Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 45

 

 

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “У” ХХК-ий нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны ус ашигласны төлбөр 21836100 төгрөгийг суутгаснаас Төсөвт байгууллагын ус ашигласны төлбөр 17965456 төгрөгийг суутган авсан  хууль бус эс үйлдэхүйг тогтоож, илүү суутган авсан 17965456 төгрөгийг буцаан олгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т зааснаар усаар хангагч байгууллага бөгөөд хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай гэрээ байгуулж, ашигласан усны төлбөрийг тооцон авч төсөвт төлөх ёстой.

Архангай аймгийн Татварын хэлтэс нь 2016 оны усны нөөц ашигласны төлбөр гэж 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр манай компаний Төрийн банкин дахь 18000018675 тоот данснаас 186325 м3 төсөвт байгууллагын хэрэглэсэн усанд төлбөр ногдуулж 17,965,456 төгрөгийг шууд суутган авсан.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийг хэн хураан авч төсөвт төлөхийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байдаг. Гэтэл Архангай аймгийн Татварын хэлтэс нь татвар ногдуулалт хийгдээгүй, мэдэгдээгүй, тайлагнаагүй, тайлагнах хугацаа болоогүй байхад өөрийнхөө эрх хэмжээнд байхгүй эрхийг хэрэгжүүлж манай байгууллагын данснаас 17,965,456 төгрөгийг суутган авсан. Төсөвт байгууллагын ус ашигласны төлбөр гэж 17.965.456 төгрөгийг илүү суутгаж авсан Архангай аймгийн Татварын хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, 17.965.456 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Татварын хэлтэс нь “У” ХХК-ийг 2016 онд усны нөөц ашигласны төлбөр гэж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай Төрийн банкин дахь 18000018675 тоот данснаас 21.836.100 төгрөгийг шууд суутган авсан. Татварын хэлтэс манай данснаас ямар нотлох баримтыг үндэслэн мөнгө суутган авсан нь тодорхойгүй байна. Манай компани 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 07/2108 дугаар ус ашиглуулах гэрээгээр 2016 онд 40126 м3 ус ашиглаж, төсөвт 3.952.445.60 төгрөг төвлөрүүлэхээр гэрээ байгуулсан. Татварын хэлтэс нь төсөвт байгууллагын хэрэглэсэн 186.325 м3 усанд ногдох төлбөрийг 17.965.456 төгрөгөөр илүү суутган авсан нь хууль бус гэж үзэж байна. “У” ХХК нь 2014 онд байгуулсан ус ашиглуулах гэрээг 15 төгрөг, 2016 онд усны нөөц ашиглах гэрээг 96.43 төгрөгөөр байгуулсан. Учир нь тухайн үед үйлчилгээний тарифыг өөрөө тогтооно гэсний дагуу удирдах зөвлөлөөс усны үнийг тогтоосон байсан. Манай байгууллага гэрээнд заасан дүнгээр төлдөг байсан. “У” ХХК нь 2015 оноос эхлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас усны нөөц ашиглах тухай дүгнэлтийг гаргуулдаг болсон. Хэрэглэгчдэд ашиглуулах усаа зориулалтаар нь ангилан салгаж хэрэглүүлэх нь зүйтэй гэсэн зааварчилгаа манайд ирсэн. Энэ зааварчилгааны дагуу бид 6 төрлийн ангиллаар ангилж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлттэй холбоотой Орхон-Чулуут сав газраас зөвшөөрөл өгсөн. Архангай аймгийн Байгаль орчны газартай 3.952.445.60  төгрөгийн гэрээ байгуулсан ажиллаж байхад 2 удаа буюу 10, 11 сард манай дансыг хааж 15.500.000 төгрөг суутгаж авсан. Тухайн үед манай компани гэрээгээр 3.952.445.60  төгрөгийг л төлөх ёстой. Бид гэрээнд заасны дагуу 2016 онд татварын төлөлт хийгээгүй татварын хэлтсийн буруутай үйлдэл тогтоож, илүү төлсөн  17.965.456 төгрөгийг буцаан олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “У” ХХК нь Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай ус ашиглуулах гэрээ байгуулсан. Гэрээнд заасан үүргийн дагуу “У” ХХК нь ус ашигласны төлбөрт  3.952.445.60  төгрөгийг төлөх ёстой байсан. Гэтэл татварын хэлтэс “У” ХХК-ийг ногдлоо тодорхойлж тайлангаа гаргаагүй байхад мэдэгдэлгүйгээр шууд дансыг нь хааж 21.836.100 төгрөгийг суутган авсан байна. Дээрх үйлдлийг хэд хэдэн үндэслэлээр хууль бус үйлдэл гаргасан байна гэж үзэж байгаа. Байгалийн нөөц ашигласны ногдлыг татварын хэлтэс шууд хийх эрх байхгүй. Ус ашигласны ногдлыг юунд үндэслэж, яаж тооцоолж гаргасан ойлгомжгүй байгаа. Хариуцагч байгууллага Татварын ерөнхий хуулийн 62, 63 дугаар зүйлүүдийг үндэслэж тайлбар гаргасан. Энэ үйлдэл нь  илт хууль бус үйлдэл. Татварын ерөнхий хуулийн ерөнхий зарчим нь хэрэглэсэн, ашигласан усны нөөцөө өөрөө тодорхойлж, тайлангаа гаргасны дараа татвар төлөх асуудал яригдана. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар тухайн сард байгалийн нөөц ус ашигласны төлбөрийг дараа сардаа төлнө гэсэн байгаа. Гэтэл энэ хугацаандаа төлөөгүй учир Татварын албанаас бүтэн жилээр нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шууд суутгаж авсан гэдэг тайлбар хэлдэг. Татварын хэлтсээс “У” ХХК-д 2016 оны 9 дүгээр 19-ний өдөр мэдэгдэл өгсөн байдаг. Архангай аймгийн Татварын хэлтэст нотлох баримтанд үзлэг хийж байхад “У” ХХК-д  3-4 удаа мэдэгдэл хүргүүлсэн гэх нотлох баримт байхгүй байсан. Татварын хэлтсийн улсын байцаагч С.Гэлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн гэх жагсаалт дээр нь тэмдэглэсэн байсан. Гэтэл тайлант хугацаа болоогүй. Ус ашиглаж дуусаагүй байхад бүтэн жилийнх юм уу эсвэл тухайн саруудад хэрэглэсэн эсэх талаар ямар үндэслэлээр тогтоож байгаа нь тодорхойгүй. Гэрээнд заагаагүй  үндэслэлээр 21.836.100 төгрөгийг суутгаж авсан байна. Байгалийн нөөц ашигласны тухай хууль, тогтоолд  нарийвчилсан зохицуулалтыг аваад үзэхээр Татварын ногдлыг хэн хийхийг нь заасан байдаг. Байгалийн нөөц ашиглах ногдлыг Орхон Чулуут голын сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрлөө аваад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт гаргуулаад Орхон Чулуут голын сав газрын захиргаатай гэрээ байгуулах ёстой байдаг. Гэтэл ус ашиглалтын компаниудтай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулаад байгаа юм. 2016 оны 06 дугаар сарын 06 өдрийн Ус ашиглуулах гэрээн дээр  ус ашигласны төлбөрийн ногдлыг тогтоосон. Татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.  Татварын улсын байцаагч нар танай байгууллага ус ашиглагч, татвар төлөгч гэдэг талаас нь харсан. Гэтэл “У” ХХК нь Засгийн газрын 326 дугаар тоот тогтоолоор байгалийн нөөц ашигласны төлбөрийг “У” ХХК тооцож аваад холбогдох төсөвтөө тушаана. “У” ХХК нь ус ашигласны төлбөрөө холбогдох байгууллагаас хурааж төсөвт төлнө гэсэн зүйл дээр маргаагүй. Гэтэл татварын алба “У” ХХК холбогдох байгууллагуудаас аваагүй байхад шууд танайх ус ашиглагч буюу ашиг олох зориулалттай явж байна гэж үзээд нийт ус ашиглах хэмжээгээр ногдуулалтыг хийсэн нь Татварын хэлтэс  хууль зөрчсөн байна гэж үзэх үндэслэл болж байгаа. Татварын хэлтэс нь  өөрт байхгүй эрх хэмжээгээ ашигласан үйлдэл гаргаж байгаа нь  хууль бус эс үйлдэхүйг  байна. 

“У” ХХК нь байгалийн нөөц  ашигласны төлбөрт 3.952.445.60 төгрөгийг төлөх ёстой гээд хүсэлт, гомдлоо гаргаад тодруулахад төсөвт байгууллага төлөх ёстой гэдэг тайлбарыг татварын алба “У” ХХК-д  хүргүүлсэн байдаг. Байгалийн нөөц ашигласны тухай хуульд зааснаар байгалийн нөөц ашигласны төлбөр төлнө. Гэхдээ хуульд заасан унд ахуйн зориулалтаар хэрэглэж байгаа бол чөлөөлнө. Засгийн газраас унд ахуйн зориулалтаар ашигласан байгалийн нөөц ашигласны төлбөр хувь хэмжээ болон ямар зориулалтаар ашиглаж байгаагаас шалтгаалаад хэдэн төгрөг байх ёстойг тогтоож өгсөн. Гэтэл төсөвт байгууллага гэдэг үг өгүүлбэр байхгүй байна. Танайх төсөвт байгууллагынхаа төлбөрийг төлөх ёстой гээд авч байгаа нь мөн хууль зөрчиж байна. Төсвөөс аваад “У” ХХК-иас аваад байвал давхар татвар ногдуулах нөхцөл байдал үүсч байна. “У” ХХК-иас төлөх ёстой төлбөрөөс урьдчилан авч байгаа нь хууль зөрчиж байна. Тиймээс нийт суутгаж авсан 21.836.100 төгрөгөөс гэрээгээр төлөх ёстой 3.952.445.60 төгрөгийг суутгаад,  илүү авсан 17.965.456 төгрөгийг буцаан гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Холбогдох газруудаас тодруулга авсан мөн байгалийн нөөц ашигласны тухай хууль зэргээс харахад нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Төсөвт байгууллага өөрөө хэрэглэгч энэ тухай Татварын ерөнхий газар бусад холбогдох байгууллага, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тодруулга авсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тодорхой хариу ирүүлсэн. Төсөвт байгууллага өөрөө ашиг олох зориулалттай үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаггүй. Унд ахуйн зориулалтаар хэрэглэдэг учраас байгалийн нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх ёстой. Тиймээс Татварын хэлтэс нь өөрөө  шударга ёсны зарчим, татварын ерөнхий зарчимд нийцэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “У” ХХК нь усны төлбөр төлөх үүрэг бүхий байгууллага мөн болох нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27 заалтад “Ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хэлнэ гэсэн хуулийн заалтаар нотлогдож байна.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлнө”. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усанд ус, рашаан ашигласны төлбөр ногдуулна”. Мөн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ”, 3.4-т “Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

“У” ХХК нь татварын албанд 2606666 регистрийн дугаартай “Хязгаарлагдмал хариуцлагатай компани” гэсэн хариуцлагын хэлбэртэйгээр бүртгэлтэй байна. Дээрх хуулийн заалтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжпэлд дурьдсан өөрийн байгууллагынх нь тухай дээр дурьдсан тодорхойлолт зэргээс харахад “У” ХХК нь ус ашиглагч ашгийн төлөө байгууллага болох, нөгөө талаар ус ашигласны төлбөр төлөгч болох нь тодорхой байна. “У” ХХК нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орхон голын сав газрын захиргаагаар гаргуулан, ус ашиглах гэрээ байгуулж, “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 14 дүгээрзүйлийн 14.2.6-д заасны дагуу үйлчилгээний үнэ тарифаа батлуулан үйлчилгээгээ явуулж байгаа. 

Усны төлбөр олон сар дамжин төлөгдөхгүй аймгийн төсвийн орлого бүрдүүлэлтэд саад учруулж байсан тул нэгэнт ногдсон боловч хугацаандаа төлөгдөхгүй байгаа татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна” гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “У” ХХК-ий харилцах данснаас 17965456 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсан болно. Иймд дээрх хуулийн холбогдох заалтын дагуу үл маргах журмаар 17965456 төгрөг гаргуулж төсөвт оруулсан үйлдлийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийг орчинд төлбөр ногдуулна. 6.1.1-д “Хүн амын унд, ахуйн болон уйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус” гэж, мөн хуулийн 20.1-д дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө. 20.1.1-д Хүн амын унд ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах”, 20.1.2-д “Түймэр унтраах болон байгалийн бусад гамшигтай тэмцэх”, 20.1.3-д “Усыг үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашигласан” гэж тус тус заасан бөгөөд төсөвт байгууллагыг чөлөөлнө гэсэн хуулийн заалт байхгүй байна. Иймд “Ундарга” ХХК нь хуулинд заасны дагуу усны төлбөр төлөх нь зүйтэй байна гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Х.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК нь ус ашиглагч байгууллага учраас бид усны төлбөрөө “У” ХХК-иас авах нь зөв гэж үзэж байна. Ус ашиглуулж байгаа төлбөрийг “У” ХХК-тай хийнэ. Татварын тооцоог давхардуулсан тооцоог хийх үндэслэл байхгүй. Хуулинд зааснаар ус ашигласны төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлнө гэсэн байгаа. “У” ХХК ус ашигласан усны төлбөрөө сар бүрийн 10-ны дотор төлөөд байвал бидний дунд асуудал үүсэхгүй. Бид 7 төрлийн аж ахуй нэгжүүдтэй харьцдаг. Хэрэв хугацаандаа татвараа төлөхгүй бол мэдэгдэх хуудас өгдөг. Хуулиар мэдэгдэх хуудсыг хэдэн удаа өгсөн нь хамаагүй, нэг л удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол байгууллагын дансыг хааж татвараа авах эрхтэй. Бид 9 сард мэдэгдэх хуудас өгөөд татварын суутгалыг 2017 оны 1 дүгээр сарын 3-нд авсан. Тайлагнах хугацаа гэдгийг жилийн эцсийн тайлангийн хүү, торгууль, алданги тооцох хугацаа нь төлөх, тайлагнах, хугацаа ижил байх бөгөөд тэр хугацаанаас эхлээд тайлан өгнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Өөр байгууллагын ашиглаж байгаа усны төлбөрийг “У” ХХК-иас аваад байна буруу ойлгоод байх шиг байна. Төсөвт байгууллага ус ашиглагч биш, хэрэглэгч байгууллага болно. “У” ХХК-ий хэрэглэгч байгууллагаас төлбөр авсныг бид “У” ХХК-иар дамжуулан авах нь зүйтэй гэж үзэж байна. “У” ХХК нь 2014 онд усны төлбөрийг чөлөөлөөгүй байж 15 төгрөгөөр тооцоо хийсэн байсан. 

Засгийн газрын 326, 327 дугаар тогтоол дээр зөвхөн ашиглагч байгууллага болох “У” ХХК-тай тооцоо хийнэ гэж заасан байгаа. Давхар ус ашиглаж байгаа ашгийн төлөө байгууллагуудтай давхар тооцоо хийхгүй зөвхөн “У” ХХК-тай тооцоо хийнэ гэдгийг тодорхой заагаад өгсөн байгаа.  “У” ХХК ус ашигласны төлбөрт 3.952.445.60  төгрөг төлөх ёстой байтал яагаад 21.836.100 төгрөгийг суутгасан юм бэ гээд байна. Төсөвт байгууллагын хөнгөлөлт, чөлөөлөлт гэсэн зохицуулалт хуулинд байхгүй учир үнийг хэрхэн тогтоох нь бидэнд огт хамаагүй. Төсөвт байгууллагуудын ус ашигласны төлбөр болон бусад төлбөр хураамж, нэмэгдсэн өртгийн алан татвар гэх  бүх зүйлийн үнэ тарифид шингээн тогтоох ёстой байхад яагаад зөвхөн байгалийн нөөц ашиглалтын төлбөрийг салгаад тогтоосон байгаа юм бэ. Ус ашиглана гэдэг нь байгалийн нөөц ашигласан гэсэн үг. Ус ашиглах гэрээ хийнэ гэдэг нь эхний улирал болон цаашид өөрсдийн хэрэглэх усаа тодорхойлоод гэрээ хийж байгаа нь ирээдүй цагийн асуудал болж байна. Жилд ашиглах усны гэрээ хийсэн тооцоог бид аваад хүн амын унд ахуйд хэрэглэх усыг тооцоод чөлөөлнө. Сар, сардаа төлбөрөө төлөөгүй нь татварын өр. Биднийг татвар татаж авах болоогүй байхад төлбөр  авсан байна гэж байгаа нь зөв, гэхдээ хууль зөрчсөн зүйл байхгүй. Бид төлбөр тооцоон дээр хатуу ханддаггүй. Өмнөх жилийн тайлант хугацаа дуусаад 2017 он гарсан учраас хууль зөрчсөн зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “У” ХХК нь аймгийн татварын хэлтсийн 2016 оны ус ашигласны төлбөр 21836100 төгрөгийг суутгаснаас 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 07/2108 дугаартай ус ашиглуулах гэрээгээр 3952445 төгрөгийг суутгаж, Төсөвт байгууллагын ус ашигласны төлбөр 17965456 төгрөгийг суутган авсан хууль бус эс үйлдэхүйг тогтоож, илүү суутган авсан 17965456 төгрөгийг буцаан олгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно. 

Архангай аймгийн татварын хэлтэс нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1665 дугаар албан бичгээр “У” ХХК-ий хугацаандаа төлөөгүй татварын өр 21836100 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу үл маргах журмаар гаргуулахаар мэдэгдэх хуудсыг Төрийн банканд хүргүүлсэн байна. /х.х-144/

Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “У” ХХК-ий төрийн банк дахь 1800018675 дугаартай дансаас 2016 оны усны нөөц ашигласаны төлбөр нийт 21836100 төгрөгийг суутган авснаар уг маргаан үүсжээ. 

Шүүх нэхэмжлэгч “У” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  Учир нь:

Хариуцагч Архангай аймгийн татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйл 32.1 дэх хэсэгт зааснаар татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон мэдээ, баримт цуглуулах, хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий болон тусгай удирдамж, танилцуулах, тайлбар, лавлагааг бичгээр гаргуулах асуулга, ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах гэсэн хууль журмыг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасан “татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх” эрхээр хангаагүй байна гэж үзлээ. 

Архангай аймгийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 317 дугаар  захирамжаар “У” УҮГ-ыг 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс татан буулгаж “У” ХХК болгон өөрчлөн байгуулж улмаар Архангай аймгийн Ус суваг ашиглалтын “У” ХХК-ий дүрмээ баталж, 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2606666 регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн 111001135 дугаартай гэрчилгээг авч үйл ажиллагаа явуулж байжээ./х.х-8, 78-86/

Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт зааснаар  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулах газрын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 07/2108 дугаартай ус ашиглах дүгнэлтийг гаргажээ. 

Уг дүгнэлтийн  6-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний нэр төрөл зориулалт”: Аймгийн төв Эрдэнэбулган сумын орон сууц, гэр хорооллын айл өрх, ах ахуйн нэгж, байгууллагад цэвэр ус түгээх, ахуйн бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлдэг.

8-д Үйлдвэрлэх, боловсруулах бүтээгдэхүүний хэмжээ”: 2016 онд 291’869м3 ус дамжуулан түгээнэ.

15-д Холбогдох хууль, дүрэм, журам, норм, стандарт, баримт бичгийн дагуу усны зарцуулалийг тооцоход: 2016 онд түгээх усны хэмжээ /”У” ХХК-ий төлөвлөгөөнд үндэслэв/: 

Ангилал Усны хэмжээ, м3/ жил

Унд, ахуй /айл өрхийн/ 65’418 /35’093 орон сууц, 30’325 гэр хороолол

Төсөвт байгууллага 186’325

Эрчим хүч /халаалт/ 9’850

Барилга 2’090

Хүнсний үйлдвэрлэл 1’846/700,0 архи пиво, 496,0 ундаа, цэвэр ус, 650,0 талх/

Ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ 26’340

Нийт 291’869м3/жил 

 

16-д Холбогдох хууль, тогтоол шийдвэрийн дагуу оногдуулах усны нөөцийн төлбөрийн хэмжээ: Байгалийн нөөц ашигласан төлбөрийн тухай хуулийн 20.1.1-д заасны дагуу хүн амын унд-ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглах усыг төлбөрөөс чөлөөлнө гэж дүгнэлтэд тусгаснаар Орхон-Чулуут голын сав газрын захиргааны даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/3 дугаар тушаалаар  “У” ХХК-ний хэрэгцээнд 291869м3/жил усыг нэг жилийн хугацаагаар унд ахуй, халаалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байна. /х.х-н 16-18, 87/

Улмаар 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Архангай аймгийн Байгаль орчны аялал жуучлалын газар, “У” ХХК нь ус ашиглах 07/2108 дугаар гэрээг Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулжээ. /х.х-н 12-15/

Ус ашиглах гэрээний   Хоёр. Гэрээний гол нөхцөл 

2.1 Уг ашиглах зориулалт: Унд, ахуй, үйлдвэрлэлийн 

2.2 Ашиглах усны хэмжээ: нийт 291869 м3

2.2.1-д  Унд-ахуй – 65418 

                         үүнээс:  - Орон сууцны айл өрхийн унд ахуйд -35093 м3/жил

                           -Зөөврийн усан сан гэр хорооллын айл өрхийн унд ахуйд – 30325м3/жил

     а/ Төсөвт байгууллагын унд ахуйд 186325 м3/жил гэж

2.2.2-т      Үйлдвэрлэл, үйлчилгээ 

а/ Барилгын үйлдвэрлэл  -2090 м3/жил

б/ Хүнс Архи пиво үйлдвэрлэл -700 м3/жил

в/ Хүнс ундаа цэвэр ус -496 м3/жил

г/Хүнс талх нарийн боов  -650 м3/жил

д/Эрчим хүч дулаан үйлдвэрлэл -9850 м3/жил

е/ Ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ -26340 м3/жил тус тус ашиглах усны хэмжээг гэрээндээ нарийвчлан зааж өгчээ. 

Өөрөөр хэлбэл :  65418м3 + 186325м3 + 2090 м3+ 700 м3 + 496 м3 +650 м3 + 9850 м3 +26340 м3 =  2016 онд нийт ашиглах усны хэмжээ 291869м3  байна.

Үүнээс ус ашигласны нэг төлбөрийн хэмжээ : төгрөгөөр тооцоход 

           А. Барилгын үйлдвэрлэл                 -2090 м3/жил  х 197,80 төг  = 413402

Б.  Хүнс Архи пиво үйлдвэрлэл -700 м3/жил   х 197,80 төг   = 138460

В. Хүнс ундаа цэвэр ус -496 м3/жил   х  197,80 төг = 98180,80

Г.Хүнс талх нарийн боов  -650 м3/жил   х  49,45 төг   = 32128,50

Д.Эрчим хүч дулаан үйлдвэрлэл -9850 м3/жил  х  74,17төг   = 730574,5

Е. Бусад ашиг олох зорилгоор  -26340 м3/жил х  96,42 төг = 253702,80  бөгөөд ус ашигласны  нийт  куб  хэмжээ нь  буюу 2090 м3/жил   +700 м3/жил   +496 м3/жил   +650 м3/жил   + 9850 м3/жил   + 26340 м3/жил  =  40126 м3/жил ба нийт мөнгөн дүн нь 413402 + 138460 + 98180,80 + 32128,50 + 730574,5 = 3954445,60 төгрөгийг татварт төлөхөөр гэрээ байгуулжээ. 

Уг гэрээнд усны нөөц ашигласны төлбөрт 40126 м3/жил  3954445,60 төгрөгийг “У” ХХК нь Архангай аймгийн Татварын хэлтэст төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Учир нь: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт усны нөөц ашигласан төлбөр тооцохдоо “хүн амын унд, ахуйн болон ... зориулалтаар ашигласан усыг шоо метрээр”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн15.3 дэх хэсэгт “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар  тогтооно” гэж тус тус заажээ.

 Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд баталснаар

                 Төлбөр ногдох ус Төлбөрийн хувь хэмжээ /экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар/

Гадаргын усанд Газрын доорхи усанд

1. Хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд - -

  

Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар “Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь хэмжээ” -г  

              Ус ашиглах зориулалт Усны нөөц ашигласны төлбөрөөс

 хөнгөлөх хувь

Усны эх үүсвэр

Гадаргын ус Газрын доорхи ус

1. Унд, ахуйн зориулалтаар 100 100

 

тус тус зааснаар унд, ахуйн зориулалтаар ашигласан усны төлбөрийг чөлөөлсөн /100 хувь тэглэсэн/ байхад хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтэс усны нөөц ашигласны төлбөр 17965456 төгрөгийг суутгаж авсан нь хууль бус эс үйлдэхүй болжээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлахад: Гэрч Д.О-гийн шүүхэд өгсөн мэдүүлэгт: “..Төсөвт байгууллага нь усны төлбөр төлөх ёсгүй. Учир нь усыг зарж, борлуулж, ашиг олдог байгууллага бус, унд ахуйн зориулалтаар усыг хэрэглэж байгаа, хэрэглэгч байгаа. Мөн Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан усны төлбөрөөс чөлөөлсөн байдаг”  /х.х-148/

Татварын ерөнхий газрын Татварын төлөгчтэй харилцах газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06/2428 дугаартай албан бичигт: “..Төсөвт байгууллага нь усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө”  /х.х-н 119/

Гэрч Ж.Г шүүхэд өгсөн мэдүүлэгт: “..Төсөвт байгууллага нь бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, ашиг олдоггүй учраас усыг хэрэглэгч гэдэг ангилалд ордог, төсвийн байгууллага ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө” /х.х-н129-134/

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/97 дугаар албан бичигт: “..Зарим орон нутгийн Татварын хэлтсээс ус хангамжийн байгууллагыг Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт хийх, ашгийн бус төсөвт байгууллагуудаас нөөцийн төлбөр тооцох шаардлага, акт тавьж, байгууллагын дансыг хааж байгаа нь хэрэглэгчийг найдвартай, чанартай усаар тасралтгүй хангах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна”  /х.х-н 154/

Монгол Улсын Байгаль орчны аялал жуучлалын яамны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 09/2063 дугаар албан бичигт: “..ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй төсвийн байгууллага нь усны нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл төсвийн байгууллагуудын хэрэглэсэн уснаас усны нөөц ашигласны төлбөрийг тооцон авах хууль зүйн үндэслэлгүй байна” /х.х-н155/  гэж тус тус тайлбарлаж мэдүүлжээ.

Дээрхи нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Төсөвт байгууллага гэдэг нь ус хэрэглэгч бөгөөд ашиг олох зорилгогүйгээр унд ахуйн  /уух юм, цай унд, кофе/, хэрэгцээндээ /00 өрөө, угаалтуур, цэвэрлэгээ гэх мэт/ ашигладаг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28-д зааснаар ус хэрэглэгч байгууллага бөгөөд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар төсөвт байгууллага нь унд, ахуйн хэрэгцээнд ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх нь хууль зүйн үндэслэлтэй.  

Иймд Татварын ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3 дах хэсэгт зааснаар Архангай аймгийн татварын хэлтэс нь Төсөвт байгууллагын унд ахуйд 186325 м3/жил х 96,42 төгрөг = 17965456 төгрөгийн усны нөөц ашигласны төлбөрийг хууль бус суутган авсан тул “У” ХХК-д буцаан олгох нь зүйтэй.

Хариуцагч талаас “Монгол Улсын Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийг орчинд төлбөр ногдуулна. 6.1.1-д “Хүн амын унд, ахуйн болон уйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус” гэж, мөн хуулийн 20.1-д дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө. 20.1.1-д Хүн амын унд ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах”... гэж тус тус заасан бөгөөд төсөвт байгууллагыг чөлөөлнө гэсэн хуулийн заалт байхгүй” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний Татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудас 0101032 дугаар татварын өрийн тооцоолол, мэдэгдэх хуудсыг гардуулсан тухай татварын улсын байцаагчийн тэмдэглэлд татварын төлөгчид биечлэн гардуулж танилцуулаагүй, асуулга, ярилцлага хийхдээ тэмдэглэл үйлдээгүй, гарын үсэг зурагдаагүй, уг татварын дүнгийн талаар тайлбар аваагүй байна. /х.х-н166-167/

Мөн тус аймгийн Татварын хэлтэс нь  “2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар мэдэгдэх хуудас, 20016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1665 дугаартай албан бичгээр “У” ХХК-ий хугацаандаа төлөөгүй татварын өр 21836100 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу үл маргах журмаар гаргуулахаар Төрийн банкинд хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч “У” ХХК-д уг албан бичиг, мэдэгдэх хуудсыг хүргүүлээгүй танилцуулж тайлбар мэдүүлэг аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. . /х.х-н 144-145, 168-176/

 Тодруулбал: Архангай аймгийн Татварын хэлтэс нь “У” ХХК-ий 2016 оны ус ашигласны төлбөрт нь  татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай  холбогдох бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэх татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон .. татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд .. заасны дагуу уг хуудсыг үйлдэх үүргээ биелүүлээгүй, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33 дугаар зүйлийн 33.2 дэх хэсгийн 33.2.4 дэх заалтуудыг зөрчиж мөн  хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар “татварын улсын байцаагч нь үйл ажиллагаанд хууль дээдлэх” зарчим зөрчжээ.  

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төсөвт байгууллагын ус ашигласны төлбөр 17965456 төгрөгийг суутган авсан  хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч “У” ХХК-ий данснаас илүү хураасан мөнгөн дүн болох 17964456 төгрөгийг буцаан олгож шийдвэрлээ.

 Өмнө нь хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтэс, нэхэмжлэгч “У” ХХК  нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 010000670 дугаартай ус ашигласны төлбөр 2014 онд 9106769, 2015 онд 15306461,0 төгрөг, нөхөн татвар 3856621,2 төгрөгийн торгууль, 3988620,7 төгрөгийн алданги, нийт 32258471,9 төгрөгийг төлбөрийг төлүүлэх татварын  улсын байцаагчийн акт болон ус ашигласны төлбөрийн талаар маргалдаж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг /Захиргааны хэргийн анхан шатны 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28221/МА2016/0266 дугаар магадалал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор/ эцэслэн шийдвэрлэгдсэн тул уг захиргааны хэрэг, маргаанд  хамааралгүй үйл баримт болохыг тэмдэглэв. /х.х 62-71/

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсгийг 106.3.4, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                   

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4, 54 дүгээр зүйл, 59 дүгээр зүйлийн 59.1.3, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “У” ХХК-ий Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төсөвт байгууллагын ус ашигласны төлбөр 17965456 төгрөгийг суутган авсан хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч “У” ХХК-ий дансаас илүү хураасан мөнгөн дүн болох 17964456 төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.800 /хоёр зуун дөчин долоо мянга найман зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсээс 247800 / хоёр зуун дөчин долоо мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ОДОНТУЯА