Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00690

 

Ц.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03378 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00009 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 945 473 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхцэцэг, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзсан тул 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч тал 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй хугацааны цалин хөлс гаргуулахаар хариуцагчид хандсан боловч хариу өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 80 000 төгрөг, урамшуулалд 571 281 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 540 000 төгрөгийг төлсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй. Нэхэмжлэгч тал ажилдаа эргэн ороогүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд тооцсон. 

Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 4 754 192 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, гэм хорын хохиролд 1 191 281 төгрөг, нийт 5 945 473 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай байгууллага Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр нэхэмжлэгчтэй уулзах болоход тэрээр ирж уулздаггүй, уулзалтыг 2-3 удаа хойшлуулсан. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажил олгогчоос гаргасан саналд хариу өгөхгүй байж байгаад Шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч бид албадан гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/63 тоот тушаалаар түүнийг стандартчилал тохирлын үнэлгээний бодлогын газарт мэргэжилтнээр томилж, энэ тухай мэдэгдсэн боловч ажилдаа ороогүй.  Мөн нэхэмжлэгч тал “Монгол Ус” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/25 тоот тушаалаар тус байгууллагад мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн нь нийгмийн даатгалын дэвтрээс харагддаг. 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03378 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.А-ийн гаргасан хариуцагч Стандартчилал, хэмжил зүйн газарт холбогдох 5 945 473 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00009 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03378 дугаар тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Стандарт, хэмжил зүйн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 754 192 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 80 000 төгрөг, урамшууллын зардалд 571 281 төгрөг нийт 5 405 473 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 540 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж хариуцагч Стандарт, хэмжил зүйн газраас улсын тэмдэгтийн хураамжид 101 438 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 017 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хариуцагч СХЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхцэцэгийн 99020975 дугаарын утаснаас нэхэмжлэгч Ц.А-ийн эзэмшлийн 99995913 дугаарын утсанд тушаал гарсан, ажилдаа орох тухай мэдэгдлийг 2017 оны 05 дугаар сарын 30, 06 дугаар сарын 05-ны өдрдүүдэд зурвасаар илгээж албан ёсоор мэдэгдсэн болно. Энэ талаарх нотлох баримтыг Мобиком корпорациас гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хариуцагч татгалзлаа нотлох гэсний дагуу Ц.А-д албан ёсоор мэдэгдсэнээ нотлох гэсэн боловч шүүх миний хүсэлтийг хангаагүй. Давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 21-нд Алтангэрэлийг ажилд томилсныг мэдсэн гэж хөөн хэлэлцэх хугацааг тооцсон. Гэтэл энэ өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгч Батмөнх өөрийн биеэр СХЗГ-т ирж мэдэгдэх хуудас бичиж, ажилгүй байсан хугацааны олговор олгох дансны дугаар, Ц.А-ийн нийгмийн даатгалын дэвтрийг өгсөн болно. Бид 2017 оны 06 дугаар сарын 02-ны 04/547 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Алтангэрэл нарыг томилсон шийдвэрийг хүргүүлсэн энэ тухай анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа дурдсан болно.

Хариуцагч би удаа дараа Алтангэрэлд тушаал гарсан талаар мэдэгдсэн тухай анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийн нэг болгож бичсэн. Нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрч энэ асуудлаар огт маргадаггүй. Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх дээр маргаагүй асуудлаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.А- ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 4 754 192 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулж, гэм хорын хохиролд 1 191 281 төгрөг, нийт 5 945 473 төгрөгийг гаргуулахыг хүсч, хариуцагч С-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221\МА2017\0025 дугаар магадлал, Улсын Дээд шүүх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.А-ийг Стандартчилал, техникийн зохицуулалтын газрын мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 617 082 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

С- нь даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б\63 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.А-ийг Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газарт мэргэжилтний ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 617 082 төгрөг олгосон байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тухайлбал, хариуцагч С- нь Ц.А-ийг ажилд томилсон тушаалын талаар мэдэгдсэн гэх үйл баримт тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагад шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж байсан байдлыг үндэслэн ажил олгогч тушаал гаргаснаар ажилтныг бодитоор ажиллуулаагүй гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааны талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан шаардлагад нийцсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргаанд хамааралтай зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН