Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 3378

 

 

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2017/03378

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц-ын гаргасан,

 

Хариуцагч: С-т холбогдох,

 

5,945,473.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.                                      

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 тоот тушаалаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон юм.

 

Гэтэл хариуцагч тал шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс удаа дараа татгалзаж байсан тул 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг ийнхүү гүйцэтгүүлсэний дараагаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар хариуцагчид хандсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тодорхой хариу өгөөгүй.

 

Нэхэмжлэгч өмнөх ажилдаа эргэн орох болоход хариуцагч талын зүгээс түүнд сонгон шалгаруулалтанд хамрагдах шаардлага тавьдаг, гэтэл шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон байхад үндэслэлгүй юм.

 

Бидний зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 80,000.00 төгрөг, урамшуулалд 571,281.00 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 540,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй боловч ийм хэмжээний зардлыг гаргасан.

 

Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч тал ажилдаа эргэн ороогүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлслийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцсон.

 

Иймд, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 4,754,192.00 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, гэм хорын хохиролд 1,191,281.00 төгрөг, нийт 5,945,473.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Э тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

“Манай байгууллага нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр нэхэмжлэгчтэй уулзах болоход тэрээр ирж уулздаггүй, ийм байдлаар уулзалтыг 2-3 удаа хойшлуулсан.

 

Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажил олгогчоос гаргасан саналд хариу өгөхгүй байж байгаад Шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч бид албадан гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/63 тоот тушаалаар түүнийг стандартчилал тохирлын үнэлгээний бодлогын газарт мэргэжилтнээр томилж, энэ тухай мэдэгдсэн боловч ажилдаа ороогүй.

 

Мөн нэхэмжлэгч тал “Монгол Ус” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/25 тоот тушаалаар тус байгууллагад мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрээс харагддаг.

 

Иймд, нэхэмжлэлийг дээр дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Аээс хариуцагч Ст холбогдуулан 5,945,473.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 4,754,192.00 төгрөг, гэм хорын хохиролд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 80,000.00 төгрөг, урамшуулалд 571,281.00 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 540,000.00 төгрөг, нийт 5,945,473.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 684 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ц.А нарын гарсан Стандартчилал, хэмжил зүйн газрын даргад холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/03 тоот тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 тоот тушаалын 2 дугаар хавсралтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай захиргааны хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байна /х.х-ийн 8-15-р хуудас/.

 

Улмаар хариуцагчийн гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус тус шүүхийн шийдвэр, магадлалыг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ /х.х-ийн 16-24-р хуудас/.

 

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Аийг Стандартчилал, техникийн зохицуулалтын газрын мэргэжилтнээр томилж, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,617,082.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/63 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газарт мэргэжилтнээр томилжээ /х.х-ийн 36-р хуудас/.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн 32.2.-т “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан.

 

 Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх гэдэгт иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага, албан тушаалтнаас тухайн шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй байдгаар тодорхойлогдох бөгөөд хэрэв хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрт заагаагүй буюу урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилоогүй, ийнхүү томилохдоо хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зааснаас өөр нөхцлийг санал болгож, ажиллахаас татгалзахад хүргэсэн бол хариуцагчийг шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхгүй, энэ тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахад саад болохгүй юм.

  

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ”-г байгуулж, ажиллагааны зардалд 80,000.00 төгрөгийг төлж, төлбөр төлөгч буюу хариуцагчаас гаргуулах 7,617,082.00 төгрөгөөс урамшуулалд 7.5 хувиар тооцож 571,281.00 төгрөгийг төлөхөөр болжээ /х.х-ийн 6, 25, 26-р хуудас/.

 

  1. Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 4,754,192.00 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлагын тухайд,

 

            Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, төрийн улс төр, тусгай, захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд үүн дотор ажилтныг буруу халсан болон шилжүүлсэн үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох, түүнийг шаардах журмыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж, мөн 128 дугаар зүйлийн 128.1.-д “Дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гээд 128.1.5.-д “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан буюу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох тухай маргаан”-ыг шүүх шийдвэрлэх юм.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, түүнчлэн 75 дугаар зүйлийн 75.1.-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж заасан.

 

            Тодруулбал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг хөдөлмөрийн маргаан таслах комисс бус харин шүүх харъяаллын дагуу хянан шийдвэрлэх бөгөөд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад гомдлыг тухайн этгээд ийнхүү эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор харъяа шүүхэд гаргах ёстой.

 

            Гэтэл нэхэмжлэгч тал хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хэдийгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Ст шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч зохигчид 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар уулзалт зохион байгуулснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах болон зардал гаргуулах тухай гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулсан байна /х.х-ийн 37-39-р хуудас/.

 

            Өөрөөр хэлбэл, талуудын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд дурьдснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн шийдвэрийг хэлбэрэлтгүй буюу “зохих ёсоор биелүүлэхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй, сонгон шалгаруулалт явуулах тохиолдолд түүнд оролцохгүй, энэ талаар ирэх 1 дэх өдөр гэхэд надад хариу өг, тодорхой хариу өгөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандана” гэсэн байгаагаас үзвэл тэрээр хариуцагчийг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэхгүй  буюу түүний эрхийг зөрчсөөр байгааг тус өдрөөс эхлэн мэдсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу эхлүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор” гэсэн заалтыг гомдол гаргагч этгээд тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болох зохицуулалттай ч нэхэмжлэгч тал хуульд заасан тус хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэхийг баримтаар нотлохгүй байна.

 

            Тодруулан хэлбэл, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2.-т” хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан................................эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасныг үзэхэд нэхэмжлэгч В.А ажлаас үндэслэлгүй халагдсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардах эрхийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.

 

Иймд, нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байх тул тэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн олговорт 4,754,192.00 төгрөг гаргуулах болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахыг шаардах эрхгүй.

 

  1. Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 80,000.00 төгрөг, урамшуулалд 571,281.00 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 540,000.00 төгрөг, нийт 1,191,281.00 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталж, 2017 оны 06 дугаар сарын 09-ний хүчингүй болгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4.-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно” гэж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-д “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртлэх хувиар урамшуулна” гэж, түүнчлэн 83.2-т “энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелэдсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгө болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж хуульчилж өгсөн байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг төлөх үүргийг төлбөр төлөгчид, урамшуулалын төлбөрийг төлөх үүргийг төлбөр авагчид хүлээлгэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь ийнхүү хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгчид өгөх 571,281.00 төгрөгийн урамшуулал болон үйл ажиллагааны зардалд төлсөн 80,000.00 төгрөгийг хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болсон хохирол гэж үзэж нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д “гэм хор учруулснаас иргэний эрх зүйн харилцаа үүснэ” гэж заасан бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.4.4-т “эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд урчуулсан хохирлыг арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцаж арилгах үүрэгтэй” гэж заажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан гэм хор учирч, иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд хохирол учруулагч этгээдийн хүсэл зоригоос хамаарсан түүнд захирагдсан үйлдэл, эс үйлдэхүй байх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй зөвшөөрөгдөөгүй буюу буруу байх, гэм буруутай байх болон хохирогч этгээдийн хуульд заасан эрх зөрчигдөх, гэм буруу - үйлдлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

 

Гэтэл хариуцагч тал ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид гэм хор учруулсан үйл баримт тодорхойгүй байгаагаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болон урамшууллыг төлөх үүргийг хуулиар төлбөр авагч болон төлбөр төлөгчид ногдуулсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 540,000.00 төгрөгөөр энэхүү гэрээнд заасан үйлчилгээг үзүүлэхээр болжээ /х.х-ийн 27-р хуудас/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тэрээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа тусгай эрхлэх зөвшөөрөлтэй хуульч биш, харин эрх зүйч мэргэжилтэй бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлээгүй ажээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар аливаа иргэн хууль зүйн туслалцаа авах, шүүх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээд эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах эсхүл авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчид төлсөн төлбөрийг хариуцагчийн гэм буруутай үйлдлээс хамаарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.              

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Аийн гаргасан хариуцагч Ст холбогдох 5,945,473.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,080.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД                              Д.ЦЭРЭНДОЛГОР

 

                                    Л.ЭНХЖАРГАЛ