Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 268

 

Т.Мөнх-Эрдэнэ, Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 90 дүгээр магадлалтай, 201515000397 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, Хонгорхайрхан овогт Түвшинжаргалын Мөнх-Эрдэнэ,

-2002 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

-2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

-2005 онд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

-2007 онд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар,

-2008 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар,

-2015 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 176 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 04 cap 03 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж суллагдсан, Т.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, Мянган овогт Гэрэлийн Авирмэд,

   -1999 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

   -2003 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

   -2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоног хорих ялаар,

   -2010 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар,

   -2015 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ялаар,

   -2015 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 191 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 cap 04 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж суллагдсан,

   Г.Авирмэд нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, Шархүү овогт Цоодолын Отгонбаяр,

   -2011 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар,

   -2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

   -2015 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 216 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 11 cap 09 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж суллагдсан,

Ц.Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Авирмэдийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Отгонбаярыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоног хорих ялаар,

шүүгдэгч Г.Авирмэдийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар,

шүүгдэгч Ц.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Авирмэдэд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нарын ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 54 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэснийг, 2 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар” гэснийг тус тус хасч, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь ”Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Г.Авирмэдэд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Мөнх-эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарын давж заалдсан гомдлууд, ялтан Г.Авирмэдийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх намайг урьд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ялтай байх хугацаандаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ...Г.Авирмэд нь удаа дараа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байтал Монгол Улсын Дээд шүүхийн 28 дугаар тогтоолыг ялгамжтай хэрэглэж Г.Авирмэдэд ял завшуулж, намайг хүнд ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд ялтай байдалтай холбогдох хуулийг жинхэнэ агуулгаар нь хэрэглэж, мөн эргэлзээ гарч байгаа байдлыг миний биед ашигтайгаар шийдвэрлэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Хандмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийн хулгайн гэмт хэрэгт 2 буюу түүнээс дээш удаа, эсхүл булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд” гэдгийг “урьд энэ гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлснээс хойш Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох”-оор заасан байтал Т.Мөнх-Эрдэнийг дээрмийн гэмт хэрэг үйлдэж ялтай байх хугацаандаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр зүйлчлэн 10 жил 1 хоногийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Т.Мөнх-Эрдэнэ нь урьд өмнө хэрэгт холбогдож байсан ч хулгайн хэрэгт огт холбогдож байгаагүй бөгөөд сийлбэр, барилгын засал чимэглэлийн ажил хийгээд амьдрах бүрэн чадвартай хүн юм. Хүн бүр адилгүй болохоор хувийн байдалд нь ялгамжтай хандах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хэргийг хянан үзэж Т.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Т.Мөнх-Эрдэнийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн бөгөөд түүний ялтай байдал хэвээр үлдсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.    

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны үндэслэлтэй байх”шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, Г.Авирмэд нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 2 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх иргэн Л.Оюунбаатарын эзэмшлийн амбаарт цоожийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч 23 ширхэг төмөр хувин хулгайлж 230.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 34 дүгээр гудамжны 05 тоот хашаанд байх иргэн Д.Оюунчимэгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч дээл, дурдан бүс, 2 булган малгай, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлж, 1.094.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Г.Авирмэд нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр согтуугаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 17 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх иргэн Э.Сэргэлэнбатын гэрт Т.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хацарт архины шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

-Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Г.Авирмэд нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20-21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 32 дугаар гудамжны 01 тоот хашаанд байх иргэн Р.Янжинсүрэнгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч хурган дээл, мөнгөн товч, бүс зэрэг эд зүйлс хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 04-нөөс 11-ний хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, 29 дүгээр гудамжны 06 тоот хашаанд байх иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн амбаарт хаалга даруулж цоожилсон төмрийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч 4 шуудай гурил, 2 шуудай будаа, усны тэрэг зэрэг зүйлсийг хулгайлж 258.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар,

бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн Г.Авирмэдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар,

бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн ба анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Г.Авирмэдэд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн тухайн хэргийн үйл баримт, зүйлчлэлийг тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлд ялтныг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ял эдлэхээс хэсэгчлэн, эсхүл бүрэн чөлөөлж болохыг заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт “Энэ хуулиар тогтоосон журмын дагуу ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолно.” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт заасан ялтай байдлыг тоолж эхлэх нийтлэг журмын дагуу ялтан Т.Мөнх-Эрдэнийн хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 04 cap 03 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж хорих ангиас суллагдсан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тэрээр Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь заалтад заасан 5 жилийн дотор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт ялтайд тооцогдоно.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 2 дугаар бүлэгт:

-“Ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх”,

-“Ялаас өршөөн хасах”,

-“Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох”,

-“Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох”

гэсэн өршөөл үзүүлэх 4 үндсэн хэлбэрийг хуульчилж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь заалтад “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.” гэж заасныг дээр дурьдсан өршөөл үзүүлэх 4 хэлбэрийг давхардуулахгүйгээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд аль илүү ашигтай нэг нөхцөлийг нь сонгож өршөөлд хамруулах гэсэн утгаар тайлбарлан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй тул хорих ял эдэлж буй ялтны эдлээгүй үлдсэн хорих ялыг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь өршөөн хэлтрүүлсэн тохиолдолд түүний ялтай байдлыг мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас үлдсэн хэсгийг өршөөн хэлтрүүлж сулласан тул түүний энэ төрлийн гэмт хэрэгт ялтайд тооцогдох хууль зүйн үр дагавар хөндөгдөхгүй хэвээр үлдэх болно.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “...Т.Мөнх-Эрдэнийг дээрмийн гэмт хэрэг үйлдэж ялтай байх хугацаандаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийнй 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр зүйлчлэн 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “энэ хэргийг хулгайн гэмт хэрэгт 2 буюу түүнээс дээш удаа ... шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол” гэх хүндрүүлэх шинжийг хассан байхад шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарын гомдолд хүчингүй болсон хуулийн хэм хэмжээг иш татсанаас гадна шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн гомдолд “Г.Авирмэд нь удаа дараа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байтал Монгол Улсын Дээд шүүхийн 28 дугаар тогтоолыг ялгамжтай хэрэглэж Г.Авирмэдэд ял завшуулж, намайг хүнд ял шийтгэсэнд гомдолтой байна.” гэсэн нь үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 90 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

                                                        ДАРГАЛАГЧ,

                                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                                        ШҮҮГЧ                                                                   Б.БАТЦЭРЭН