Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/09

 

 Ө.Баярмагнай, А.Гандолгор нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

           Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Б.Мөнхдөл,

шүүгдэгч Ө.Баярмагнайн өмгөөлөгч Г.Энхжаргал,

шүүгдэгч А.Гандолгорын өмгөөлөгч Б.Батчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганпүрэв, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюунсүрэн нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 47 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нарт холбогдох 201708000052 дугаартай 2 хавтас 299 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч улсын яллагч Б.Мөнхдөлийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч Ө.Баярмагнай нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхэд халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж бие махбодид нь хүнд гэмтэл учирсан,                                                      

Шүүгдэгч А.Гандолгор нар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн баг бүлгийн туслах багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны /цэцэрлэгийн захирлын зөвшөөрөлгүйгээр ажлаа орхиж явсан/ улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өөжигийн Баярмагнай, Боржигин овогт Александрын Гандолгор нарт холбогдох эрүүгийн 201708000052 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “гар утсанд үзлэг хийсэн бичлэг-2” гэсэн бичигтэй сиди, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн камерын бичлэг хуулсан “2017” гэсэн бичиг бүхий цагаан өнгийн сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагч Ч.Ягаанцэцэг буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгээс 3 069 607 /гурван сая жаран есөн мянга зургаан зуун долоо/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 12-1-10 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч С.Энхжингийн хууль ёсны төлөөлөгч О.Ганпүрэвт олгож, шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгорнараас хувь тэнцүүлэн 3 069 607 /гурван сая жаран есөн мянга зургаан зуун долоо/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгт олгож, цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын яллагч Б.Мөнхдөлийн гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд 2017/ШЦТ/47 дугаартай цагаатгах тогтоолоор:

            “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өөжигийн Баярмагнай, Боржигин овогт Александрын Гандолгор нарт холбогдох эрүүгийн 201708000052 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай...” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан. Гэтэл Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2017/ШЦТ/47 дугаартай цагаатгах тогтоолын “Тодорхойлох“ хэсэгт шүүх “...харин шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт байгаа Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм, шүүгдэгч нарын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3-р цэцэрлэгт цэцэрлэгийн багш болон туслах багшийн үүрэгт ажлыг хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байсан, ажлын байрны тодорхойлолтонд зааснаар бүлгийн хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж, тэднийг ахуйн осол гэмтлээс хамгаалж ажиллах, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдлын дүрмээр хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцлийг бүрэн бүрдүүлж ажиллах үүрэг хүлээсэн, хүүхдийг эзэнгүй орхихгүй байх аюулгүй ажиллагааны зааварчилгааг авсан байдал бүрэн тогтоогдсон, уг ажилдаа хайнга хандсаны улмаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3-р цэцэрлэгийн бага ангийн хүмүүжигч 2 нас, 8 сартай С.Энхжингийн биед хүнд гэмтэл учирсан болох нь нотлогдсон байна...” гэж дүгнэсэн атлаа тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан аль үндэслэлээр нь цагаатгаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нарт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн мөртлөө шүүгдэгч нарын үйлдлийг “Гэмт хэргийн шинжгүй” гэж 2 өөр зөрүүтэй дүгнэж, тогтоолын “Тогтоох” хэсэгт цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх” гэж заасан ба уг цагаатгах тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

  Шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн багш болон туслах багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхэд  халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус цэцэрлэгийн тогтоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогдсон ба тэдний үйлдлийг аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох 2002 оны эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь /Сургуулийн өмнөх насны  хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах/ 2015 оны эрүүгийн хуулинд хуульчлагдаагүй өөрөөр хэлбэл уг үйлдэл нь шинэчлэн найруулсан хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон, мөн эрүүгийн хуулийг төсөөтөй хэрэглэхгүй гэсэн үндэслэлүүдээр хэргийг  хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь буруу болсон байна.

Зүй нь шүүгдэгч нарын холбогдсон хэргийг шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах/ 1 дэх хэсэгт заасан “ Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний биед хүнд хохирол учруулсан ...” гэсэн гэмт хэрэгтэй дүйцүүлэн үзэх боломжтой байсан бөгөөд ингэж дүйцүүлж байгаа нь эрүүгийн хуулийг төсөөтөй хэрэглэсэн гэсэн ойлголт биш юм.

Шүүгдэгч нарын үйлдэлд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүй байгаагаас гадна хүний биед хүнд хохирол учирсан хор уршиг мөн байгаа тул тэдний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч нарын  2002 оны Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлд заасан “сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах” гэсэн гэмт үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болоогүй харин хохирогчид хүнд гэмтэл учирсан тохиолдолд хүний биед хүнд хохирол болгоомжгүй учруулах гэсэн гэмт хэрэгт нэгтгэгдсэн гэж ойлгогдох бөгөөд харин шинэ хуучин хуулиар оногдуулж болох ялыг нь харьцуулан үзсэний эцэст шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй байжээ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Мөн шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.14 дүгээр зүйлийн /Хэргийг хэрэгсэхгүй болгох/ 1.5 дах хэсэгт зааснаар буюу “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо давхар цагаатгана гэсэн нь буруу буюу хуулийг буруу хэрэглэсэн алдаа болжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн  нь нотлогдоогүй  бол шүүх цагаатгах тогтоол гаргана”  гэсэн байхад шүүх энэ хоёр тохиолдлын алийг нь гэж үзсэнээ тодорхой дурьдаагүй, аль ч тохиолдол нь тухайн хэрэгт хамааралгүй байхаар байхад цагаатгах тогтоол гаргасан нь буруу байна.

          Шүүхээс нэгэнт цагаатгах тогтоол гаргаж байгаа тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах ёстой. Гэтэл шүүх  тус зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т “ таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгох” гэсний дагуу шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасныг баримтлан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, мөн тус зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг цагаатгах тогтоолд тусгаж өгөх байтал хохирогчид учирсан хохирлыг иргэний хариуцагчаас, иргэний хариуцагчид шүүгдэгч нараас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдаа болжээ.

          Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 рны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2017/ШЦТ/47 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ОДНЯМАА

                                                ШҮҮГЧИД                                 Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Г.ТЭГШСУУРЬ