Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1032

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 21 өдөр        Дугаар 181/ШШ2016/01032           Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Т.Ганчимэг, шүүгч Ч.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчний 68-4 тоотод оршин суух, Есөн-Эрдэнэ овогт Амарын Доржготов/РД: ЧБ69071213/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Метро бизнес төв, 709 тоотод байрлах, “Роял Өүшн” ХХК/РД: 5426987/-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 14 970 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Доржготов, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ундрахтамир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг нарыг оролцуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Доржготов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2013 оны 12 дугаар сард “Дөл” зуухыг хороонос захиалж “Рояал Өүшн” ХХК-иар байшиндаа байршуулсан. Байшинд 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 цаг орчимд түймэр гарч 10 770 000 төгрөгийн хохирол манайд учирсан.

Иймээс уг хохирлыг зуухны “Рояал Өүшн” ХХК-иар гаргуулж өгнө үү. Хариуцагч нь галын аюулгүй байдлыг хангаагүй мөн зуухыг буруу байрлуулсанаас болж дээрх гал түймэр гарах шалтгаан нь болсон. Гал гарах үед гэрийн эд хогшил шатсан байгаа. Шатсан эд хогшлийг жагсаалтаар гаргасан байгаа.

Уг хохирол нь пийшэн зуухны цонолтын улмаас байшингийн хамар хана/гол зуух, жижиг өрөөний/ тааз, доторх эд хогшил шатсан “Дөл” зуухыг “Рояал Өүшн” ХХК-иас манайд суурьлуулж байршуулсан болно. Галын голомт нь зуух, тусгаарлах хананд хэт ойртсоноос цонож шатсан.

Манай гэрт гал түймэр гарсан өдрөөс хойш буюу 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 123А тоотод А.Цагааннохойгийн өмчлөлийн нийтийн орон сууцны зориулалттай байрны нэг өрөөг сарын 110.000-150.000 төгрөгөөр өнөөдрийг хүртэл хөлслөн амьдарч байна. Тухайн үед цалингийн зээл авсан байсан тул орон сууцаа сэргээн засварлах боломжгүй байна.

Иймд “Рояал Өүшн” ХХК-иас орон сууц хөлслөхөд зарцуулсан 4 200 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч “Рояал Өүшн” ХХК-иас нийт 14 970 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашдэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хууль зүйн үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Доржготовын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Рояал Өүшн ХХК нь А.Доржготовын гэрт 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороо, Хилчин 68-4 тоотод суурилуулсан байдаг. Суурилуулахдаа А.Доржготовын хүүхэд Д.Энхтүвшинг байлцуулан “Дөл” зуухыг ажиллуулах бүрэн зааварчилгааг өгч, эхний галлагаа хийж өгсөн. Ингэж зааварчилгаа өгөхдөө суурилуулалт хийсэн ажилтан н.Хүрэлбаатар баталгааны хуудас дээр “Ханан пийшингээ сайн хөөл!, зааврын дагуу зөв галлах шаардлагатай!, зуухны хажуу ханыг тусгаарлан хамгаал!” гэсэн нэмэлт зааварчилгааг өгч анхааруулан, зуух хүлээн авсан Д.Энхтүвшингээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Рояал Өүшн ХХК-ийн нийлүүлдэг “Дөл” зуух нь Монгол улсын стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн бөгөөд Стандартчилал хэмжил зүйн газрын Дугаар:УБИ0000019 Тохирлын гэрчилгээгээр MNS 5216:2011, EN 13240:2011 стандартуудыг хангасан, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-122/1607 “Бүрэн шаталттай зуухыг ханан пийшинд холбох тухай” Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээр “Дөл зуух нь түлшний шаталтыг бүрэн удирдах боломжтой, 1, 2 дугаар агаар өгөх тохируулгатай ханан пийшинд орох утааны температурын хэмжээ нь пийшинг бүрэн халаах боломжтой нь хэмжилтээр харагдлаа” гэж дүгнэсэн байдаг.

“Дөл” зуух нь автомат төхөөрөмж биш бөгөөд шууд хэрэглэгчээс хамааралтай, механик ажиллагаатай бүтээгдэхүүн юм. Хэрэглэгч нийлүүлэгчээс өгсөн зааварчилгааны дагуу зориулалтын түлшээр зуухыг галлах ёстой бөгөөд зуухны халалтыг хэрэглэгч өөрөө тохируулах боломжтой, галын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм. Цаг хугацааны хувьд зуухыг анх суурилуулснаас 1 cap хагасын дараа гал гарсан байгаа нь зуухыг хэрэглэгч А.Доржготов нь энэ хугацаанд суурилуулагчийн өгсөн зааварчилгааг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй болох нь тодорхой байна.

Мөн “Дөл” зуух нь ямар нэгэн байдлаар техникийн доголдолгүй үүнээс болж  гал гарсан талаар нотлох баримт байхгүй байгаа зэргээс үзэхэд Рояал Өүшн ХХК нь А.Доржготовынд “Дөл” зуух суурилуулсны улмаас гал гарсан гэх гэм буруу шалтгаан холбоо тогтоогдохгүй байна. Дээрх үндэслэлээр эд хөрөнгө шатсаны улмаас гарсан хохирлыг Рояал Өүшн ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгаарлах хана шатсан түүнтэй зуухыг хэт ойрхон байрлуулснаас болсон гэдэг зуух суурилуулсан ажилтны тэмдэглэл байгаа. А.Доржготов хүссэнээр гэрээ хийж зуухыг худалдан авсан. Гэрээ хүчин төгөлдөр байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 243.2-т “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Худалдаж байгаа эд хөрөнгө, худалдан авагчид үүргээ биелүүлсэн. А.Доржготовын эхнэр Д.Энхтүвшин хүлээж авсан байдаг. Мөн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Доржготов хариуцагч “Рояал Өүшн” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 14 970 000/арван дөрвөн сая есөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Рояал Өүшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчид 00118883 дугаар “Эрчим хүчний хэмнэлттэй зуух худалдан авсан хэрэглэгчтэй байгуулсан гэрээ” байгуулсан болох нь 00118883 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

 

Тус 00118883 дугаар гэрээний 1 дүгээр зүйлд “Тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахдаа чанарын доголдолтой эсэх, серийн дугаар таарч байгааг өөрийн биеэр шалгаж .... авна.”, 3 дугаар зүйлд “Хөнгөлттэй үнээр худалдан авсан зуухаа ....” гэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан

 

00118883 дугаар гэрээгээр хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг нэхэмжлэгчид нийлүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж зохигчдын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний шинжтэй байх ба тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь 00118883 дугаар гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 68 дугаар гудамж, 4 тоот хувийн сууцад “Дөл” зуухыг суурилуулсан байна.

 

Зохигчид 00118883 дугаар гэрээгээр нийлүүлсэн “Дөл” зуух биет байдлын доголдолтой байсан эсэх болон үнийг төлсөн эсэх талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь “Дөл” зуух тусгаарлах хананд хэт ойртсоноос цонож шатсан, хариуцагч хохирлыг хариуцах ёстой гэх тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчид “зуухны хажуу ханыг тусгаарлан хамгаал” гэсэн зааварчилгааг өгсөн, нэхэмжлэгч суурилуулагчийн өгсөн зааварчилгааг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэх тайлбар гаргаж байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16194 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “гал түймэр нь пийшин зуух галлагааны үед халалтын улмаас хананд цонолт үүсч гал түймэр гарсан байх үндэстэй” болох нь Онцгой байдлын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр/хх-147-148/ тогтоогдож байна.

 

00118883 дугаар гэрээний 8 дугаар зүйлд “Хэрэглэгч урьдчилан мэдэгдсэн хугацаанд нийлүүлэгч талын зуух угсрах бэлтгэл ажлыг хангах .... Энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас угсралтын ажлыг нийлүүлэгч тал гүйцэтгэх боломжгүй тохиолдолд дахин ирэх ....” гэжээ.

 

Хариуцагчийн ажилтан н.Хүрэлбаатар 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн 4 тоот хувийн сууцад “Дөл” зуухыг суурилуулахдаа “зуухны хажуу ханыг тусгаарлан хамгаал” гэсэн заваарчилгаа өгсөн байх ба нэхэмжлэгч тус зааварчилгааг биелүүлээгүй байхад хариуцагч “Дөл” зуухыг суурилуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь 00118883 дугаар гэрээний 8 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн зуух угсрах бэлтгэл ажлыг хангаагүй, хариуцагч угсралтын ажлыг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд буюу нөхцөл байдал үүссэн байхад “Дөл” зуухыг суурилуулжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь дээр дурдсанаар 00118883 дугаар гэрээний 8 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч нь “Дөл” зуухыг суурилуулснаас хойш зуух, хана хооронд шохойн хавтан хийж тусгаарласан гэж тайлбарлаж байх боловч Онцгой байдлын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр/хх-147-148/ “Дөл” зуухнаас ханыг тусгаарлах материалыг буруу сонгосноос гал түймэр гарсан байх үндэстэй болохыг тогтоожээ.

 

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан  хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.”, 229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн 4 тоот хувийн сууцад 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гал түймэр гарсан шалтгаан нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины болгоомжгүй буруутай үйл ажиллагаанаас буюу нэхэмжлэгч нь “Дөл” зуухнаас ханыг тусгаарлах материалыг буруу сонгосноос, хариуцагч нь нэхэмжлэгч зуухны хажуу ханыг тусгаарласан хамгаалалт хийгээгүй байхад “Дөл” зуухыг суурилуулсан үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлын тал хувийг хариуцан арилгах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд нийт 10 770 000/арван сая долоон зуун далан мянга/ төгрөгийн бодит хохирол учирсан гэх тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн 4 тоот орон сууц болон 13 нэр төрлийн эд хөрөнгөд нийт 5 236 200/таван сая хоёр зуун гучин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн Үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 179 дугаар “Хохирол үнэлсэн тайлан”-р/хх-134-140/ тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хувийн сууц түрээслэн амьдарч байгаа төлбөрт нийт 4 200 000/дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

4 тоотод гал түймэр гарснаас хойш буюу 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугар сарын 01-ний өдөр хүртэл иргэн А.Цагааннохойгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамж, 123А тоот хувийн сууцыг халаалтгүй 5-9 дүгээр саруудад сард 110 000/нэг зуун арван мянга/ төгрөг, нийт 1 980 000/18 сар х 110000=1980000/ /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгөөр, халаалттай бусад саруудад сард 150 000/нэг зуун тавин мянга/ төгрөг, нийт 1 950 000/нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгөөр бүгд 3 930 000/гурван сая есөн зуун гучин мянга/ төгрөгөөр түрээслэн сууж байгаа болох нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”, 000228923 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирол 5 236 200/таван сая хоёр зуун гучин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь буюу 2 618 100/хоёр сая зургаан зуун арван найман мянга нэг зуу/ төгрөг, хувийн сууцны түрээсийн төлбөр 3 930 000/гурван сая есөн зуун гучин мянга/ төгрөгийн тал хувь буюу 1 965 000/нэг сая есөн зуун жаран таван мянга/ төгрөг, нийт 4 583 100/дөрвөн сая таван зуун наян гурван мянга нэг зуу/ төгрөгийн гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байх ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 386 900/арван сая гурван зуун наян зургаан мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “Рояал Өүшн” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутаас зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашдэмбэрэлийг оролцуулж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашдэмбэрэлийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

 Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Рояал Өүшн” ХХК-иас гэм хорын хохиролд нийт 4 583 100/дөрвөн сая таван зуун наян гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Доржготовт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 386 900/арван сая гурван зуун наян зургаан мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Рояал Өүшн” ХХК-иас гэм хорын хохиролд нийт 4 583 100/дөрвөн сая таван зуун наян гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Доржготовт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 386 900/арван сая гурван зуун наян зургаан мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.Доржготовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Рояал Өүшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 88 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Доржготовт олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч А.Доржготовоос 105 000 төгрөгийг, хариуцагч “Рояал Өүшн” ХХК-иас 45 000 төгрөгийг тус тус гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ХИШИГБАТ

 

 

                  ШҮҮГЧИД                               Т.ГАНЧИМЭГ

 

 

                                                                        Ч.ИЧИНХОРЛОО