Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00009

 

     Ц.А-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03378 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч СХЗГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 945 473 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХЗГ-ын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзсан тул 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч тал 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй хугацааны цалин хөлс гаргуулахаар хариуцагчид хандсан боловч хариу өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 80 000 төгрөг, урамшуулалд 571 281 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 540 000 төгрөгийг төлсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй. Нэхэмжлэгч тал ажилдаа эргэн ороогүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд тооцсон. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 4 754 192 төгрөг гаргуулж, нийгмийн болон  эрүүл  мэндийн  даатгалын  дэвтэрт  бичилт хийхийг даалгаж, гэм хорын хохиролд 1 191 281  төгрөг, нийт 5 945 473 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр нэхэмжлэгчтэй уулзах болоход тэрээр ирж уулздаггүй, уулзалтыг 2-3 удаа хойшлуулсан. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажил олгогчоос гаргасан саналд хариу өгөхгүй байж байгаад Шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч бид албадан гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/63 тоот тушаалаар түүнийг стандартчилал тохирлын үнэлгээний бодлогын газарт мэргэжилтнээр томилж, энэ тухай мэдэгдсэн боловч ажилдаа ороогүй. Мөн нэхэмжлэгч тал “М“ ТӨҮГ-ын захирлын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5/25 тоот тушаалаар тус байгууллагад мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн нь нийгмийн даатгалын дэвтрээс харагддаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.А-ийн гаргасан хариуцагч СХЗГ-т холбогдох 5 945 473 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажилласныхаа хувьд удаа дараа буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалинг өгөхийг тохиролцоонд хүрэх замаар буюу эвлэрлийн журмаар шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байсан талаар хариуцагчийн төлөөлөгч маргадаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь зөвхөн маргаан шийдвэрлэх байгууллагатай холбоотой хугацаа гэж үзэхээр байна.

Тухайлбал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар дуусаагүй байна. Иймд 4 754 192 төгрөгт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч СХЗГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 754 192 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийхийг даалгах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг, урамшууллын зардал 571 281 төгрөг, өмгөөллийн хөлс 540 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ц.А-ийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 126 591,26 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагч СХЗГ-т даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 8-16/

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0025 дугаар магадлалаар Ц.А-ийг СХЗГ-ын мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 617 082 төгрөг гаргуулж олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ. /хх 16-24/

Хэрэгт авагдсан СХЗГ-ын даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.А-ийг Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газарт мэргэжилтний ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 617 082 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан үйл баримт тогтоогдсон байна.  /хх 36/

Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан маргааны талаар гомдол гаргах хугацааг хэргийн 37-39 дэх талд авагдсан  нэхэмжлэгчтэй уулзалт хийсэн гэх 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсон нь буруу байх тул давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Хариуцагч СХЗГ-ын даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.А-ийг урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон байх боловч уг тушаалыг нэхэмжлэгчид хэзээ мэдэгдсэн үйл баримт тодорхойгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг хариуцагч байгууллагад 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн гэж тусгагдсан зэргээс хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг бодитойгоор ажиллуулж байсан гэх байдал тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хариуцагч байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ. 

Дээр дурдсан үндэслэлэээр нэхэмжлэгч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 754 192 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал төлснөөр хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг, урамшууллын зардал 571 281 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн эрх зүйн туслалцаа авах эрхийг хариуцагч байгууллагад үүрэг болгох үндэслэлгүй тул өмгөөллийн хөлс 540 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03378 дугаар тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч СХЗГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 754 192 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 80 000 төгрөг, урамшууллын зардалд 571 281 төгрөг нийт 5 405 473 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 540 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

    2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж хариуцагч СХЗГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 101 438 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 017 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                                         ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА