Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00775

 

А.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02918 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00277 дугаар магадлалтай,

А.Дын нэхэмжлэлтэй

“Р-Ө” ХХК-д холбогдох

33 953 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Дын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Д, түүний өмгөөлөгч Д.Ундрахтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдэмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 12 дугаар сард Дөл зуухыг хорооноос захиалж “Р-Ө” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний дагуу авч байшиндаа уг компаниар байршуулсан. Гэтэл уг зуухыг буруу байрлуулсан, галын аюулгүй байдлыг хангаагүйгээс цонолт үүсч манай байшин, эд хогшил, хувцас шатаж хохирол учирсан. Худалдагч “Р-Ө” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт заасан үүргийг зөрчин гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй шилжүүлээгүйгээс уг хохирол учирсан гэж үзэж байна. Хариуцагч зуухыг угсарч, хэрэглээний шинж чанар, баталгаат болон эдэлгээний хугацаа, хэрэглэхтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг худалдан авагчид өгөх нь худалдагч талын дагалдах үүрэг ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй. Иймд "Ю Би Пропертиз ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны 33 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар байшин нөхөн сэргээх зардалд 22 125 364 төгрөг, цахилгаан хэрэгсэл тавилга эд хогшил 3 827 500 төгрөг, шатсан хувцас бусад зүйл 1 778 780 төгрөг, цагаан сарын хүнс бэлэг 46 200 төгрөг нийт 27 778 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Гэр шатсанаас хойш нийтийн байр хөлслөн амьдарч байгаа тул орон сууц хөлслөхөд зарцуулсан 4 200 000 төгрөг, Арвис хангай ерөнхий боловсролын сургуулийн байрыг 2017 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл хөлслөн амьдарч байгаа тул түрээсийн төлбөрт төлсөн 1 475 000 төгрөг, 10, 11 сарын 500 000 төгрөг нийт 1 975 000 төгрөг нийт 33 953 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хамар хана, гал зуух, жижиг өрөөний тааз, эд хогшил шатсан тул учирсан хохирол арилгуулах нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч гал гарсан шалтгааныг нотолсон баримтгүй боловч зуух цонолт өгсны улмаас гал гарсан гэж тайлбарладаг. Цагаан сараар байшиндаа гал түлээд эзгүй орхиж явсан, айл амьдарч байгаа байранд зуухны ойр орчимд хэт халалтын улмаас шатаж, гал үүсгэж болзошгүй эд зүйл үлдээх магадлал байдаг зэрэг нөхцлийг тооцон үзвэл гал гарахад нөлөөлсөн байж болох цонолтоос өөр олон шалтгаан байж болзошгүй юм. Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр цонолтын улмаас гал гарсан тухай дурдаагүй бөгөөд ”Р-Ө” ХХК-ийн гэм бурууг нотолсон баримт биш, харин галын шалтгааныг мэдэх боломжгүй буюу “Р-Ө” ХХК-ийг гэм буруутай эсэх талаар дүгнэх боломжгүй гэж тодорхой заасан баримт юм. 2014 оны 02 дугаар сарын 04-ний орой зууханд гал түлж, байшинг эзэнгүй орхиж явсан, эзгүй байх үед буюу 2014 оны 02 дугаар сарын 05-ны шөнө гал гарсан. Эзгүй байх хугацаанд зохицуулалтгүй галлагаанаас шалтгаалж байшин, зуухны орчим хэт халснаас гал гарсан гэж ойлгохоор байна. Зуух байрлуулах газрыг нэхэмжлэгч тодорхойлсон, түүний зуух өөр газар байрлуулахыг хүссэн гэдэг нь үндэслэлгүй. Хэрэглэгч нь зуух худалдан авахдаа ханан пийшинтэй холбох холбогчийг нэг мөр худалдан авдаг. Ийнхүү худалдан авсан болох нь Эрчим хүчний хэмнэлттэй зуух худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар нотлогддог. Гэрээний 8 дугаар зүйлд зааснаар хэрэглэгч нь зуух угсрах бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй. Ингэхдээ зуухны байршлыг тодорхой зааж өгдөг. Мөн 2014 оны 01дүгээр сарын 23-ны өдөр Цэвэр агаар төслийн нэгжийн ажилтантай хамтран үйлдсэн хяналтын картанд Ханан пийшинд холбохыг зөвшөөрсөн тухай тэмдэглэсэн нь ханан пийшинд суурилуулах байршлыг тодорхойлж зөвшөөрлийг өгсөн болохыг харуулж байна. Хэргийн 27 дугаар хуудсан дахь баталгааны баримтад зааснаар нийлүүлэгч нь Хажуу ханыг тусгаарлаж хамгаал гэсэн заавар өгсөн. Гэтэл хэрэглэгч гипсэн хавтангаар ханыг тусгаарласан нь зориулалтын бус тусгаарлах материал сонгосон үйлдэл болсонбайдаг. Гал гарсан хойно нэхэмжлэгчийн тайлбарласнаар “Р-Ө” ХХК-ийн ажилтан ...гипсэн хавтангаар тусгаарлаж болно... гэж хэлсэн байх учиргүй. Учир нь: гипсэн хавтан нь галын аюулгүйн Г-1 зэрэглэлийн буюу удаан боловч галын үйлчлэлд шатдаг материал юм. Нэхэмжлэгч нь худалдагч “Р-Ө” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг зөрчөөгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дараах баримт, мэдээллээр нотлогдож байна. Тухайн үед мөрдөгдөж байсан стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлсэн бөгөөд Дөл зуух нь стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн болох нь хэргийн 28, 29 дүгээр талд авагдсан Улсын байцаагчийн дүгнэлт, тохирлын гэрчилгээгээр нотлогдоно. “Р-Ө” ХХК борлуулсан зуух бүрт холбогдох зааварчилгааг заавал өгч, бичмэл заавар өгөөд зогсохгүй зөв галлагааны талаар амаар зааварчилгаа өгч ажиллаж ирсэн нь хэргийн 27 дугаар талд авагдсан баталгааны хуудас, 195 дугаар талд авагдсан Цэвэр агаар сангийн төслийн нэгжийн хяналтын ажилтан, Хэрэглэгчийн гарын үсэг бүхий өрхөд хийсэн хяналтын карт гэх баримтад хийсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байна. “Р-Ө” ХХК-д дагалдах үүрэг хүлээлгэсэн, үүргийг тодорхойлсон заалт гэрээнд байхгүй боловч “Р-Ө” ХХК нь нэхэмжлэгчийн заасан байранд зуухыг суурилуулж, түүнээс гадна тодорхой заавар өгч ажилласан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Зуухыг суурилуулахад хэрэглэгчийн өөрийнх нь заавар чухал. Хэрвээ зуух суурилуулах газрыг зааж өгөхгүй, ханан пийшинд холбох зөвшөөрөл өгөөгүй бол зуухыг суурилуулах боломжгүй. ”Р-Ө” ХХК-ийн ажилтан хэрэглэгчийн зөвшөөрлөөр ханан пийшинд холбох ажлыг гүйцэтгэсэн нь Цэвэр агаар сангийн төслийн нэгжийн хяналтын ажилтан, Хэрэглэгчийн гарын үсэг бүхий өрхөд хийсэн хяналтын карт болон Ханан пийшинтэй холбох холбогчийг урьдчилан худалдан авсан баримтуудаар нотлогдож байна. Хэрвээ холболтын талаар гомдол санал байсан бол хэргийн 56 дугаар талд авагдсан Хэрэглэгчийн гарын авлагад заасан “Р-Ө” ХХК-ийн албан ёсны хаяг, утсаар хандах боломжтой байсан боловч хандаагүй гэдгээ нэхэмжлэгч тайлбарладаг. Нэхэмжлэгч тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа удаа дараа өөрчилж байгаа нь түүний тайлбар болон тайлбар дээр нь үндэслэн гарсан бичмэл нотлох баримтуудыг бүхэлд нь эргэлзээтэй болгож байна. Анх гал түймэр гарсны дараа шатсан эд зүйлсийн жагсаалтад бэлэн мөнгө, тусгаарлах ханыг оруулаад 15 зүйл жагсаасан, хамар хана, гал зуух, жижиг өрөөний тааз шатсан, галыг түргэн унтраасан учир бусад өрөөний тааз шатаагүй гэсэн боловч 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх явцад тусгаарлах хана, бэлэн мөнгийг оролцуулахгүйгээр 49 төрлийн эд хөрөнгө шатсан гэж жагсаалт гаргаж өгсөн, барилгад бүхэлд нь засвар хийх шаардлагатай гэж тайлбарласан нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй болгосон. “Р-Ө” ХХК-ийн гэм буруу нотлогдохгүй, стандартын шаардлага хангасан зуух нийлүүлсэн, хэрэглэгчийн гарын авлага заавар, өгсөн, хажуу ханыг тусгаарлаж хамгаал гэсэн анхааруулга хийсэн нь баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02918 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “Р-Ө” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 33 953 000 төгрөг гаргуулахыг хүссэн А.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2018/00277 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Д хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шүүхүүд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж зөв дүгнэсэн атлаа гэрээний зүйл болох Дөл зуухыг худалдагч тал гэрээний дагуу манай гэрт галын аюулгүй байдлыг хангаж суурилуулсан эсэх талаар үнэн зөв бодитой дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх зарчмыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Учир манай гэр бүл хуучин зуухаараа галлаад 10 аад жил болоход ямар нэгэн галын аюултай байдалд орж байгаагүй. Удаа дараагийн галын шинжээчдийн дүгнэлтүүдээр пийшэн зуухаас цонолт өгч гал түймэр гарсан болох нь тогтоогдсон. Анхан болон давж заалдах шүүхүүд худалдагч тал чанарын доголдолгүй бараа нийлүүлсэн гэж дүгнээд байгаа нь учир дутагдалтай юм. Яагаад гэвэл миний худалдаж авсан зуухыг худалдагч тал суурилуулах үүргийг гэрээгээр хүлээсэн. “Р-Ө” ХХК манай гэрт суурилуулсан. Тэгэхээр худалдах, худалдан гэрээний нэмэлт нөхцөл нь дөл зуухыг суурилуулах ажил нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг давхар агуулж байгаа юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тодорхой заасан байх бөгөөд хийсэн ажил нь доголдолтой гэж үзэхээр байна. Мөн хуулийн 350 дугаар зүйлд ажил гүйцэтгэгчийн үүргийг зохицуулсан байх бөгөөд захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Дөл зуухыг манай гэрт суурилуулснаас хойш сар гаруйхан хугацааны дараа гал түймэр гарсан байхад гүйцэтгэгч тал доголдолгүй бараа нийлүүлсэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхэд гомдолтой байна. Монгол улсын иргэн хүнийхээ үүргийг биелүүлж төр засгаас утаагүй зуух гэх төслийг дэмжиж өөрийн олон жил хөдөлмөрлөсөн хөрөнгөөрөө босгосон орон гэргүй болсондоо үнэхээр их харамсаж байна. Би өнөөдрийг хүртэл галд өртсөн орон гэрээ хуучин хэвийн байдалдаа оруулж чадахгүй хохирсоор байна. Өмнөх анхан шатны 2 ч удаагийн шүүхийн шийдвэрүүдээр миний хохирлыг зохих хэмжээнд барагдуулахаар шийдвэрлэхэд би гомдоогүй бөгөөд тэр мөнгөнд нь тааруулаад гэр орноо сэргээгээд авий л гэсэн бодолтой байсан Гэтэл хариуцагч тал хохирол төлөхөөс илт зайлсхийж намайг тусгаарлах ханаа өөрөө зөв сонгож хийгээгүй гэж буруутгаж, 2014 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд намайг болон миний гэр бүлийг маш хүнд байдалтай амьдруулж байгаагаа огтхон ч ухамсарлахгүй байгаад би маш их гомдолтой байна. Би өөрөө хөдөлмөрлөсөн хөлсөөрөө зуух худалдаж аваад, мэргэжлийн хүнээр суурилуулчихаад өөрийнхөө гараар бий болгосон орон гэрээ галд өртүүлсэндээ гомдолтой байна. “Р-Ө” ХХК-ийн ажилчин манайд зуух суурилуулахдаа хананд цементэн хавтангаар тусгаарлахад хананд цонолт өгөхгүй гэж хэлсэн. Мөн манай хуучин зуухны суурин дээр суурилуулаад өгөөч гэхэд манайд Г хэлбэрийн холболт байхгүй дахиж танайд ирж чадахгүй гэж хэлээд шулуун холболтоор хананаас 15 см зайтай холбож өгөөд явсан. Олон айлд зуух суурилуулсан мэргэжлийн байгууллагад би итгээд суурилуулсан. Давж заалдах шатны шүүх намайг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Учир нь би хөрөнгийн үнэлгээний байгууллагаар хохирлоо үнэлүүлсэн бөгөөд бодитой баримттай зүйл л нэхэмжилсэн, илүү ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хооронд гэм хор учруулсанаас үүссэн харилцааг зөв тодорхойлсон хэдий ч хэргийн бодит байдал тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагын талаар бүрэн дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч А.Д хариуцагч “Р-Ө” ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 33 953 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ хариуцагчийн гэм буруу тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Нэхэмжлэгч А.Д нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хувийн сууцанд гарсан гал түймэр, түүний улмаас байшингийн тааз, дээврийн хэсэг болон байшин доторх эд хогшил шатсан шалтгааныг хариуцагчаас худалдан авсан зуухны чанар, уг зуухыг зөв суурилуулаагүй үйл ажиллагаа гэж үзэж, хариуцагчийг буруутгажээ.

Зохигч нь гал түймэр гарсан  шалтгаан, гэм буруугийн  талаар маргасан байна. 

1.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул зөвтгөх үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг шаардах эрхтэй гэж үзжээ. Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон хэдий ч шаардах эрхийг зохицуулсан хэм хэмжээг оновчтой хэрэглэж чадаагүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг, мөн үүрэг гүйцэтгэхэд саад болсон нөхцөл байдлаас шалтгаалсан хохирлыг шаардаагүй тул дээрх хуулийн зохицуулалт хэрэглэх ёстой хэм хэмжээ биш юм. Нэхэмжлэлийн агуулга нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч тал доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх, уг эд хөрөнгийг суурилуулах үүргээ зөрчсний улмаас учирсан эд хөрөнгийн гэм хорыг арилгуулахыг хүссэн тул Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлах байжээ.

2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хариуцагчийн гэм бурууг дүгнэж чадаагүй байна.

А.Д нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Р-Ө” ХХКомпанитай гэрээ байгуулж, эрчим хүчний хэмнэлттэй “Дөл” зуухыг худалдан авсан байна. Гэрээний дагуу хариуцагч нь зуухыг суурилуулж өгөх үүргийг хүлээсэн, уг үүрэг нь худалдагчийн үндсэн үүрэгт багтжээ. Хариуцагч нь зуухыг хананд холбож, суурилуулсан байна.

Үүнээс хойш 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн хувийн сууцанд гал түймэр гарсан, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр зуухнаас цонолт өгсний улмаас гал гарсан гэж тогтоосон байна. /хх-6,147, 2 дугаар хавтас хх-65/

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актууд, Стандарт, хэмжил зүйн газраас олгосон тохирлын гэрчилгээ /хх-28,29,48/ зэрэг баримтуудаар гэрээний зүйл болох зуух биет байдлын доголдолгүй нь тогтоогдсон боловч худалдагч буюу хариуцагч нь зуухыг хүлээлгэн өгөхдөө ашиглалтын заавар, мэдээллийг нэхэмжлэгчид бүрэн өгсөн эсэх, суурилуулахдаа галын аюулгүй байдлыг хангасан эсэх ач холбогдол бүхий байдлыг хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэж чадаагүй нь учир дутагдалтай болжээ.

Зуух суурилагдсан айл өрхийн хийх хяналтын картад галлагааны гарын авлага өгсөн, галлагааны зарчмын талаар заавар зөвлөгөө өгсөн, галын аюулаас хамгаалж тусгаарласан эсэх, ханан пийшинд суурилуулахыг зөвшөөрсөн эсэх талаар тайлбарласан тухай баримтад нэхэмжлэгч гарын үсэг зурсан байх боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.” гэж заасан үүргийг “Р-Ө” ХХК зохих ёсоор биелүүлсэн болохыг нотолж чадаагүй байна.

Гамшиг судлалын хүрээлэн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн Шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 9/235 дугаар дүгнэлтээр тухайн шатсан байшингийн зуух болон хана хоорондын зайг хэмжихэд 15 см-ийн зайтай байх ба зуухнаас хананд үүсэх цонолтыг багасгах зай хэмжээг ямар нэгэн стандартаар тогтоогоогүй гэж дүгнэсэн байх боловч худалдсан эд зүйл хэвийн ашиглалтын нөхцөл, галын аюулгүй байдлыг хангасан хэрэглээний ердийн шаардлагыг хангасан байх ёстой.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-122/1607 дугаар “Бүрэн шатталттай зуухыг ханан пийшинд холбох тухай дүгнэлт”-д  ...Дөл зуух нь туршилтаас харахад босоо худагтай ханан пийшинд холболт хийх боломжтой бөгөөд ханан пийшингийн худгийн хэмжээ соролтыг сайжруулсан тохиолдолд ашиглалтын нөхцөл сайжирна. ...Харин хэвтээ худагтай ханан пийшинд холбосон үзүүлэлт нь ханан пийшингийн сийрэгжилт, утааны хурд зэрэг нь бусад хоёр төрлийн ханан пийшинтэй харьцуулахад доогуур үзүүлэлттэй байгаа нь энэ төрлийн ханан пийшинд “Дөл” зуухыг холбоход тохиромжгүй... гэж заажээ. /хх48/

Хариуцагч нь зуухыг суурилуулахдаа уг зааврын дагуу нэхэмжлэгчийн пийшин босоо эсвэл хэвтээ худагтай эсэхээс хамаарч хэрхэн суурилуулсан, тусгаарлагчийг ямар материалаар хийсэн, галын аюулгүй байдлыг хэрхэн хангасан болохыг баримтаар нотолж чадаагүй тул үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нөгөө талаар, нэхэмжлэгч нь цементен хавтан нэмж байрлуулах тухай хариуцагчийн өгсөн зааврыг хэрхэн биелүүлсэн, чанарын шаардлага хангасан тусгаарлагчийн материалыг хэрэглэсэн эсэхийг баримтаар нотолж чадаагүй мөн зохих буруутай гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасан тул хохирлыг багасгаж, нэхэмжлэгчид учирсан хохирлын тал хувийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа шинжээчийн үнэлгээг үндэслэж 10 770 000 төгрөгийн хохирлыг шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч хохирлын хэмжээг 27 778 000 төгрөг гэж тогтоосныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, мөн нийтийн байр хөлсөлснөөс 4 200 000 төгрөгийн хохирол учирсан гэж нийт 33 953 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Гэм хорыг нотолж буй нэхэмжлэгчийн зүгээс гаргасан баримтуудыг харьцуулан дүгнэхэд 10 770 000 төгрөгийн хохирлын үнэлгээ илүү үндэслэлтэй, гал гарах үед тогтоогдсон үнэлгээ байхаас гадна нэхэмжлэгч нь сууцаа ашиглах боломжгүй болсон тул орон сууц хөлсөлсний хохирол 4 200 000 төгрөг нийт 14 970 000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэм хорын тал хувь 7 485 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 24-ний өдрийн 210/МА2018/00277 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02918 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Р-Ө” ХХКомпаниас 7 485 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дт олгож, нэхэмжлэлээс 7 485 000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтад ...үлдээсүгэй гэсний дараа хариуцагчаас 134 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 715 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА