Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 79

 

Ц В П, Т Г Н

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ц В П, Т Г Н, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал, хохирогч М.Н, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар магадлалтай, Ц В П, Т Г Н нарт холбогдох 201412000033 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц В П, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Оросын холбооны улсын иргэн, 1955 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ц В П нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учирсан”, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2. Оросын холбооны улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т Г Н нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учирсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ц В П, Т Г Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, шүүгдэгч Ц В П-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц В П-г хууль бусаар ашигт малтмал ашиглаж олборлосны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц В П-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц В П-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц В П-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Ц В П-гээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1,169,294,000 төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт, мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105,913,328 төгрөг, харуул хамгаалалт болон шатахууны зардал болох 27,866,400 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч “Б...” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ц В П, Т Г Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, шүүгдэгч Ц В П-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1, 214 дүгээр зүйлийн 214.2 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц В П, Т Г Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, шүүгдэгч Ц В П-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц В П, Т Г Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, шүүгдэгч Ц В П-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “шүүгдэгч Ц В П-гээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1,169,294,000 төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газарт, мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105,913,328 төгрөг, харуул хамгаалалт болон шатахууны зардал болох 27,866,400 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч “Б...” ХХК-д олгосугай” гэснийг “шүүгдэгч Ц В П болон “А...” ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлд зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1,169,294,000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105,913,328 төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, харуул хамгаалалт болон шатахууны зардал болох 27,866,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтыг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлд заасныг зөв хэрэглэсэн боловч шүүгдэгч Ц В П болон А ХХК-иас хууль бусаар олборлолт явуулж олсон жоншны үнэ болох 1,169,299,000 төгрөгийг улсын төсвийн орлогод олгохоор зааж төлбөр авагчийг буруу тодорхойлж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах хууль, эрх зүйн зохицуулалтыг баримтлан Өлзийт сумын орон нутгийг хөгжүүлэх санд оруулах үндэслэлтэй. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн талаар гаргасан сум, дүүргийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх, 31 дүгээр зүйлийн 31.1.5-д албан татвар, төлбөр, хураамж хураах, зохих төсөвт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх арга хэмжээ авах бүрэн эрхтэй байх тул сум уг ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Б...” ХХК-тай хамтран ажиллах замаар хуулийн хүрээнд иргэддээ ашиглуулах, орон нутгийн хөгжилд зарцуулах боломжтой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн Засгийн газар 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлан сум, орон нутагт ашигт малтмал олборлуулах, татвар, хураамж авах бүрэн эрх олгосон. Иймд “А...” ХХК-ийн хууль бусаар ашигласан талбайд байсан жоншийг орон нутаг олборлон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, үр ашиг нь суманд үлдэх бүрэн үндэслэлтэй байсан. Иймд “А...” ХХК-ийн хууль бусаар олборлож, компанийн эзэн хувьдаа завшсан 1,169,294,000 төгрөгийн гэм хорын хохирлыг Дундговь аймгийн Өлзийт сумын орон нутгийг хөгжүүлэх санд оруулахаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Хэрвээ энэ төлбөрийг Өлзийт сумын орон нутгийг хөгжүүлэх санд өгөхгүй бол уг ашигт малтмалыг ашиглах эрх нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон “Б...” ХХК-д хуулийн дагуу олгогдох учиртай. Тус сумын удирдлага, ард иргэд, “Б...” ХХК нь олон жил Ц-гийн хууль бус үйлдэлтэй тэмцэж, холбогдох хуулийн байгууллагад хандаж шалгуулах зэргээр багагүй зардал гаргаж, гэмт этгээдийн гэм бурууг хоёр шатны шүүхээр тогтоолгож, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгон энэ хэргийн оролцогчоор эхнээс нь явж байгаа болно. Байгаль орчин нөхөн сэргээлтийн төлбөр болох 105,913,328 төгрөгийг Өлзийт суманд олгохоор шийдвэрлэсэн магадлалын заалтыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар сум нь нөхөн сэргээлтэд хяналт тавих эрх үүрэгтэй тул уг нөхөн сэргээлтийн зардлыг суманд олгосон нөхцөлд сум ямар нэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан нөхөн сэргээлт хийлгэх зэргээр захиалагчийн үүрэг гүйцэтгэхээр байна. Уг талбайн тусгай зөвшөөрлийг “Б...” ХХК эзэмшиж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.12, 38 дугаар зүйлийн 38.1.2, 38.1.3, 38.1.4, 38.2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн сэргээлт хийх асуудлыг “Б...” ХХК-д хариуцуулж 105,913,328 төгрөгийг тус компанид олгож дээрх хуулийг хэрэглэж магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Энэ тохиолдолд Өлзийт сум хуульд заасан хяналт тавих, шалгах үүргээ биелүүлж ажиллах боломжтой болох юм. Үүнээс гадна уг талбай нь асар их эвдрэлтэй тул нөхөн сэргээлтийн зардал хүрэлцэхгүй байх магадлалтайг мөн харгалзан үзнэ үү. Энэ тохиолдолд сумаас нэмэлт санхүүжилт хийх ямар ч боломжгүй юм. “Б...” ХХК нь “А...” ХХК-ийн зүгээс хууль бусаар, технологийн бус аргаар олборлолт явуулж хүн, мал амьтанд аюул учруулахаар хэзээ ч нурж болзошгүй ангал нүхнүүдтэй, талбай руу хувиараа жонш олборлогч этгээдүүд хулгайгаар нэвтрэн орж осолд өртөж гэмтэх, амь насаа алдахаас сэргийлж, аймаг, сумын цагдаа, прокурор Мэргэжлийн хяналтын газраас гаргасан хүсэлт, үүргийн дагуу байнгын хамгаалалт гаргаж хамгаалж байгаа. Энэ нь Ц-гийн учруулсан гэмт үйлдэл юм. Иймд харуул хамгаалалтад гарч байгаа зардал, гэм хорын хохирол болох 27,866,400 төгрөгийг “Б...” ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг буюу 3 дахь заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүх “А...” ХХК-ийн захирал В.П.Ц-г  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг тогтоосон. Харин хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан. В.П.Ц нь шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа гадаадад гарч явахаар бэлтгэсэн, хохирогч Д.У-гийн хохирлыг төлөх баталгаа байхгүй тул хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Д.У-д Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэн нас барсан О.Э-гийн ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор, охиных нь тэжээгчээ алдсаны тэтгэмж, талийгаачийн цалингийн зөрүүг тус иргэний нэхэмжлэлд заасан хэмжээгээр В.П.Ц болон “А...” ХХК-иас хувь тэнцүүлэн гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч В.П.Ц гаргасан гомдолдоо “...А ХХК нь “Б...” ХХК-ийн хайгуулын ХҮ-013544 зөвшөөрөлтэй талбай руу ороогүй, энэ талбай дээр ажиллаагүй, хэнд ч хохирол учруулаагүй. “А...” ХХК нь 4 лицензийн дагуу үйл ажиллагаа явуулсан. 5976Х ба 6399А зөвшөөрөлтэй талбайн солбицлуудын цэгүүдийг багтаасан талбайд “А...” ХХК нь 2003-2007 онуудын хооронд геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж, геологи хайгуулын тайлан болон техник эдийн засгийн үндэслэл батлагдсан, хүдрийн 2 биетийн нөөцийн хэмжээ ойролцоогоор 204.1 мян.тн гэсэн хэмжээгээр Улсын нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн. 2005-2008 оны хооронд “А...” ХХК нь төслийн өмнөх ажиллагааг гүйцэтгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 26-03 дүгнэлтээр 5976Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн Хөтөл-Ус 1 нэртэй 107 га талбайд хийгдсэн хайгуулын ажлын тайланд 43 га талбайтай 6399А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Хөтөл 2 талбай багтдаг болно. Ашигт малтмалын газрын даргын 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 333 дугаар тушаалаар 2003-2007 онуудад “А...” ХХК-ийн Хөтөл-Ус 1 нэртэй хайлуур жоншны ордод хийсэн хайгуулын ажиллагааны тайлан батлагдсан. Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 365 дугаар тушаалаар “А...” ХХК-д Хөтөл-Ус 1 талбайн 2 хүдрийн биетийг хоёр хэсгээс ашиглаж эхлэхийг зөвшөөрсөн. “А...” ХХК нь 333, 365 тушаалаар батлагдсан хүдрийн хоёр биет нь 204.1 мян.тн нөөцтэй, 5976Х зөвшөөрөлтэй Хөтөл-Ус 1 талбайн цэгүүдээс гараагүй болно. 2003-2014 онуудад “А...” ХХК нь Хөтөл-Ус 1 ордын уулын ажлын төлөвлөгөөг батлуулахдаа хүдрийн 2 биетийг хоёр уурхайгаас олборлоно гэж төлөвлөн кординатаа заагаад хүлээлгэн өгөхөд Ашигт малтмалын газар ямар ч тайлбар шаардлага гаргахгүйгээр хүлээн авч баталсан.

“Г...” ХХК-ийн дүгнэлтийн талаар. Г ХХК нь эдийн засгийн дүгнэлт гаргах зөвшөөрөлгүй. Байгаль орчны дүгнэлт гаргах байтал мэргэжлийн бус эдийн засгийн дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргасан этгээд нь газар зүйн судлаач биш, газар зүйн тусгай тоног төхөөрөмж ашиглаагүй.

“Э...”  ХХК-ийн дүгнэлтийн талаар. Уг дүгнэлтэд заасан дээж авсан талбайнууд нь 5976Х зөвшөөрөлтэй газрын солбицлын гадна байгаа бөгөөд хамааралгүй газар юм. Дээж авч шинжлүүлсэн талбайн лабораторийн дүгнэлт нь хэрэгт байхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс тогтоосон хохирлын дүнг зөвшөөрөхгүй, учир нь “А...” ХХК нь Ашигт малтмалын газрын даргын 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 333 дугаар тушаалаар нөөцийг баталсан хүдрийн 2 биетийг техник эдийн засгийн үндэслэлийг баталсан Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 365 дугаар тушаалд заасан тэмдэглэгээ бүхий газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулсан. Шинжээчийн дүгнэлтэд маргаан бүхий газрыг бэлчээр бүхий гэжээ. Гэтэл энэ газар нь хадан цохио болон чулуу ил гарсан хөрсгүй тул малын бэлчээр гэсэн ангилалд орохгүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа “А...” ХХК-ийн эрх бүхий ажилтныг оролцуулаагүй, Хөтөл-Ус 1 ордын талаарх шаардлагатай баримтуудыг аваагүй, судлаагүй.

Хохирогч М.Н нь өөрийнхөө болгоомжгүй байдлаас болж гэмтэл авсан. Тэрээр ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны заавартай танилцсан. Машины хөдлөх хэсэгт хаалт хамгаалалт суурилуулах, хяналт тавих нь засварын бригадын дарга буюу мастер М.Н-ийн үүрэгт ажил юм. Хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны заавар өгдөг дэвтэр хөтлөгдсөн ба хохирогч М.Н заавар авсан гээд гарын үсэг зурсан. Г.Н.Т нь Хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан биш юм.

Хохирогч өөрийн болгоомжгүй байдлаас үүдэн осолд орсон ба тэр тракторын шанаганд сууж явах ёсгүй байсан. Хэсгийн дарга дур мэдэн захирлын зөвшөөрөлгүйгээр гадны хүнийг ажлын байранд нэвтрүүлсэн. Хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны зааврын дэвтэр хөтлөгдсөн ба хохирогч заавар авсан гэж гарын үсгээ зурсан байдаг” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Ц В П-г Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг, Хөтөл-Ус гэх газар ашигт малтмал олборлох явцдаа “Б...” ХХК-ийн ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай руу нэвтэрч хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсан гэж прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5-д заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн заалтад хамаарч байгааг шүүх анхаарч дүгнэлт өгсөнгүй. 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр бичигдсэн яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсоор байтал Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хууль тогтоогч 4 зүйлд хуваан хуульчилсан ба үүнд ямар ч тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг, хоёрт, тусгай зөвшөөрөлтэй мөртлөө тухайн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй иргэн, хуулийн этгээдийг яллах тухай тодорхой зааж, бусад үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхээр зохицуулсан байна. Ц В П-гийн “Хөтөл-Ус-1” гэх газарт явуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.3-т заасныг зөрчсөн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу шийдвэрлэгдэх ёстой гэж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх тухайн зүйл дээр буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийг зөв шийдвэрлэснийг илтэд үндэслэлгүйгээр өөрчилж, 2015 оны Өршөөлийн хуульд хамруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг тодорхой заагаагүй нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэснээр шийдвэрлэгдэх ёстой байсан. Давж заалдах шатны шүүхээс шинэ Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэг буюу Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, 11 дүгээр бүлэг буюу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт зүйл ангиудыг дүйцүүлэн хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан, ингэж дүйцүүлж байгаа нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байгаа ойлголт биш гэж дүгнэсэн нь буруу юм. Хууль тогтоогч тухайн бүлгийн зүйл хэсэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-99 дүгээр зүйлүүдийг шинэ Эрүүгийн хуулийн 10, 11 дүгээр бүлэгт хуульчилсан гэж ойлгож байна. Иймд миний үйлчлүүлэгч нарын холбогдсон зүйл ангиуд нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.3, 10.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах зөрчлийн хэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлөх байдал үүссэн талаар. Яллагдагч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай тул өмгөөлөгч та дахин хүсэлт гаргах шаардлагагүй гэж байсан боловч анхан шатны шүүх хуралдаан дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх ямар ч ажиллагаа хийгээгүй орхигдуулсан. Хэрвээ шүүх хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хууль зөрчиж үндэслэлгүй гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг дахин гаргуулсан бол миний үйлчлүүлэгч нар шүүхийн шийдвэрт дурдагдсан онц их хэмжээний төлбөрт орох ёсгүй байсан. Шийтгэх тогтоолын шүүгдэгчийн гэм буруутайг тогтоох хэсгийн заалтад өмгөөлөгчийн санал дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ огт бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар маргаан бүхий талбайн нөөц нь улсын бүртгэлд 2008 оны 6 дугаар сард авагдсан, 2016 оныг дуустал ямар нэгэн компани хайгуул хийгээгүй, тухайн талбай дээр “Го..”, “Б...” ХХК-иуд гэрээгээр болон хууль бусаар ашиглалт явуулж байсан нь тогтоогдсон. Ийм учир өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж мөрдөн байцаалт болон шүүх дээр мэдэгдэж, энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргахад шүүх үндэслэлгүйгээр хүлээж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг зөрчсөн тул шийтгэх тогтоол үндэслэл бүхий бус боллоо.

Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй болон шинжээч нарын дүгнэлт үндэслэлгүй талаар. Мөрдөн байцаах байгууллагаас В.П.Ц-г 2012 оноос эхлэн 2014 онд хууль бусаар олборлолт явуулсан гэдэг боловч энэ цаг хугацааг хэрхэн нотолсон баримт хэрэгт байхгүй. Төрийн байгууллага хайгуул хийж, нөөцийг улсын бүртгэлд авсан талбайг өөр компанид давхардуулан олгосон төдийгүй 2008 оны 6 дугаар сараас 2009 оны 7 дугаар сарыг дуустал Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын албан тушаалтнууд “А...” ХХК-ийн тайланг хүлээн авч батлах явцдаа ашиглах гэж байгаа газарт хайгуул хийлгэхээр тусгай зөвшөөрөл дахин олгосон тухай мэдэгдээгүй. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж ял халдааж байгаа нь хууль бус болж байна. Тухайн талбайг хамруулан оруулсан зураг бүхий уулын ажлын болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, түүний биелэлтийн тайланг 2004-2014 оныг дуустал хугацаанд зохих газарт өгч баталгаажуулж байсан баримт хэрэгт авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс дүгнэхэд Ашигт малтмалын газрын кадастрын албаны буруутай үйлдлээс болж “А...”, “Б...” ХХК-иудын хооронд бусдын хил зөрчиж олборлолт явуулсан гэх маргаан гарсан гэж үзэж байна. Ашигт малтмалын газрын кадастрын албаны холбогдох мэргэжилтнүүд ямар ч тохиолдолд “А...” ХХК-ийн хайгуул хийж улсын нөөцөд бүртгүүлсэн тухайн талбайг гуравдагч компанид олгох ёсгүй байсан. Эдгээр баримтыг анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэн няцааж байгаа тухай дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангахгүй байна. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар шинжээчийн дүгнэлтэд 6399А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хэтрүүлэн бусдын эзэмшлийн 1,46 га талбайд олборлолт явуулж 138610 мз орон зай үүсгэсэн гэж талбайг буруу бичжээ. Энэ талбайд “А...” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг болно. Тухайн талбай хууль бусаар “Б...” ХХК-д шилжсэнийг 2014 онд мэдсэн бөгөөд хэтрүүлсэн гэх талбайд үйл ажиллагаа явуулах уулын ажлын төлөвлөгөөг батлуулж, уурхайн олборлолт нөхөн сэргээлтийн ажлын тайланг албан ёсоор Ашигт малтмалын газарт хүргүүлэн батлуулж байсныг шүүхээс дүгнэж, шийтгэх тогтоолд заах ёстой байсан. Мөн маргаан бүхий талбай дээр 2003 оноос хойш “А...” ХХК нь хайгуулын болон олборлолтын ажил явуулж, бараа бүтээгдэхүүнийг ОХУ руу импортоор гаргаж гаалийн болон холбогдох албан татварыг төлсөн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч В.П.Ц нь 2008 оноос эхлэн “А...” ХХК-д хөрөнгө оруулж, 2011 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн ба 2003 оноос энд ажиллаж хайгуулын олборлолт явуулж байсан хүмүүсийн өмнөөс одоогийн гүйцэтгэх захирал төлбөр төлөх ёстой болж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Яллах дүгнэлтэд дурдсан 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тухайн ашигт малтмалын үнийг уурхай дээрх үнэлгээ 70,000 төгрөгийн ханшаар тооцоход нийт үнэлгээ нь 1,169,294,000 төгрөг болж байна гэж дүгнэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь улсын нөөцөд албан ёсоор хүлээн авсан хүдрийн нөөцийн хэдэн хувийг 2012-2014 онд В.П.Ц олборлож ашигласан, 2003 оноос 2008 он хүртэлх хугацаанд хэний зөвшөөрлөөр ямар ямар компани хэдэн тонныг нь олборлож, татварт яаж тайлагнасан, одоо маргаж байгаа талбайд ашиглаагүй үлдсэн хэдий хэмжээний жоншны чулуулгийн биет байгааг тогтоогоогүй, холбогдох материалыг шалгалгүйгээр зөвхөн В.П.Ц 2012-2014 он хүртэл ашиглалт, олборлолт явуулснаас үүдсэн хохирол гэж нялзаах нь учир дутагдалтай. Мөрдөн байцаагч шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, шинжээч нар маргаан бүхий газарт үзлэг хийхдээ “А...” ХХК-ийн төлөөллийг оролцуулаагүй, санхүүгийн баримт шаардаагүй, дүгнэлтэд хайгуулын тайлан, техник эдийн засгийн үндэслэлээс дурдаагүй нь дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох оролдлого хийгээгүй гэдгийг нотолно. Ашигт малтмалын тухай хуульд нөхөн сэргээлтийг газрын хэвлийн баялгийг ашиглаж дууссаны дараа эсхүл жил бүр хийж гүйцэтгэж байх зохицуулалттай байна. “А...” ХХК нь нөхөн сэргээлтийн баталгааны зардал гэх мөнгийг Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргаас заасан дансанд байнга шилжүүлж байсан, энэ баримтыг хэрэгт хавсаргуулсан байгаа. Дүгнэлт гаргасан компани нь “Б...” ХХК-ийн эзэмшлийн “Үнст худаг” гэх нүүрсний орд газар дээр шинжилгээ хайгуулын ажлын тайлан гаргаж, үйлчилгээ үзүүлж байсан ашиг сонирхлын зөрчилтэй компани юм. “Э...” ХХК-ийн үнэлгээний материалд дээж авсан цэгүүд гэх зурган үзүүлэлтүүдийн дор “Эх сурвалж Экотрэнд /2014 он/ Үнст худаг төслийн байгаль орчин, нийгмийн төлөв байдлын үнэлгээний тайлан” гэж тодорхой бичигдсэн байна. Энэ нь өөр газрын судалгааны баримтыг үндэслэл болгосон. Мөн шинжээч томилохоос өмнө 2014 оны 11 дүгээр сард дээж авч байсан тухай бичжээ. Өөрөөр хэлбэл шинжээч нь энэ дүгнэлтийг гаргах тухайгаа урьдчилан 2 сарын өмнө мэдсэн байна. Дүгнэлтэд тусгагдсан талбайн цэгүүд нь маргаан бүхий талбайн солбицлын цэгүүдээс зөрж байгаа. Мөн хадтай хөрсийг бэлчээртэй хольж хутган экологийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд лабораторийн шинжилгээний нэг ч дүгнэлт авагдаагүй байна. Зөвхөн лабораторийн дүгнэлтийг үндэслэн дээрх аргыг боддог болохыг холбогдох мэргэжлийн хүмүүс хэлж байна. Био масс авсан гэх цэг нь уурхайгаас хэдэн км зайд байгааг заагаагүй, дүгнэлтэд 400 м гэж худал бичсэн. Эдгээр нь шинжээч 2015 онд тухайн газар дээр очиж албан ёсоор шинжилгээ хийгээгүйг нотолж байна. “Г...” ХХК нь шинжээчээр томилсон мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 7-ны тогтоолыг аваад 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр шинжилгээ хийж, мөн л 3 хоногийн дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10 дугаартай дүгнэлт гаргасан байна. Хэрвээ уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй эрх бүхий шинжээч дүгнэсэн бол маргаж байгаа талбайгаас ашигласан ашигт малтмалын хэмжээг тооцохдоо үүсгэсэн орон зай, ухашны үлдсэн тогтоцоор бус харин эрдэс баялгийн зөвлөлөөр батлагдсан улсын нөөцөд авсан дүнгээс хэдэн тонныг авч ашигласан, хэдэн тонн үлдсэнийг тооцох байсан. Уурхайгаас зарсан гэх үнэлгээг тооцохдоо “А...” ХХК-ийн анхан шатны санхүүгийн болон татварын баримт бичгийг авч судлаагүй нь дүгнэлт үндэслэлгүй болох нэг шалтгаан болж байна. Улсын төсвийн хөрөнгөөр болон “А...” ХХК-ийн хайгуулын дүнгээр ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөлтэй талбайд нийт хоёр ширхэг жоншны чулуулаг биет байгаа бөгөөд үүний бодит хэмжээ 150,0 мян.т, боломжтой нөөц 204.1 мян.т гэж тогтоосон байдаг. Шинжээч ямар хэмжээтэй хэсэг нь “Хөтөл-Ус” 2 буюу маргаан бүхий талбайд байсан, хэдий хэмжээ нь одоо газар доороо байгааг ч тооцоогүй дүгнэлт гаргасан. 1,46 га талбайгаас олборлосон ашигт малтмалын хэмжээ, мөнгөн дүнг тооцоолон 1,169,294,000 төгрөг гаргасан дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж маргасан. Иймд 10 дугаартай шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй юм.

Аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэх хэргийн талаар. Улсын дээд шүүхээс хэргийг хянаад “Хөтөл-Ус” 2 жоншны ил уурхай руу нэвтрэхэд аюулгүй ажиллагааны ямар дүрэм зөрчигдсөн болон ямар албан тушаалтан гэм буруутай болохыг нарийвчлан тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж дүгнээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл одоог хүртэл ил уурхай руу нэвтрэхэд аюулгүй ажиллагааны ямар журам зөрчигдсөн, хэн буруутай болохыг тогтоосон ажиллагаа хийгдээгүй. Хэрвээ мөрдөн байцаалтын явцад энэ байдлыг тогтоосон бол В.П.Ц-гийн холбогдсон “Хөтөл-Ус” 2 жоншны уурхайд О.Э-гийн амь нас хохирсон гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн дагуу цагаатгах тогтоол гаргах үндэслэл бий болох байсан. Жоншны ил уурхай руу нэвтрэх аюулгүй ажиллагааны дүрмийг Э, Г, Б хохирогч нар зөрчсөн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч Өршөөлийн хуульд хамрагдсан байтал В.П.Ц-г давхар яллаж байгаа нь учир дутагдалтай. Дээрх хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдаж холбогдох хэргээс чөлөөлөгдсөн асуудалд шүүх дүгнэлт өгсөнгүй.

Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн гэх хэргийн талаар. М.Н нь засварт байгаа тоног төхөөрөмжид үзлэг хийхдээ бусад ажилтнуудад “Би үзлэг хийхээр гарлаа, тоног төхөөрөмжөө асааж болохгүй шүү” гэж анхааруулсан бол ямар ч осол гарахгүй байсан. Г.Н.Т нь “А...” ХХК-д болон Чойр хэсэгт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтнаар томилогдсон тушаал хэрэгт байхгүй бөгөөд захирлаас өгсөн даалгаврыг дамжуулсных нь төлөө гэм буруутайд тооцогдож буйд гомдолтой байна. Г.Н.Т-г 2014 оны 4 дүгээр сард тоног төхөөрөмж хариуцсан ажилтнаар давхар томилсныг хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй хариуцсан ажилтан болгож байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед “А...” ХХК нь 2 хэсэг дээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 30 хүрэхгүй хүнтэй компанид хоёр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер ажиллуулна гэдэг нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч В.П.Ц-гийн хувьд Чойр хэсэгт гарсан осол дээр ямар ч гэм буруугүй бөгөөд тухайн өдрийн хийх ажлын талаар Г.Н.Т ажлын даалгавар өгсөн байдаг. Дээрх үйлдэл дээр В.П.Ц, Г.Н.Т нарын холбогдох хэргийг нь цагаатгах нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх анхаарлаа хандуулахыг хүсье. Иймд миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Ц В П болон “А...” ХХК-иас хууль бусаар олборлолт явуулж байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн сэргээлтийн төлбөр болох 105,913,328 төгрөгийг Өлзийт сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, мөн хуулийн 12.1.2-т заасан харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох талаарх хуулиар олгогдсон хяналт тавих эрх, үүрэгтэй нийцэхгүй байна. Тусгай зөвшөөрлийг “Б...” ХХК эзэмшиж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.12, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, 38.1.2-т зааснаар нөхөн сэргээлт хийх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах, хүрээлэн байгаа орчны бохирдлыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, хариуцах, хийж гүйцэтгэх, хуулиар олгогдсон эрх, үүрэгтэй байна. Иймд нөхөн сэргээлт хийлгэхтэй холбогдох асуудлыг “Б...” ХХК-д хариуцуулж, 105,913,328 төгрөгийг тус компанид олгож дээрх хуулийг хэрэглэх замаар магадлалын 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн “Б...” ХХК Дундговь аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, аймгийн Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагаас өгсөн үүргийн дагуу В.П.Ц болон “А...” ХХК-ийн хууль бусаар эвдэж сүйтгэсэн, хүн, мал амьтан осолдохоор их сүйдсэн талбайг жоншны хулгайчид болон нинжа нараас хамгаалж, асуудлыг хуулийн байгууллага эцэслэн шийдвэрлэж, нөхөн сэргээлт хийх хүртэл байнгын хамгаалалт гаргаж, гэрээт хамгаалалтын газраар хамгаалуулж байгаа бөгөөд энд гарч байгаа зардал 27,866,400 төгрөгийг “Б...” ХХК-д олгуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны магадлалын зарим хэсгийг буюу 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Ц В П нь Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай “А...” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа хууль бусаар жонш олборлож, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай хуулийг зөрчсөний улмаас иргэн О.Э-гийн амь нас хохирсон, мөн хуулийг зөрчсөнөөс хохирогч М.Н-ийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Ажил олгогчийн зүгээс ажилтныхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан инженерийг томилох ёстой. А.У гэх хүнийг аюулгүй ажиллагааны инженерээр ажиллах тушаал гаргасан байдаг боловч тэрээр Улаанбаатар хотод ажилладаг байсан. Мөн тухайн компанид ажиллаж буй ажилчдад мэдлэг олгох сургалтыг тасралтгүй явуулж байх ёстой. Энэ мэргэжлийн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, хүний биед хүнд гэмтэл учирсан. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьект мөн гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Чойр хэсэгт ажиллаж байсан шүүгдэгч Т Г Н-ийг энэ хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Нэг үүргийг хоёр хүнд тохон буруутгаж ял шийтгэл оногдуулах нь үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримталж уг хуульд хамааруулан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг шинэ Эрүүгийн хуультай харьцуулан буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчиж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц В П, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ц В П нь “А...” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар магадлагаа хийлгэж зохих зөвшөөрөл авна”, “ажил олгогч нь ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, “ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулна”, “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглоно”, “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “А...” ХХК-ийн жоншны уурхайд ажиллаж байсан О.Э нь жижиг оврын тракторт дарагдаж амь насаа алдсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ц В П нь “А...” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийнхөө хаалт, хамгаалалтыг хийх” гэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зохих заалтыг,

шүүгдэгч Т Г Н нь “А...” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах “жонш бутлах, ангилах, ялгах” үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт хэсгийн орлогч даргаар ажиллаж байхдаа “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зохих заалтыг тус тус зөрчсөний улмаас уг үйлдвэрт бригадын даргаар ажиллаж байсан М.Н нь шигшүүрийн гинжинд зүүн гарын сарвуугаа хавчуулж, зүүн гарын 2, 3, 4, 5 дугаар хуруу тасарсан гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ц В П нь “А...” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 36 дугаар зүйлийг тус тус зөрчин “Б...” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай руу нэвтэрч жонш олборлох үйл ажиллагаа явуулж, онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ц В П-гийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас О.Э-гийн амь нас хохирсон, Ц В П, Т Г Н нарын ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас М.Н-ийн биед гэмтэл учирсан, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг тогтоосноор Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл болох атал хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдсон үйл баримтын дүгнэлтгүйгээр хэргийг зүйлчилж, гэм буруугийн асуудлаар маргаж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэснийг зөрчжээ.

Түүнчлэн О.Э-гийн амь нас хохирсон үйлдэлд холбогдуулж мөрдөн байцаалтын шатанд уурхайн дарга Л.Э, өрмийн мастер Б.Г, уулын мастер Б.Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг нь тус тус хэрэгсэхгүй болгосон атлаа энэхүү үйлдэлд Ц В П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай болно.

Мөн хохирогч М.Н-ийн гарын хуруу тасарч хүнд хор уршиг учирсан үйлдэлд шигшүүрийн гинжийг ажиллуулсан бутлуурч Н.М-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 буюу бусдад болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах гэмт хэрэгт яллагдагчаар татсан хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, хавтаст хэрэгт баримт авагдаагүй, энэ талаар талууд гомдол, хүсэлт гаргасан байхад ямар нэг эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч О.Э амь насаа алдсан үйлдэлд хэн, эсхүл хэдэн хүн гэм буруутай болох, хохирогч М.Н-д учирсан гэмтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97, эсхүл 138 дугаар зүйлээр дангаар, эсхүл давхар зүйлчлэгдэх эсэх, нэг гэмт хэрэгт хэд хэдэн хүн, эсхүл өөр өөр гэмт хэрэгт хэд хэдэн хүн гэм буруутай байж болох нотлох баримт, прокурор, шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагджээ.

Мөн анхан шатны шүүхээс Ц В П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1, 138 дугаар зүйлийн 138.2, Т Г Н-ийг мөн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцоогүй байхад давж заалдах шатны шүүх тэднийг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсон нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц В П-гийн “А...” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 36 дугаар зүйлийг тус тус зөрчин “Б...” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай руу нэвтэрч жонш олборлох үйл ажиллагаа явуулж, онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлийн үйл баримтыг тогтоосон хэдий ч энэхүү үйлдэл нь зөрчил, эсхүл гэмт хэргийн шинжтэй эсэх талаар гомдол гаргасан өмгөөлөгч, хэргийн оролцогчийн гомдол, хүсэлтэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлээгүй байна.

Дээрх ажиллагааг хяналтын шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гэм буруугийн асуудлаар маргаж буй шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэлийн асуудлаар маргаж буй иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН