Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00277

 

  А.Д-ын нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02918 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Р” ХХК-д холбогдох

33 953 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 12 дугаар сард “Дөл” зуухыг хорооноос захиалж “Р” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний дагуу авч байшиндаа уг компаниар байршуулсан. Гэтэл уг зуухыг буруу байрлуулсан, галын аюулгүй байдлыг хангаагүйгээс цонолт үүсч манай байшин, эд хогшил, хувцас шатаж хохирол учирсан. Худалдагч “Р” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт заасан үүргийг зөрчин гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй шилжүүлээгүйгээс уг хохирол учирсан гэж үзэж байна. Хариуцагч зуухыг угсарч, хэрэглээний шинж чанар, баталгаат болон эдэлгээний хугацаа, хэрэглэхтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг худалдан авагчид өгөх нь худалдагч талын дагалдах үүрэг ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй. Иймд "Ю” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны 33 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар байшин нөхөн сэргээх зардалд 22 125 364 төгрөг, цахилгаан хэрэгсэл тавилга эд хогшил 3 827 500 төгрөг, шатсан хувцас бусад зүйл 1 778 780 төгрөг, цагаан сарын хүнс бэлэг 46 200 төгрөг нийт 27 778 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Гэр шатсанаас хойш нийтийн байр хөлслөн амьдарч байгаа тул орон сууц хөлслөхөд зарцуулсан 4 200 000 төгрөг, Арвис хангай ерөнхий боловсролын сургуулийн байрыг 2017 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл хөлслөн амьдарч байгаа тул түрээсийн төлбөрт төлсөн 1 475 000 төгрөг, 10, 11 сарын 500 000 төгрөг нийт 1 975 000 төгрөг нийт 33 953 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “хамар хана, гал зуух, жижиг өрөөний тааз, эд хогшил шатсан тул учирсан хохирол арилгуулах” нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч гал гарсан шалтгааныг нотолсон баримтгүй боловч зуух цонолт өгсны улмаас гал гарсан гэж тайлбарладаг. Цагаан сараар байшиндаа гал түлээд эзгүй орхиж явсан, айл амьдарч байгаа байранд зуухны ойр орчимд хэт халалтын улмаас шатаж, гал үүсгэж болзошгүй эд зүйл үлдээх магадлал байдаг зэрэг нөхцлийг тооцон үзвэл гал гарахад нөлөөлсөн байж болох цонолтоос өөр олон шалтгаан байж болзошгүй юм. Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр цонолтын улмаас гал гарсан тухай дурдаагүй бөгөөд “Р” ХХК-ийн гэм бурууг нотолсон баримт биш, харин галын шалтгааныг мэдэх боломжгүй буюу “Р” ХХК-ийг гэм буруутай эсэх талаар дүгнэх боломжгүй гэж тодорхой заасан баримт юм. 2014 оны 02 дугаар сарын 04-ний орой зууханд гал түлж, байшинг эзэнгүй орхиж явсан, эзгүй байх үед буюу 2014 оны 02 дугаар сарын 05-ны шөнө гал гарсан. Эзгүй байх хугацаанд зохицуулалтгүй галлагаанаас шалтгаалж байшин, зуухны орчим хэт халснаас гал гарсан гэж ойлгохоор байна. Зуух байрлуулах газрыг нэхэмжлэгч тодорхойлсон, түүний зуух өөр газар байрлуулахыг хүссэн гэдэг нь үндэслэлгүй.

Хэрэглэгч нь зуух худалдан авахдаа ханан пийшинтэй холбох холбогчийг нэг мөр худалдан авдаг. Ийнхүү худалдан авсан болох нь Эрчим хүчний хэмнэлттэй зуух худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар нотлогддог. Гэрээний 8 дугаар зүйлд зааснаар хэрэглэгч нь зуух угсрах бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй. Ингэхдээ зуухны байршлыг тодорхой зааж өгдөг. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Цэвэр агаар төслийн нэгжийн ажилтантай хамтран үйлдсэн хяналтын картанд “Ханан пийшинд холбохыг зөвшөөрсөн тухай” тэмдэглэсэн нь ханан пийшинд суурилуулах байршлыг тодорхойлж зөвшөөрлийг өгсөн болохыг харуулж байна. Хэргийн 27 дугаар хуудсан дахь баталгааны баримтад зааснаар нийлүүлэгч нь “Хажуу ханыг тусгаарлаж хамгаал” гэсэн заавар өгсөн. Гэтэл хэрэглэгч гипсэн хавтангаар ханыг тусгаарласан нь зориулалтын бус тусгаарлах материал сонгосон үйлдэл болсон байдаг. Гал гарсан хойно нэхэмжлэгчийн тайлбарласнаар “Р” ХХК-ийн ажилтан ...гипсэн хавтангаар тусгаарлаж болно... гэж хэлсэн байх учиргүй. Учир нь: гипсэн хавтан нь галын аюулгүйн Г-1 зэрэглэлийн буюу удаан боловч галын үйлчлэлд шатдаг материал юм. Нэхэмжлэгч нь худалдагч “Р” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг зөрчөөгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дараах баримт, мэдээллээр нотлогдож байна. Тухайн үед мөрдөгдөж байсан стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлсэн бөгөөд Дөл зуух нь стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн болох нь хэргийн 28, 29 дүгээр талд авагдсан Улсын байцаагчийн дүгнэлт, тохирлын гэрчилгээгээр нотлогдоно. “Р” ХХК борлуулсан зуух бүрт холбогдох зааварчилгааг заавал өгч, бичмэл заавар өгөөд зогсохгүй зөв галлагааны талаар амаар зааварчилгаа өгч ажиллаж ирсэн нь хэргийн 27 дугаар талд авагдсан баталгааны хуудас, 195 дугаар талд авагдсан Цэвэр агаар сангийн төслийн нэгжийн хяналтын ажилтан, Хэрэглэгчийн гарын үсэг бүхий өрхөд хийсэн хяналтын карт гэх баримтад хийсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байна.  

“Р” ХХК-д дагалдах үүрэг хүлээлгэсэн, үүргийг тодорхойлсон заалт гэрээнд байхгүй боловч “Р” ХХК нь нэхэмжлэгчийн заасан байранд зуухыг суурилуулж, түүнээс гадна тодорхой заавар өгч ажилласан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Зуухыг суурилуулахад хэрэглэгчийн өөрийнх нь заавар чухал. Хэрвээ зуух суурилуулах газрыг зааж өгөхгүй, ханан пийшинд холбох зөвшөөрөл өгөөгүй бол зуухыг суурилуулах боломжгүй. “Р” ХХК-ийн ажилтан хэрэглэгчийн зөвшөөрлөөр ханан пийшинд холбох ажлыг гүйцэтгэсэн нь Цэвэр агаар сангийн төслийн нэгжийн хяналтын ажилтан, Хэрэглэгчийн гарын үсэг бүхий өрхөд хийсэн хяналтын карт болон Ханан пийшинтэй холбох холбогчийг урьдчилан худалдан авсан баримтуудаар нотлогдож байна. Хэрвээ холболтын талаар гомдол санал байсан бол хэргийн 56 дугаар талд авагдсан Хэрэглэгчийн гарын авлагад заасан “Р” ХХК-ийн албан ёсны хаяг, утсаар хандах боломжтой байсан боловч хандаагүй гэдгээ нэхэмжлэгч тайлбарладаг. Нэхэмжлэгч тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа удаа дараа өөрчилж байгаа нь түүний тайлбар болон тайлбар дээр нь үндэслэн гарсан бичмэл нотлох баримтуудыг бүхэлд нь эргэлзээтэй болгож байна. Анх гал түймэр гарсны дараа шатсан эд зүйлсийн жагсаалтад бэлэн мөнгө, тусгаарлах ханыг оруулаад 15 зүйл жагсаасан, хамар хана, гал зуух, жижиг өрөөний тааз шатсан, галыг түргэн унтраасан учир бусад өрөөний тааз шатаагүй гэсэн боловч 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх явцад тусгаарлах хана, бэлэн мөнгийг оролцуулахгүйгээр 49 төрлийн эд хөрөнгө шатсан гэж жагсаалт гаргаж өгсөн, барилгад бүхэлд нь засвар хийх шаардлагатай гэж тайлбарласан нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй болгосон. “Р ХХК-ийн гэм буруу нотлогдохгүй, стандартын шаардлага хангасан зуух нийлүүлсэн, хэрэглэгчийн гарын авлага заавар, өгсөн, хажуу ханыг тусгаарлаж хамгаал гэсэн анхааруулга хийсэн нь баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар “Р” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 33 953 000 төгрөг гаргуулахыг хүссэн А.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Хариуцагч “Р” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлмийн 243.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй зуухны ашиглах ажиллагааны зааврыг худалдан авагч А.Д-т нийлүүлэх зайлшгүй мэдээллээр хангах, засвар үйлчилгээнд юу анхаарах тухай мэдээлэл өгөх нэмэлт үүргээ биелүүлээгүй болох нь “А.Д нь “Р” ХХК-иас зуухыг холбох холбогчийг худалдан авахдаа хуучин зуухныхаа суурин дээр суурилуулая гэхэд Г маягийн, хэлбэртэй холболт хэрэгтэй манайд ганц шулуун холболт л байгаа гэсэн байдаг мөн зуух суурилуулах гэж ирсэн ажилтанд хуучин пийшингийнхээ суурин дээр байрлуулна ханатай хэт ойрхон байгаа юм биш үү гэхэд зүгээрээ наад талд нь цементен хавтан нэмж тусгаарлаж өг тэгээд гал гарах аюулгүй гэж хэлсэн холболт таарахгүй гээд хананаас 15 см зайд байрлуулж өгөөд явсан байдаг” энэ нь нэхэмжлэгчийн тайлбараар мөн “Р” ХХК нь 00118883 тоот худалдах авах гэрээний 8 дугаар зүйлд заасныг нийлүүлэгч тал зөрчин зуух угсрах бэлтгэл ажил хангагдаагүй. Өөрөөр хэлбэл, ханыг бүрэн тусгаарлаж бэхлээгүй байхад зуухыг буруу суурилуулсан мөн “ханыг тусгаарлаж хамгаал” гэж баталгааны хуудсанд бичсэн боловч галын аюулгүй байдал хангагдаагүй байхад зуухыг суурилуулах ёсгүй байтал суурилуулсан, ханатай хэт ойрхон суурилуулж зуухны халалт цонолт галын аюулгүй байдлын талаар шаардлагатай мэдээлэл өгөөгүй байна. Галын шалтгаан зуухнаас цонолт өгсний улмаас шатсан нь 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/536 дугаар шинжээчийн дүгнэлт, 2014 оны 02 дугаар сарын 14-ний 275/536 дугаар “Онцгой байдлын газрын гал түймэр гарсан акт”, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9/235 дугаар шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус галын голомт тогтоогдсон байхад хэний буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдохгүй гэсэн нь ойлгомжгүй.

Худалдагч тал зуухыг суурилуулах үүргийг хүлээсэн нь тодорхой, худалдан авагч нь хаана байрлуулахыг заасан боловч тохирох холболт байхгүй шалтгаанаар тэнд байрлуулах боломжтой гэж хэлсэн мөн зуухыг суурилуулаад ханыг цементен хавтангаар нэмж хийж өгөөрэй гэж тухайн ажилтан өөрөө хэлсэн. Энэ мэдээллийн дагуу цементен хавтангаар нэмж тусгаарлалт хийсэн. Гэтэл шүүх хуралдаанд шинжээч н.Б “цементен хавтан нь их цонолт өгвөл дамжуулагч болдог” гэж хэлсэн нь тэмдэглэлд авагдсан байна. Мөн “Р” ХХК гэрээнд заасан хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангах, зуухыг цонолт өгөхгүй хэвийн байх боломжит газар суурилуулах үүргээ биелүүлээгүйн улмаас А.Д-т хохирол учирсан байхад шалтгаант холбоо байхгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус байна. Худалдагч талын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна гэж үзсэн нь зуухыг гэрт суурилуулж өгөх үүрэг нь хамааралгүй мэт ойлгогдохоор байна. Хариуцагч "Р" ХХК хэрэглэгчийн гарын авлага гэж материал хавсаргасан боловч энэ гарын авлагыг манайд өгөөгүй хэрэв өгсөн бол хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг бүхий нотлох баримт байх ёстой.

Мөн баталгааны хуудсан дээр "зуухны хажуу ханыг тусгаарлаж хамгаал" гэж бичсэнийг шүүх зохих зааврыг өгсөн байна үзсэн нь үндэслэлгүй. Баталгааны хуудас бол тухайн зуухыг хэвийн ажиллагаатай байх хугацааны баталгаа болохоос бус хэрэглэгчийн гарын авлага, заавар журам биш юм. Уг баталгааны хуудсанд хэрэглэгч зуухыг дур мэдэн задалсан, угсарсан, захиалсан хаягнаас өөр газар суурилуулсан бол нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй гэсэн ба А.Д нь энэ заалтыг зөрчөөгүй. "Р" ХХК-ийн хэрэглэгчийн гарын авлагад "Зуухыг байшинд суурилуулах тохиолдолд байшингийн зохион байгуулалт, ханын пийшингийн онцлогооос хамаарч яндангийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх учир мэргэжлийн ажилчид хийж гүйцэтгэнэ" гэж заасны дагуу худалдагч тал мэргэжлийн хэмжээнд зуухыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа бол үүнээс гарах үүрэг хариуцлагыг бүрэн хүлээх ёстой. Шүүх шийдвэр гаргахдаа гэрээний талуудын үүрэгт дүгнэлт өгч чадаагүй гэх үндэслэлтэй. А.Д 100 хувийн буруутай мэтээр дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасны дагуу Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч А.Д хариуцагч “Р” ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10 770 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч А.Д-ын хувийн сууцанд гал түймэр гарсны улмаас байшингийн тааз, дээврийн хэсэг болон байшин доторх эд хогшил шатсан үйл баримт тогтоогдсон байна. Зохигчид гал түймэр гарах шалтгааны талаар буюу худалдагч талын худалдах худалдан авах гэрээний үүрэг зөрчилтэй холбоотой гэм хор учирсан эсэх талаар маргажээ. Өөрөөр хэлбэл, уг зуух биет байдлын доголдолтой эсэх, зуухыг хүлээлгэн өгөхдөө ашиглалтын заавар, мэдээлэл бүрэн өгөөгүй нь гал түймэр гарахад нөлөөлсөн эсэх асуудал маргааны зүйл болжээ.

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахын тулд хууль бус үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

         Талуудын хооронд байгуулагдсан эрчим хүчний хэмнэлттэй зуух худалдан авсан хэрэглэгчтэй байгуулах 00118883 тоот гэрээний 1 дэх хэсэгт /1 хав 184/ зааснаар нэхэмжлэгч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа чанарын доголдолтой эсэхийг өөрийн биеэр шалгаж, зуухыг хэрхэн ашиглах зааварчилгаа авах үүрэг хүлээсний дагуу зуухыг хүлээн авсан болох нь тогтоогдсон бөгөөд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актууд болон Стандарт, хэмжил зүйн газраас олгосон “тохирлын гэрчилгээ” зэрэг баримтуудыг үндэслэн уг зуухыг чанарын хувьд доголдолтой гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэсгүй. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасан гэм хорыг хариуцан арилгах үүрэг худалдагч талд үүсэхгүй болно.

Шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр зуухнаас цонолт өгсний улмаас гал гарсан болохыг тогтоосон байхад хэний буруутай ажиллагаанаас болсон нь тогтоогдоогүй гэсэн нь ойлгомжгүй гэж нэхэмжлэгч маргасан.

Хэргийн 197 дугаар талд /1 хавтас/ авагдсан анх зуух суурилуулсан 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 29 хоногийн дараа буюу 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зуух суурилагдсан айл өрхийн хийх хяналтын картад галлагааны гарын авлага өгсөн, галлагааны зарчмын талаар заавар зөвлөгөө өгсөн, галын аюулаас хамгаалж тусгаарласан эсэх, ханан пийшинд суурилуулахыг зөвшөөрсөн эсэх талаар тайлбарласан тухай баримтад нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдсан байна. Иймд худалдагч тал зуухыг буруу байрлуулсан, зуухыг хэрэглэхтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг худалдан авагчид өгөх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. 

Түүнчлэн, Гамшиг судлалын хүрээлэн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн Шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 9/235 дугаар дүгнэлтээр тухайн шатсан байшингийн зуух болон хана хоорондын зайг хэмжихэд 15 см-ийн зайтай байх ба зуухнаас хананд үүсэх цонолтыг багасгах зай хэмжээг ямар нэгэн стандартаар тогтоогоогүй гэснээс үзэхэд зуухыг стандарт зөрчин байрлуулсан гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймээс гал гарахад хариуцагчийн гэм буруу, учирсан гэм хорын хоорондох шалтгаант холбоо тогтоогдоогүй талаархи шүүхийн дүгнэлт зөв, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарч, гэм хор учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорыг арилгах үүрэг хариуцагчид үүсэхгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                         Д.БАЙГАЛМАА