирэхэд 1.000.000 -1.100.000 төгрөгийн хооронд орж ирсэн байна. Ингээд би Шарын голын уурхайд 3519.05.02.302 маркын втулкыг нэмэгдсэн өртөгийн албан татварын үнэ оролгүйгээр 1.450.000 төгрөгөөр худалдсан. Мөн миний втулка худалдаж авсан Оросын "ООО Метал ресус" компани нь Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөгдсөн компани байсан тул 18-20 хувь үнийн дүн чөлөөлөгдсөн гэсэн үг. Зөвхөн өөрийн худалдаж авсан үнэ, зардалтайгаа харицуулаад 30 хувийн ашиг олно гэж тооцож үнэ зохиогоод Шарын гол компанид 1.450.000 төгрөгөөр худалдсан. Надад 1 ширхэгээс 400.000 эрчим төгрөгийн ашиг унасан байна.

Би Багануур ХК-нд сэлбэг хэрэгсэл худалдаж байгаагүй. Хятадаас сэлбэг хэрэгсэл оруулж ирж байгаагүй болохоор үйлдвэрлэдэг эсэхийг нь мэдэхгүй байна. Хятад улсад захиалга өгвөл хийх боломжтой байх. Монгол улсад ч үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ манай улсад стандарт нь батлагдаагүй учраас үйлдвэрлэхгүй байх шиг байна. Эрдэнэт Үйлдвэр бол үйлдвэрлэх боломжтой. хэрэглээ бага учраас үйлдвэрлэе гэж зорихгүй байх шиг байна. 3519.05.02.302 маркын втулкыг Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн ЭКГ-8И маркын Экскаваторын ажлын механизамд хэргэлж байгаа. Миний мэдэж байгаагаар тус маркын экскатавтор Шарын голын уурхайд 3 ширхэг, Багануур ХК-нд бас цөөхөн хэдэн ширхэг байдаг гэсэн. Эрдэнэт үйлдвэрт байснуудыг нь ашиглахаа больсон гэсэн. Уг маркын втулкыг Оросын холбооны улсын өнгөт төмөрлөгийн үйлдвэрүүд бүгд л хийж байгаа Орос улсдаа бол элбэг байдаг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146/,

 

Гэрч Э.Номинчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Багануур-Илч ХХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Б нь үүрэг гүйцэтгэх хугацаандаа тус компанийг толгой компанидаа 1.0 тэрбум гаран төгрөгийн өрөнд оруулаад ажлаа өгсөн хүн. Уг 68 ширхэг втулкыг ТУЗ-ийн тогтоол шийдвэргүйгээр шүүхийн шийдвэрийн дагуу өр барагдуулах зорилгоор авч байгаа гэж ТУЗ-д танилцуулсан байдаг. Гэтэл шүүхээр втулка ав гэж тогтоосон зүйл байхгүй, С.Б нь дунд нь өөрөө бизнесийн үйл ажиллагаа явуулж өртэй компаниудаасаа орон сууцны байр, авто зогсоол, хүнд даацын тээврийн хэрэгсэлийн дугуй, бэлэн мөнгө гаргуулж аваад оронд нь хүргэнийхээ Хятад улсаас оруулж ирсэн втулкыг шахсан байна гэж тус хэрэгт "Багануур-Илч" ХХК-ийг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа Төмөрбаатар надад танилцуулсан. С.Б бол шүүхийн шийдвэрийн дагуу өр барагдуулсан гээд 3519.05.02.302 маркын втулка сэлбэг хэрэгсэл 68 ширхэгийг авсан шүүхийн шийдвэртэй гэж Багануур ХК-ийн удирдлагуудад танилцуулаад хүлээгээд аваач гэж хэлж байсан. Тухайн үед нь С.Бын хэлснээр аваагүй. Яагаад гэхээр нь үнэ өртөг өндөр байна, нэг маркын сэлбэг хэрэгсэл хэт олон ширхэг байна. Манай компанийн 7-8 жилийн нөөц байна. Учрыг нь олж байж хоёр компанийн хоорондын тооцоогоор авах үгүйгээ шийдвэрлэнэ гэж хэлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлөөс ч ийм шийдвэр гарсан. Тиймээс уг 68 ширхэг втулкыг Багануур-Илч ХХК-иас хоорондын тооцоогоор хүлээн авах ямар ч боломжгүй. Нэгэнт хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тул эцсийн шийдвэрийг шүүхээр гаргуулсаны дараа уг асуудлыг шийдвэрлэнэ. 3519.05.02.302 маркын втулка сэлбэг хэрэгсэлийг уурхай дээр ашигладаг гэхдээ хэт олон ширхэгийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь ямар ашиг сонирхолын зөрчилтэй арилжаа наймаа болсон талаар би мэдэхгүй байна. Тиймээс хууль, шүүхийн байгууллага шалгаад үнэн зөвийг нь тогтоогоод шийдвэрээ гаргавал манай компани шийдвэрийг хүлээн авна. Манайд бэлэн мөнгө нь хэрэгтэй. Хэрэв бэлэн мөнгө нь байсан бол тодорхой татварын хувь хэмжээгээр улсын төсөвт төвлөрех ёстой. Втулка хэрэгтэй гэхдээ 68 ширхэгээр хэрэггүй, хэрэгцээтэй үед нь 1-2 ширхэгээр зах зээл дээрээс асай хямд үнээр аваад хэргэлдэг. 3519.05.02.302 маркын втулка сэлбэг хэрэгсэл зах зээл дээр зарагдахгүй зөвхөн манай компани л дотоод хэрэгцээндээ ашиглах боломжтой гэх мэдүүлэг /4-р хх-ийн 121-122, 217/,

 

Гэрч С.Содномцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

"Арвис-Итгэл" ББСБ-ын хувьцаа эзэмшигч Мягмарсүрэнгийн нөхөр Ганбат нэг өдөр С.Б гэж залууг дагуулаад манай ажил дээр ирсэн. Тэгээд С.Быг лифт суурилуулдаг компанитай. Үйл ажиллагаагаа явуулахад 50.000.000 төгрөг шаардлагатай байна удахгүй буцаагаад өгнө гэхээр нь гэрээ байгуулаад 50.000.000 төгрөг зээлдүүлсэн. Эхний 4 сарын төлбөр болох 9.000.000 төгрөгийг хугацаандаа төлсөн. Тэгээд сүүлдээ хүүгээ болон үндсэн мөнгөө төлөхөө больсон. Би Ганбатыг чи дагуулж ирж зээл олгуулснаараа өөрөө наад зээлээ төлүүлээрэй гэж хэлсэн. Ганбат ч гэсэн тэгнээ гэдгээ надад хэлсэн. Ингээд 2016 оны намар С.Боос автомашины зогсоол 2 ширхэгийг Ганбат өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад граж зарагдсан үнээр нь зээлээс нь хасалт хийнэ шүү гэдгийг С.Бод хэлсэн. Тэр ч зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэг гражийг нь 17.800.000 төгрөгөөр зараад "Арвис-Итгэл" ББСБ-ын дансанд мөнгө нь орсон. Үүнээс хойш төлбөр төлөхгүй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-нд 4.0 сая, 11 дүгээр сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 11 дүгээр сарын 27-ны өдөр 900.000 төгрөг, 28-ны өдөр 1.800.000 төгрөг, 29-нд 5.0 сая төгрөг өгсөн. Одоо С.Боос хүү тооцохгүйгээр 20.200.000 төгрөг авах ёстой. Зарагдаагүй үлдсэн нэг граж нь 20.000.000 төгрөгөөр зарагдвал үндсэн төлбөр нь дуусах гээд байна гэх мэдүүлэг /4-р хх-ийн 39/,

 

Гэрч Д.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай найз М.Үүрцайх, С.Б гэж хүн дагуулж ирж надтай уулзаад би байраа барьцаанд тавиад танай банк бус санхүүгийн байгууллагаас 50.0 сая төгрөг сарын 3 хувийн хүүтэй 3 сарын хугацаанд зээлье гээд, С.Б нь Мон Энерого Строй ХХК-ийн захирал лефт нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг компани, хэдэн газарт лефт нийлүүлсэн мөнгө нь удахгүй ороод ирнэ, мөнгө ороод ирэнгүүт зээлсэн мөнгөө хүүтэй нь төлнө гэж надад хэлсэн тул би найз Үүрцайхдаа итгээд дагуулж ирсэн С.Б гэж хүнд нь 50.0 сая төгрөг зээлдүүлэх гэрээ байгуулж 50.0 сая төгрөг зээлүүлсэн. Ингээд мөнгө зээлсэн үеэс хойш эхний гурван сард зээлийн төлбөрт cap бүр 1.500.0000 төгрөгийг төлдөг байсан. Сүүлдээ сарын хүүгээ төлөхөө байгаад алга болсон тул би С.Б найз Үүрцайх хоёрлуу утсаар ярьж зээлээ төл, хүүгээ төл гэж байнга хэлдэг, заримдаа утсаа авахгүй байхаар нь мессеж бичдэг байсан. Ингээд сүүлдээ С.Боос мөнгөө нэхээд байхаар одоо удахгүй өгнө, гээд мөнгө өгөхгүй худлаа хэлээд яваад байдаг. 2016 оны 09 дүгээр сард зээлсэн мөнгөнийхөө оронд автомашины хоёр граж өгье гэхээр нь би очиж үзье гээд хоёр гражийг нь очиж үзэхэд Нарны замын хойд талд Магнай тэрейд ХХК-ийн шатахуун түгээх станцын баруун талд ашиглалтанд орсон шар өнгөтэй байрны зоорийн 2 автомашины зогсоолыг надад үзүүлсэн би үзээд мөнгөө авч чадахгүй байхаас ядаж гражийг нь нэр дээрээ шилжүүлээд авч байя гээд уг хоёр авто машины зогсоолыг авахаар болж хэд хоногийн дараа С.Б гэрээ хийе гээд надтай утсаар ярьсан. Бид хоёр 13-р хорооллын автобусны буудлын урд талд нэг нотариатын газарт уулзахад тэр хоёр эмэгтэй хүнтэй ирсэн. Нэг эмэгтэй нь буюу энэ Уранцэцэг гэж эмэгтэй надтай автомашины зогсоол худалдах худалдан авах гэрээ хийж гарын үсэг зурсан санагдаж байна. Би уг худалдах, худалдан авах гэрээг хийгээд хоёр зогсоолын гэрчилгээг аваад үл хөдлөх хөрөнгийн газарт өгч өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Ингээд нэг зогсоолыг нь 2016 оны 11 дүгээр сард байрных нь нэг эмэгтэйд 17.800.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгийг нь Ариун сэтгэл гэж банк бус санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлсэн. Уг банк бус санхүүгийн байгууллага нь манай эхнэр Мягмарсүрэн, найз Гантулга нарын үүсгэн байгуулсан хувийн санхүүгийн байгууллага байгаа юм. Харин нөгөө нэг зогсоолыг нь төрсөн дүү Д.Ганбаатарын нэр дээр шилжүүлж өгсөн. Би С.Б руу нэг зогсоол чинь 17.800.000 төгрөгөөр зарагдсан шүү гэж мессеж бичсэн. С.Бын зээлсэн 50.0 сая төгрөг нь одоо бол хүүтэйгээ 80.0 сая орчим төгрөг болж байгаа. 2017 оны 04 дүгээр сард Үүрцайхтай цуг С.Б нь надтай ирж уулзсан. Би түүнд нэг гражийг чинь 17.800.000 төгрөгеөр зарсан үидсэн мөнгөнөөс чинь хасагдсан одоо үлдэгдэл 32.200.000 төгрөгөө төлөөд барагдуулчихвал хоёулаа тооцоо дуусъя чамаас хүү авахгүй гэж хэлсэн. Тэгсэн за тэгье өнөө маргаашгүй 20.0 сая төгрөг олоод ирье нөгөө үлдсэн гражийг чинь би өөрөө заръя гэхээр нь тэгээ тэг гэж хэлсэн. Ингэж хэлж яваал алга болсон. Би хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед С.Бтой утсаар ярьж мөнгөө нэхэмжлэхэд бүтэт гэж байгаа гээл бас худлаа яриад алга болсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96/,

 

Гэрч Ц.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би хүү Э.Баасандоржид 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын БЗД-ийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Орд цогцолбор хотхоны 18 тоот 2 өрөө орон сууцны байрыг 110.000.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн нь үнэн. Уг орон сууцны байрыг би Мон Энерго Строй ХХК-ийн захирал С.Б гэж хүнээс худалдаж авч өгсөн. С.Б нь 2014 онд Архангай аймгийн төвд Хөдөлмөрийн баатар Р.Минжүүрийн хөшөөг боржин чулуугаар хийлгэхээр болж надтай 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээний нийт дүн нь 90.000.000 төгрөг болсон. Би уг гэрээнд заасны дагуу хөшөөг боржин чулуугаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээд 2014 оны 07 дугаар сард дууссан боловч, гэрээнд заасны дагуу С.Б нь надад мөнгөө төлж барагдуулж чадаагүй. Ажил хийгдэж байх үед урьдчилгаа төлбөр болох 30.000.000 төгрөгийг надад өгөөд. үлдсэн 60.000.000 төгрөгийг төлөхгүй явсаар байгаад 2016 он хүргэсэн. Ингээд би өдөр болгон шахуу мөнгөө нэхээд утсаар яриад байхаар 2016 оны намар мөнгөний чинь оронд 2 өрөө байр өгье зөрүү мөнгө өгч чадах уу гэж надаас асуухаар нь би байрыг нь үзье гээд Замын цагдаагийн газрын зүүн талд баригдсан Алтан-Орд цогцолбор хотхоны 2 өрөө орон сууцны байрыг надад үзүүлсэн. Ингээд би шинэ байр байхаар нь тухайн үед манай хүү Э.Бгасандорж эхнэр, хүүхэдтэй болчихсон байсан тул тусдана гаргая гэж бодоод, мөн дээр нь С.Боос ингээд ч болтугай мөнгөө олж авъя гэж бодоод байрыг нь авахаар болоод, 50.000.000 төгрөг нэмж өгөөд нийт 110.000.000 төгрөгөөр уг орон сууцны байрыг худалдан авахаар болж Э.Баасандоржийн нэрээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Худалдаж авч байгаа байрны гэрчилгээ нь өөр эмэгтэй хүний нэр дээр бүртгэлтэй байсан тул худалдаж авахаасаа өмнө ямар нэгэн барьцаа, зээлэнд тавигдсан байна уу гэдгийг шалгаж байж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийхээс өмнө надтай утсаар яриад хоёулаа бага үнийн дүнгээр гэрээгээ хийчихье татварт бага мөнгө төлдөг юм гээд надаас гуйгаад байхаар нь би гэрээ хийх үед нь дотогш ороогүй гадаа машинд үлдээд эхнэр, хүүхэд хоёроо оруулсан. Намайг орвол бага үнийн дүнгээр гэрээ хийх гээд байж магадгүй гэж бодоод энэ хоёрыгоо оруутал манай эхнэр, хүү хоёр гараад ирэхээр нь яав юу болов гэсэн чинь үнийн дүнгээ багаар бодож гэрээ хийх гэхээр нь зөвшөөрөхгүй гээд гараад ирлээ гэхээр нь за тэгвэл татварт төлөх мөнгийг нь тавь, тавин хувиар нь төлье гээд гэрээ хийчих гэж хэлсэн. Ингээд эхнэр, хүүхэд хоёр буцаж ороод худалдаж авсан үнийн дүн болох 110.000.000 төгрөгөөр гэрээгээ хийгээд би татварт төлөх мөнгөнийх нь 50 хувийг өгч байсан. Татварт төлөх мөнгөнд хэдэн төгрөг төлж байснаа одоо сайн санахгүй байна. Мөн С.Б нь надад ярихдаа байрны эзэн эмэгтэй нь манай дүү гэж ярьж байсан. Тэр эмэгтэйтэй нь бол би уулзаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109/,

 

Гэрч Ж.Жадамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2016 оны 10 дугаар сард намайг ажилд ороод удаагүй байхад. Компанийн жолооч Даваатүвшин над руу утсаар яриад агуулахад хүрээд ир сэлбэг ирчихлээ гэж надад хэлсэн. Би буугаад очиход ажилчдын Старекс маркын автомашинд 8 ширхэг втулка ачаад ирсэн байсан. Өмнө нь С.Б захирал өр барагдуулах зорилгоор Эрэл ХХК-иас 8 ширхэг втулка ирнэ гэж хэлж байсан юм. Эрэл компаниас өр барагдуулах журмаар гээд 8 ширхэг втулка авчирж өгсөн. Үүнээс хойш 10 орчим хоногийн дараа С.Б захирал намайг өрөөндөө дуудаж уулзаад Нарантуул захын зүүн талаас втулка очиж хүлээж ав гээд Даваатүвшин бид хоёр портер машин хөлслөөд 60 ширхэг втулка очиж авсан. Уг 60 ширхэг втулка сэлбэг хэрэгсэлийг өр барагдуулах зорилгоор авч байгаа гэж С.Б захирал надад хэлсэн. Ингээд нийт 68 ширхэг втулкыг компанийн агуулахад хураасан. Дээрх 68 ширхэг втулка бүгд нэг ижил марк дугаартай байсан. Экскаваторын сэлбэг гэж л сонссон. Уг 68 ширхэг втулка сэлбэг хэрэгсэлийг нягтлан Амарзаяа, Төмөрбаатар нар компанийн орлогот авахгүй гээд захирал С.Б орлогот ав гээд маргалдаад байсан. Ингэж явсаар байгаад сүүлдээ орлогот авахаар болоод компанийн орлогот авсан. 60 ширхэг втулканаас 55 ширхэгийг Монгол керамик ХК, 5 ширхэгийг Онь тэнгэрийн бичиг ХХК-ийн нэр дээр бүртгээрэй гэж захирал С.Б надад хэлж байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 45-46/,

 

Гэрч М.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...Өр, авлагандаа втулка нийлүүлсэн асуудал бол С.Б, Д.Энхбаяр хоёрын хоорондын асуудал. Энэ хоёр хүн хоорондоо юу яриад яаж тохиролцсон талаар мэдэхгүй байна. Намайг энэ асуудалд татаж оруулаад байх ямар ч шаардлага байхгүй гэх мэдүүлэг /4-р хх-ийн 242-243/,

 

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “35919.05.02.302 маркийн втулка нь 1 ширхэг нь 4.800.000 төгрөг, 68 ширхэг нь 326.400.000 төгрөг, 2006 онд үйлдвэрлэгдэж 2012 онд Монгол улсад орж ирсэн хьюндай старекс маркийн автомашин 12.000.000 төгрөг, R33-1800 маркийн дугуй 1 ширхэг нь 7.800.000 төгрөг, 7 ширхэг нь 54.600.000 төгрөг, нийт 393.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 165-171/,

 

-Монгол керамик ХК-д сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ,  сэлбэг хүлээлцсэн баримт /1-р хх-ийн 46-49/,

-Д.Эрдэнэсүрэнгээс Л.Уранцэцэг 55 ширхэг втулка шилжүүлэн авах арилжааны гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн баримт /1-р хх-ийн 58-60/,

-Л.Уранцэцэгээс Д.Эрдэнэсүрэн орон сууц, автозогсоол худалдан авахтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 61-69/,

-Онь тэнгэрийн бичиг ХХК-с шуудай, утас, гар машин худалдаж авах тухай гэрээ, уг гэрээтэй холбоотой санхүүгийн баримт, эвлэрлийн гэрээ, зарлагын баримт, дансны хуулга /1-р хх-ийн 78-89/,

-Арвис Итгэл ББСБ-с С.Бын 50.000.000 төгрөг зээлсэн гэрээ, төлбөрт Л.Уранцэцэгээс авто зогсоол шилжүүлсэнтэй холбоотой баримт /1-р хх-ийн 97-106/,

-Мон Энерго Строй ХХК, Үүдэн чулуу ХХК хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, төлбөрт авсан зөрүү мөнгөний баримт, Л.Уранцэцэгээс орон сууц шилжүүлсэнтэй холбоотой баримт /1-р хх-ийн 110-118/,

-С.Быг ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай Багануур илч ХХК-ийн ТУЗ-ийн тогтоол /1-р хх-ийн 176-177/,

-Монгол керамик ХК, Онь тэнгэрийн бичиг ХХК, Эрэл тоосгоны үйлдвэр зэрэгтэй байгуулсан эвлэрлийн гэрээ, шүүгчийн захирамж, Багануур илч ХХК-ийн гүйцэтгэх захиралын комисс томилох тушаал, хөрөнгө шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 178-192/,

-хьюндай старекс маркийн тээврийн хэрэгслийн талаарх баримтууд, тээврийн хэрэгсэл худалдаж авсан гэрээ,  Багануур илч ХХК-ийн гүйцэтгэх захиралын комисс томилох тушаал, авто машин хүлээлцсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 196-211/,

-Эрэл ХХК-с сэлбэг хүлээлцсэн тэмдэглэл, Онь тэнгэрийн бичиг ХХК-с втулка хүлээлгэн өгсөн зарлагын баримт, Монгол керамик ХК-с втулка хүлээлгэн өгсөн зарлагын падаан, С.Бын санхүүгийн хэлтэст гаргасан тайлбар /1-р хх-ийн 212-215/,

-good year  1800-R33 маркийн хүнд даацын дугуйг Багануур илч ХХК-с Багануур ХК-д худалдсан гэрээ, зарлага орлогын баримт /1-р хх-ийн 225-231/,

-Багануур илч ХХК-ийн ТУЗ-ийн тогтоол, хурлаар хэлэлцэх асуудлыг жагсаалт, хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 82-101/,

-3519.05.02.302 маркийн втулкыг Улсын хилээр оруулж ирсэн болон Монгол керамик ХК, Эрэл ХХК, Онь тэнгэрийн бичиг ХХК-уудын гаалиар оруулж ирсэн барааны жагсаалт /2-р хх-ийн 102-156/,

-БАГАНУУР ИЛЧ ХХК-ийн дүрэм /2-р хх-ийн 157-164/,

-эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоол, тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /4-р хх-ийн 17-28/,

-Иннова ХХК-нд бэлэн мөнгө тушаасан баримтууд /4-р хх-ийн 114-118/,

-ШУТИС-ийн МехТС, металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төвийн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн №6/06 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 189-192/ зэрэг хавтас хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баритууд болох /4-р хх-ийн 35, 56-57 зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож үнэлэв.

 

Шүүгдэгчийг ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, нотлох баримтуудыг хэрэгт тусгуулах, хавсаргуулах ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Бын Багануур Илч ХХК-ийн гүйцэтгэх захиралаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж “Монгол керамик” ХХК-иас авах ёстой авлага 284.791.475 төгрөгт “Багануур Илч” ХХК-д ашиглагддаггүй 55 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр авсан, мөн “Эрэл” ХХК-иас авах ёстой авлага 42.000.000 төгрөгт 8 ширхэг втулкийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авсан, мөн “Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр авсан, мөн “Багануур Илч” ХХК-д 2016 онд 16.000.000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн "Мон Энерго Строй" компанийн 38-60 УНЯ улсын дугаартай зах зээлийн үнэлгээгээр 12.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндэй Старекс” автомашиныг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Багануур Илч" ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулан “Багануур Илч” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Монгол керамик ХК-аас өр, төлбөрт авсан гэх 3519.05.02.302 маркын втулка 55 ширхэгийг С.Бын хүргэн Д.Эрдэнэсүрэн нь БНХАУ-аас оруулж ирж Монгол керамик ХК-аас 3 өрөө байр, 2 өрөө байр тус бүр нэгийг, дөрвөн автомашины зогсоолын хамт авч С.Б нь өөрийн өртэй хүмүүсдээ 2 өрөө байр, 2 автомашины зогсоолыг өгсөн болох нь худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас авсан лавлагаа, гэрч Д.Эрдэнэсүрэн, Л.Уранцэцэг, Д.Ганбат, Э.Баасандорж, Ц.Энхтайван нарын мэдүүлгээр,

Онь тэнгэрийн бичиг ХХК-ийн нэрийг ашиглаж Багануур Илч ХХК-тай нүүрсний шуудай нийлүүлэх 11/26 дугаартай 60.009.000 /жаран сая есөн мянган төгрөг/-ийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж санхүүжилтийг бэлнээр болон тус компанийн Голомт банкны дансаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 49.753.700 төгрөгийг шилжүүлж, хувьдаа мөнгийг гаргуулж авсан. Улмаар 33.967.000 төгрөгөнд шуудай, утас, шуудайны амны оёдлын машин нийлүүлж үлдэгдэл 25.042.000 төгрөгөнд тус компаниас 3519.05.02.302 маркын втулка 5 ширхэгийг авсан мэтээр 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "Онь тэнгэрийн бичиг" ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяртай эвлэрлийн гэрээ байгуулсан.  С.Б нь "Онь тэнгэрийн бичиг" ХХК-ийн нэрийг ашиглаж өөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан компанитай шуудай нийлүүлэх гэрээ байгуулсан болох нь гэрч Д.Энхбаяр, Эрхэмбаяр нарын мэдүүлэг, тус компанийн дансны хуулга, кассаас бэлнээр мөнгө гаргасан баримт, шуудай, утас, оёдлын машин нийлүүлсэн баримт зэргээр,

Эрэл ХХК-аас өр төлбөрт 1 ширхэгийг 6.000.000 төгрөгт тооцож, нийт 42.000.000 төгрөгийн R33-1800 маркийн 7 ширхэг белазийн дугуйг авсан байтлаа  Иннова ХХК-аас дээрх дугуйг авсан болгож 2015 оны 12 сарын 31-ний өдөр Багануур ХК-д 1 ширхэгийг нь 7.500.000 төгрөгөөр буюу НӨАТ орсон үнэ 57.750.000 төгрөгөөр худалдсан. Эрэл тоосгоны үйлдвэрээс 3519.05.02.302 маркийн тус втулкыг тус бүрийг 5.250.000 төгрөгөөр бодож 42.000.000 төгрөгийн төлбөрт авсан мэт байдлаар Багануур илч ХХК-д орлогод авсан нь гэрч Д.Отгонбат, А.Тогтох нарын мэдүүлэг, 2 өөр байдлаар хийсэн эвлэрлийн гэрээ, Багануур илч ХХК-ийн гүйцэтгэх захиралын комисс томилох тушаал, хөрөнгө шилжүүлсэн баримт зэргээр,

С.Б нь хувийн "Мон Энерго Строй" ХХК-ийн нэр дээр 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны едрийн хооронд бүртгэлтэй байсан 38-60 УНЯ улсын дугаартай Хьюндэй Старекс маркийн тээврийн хэрэгслийг төрсөн дүү С.Батбаярынхаа хадам аав Ц.Ганбатын нэр дээр 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлж, улмаар тус тээврийн хэрэгслийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр "Багануур-Илч" ХХК-ийн ажилчдын унааны зориулалтаар 16.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хувийн компанийн өмчөө бусдын нэр дээр шилжүүлээд 1 хоногийн дараа өөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан компанидаа зах ззэлийн ханшнаас өндөр үнэлгээтэй худалдаж авсан болох нь гэрч Ц.Ганбат, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Авто тээврийн үндэсний төвөөс авсан тээврийн хэрэгслийн лавлагаа, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг нь тухайн хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

Шүүгдэгч С.Б нь хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаал болох Багануур илч ХХК-ийн гүцэтгэх захиралаар тус хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдож, тодорхой хугацаанд ажилласны дараагаар өөрөө хүсэлт гаргаж тус хуулийн этгээдийн шинэчлэгдсэн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгджээ.

Тэрээр ажиллах хугацаандаа өөрийн хүргэн болох Д.Эрдэнэсүрэнд хэлж БНХАУ-с 3519.05.02.302 маркийн втулкыг худалдан авахуулсан. Улмаар Монгол керамик ХК-нд шилжүүлэхдээ тус компаний захирал Э.Өлзийбаярын төрсөн эх Л.Уранцэцэг гэгч нь тус компанид сэлбэг зээлээр худалдсан мэт байдлаар гэрээг 2016 оны 10 сарын 05-ны өдөр бичгээр хийж, 2016 оны 10-р сарын 05-ний өдөр Багануур илч ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б болон Монгол керамик ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд нар нэхэмжлэлийн дүн болон улсын тэмдэгтийн хураамжид 3519.05.02.302 маркийн 55 ширхэг втулкыг нийлүүлж өр төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж харилцагч байгууллага болох 285.582.428 төгрөгийн авлагатай Монгол керамик ХК-наас тус компанид ашигладаггүй 55 ширхэг 3519.05.02.302 маркийн втулкыг төлбөрт тооцон авч Багануур илч ХХК-ийн орлогод бүртгүүлсэн,

Мөн Багануур илч ХХК нь Эрэл тоосгоны үйлдвэрээс 139.512.350 төгрөгийн авлагатай байсан байхад эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр шийдвэрлүүлсэн гэх байдлыг үүсгэж 1 ширхэгийг 6.000.000 төгрөгт тооцож, нийт 42.000.000 төгрөгийн төлбөрийг хасч R33-1800 маркийн 7 ширхэг белазийн дугуйг тус үйлдвэрээс авсан ч энэ бодит байдлыг өөрчлөн Иннова ХХК-аас дээрх дугуйг авсан болгож 2015 оны 12 сарын 31-ний өдөр Багануур ХК-д 1 ширхэгийг нь 7.500.000 төгрөгөөр буюу НӨАТ орсон үнэ 57.750.000 төгрөгөөр худалдаж гэрээ байгуулсан. Харин Эрэл тоосгоны үйлдвэрээс 3519.05.02.302 маркийн тус үйлдвэрт ашиглагддаггүй втулкыг тус бүрийг 5.250.000 төгрөгөөр бодож 42.000.000 төгрөгийн төлбөрт авсан мэт байдлаар Багануур илч ХХК-д орлогод авахуулсан,

Мөн Онь тэнгэрийн бичиг ХХК-иар огт ажил гүйцэтгүүлэлгүйгээр нэрийг нь ашиглаж бодит байдлаас зөрүүтэй байдлаар гэрээ хийж төлбөрт мөнгө шилжүүлэн авлага үүсгэж, уг 26.042.000 төгрөгийн авлагын оронд Онь тэнгэрийн бичиг ХХК-д ашиглагддаггүй 3519.05.02.302 маркийн втулка 5 ширхэгийг авч Багануур илч ХХК-ийн орлогод бүртгүүлсэн,

Мөн өөрийн хамаарал бүхий компани болох Мон Энерго Строй ХХК-ийн эзэмшилийн 38-60 УНЯ улсын дугаартай хьюндай старекс маркийн тухайн үеийн зах зээлийн ханшаар 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг өөрийн төрсөн дүү С.Батбаярын хадам эцэг Ц.Ганбатын нэр рүү шилжүүлж, түүнээс Багануур илч ХХК-д худалдан авч байгаа мэт байдлыг зохиомлоор үүсгэж 16.000.000 төгрөгөөр худалдаж авсан үйлдэлүүд нь Багануур илч ХХК-ийн ТУЗ-ийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Багануур илч ХХК-ийн дүрмийн 8.3.15, 8.7, 8.10, 9.11.4, 9.11.9, 10.2, 12.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

Шүүгдэгчийг уг үйдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. С.Б нь Онь тэнгэрийн бичиг ХХК, Монгол керамик ХК, Эрэл тоосгоны үйлдвэр зэрэг хуулийн этгээдүүдэд огт хэрэглэгддэггүй, зөвхөн уул уурхайн ЭКГ-8И маркийн экскаваторт хэрэглэгдэх 3519.05.02.302 маркийн втулка сэлбэгийг өөрийн хүргэн Д.Эрдэнэсүрэнгээр дамжуулан олон тоо ширхэгээр олж аван дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгож, өөртөө ашиг хонжоо олох зорилгоор тус компаниудтай үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгөөр зөрүү гарган сольж аван улмаар Багануур илч ХХК-ийн ашиг сонирхолд хохирол учруулж орлогод авахуулж, тус компанийн ТУЗ-ийн шийдвэргүйгээр, дүрмээр тогтоосон эрх хэмжээнээс эрх мэдлээ хэтрүүлэн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирч буй хохиролтой шууд шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

 

Иймд шүүгдэгч С.Быг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нь Багануур илч ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу тус компанийн авлагыг барагдуулж толгой компанидаа хэрэгтэй 3519.05.02.302 маркийн втулка, хүнд даацын тээврийн хэрэгслийн дугуйг зах зээлийн ханшаар төлбөрт тооцон авч компанид хэрэгтэй ажил хийсэн учир гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр суурьтайгаар гэм буруугийн талаар маргаж шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан С.Бын хийсэн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, өр төлбөр барагдуулж компанид ашигтайгаар ажилласан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай саналыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл дээрх байдлаар тогтоогдсон болно.

 

Хохирогч Багануур илч ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай албан бичигт “тус компани нь 2016 онд нэр бүхий 3 компаниас өр авлагынхаа оронд авсан 353.624.427,87 төгрөгийн үнэ бүхий 3519.05.02.302 маркийн сэлбэгийг толгой компани болох Багануур ХК-д шилжүүлсэн тул манай байгууллагад ямар нэгэн тооцоогүй болно. Манай компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан С.Бтой манай компани ямар нэгэн хохирол, тооцоогүй болсон тул нэхэмжлэхээс татгалзаж байна” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдаж эд хөрөнгө битүүмжлсэн зорилго хангагдсан тул шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч С.Бод ял оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэсний дараа учруулсан хохиролыг төлсөн буюу төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогчдын дүгнэлт, шүүгдэгчийн гэмт хэргийн талаарх дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Б-ыг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч С.Быг шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт С.Бын эзэмшлийн 76-51 УНБ улсын дугаартай Ниссан примера маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ