Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 90

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч Ч.Шийрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230  дугаар зүйлийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Магал овогт Чимэдцэрэнгийн Шийрэвдоржид холбогдох эрүүгийн 201615000259 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, компьютерийн оператор, данс хөтлөлтийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг 7-50 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Магал овогт Чимэдцэрэнгийн Шийрэвдорж. /РД:ЙА91062018/

Шүүгдэгч Ч.Шийрэвдорж нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр 06-ны өдрийн 20 цагаас 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын "Бумбат" хорооллын 4 дүгээр баг 7-50 тоот хашаанд төрийн албан хаагч буюу Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатарыг хуулиар хүлээсэн хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж түүний зүүн гарын тохой хэсэгт нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

            Шүүгдэгч Ч.Шийрэвдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Энхбаатар, Оюунсүрэн хоёртой хамт архи уусан. Тэгээд айлд оччихоод буцаад ирсэн чинь Зоригоо, Давгасүрэн, Эрдэнэжаргал нар байхгүй байсан. Тэгээд нэг хүнтэй таараад асуусан чинь наадмын талбай дээр байгаа гэсэн. Наадмын талбай дээр очсон чинь тэд нар архи ууж байсан. Тэр архинаас нь уучихаад Зоригоотой хамт дэлгүүр яваад 2 шил архи авч ирж уусан. Тэгээд нэг мэдсэн сумын хойд талд алхаж явсан. Гэртээ ирээд болсон зүйлийн талаар мэдсэн. Отгонбаатар цагдааг хутгалсан талаараа санахгүй байгаа. Хохиролд 2000000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ж.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Баруунбаян-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Батхуягийн хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байх үед наадмын талбайн тэнд хүмүүс зодолдоод байхаар нь очиж шаардлага тавиад 1 мотоциклийг нь журамлаад Шийрэвдорж гэх хүнийг унаж явсан мотоцикльтойгоо дагаад кабон байр луу хүрээд ир гэхэд замдаа зугтаачихаар нь араас нь явж байгаад хашаа руу очсон. Очиход унаж явсан улаан өнгийн хятад мотоцикль нь хашаанд байх 3 гэрийн баруун захын гэрийн баруун талд хажуугаараа хэвтэж байхаар нь хашаанд ороод согтуу хүн, хүн дайрч осолдож мэднэ гэж бодоод өөрийг нь авч явалгүй гэрийн гаднаас мотоциклийг нь босгоод түртэл Шийрэвдорж "ална пиздануудыг" гэж орилоод гараад ирсэн. Тэгээд юу юугүй харанхуйд өмнөөс гүйж ирээд гараа савсан чинь миний зүүн талын тохойн үеэр хутгалчихсан. Шийрэвдорж тэр үед орилж байснаа арын хаалгаараа гараад гүйсэн. Хэсгийн төлөөлөгч Батхуягт наадах чинь намайг хутгалчихлаа гэж хэлээд эмнэлэг орж гарандаа 3 оёо тавиулсан. Тухайн үед би албан үүргээ гүйцэтгэж явсан. Шийрэвдоржийг өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж шаардлага тавиад араас дагаад яв гэж хэлтэл хажуугаар өндөр хаазтай мотоцикльтойгоо зугтаасан. Би хутга барьж байгааг нь эхлээд хараагүй, сүүлд нь гар луу дүрсний дараа хутгыг нь харсан. Харанхуйд гялалзаад байсан. Миний зүүн гарын тохойн үе хэсгээр 1 удаа дүрсэн. Уг шарх нь дотроосоо гадагш нэвтэрсэн, үе мөч бага зэрэг хөдөлж байгаа. Шийрэвдорж их согтолттой байсан. Анх шаардлага тавихад согтуу мотоцикль унаж болдоггүй юмуу гэж эсэргүүцсэн шинжтэй янз бүрийн юм ярьж байсан. Тухайн үед суманд согтуурал хэмжих багаж байгаагүй. Хэрэг болох үед хашаанд хүн байгаагүй. Намайг хутгалсны дараа хажуу айлынх нь хүүхэн гарч ирж байсан. Өөр хүн харагдаагүй. Би тухайн үед оройн эргүүлийн үүргээ цагдаагийн дэслэгч Э.Батхуягтай хамт гүйцэтгэж яваад Ч.Шийрэвдоржтой таарсан. Шийрэвдорж бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал огт байгаагүй. Өмнө нь тааралдаж байгаагүй. Тухайн үед Шийрэвдорж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж зугтаасны улмаас араас нь очиж мотоциклийг нь журамлах гэхэд эсэргүүцэж миний гар руу хутгалсан. Миний хохиролд Ч.Шийрэвдорж нь эмчилгээний зардал гэж 2000000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 хуудас/,

Гэрч Б.Тунгалагсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагаас 21 цагийн орчимд Шийрэвдорж гэртээ согтуу орж ирсэн. Орж ирчихээд баруун талын түшлэгтэй орны урд талд сууж байсан. Би тэр үед хоол хийж байсан. Хоол хийж байгаад нэг харахад орны модон түшлэг рүү модон иштэй жижиг хутгаар дүрээд байсан. Тэгээд гэрийн гадаа мотоцикль нь хөдлөх шиг болсон чинь миний мотоциклийг хүн аваад явчихлаа гээд гарсан. Би араас нь 3-4 минутын дараа гартал нэг цагдаагийн гар луу нь хутгалчихсан. Шийрэвдорж гартаа хутга барьчихсан орилоод хашааны хойд хаалгаар гараад гүйсэн. Хоёр цагдаа эмнэлэг рүү явсан. Тэгээд гэртээ орж ирэхдээ нилээд согтуу байсан. Би гарч хараагүй болохоор мотоциклио ямар байрлалтай тавьсныг мэдэхгүй байна. Шийрэвдорж тухайн үед цэнхэр эрээн дээлтэй, цэнхэр бүстэй орж ирсэн. Унаж явсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль нь өөрийнх нь мотоцикль байгаа юм. Би хутга авахыг нь хараагүй. Манай хашаан дотор тухайн үед хажуу айлын эгч, Шийрэвдорж, 2 цагдаа байсан. Өөр хүн байгаагүй. Хашаан дотор ямар нэг хэрүүл маргаан, зодоон болоогүй. Гэрээс гарахдаа мотоцикль хүн авлаа гээд орилоод гарсан. Намайг гэрээс гарахад хутгаа гартаа барьчихсан ойртвол ална шүү гэж орилж байгаад арын хаалгаар гараад гүйсэн. Тэр цагдааг ямар шалтгааны улмаас хутгалсан талаар мэдэхгүй. Гэрт байхдаа юм ярихгүй нэг харахад гартаа хутга барьчихсан орны түшлэг рүү дүрээд байсан. Би яагаад байгаа юм гэж асуугаагүй. Шийрэвдоржтой би анх 4-5 жилийн өмнө танилцсан. Тусдаа гарч амжаагүй байгаа. 2 хүүхэдтэй том нь эрэгтэй, Тэргэл гэдэг, 2 нас 9 сартай, бага нь охин, Уянга гэдэг, одоо 9 сартай. Ч.Шийрэвдорж бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Ч.Шийрэвдорж өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, цэрэгт яваад 2012 онд халагдаж ирж байсан. Архи уугаад байдаггүй. Хааяа нэг уудаг. Архи уусан үедээ уур уцаар байхгүй, агсам согтуу тавиад байдаггүй, дуугүй л орж ирээд унтчихдаг байсан. Ааш зангийн хувьд элдэв зан, уур уцаар байхгүй, даруухан, тайван л хүн байгаа юм. Би өмнө нь ингэж уурлаж байхыг нь хараагүй. Өөрийн гэсэн мал байхгүй. Эд хөрөнгө гэх юм байхгүй. Нэг мотоцикль л байгаа..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-33 хуудас/,

 

Гэрч Ч.Тогтохбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой 20 цагийн орчим Шийрэвдорж Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг 7-50 тоотод байх хашаандаа улаан өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикльтойгоо ганцаараа орж ирсэн. Шийрэвдорж орж ирээд мотоциклио гэрийнхээ баруун хаяанд тавьчихаж байгаа бололтой гэртээ орж байсан. Удалгүй хашааны хаалга дуугарахаар нь хаалгаар шагайж харахад 2 цагдаа хашаанд орж ирсэн. Тэгээд Шийрэвдоржийн мотоциклийг газраас босгож байсан. Тэр үед Шийрэвдорж орилоод хашгичаад гараад ирсэн. Тэгээд нэг цагдаа нь ёо ёо гээд орилсон. Би яасан бэ гээд очтол дүрчихлээ гэж надад хэлсэн. Тэр үед Шийрэвдорж хашааныхаа арын хаалгаар гараад гүйсэн. Хоёр цагдаа ч эмнэлэг орно гээд явчихсан. Би гэрт нь ороогүй болохоор архи уусан байсныг мэдээгүй. Сүүлд цагдаа хутгалчихсны дараа архи уусан байсныг сонссон. Би хутгыг нь хараагүй. Хашаан дотор зодоон цохион болоогүй юу юугүй Шийрэвдорж гэрээсээ орилж гарч ирсэн. Ч.Шийрэвдорж нь эхээс хоёул. Айлын том хүүхэд, одоогоор эрхэлсэн доторхой ажилгүй, амьдрал ахуй тааруу, тусдаа гараагүй, цэрэгт явж байсан. Сургуульд сурч байсан, зан байдлын хувьд элдэв муу зуршилгүй, надад үүнээс өмнө архи ууж харагдаж байгаагүй, тамхи бол татдаг, миний мэдэхийн төлөв томоотой хүүхэд шиг харагддаг. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

 

Гэрч Э.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явтал сумын төвийн зүүн талд наадмын асрын тэнд хүмүүс зодоон хийж байх үед нь очсон. Очиход Шийрэвдорж, Зоригоо гэх хүмүүс хоорондоо зодолдоод тэр үед Дагвасүрэн гэх залуу зодолд, зодолд гэж уриалж байсан. Уг зодооныг зогсоож тэнд байсан нэг мотоциклийг журмын хашаа руу унаж, Шийрэвдоржийг мотоциклио унаад цагдаагийн кабон байранд яваад ир гэж хэлээд хөдөлтөл Шийрэвдорж ирж явах замдаа хажуугаар өндөр хаазтай, мотоцикль мөргөчих шахуу зөрөөд гэрлүүгээ явчихсан. Би унаж явсан мотоциклио журмын хашаанд хийчихээд Отгонбаатарын хамт 4 дүгээр баг 7-50 тоотод байх гэрт нь очоод хашааны үүднээс харахад 3 гэр хашааны хойд хэсэгт байсан. Ертөнцийн зүгээр баруун захын гэрийн баруун талд Шийрэвдоржийн унаж явсан улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль хажуугаараа газар унасан байдалтай байхаар нь хашаанд орж би босгоод түрж хашаанаас гарах гэтэл гэрээс Шийрэвдорж ална гэж орилоод гараад ирсэн. Би түрж явсан мотоциклио өөдөөс ирэхээр нь өмнөөс нь түлхэж унагасан. Тэр үед мотоциклийн ард явсан цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатар руу хутгатай гараараа савчиж байгаад дүрчихсэн байсан. Отгонбаатар надад дүрчихлээ гэж хэлсэн. Шийрэвдорж тэр үед над руу ойртож байснаа 2 гэрийн дундуур ороод арын хаалгаар гараад гүйсэн. Би Отгонбаатарыг аваад эмнэлэгт ирж оёо тавиулсан. Шийрэвдорж нилээн согтуу байсан, согтуурал хэмжих багаж манай хэсэгт байхгүй болохоор согтолтын зэргийг тогтоож чадаагүй. Тухайн үед оройн 22 цаг болж байсан. Харанхуй байсан болохоор анзаарч хараагүй. Гарт нь юм гялтганах шиг харагдсан. Дараа нь Отгонбаатарыг дүрчихсэн байсан. Шийрэвдорж цэнхэр эрээн дээлтэй, цэнхэр өнгийн бүстэй байсан. Бид 2 Шийрэвдоржид огт гар хүрээгүй. Юу юугүй ална гээд гараад ирсэн. Намайг харахад гарт нь юм гялтганасан, тэгээд өмнөөс нь мотоциклийг нь түлхтэл Отгонбаатарыг дүрчихсэн байсан. Надад гэмтэл учраагүй, шинжээч эмчид үзүүлэхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

Гэрч .Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цаг өнгөрч байх үед Отгонбаатар нь хүнд хутгалуулсан гээд цус алдсан эмнэлэг дээр ирсэн. Зүүн гарын тохойн үен дээр нэвтэрсэн хутганы 1 шархтай байсан. Уг шархыг цэвэрлэж шархан дээр нь 3 оёо тавьсан. Өөр шарх байгаагүй. Өвдөлт намдаах эм, үрэвслийн эм өгч, даралт нь ихэссэн, зүрх дэлссэн байдалтай ирсэн. Даралт бууруулах эм өгсөн. Нэвтэрсэн хутганы шарх байсан. Дотор талаасаа гадагшаа чиглэлтэй нэвт гарсан шарх байсан. Өргөнийг нь бол хэмжээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

Гэрч Д.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн үед яг юу болсон талаар мэдээгүй. Унтаж байгаад сэрсэн юм. Шийрэвдорж хашааны арын хаалгаар гарснаас хойш 1 цагийн дараа хашааны арын хаалгаар гараад хартал хашааны зүүн хойд буланд дээл нь газар хэвтэж байсан. Хутга нь дээлнийх дэргэд байхаар нь ахиад авчихаж магадгүй гээд аваад холдуулаад өвсөн доогуур нуучихсан. Сүүлд цагдаа нарыг шөнө ирснийх нь дараа зааж өгсөн. Хүрэн бор модон иштэй, жижиг хутгаж байсан. Шийрэвдоржийн өөрийнх нь хутгай байсан байх. Ч.Шийрэвдоржийг архи хэрэглэж байхыг нь мэдэхгүй. Өчигдөр л анх сонсож байна. Элдэв муу зуршил байхгүй, зан ааш нь төлөв томоотой л хүүхэд байгаа юм. Өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/,

Гэрч Т.Дагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Баруунбаян-Улаан сумын төвийн наадмын талбай дээр орой бүрэнхий болох гэж байх үед 18 цагийн орчим Зоригоо, Шийрэв, Оюунсүрэн, Ганаа, Эрдэнэжаргал бид зургаа архи ууцгаасан. Архи ууж байгаад Шийрэвдорж, Зоригоо 2 гэнэт хоорондоо маргалдаад барилцаж авч байсан. Бие биенээ ганц нэг удаа цохьсон байх. Би тухайн үед нилээд согтсон, бүгд л согтуу байсан. Тэр үед сумын 2 цагдаа ирээд бид нарыг тарааж Зоригоогийн мотоциклийг унаад Шийрэвдоржийг дагаад яв гэж байсан. Тэрнээс хойш би гэртээ харьсан. Юу болсныг мэдэхгүй. Тэр хоёрыг юунаас болж маргасан талаар мэдэхгүй. Би зодолд гэж хэлсэн байж магадгүй. Би их согтсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,

Гэрч С.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Зоригоо гэх залуугийн хамт адуу хайж Баруунбаян-Улаан сумын төвд 16 цагийн үед орж бензин авсан. Оюунаа гэж залуу замд таараад Зоригоо бид хоёрыг наадмын талбайн тэнд очиж архи ууя гээд дагуулаад явсан. Наадмын талбай дээр очиж Оюунаа нь нэг хүнтэй, Зоригоо бид дөрөв 2 шил архи хувааж уусан. Нэг мэдэхэд өөр хүмүүс ирчихсэн байсан. Би согтоод сумын төв рүү нь ахынх руу явган алхсан. Тэд нар тэндээ үлдсэн. Намайг байхад хэрүүл маргаан огт болоогүй. Намайг сумын төв рүү алхаж байхад наадмын талбай руу чиглээд цагдаа нар явж байсан. Тэнд очоод юу болсон талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

Гэрч Н.Зоригтын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би хөдөөнөөс Богдын Эрдэнэжаргал гэх залуутай адуу харж яваад сумын төвөөс бензин авах гэж орж ирсэн. Замд Оюунсүрэнтэй дэлгүүрт таараад наадмын асар дээр очиж архи уухаар болсон. Тэгээд наадмын асар дээр Эрдэнэжаргал бид хоёрын араас Дагвасүрэн, Оюунсүрэн нар ирсэн. Би хальт сумын төвөөс хойш хөдөө явчихаад иртэл Шийрэвдорж, Энхбаатар зэрэг хүмүүс ирсэн байсан. Шийрэвдорж бид 2 сумын төвөөс 2 шил 0.75 литрийн "Ерөөл" архи авч ирээд асар дээр уусан. Архи ууж байхад Шийрэвдорж архиндаа согтоод агсамнаад зодолдох хүн байна уу гээд орилоод босоод ирсэн. Би Шийрэвдоржийг боль гэж хэлтэл намайг мөргөхөөр нь би нуруу хавьд нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Шийрэвдорж зодолдчихьё гээд байсан. Дагвасүрэн миний 2 найз сайхан зодолд гэж ярьж байсан. Тэр үед сумын 2 цагдаа ирээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гээд миний мотоциклыг Батхуяг дэслэгч унаад би ард нь сундлаад явсан. Наадмын асрын дээрээс Шийрэвдоржийг мотоциклоо унаад кобан байран дээр оч гэж байсан. Шийрэвдорж хажуугаар нь өнгөрөөд түрүүлээд явчихсан. Кабон байр дээр очиход Шийрэвдорж байхгүй байсан. Намайг өглөө эрт ирээрэй гэхээр нь би гэр лүүгээ харьсан. Өөр зүйл мэдэхгүй. Миний биед гэмтэл учраагүй. Шинжээч эмчид үзүүлэхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

Гэрч Б.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сумын төвийн наадмын талбай дээр Зоригоо, Эрдэнэжаргал, Дагвасүрэн, Шийрэвдорж, Энхбаатар бид 6-уул архи ууж байсан. Ууж байгаад би унтчихсан байсан. Нэг сэрэхэд орой, бүрэнхий болчихсон байсан. Тэр үед машинтай сумын хоёр цагдаа ирээд согтуугаар мотоцикль унаж болохгүй гээд Зоригоогийн мотоциклийг аваад явчихсан. Бид нар ч гэсэн тарцгаасан. Зоригоо, Шийрэвдорж нарыг хоорондо маргалдсан талаар би мэдээгүй. Мөн Шийрэвдорж цагдаа нартай маргасан талаар мэдэхгүй байна. Архи гараагүй согтуу байсан. Цагдаа нар ирээд Зоригоогийн мотоциклийг аваад явсан. Би тэр үед нь би гэр рүүгээ явган алхаад явсан. Шийрэвдорж маргалдаагүй байх. Шийрэвдорж нь архи уугаад байдаггүй, төлөв томоотой, даруухан залуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,

Гэрч Ц.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Шийрэвдорж, Зоригоо, Эрдэнэжаргал, Дагвасүрэн, Оюунсүрэн бид 6-уул Баруунбаян-Улаан сумын төвийн хойно байрлах наадмын талбай дээр цугларч архи ууцгаасан. Тухайн үед 16 цаг болж байсан байх. Тэнд их удсан. Бүрэнхий болоод гэгээ тасарсан байсан. Зоригоо, Шийрэвдорж нар хоорондоо маргалдаад бие биенээ ганц нэг цохих шиг болсон. Бид нар тэр үед салгаж байсан чинь сумын хоёр цагдаа ирээд бид нарыг тарцгаа гээд мотоцикльтой хүмүүсийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд журмын хашаа руу яв гээд бид нарыг тараасан. Хэсгийн төлөөлөгч Зоригооог сундлаад мотоциклийг нь унаад кобан байр руу явсан. Шийрэвдоржийг мотоциклио кобан байр руу унаад яв гэж хэлээд явцгаасан. Би шууд гэр рүүгээ харьж амарсан. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж за гээд хөдөлсөн. Сүүлд сонсоход кобан байр руу очоогүй гэр рүүгээ харьсан байсан. Шийрэвдорж нь архи уугаад байдаггүй, өмнө нь янз бүрийн зан ааш гаргаж байгаагүй, төлөв даруу, уур уцаар байхгүй, ноомойдуу зантай хүн байгаа юм. Цэрэгт явж байсан, ял шийтгэлд холбогдож байгаагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

Гэрч Д.Чимэдцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Шийрэвдорж нь манай том хүү, доороо нэг дүүтэй. МСҮТ-ийг компютерийн мэргэжлээр 2009 онд төгсөөд аймгийн ШУТИС-д 2 жил мэргэжил дээшлүүлж сурч байгаад 2011 онд саналаараа цэрэгт явж 2012 оны хавар халагдсан. Тамхи татдаг, архи ууж байхыг нь би нүдээрээ үзээгүй урьд нь архи уулаа гэж дуулдаж байгаагүй. Гэрээс гардаггүй л хүүхэд байсан, эхнэр 2 хүүхэдтэй. Одоогоор гэрээ барьж тусдаа гараагүй байгаа. Манай хүү одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Хичээл сурлагадаа сайн хүүхэд байсан. Хүмүүжил сайтай, томоотой хүүхэд, зан ааш нь даруухан, томоотой, доройдуу, үг цөөтэй л хүүхэд байсан. Архи ууж байхыг нь хараагүй болохоор ямар ааш зантай болдгийг нь мэдэхгүй байна. Дөл нь төлөв томоотой үг цөөтэй л хүүхэд байгаа юм. Өөрийн гэсэн эд хөрөнгө гэх юм байхгүй. Өөрийн нь гэх хуучин улсын дугааргүй, улаан өнгийн “Мустанг-5” маркийн нэг мотоцикльтой. Өөр эд хөрөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 286 дугаартай шинжээчийн "...1. Ж.Отгонбаатарын биед зүүн тохой хэсгийи нэвт хатгагдсан шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь хурц үзүүртэй, иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 49 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14/,

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-24/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-26/,

 

Шүүгдэгч Ч.Шийрэвдоржийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 62/, мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-ийн 65/, цэргийн үүрэгтний үнэмлэх /хх-ийн 66/,

Хохирогч Ж.Отгонбаатарын цагдаагийн А-0006739 дугаартай үнэмлэх /хх-ийн 31/,

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 235 дугаартай “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 79/,

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 80-84/ зэрэг болно.

 Шүүгдэгч Ч.Шийрэвдорж нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20-21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг 7 дугаар гудамжны 50 тоот хашаанд төрийн албан хаагч буюу Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатарыг хуулиар хүлээсэн  үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний зүүн гарын тохойн хэсэгт нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ж.Отгонбаатарын "...унаж явсан улаан өнгийн хятад мотоцикль нь хашаанд байх 3 гэрийн баруун захын гэрийн баруун талд хажуугаараа хэвтэж байхаар нь …гэрийн гаднаас мотоциклийг нь босгоод түртэл Шийрэвдорж "ална пиздануудыг" гэж орилоод гараад ирсэн. Тэгээд юу юугүй харанхуйд өмнөөс гүйж ирээд гараа савсан чинь миний зүүн талын тохойн үеэр хутгалчихсан. …Тухайн үед би албан үүргээ гүйцэтгэж явсан. Шийрэвдоржийг өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж шаардлага тавиад араас дагаад яв гэж хэлтэл хажуугаар өндөр хаазтай мотоцикльтойгоо зугтаасан. Би хутга барьж байгааг нь эхлээд хараагүй, сүүлд нь гар луу дүрсний дараа хутгыг нь харсан. Харанхуйд гялалзаад байсан. Миний зүүн гарын тохойн үе хэсгээр 1 удаа дүрсэн. …Шийрэвдорж их согтолттой байсан. Би тухайн үед оройн эргүүлийн үүргээ цагдаагийн дэслэгч Э.Батхуягтай хамт гүйцэтгэж яваад Ч.Шийрэвдоржтой таарсан. …Тухайн үед Шийрэвдорж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж зугтаасны улмаас араас нь очиж мотоциклийг нь журамлах гэхэд эсэргүүцэж миний гар руу хутгалсан...”/хх-ийн 28-30/, гэрч Б.Тунгалагсайханы: "...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагаас 21 цагийн орчимд Шийрэвдорж гэртээ согтуу орж ирсэн. Орж ирчихээд баруун талын түшлэгтэй орны урд талд сууж байсан. Би тэр үед хоол хийж байсан. Хоол хийж байгаад нэг харахад орны модон түшлэг рүү модон иштэй жижиг хутгаар дүрээд байсан. Тэгээд гэрийн гадаа мотоцикль нь хөдлөх шиг болсон чинь миний мотоциклийг хүн аваад явчихлаа гээд гарсан. Би араас нь 3-4 минутын дараа гартал нэг цагдаагийн гар луу нь хутгалчихсан. Шийрэвдорж гартаа хутга барьчихсан орилоод хашааны хойд хаалгаар гараад гүйсэн. …Хашаан дотор ямар нэг хэрүүл маргаан, зодоон болоогүй. Гэрээс гарахдаа мотоцикль хүн авлаа гээд орилоод гарсан. Намайг гэрээс гарахад хутгаа гартаа барьчихсан ойртвол ална шүү гэж орилж байгаад арын хаалгаар гараад гүйсэн. Тэр цагдааг ямар шалтгааны улмаас хутгалсан талаар мэдэхгүй. Гэрт байхдаа юм ярихгүй нэг харахад гартаа хутга барьчихсан орны түшлэг рүү дүрээд байсан..."/хх-ийн 32-33/,  гэрч Ч.Тогтохбаярын "...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой 20 цагийн орчим Шийрэвдорж Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг 7-50 тоотод байх хашаандаа улаан өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо ганцаараа орж ирсэн. Шийрэвдорж орж ирээд мотоциклио гэрийнхээ баруун хаяанд тавьчихаж байгаа бололтой гэртээ орж байсан. Удалгүй хашааны хаалга дуугарахаар нь хаалгаар шагайж харахад 2 цагдаа хашаанд орж ирсэн. Тэгээд Шийрэвдоржийн мотоциклийг газраас босгож байсан. Тэр үед Шийрэвдорж орилоод хашгичаад гараад ирсэн. Тэгээд нэг цагдаа нь ёо ёо гээд орилсон. Би яасан бэ гээд очтол дүрчихлээ гэж надад хэлсэн. Тэр үед Шийрэвдорж хашааныхаа арын хаалгаар гараад гүйсэн. Хоёр цагдаа ч эмнэлэг орно гээд явчихсан. Би гэрт нь ороогүй болохоор архи уусан байсныг мэдээгүй. Сүүлд цагдаа хутгалчихсны дараа архи уусан байсныг сонссон. Би хутгыг нь хараагүй. Хашаан дотор зодоон цохион болоогүй. Юу юугүй Шийрэвдорж гэрээсээ орилж гарч ирсэн..."/хх-ийн 34-35/, гэрч Э.Батхуягийн: "...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явтал сумын төвийн зүүн талд наадмын асрын тэнд хүмүүс зодоон хийж байх үед нь очсон. Очиход Шийрэвдорж, Зоригоо гэх хүмүүс хоорондоо зодолдоод тэр үед Дагвасүрэн гэх залуу зодолд, зодолд гэж уриалж байсан. Уг зодооныг зогсоож тэнд байсан нэг мотоциклийг журмын хашаа руу унаж, Шийрэвдоржийг мотоциклио унаад цагдаагийн кабон байранд яваад ир гэж хэлээд хөдөлтөл Шийрэвдорж ирж явах замдаа хажуугаар өндөр хаазтай, мотоцикль мөргөчих шахуу зөрөөд гэрлүүгээ явчихсан. Би унаж явсан мотоциклио журмын хашаанд хийчихээд Отгонбаатарын хамт 4 дүгээр баг 7-50 тоотод байх гэрт нь очоод хашааны үүднээс харахад 3 гэр хашааны хойд хэсэгт байсан. Ертөнцийн зүгээр баруун захын гэрийн баруун талд Шийрэвдоржийн унаж явсан улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хажуугаараа газар унасан байдалтай байхаар нь хашаанд орж би босгоод түрж хашаанаас гарах гэтэл гэрээс Шийрэвдорж ална гэж орилоод гараад ирсэн. Би түрж явсан мотоциклио өөдөөс ирэхээр нь өмнөөс нь түлхэж унагасан. Тэр үед мотоциклийн ард явсан цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатар руу хутгатай гараараа савчиж байгаад дүрчихсэн байсан. Отгонбаатар надад дүрчихлээ гэж хэлсэн. ...Гарт нь юм гялтганах шиг харагдсан. Дараа нь Отгонбаатарыг дүрчихсэн байсан.  Юу юугүй ална гээд гараад ирсэн. Намайг харахад гарт нь юм гялтганасан, тэгээд өмнөөс нь мотоциклийг нь түлхтэл Отгонбаатарыг дүрчихсэн байсан..." /хх-ийн 36-37/,  гэрч Э.Мөнхцэцэгийн: "...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цаг өнгөрч байх үед Отгонбаатар нь хүнд хутгалуулсан гээд цус алдсан эмнэлэг дээр ирсэн. Зүүн гарын тохойн үен дээр нэвтэрсэн хутганы 1 шархтай байсан. Уг шархыг цэвэрлэж шархан дээр нь 3 оёо тавьсан. Өөр шарх байгаагүй. Өвдөлт намдаах эм, үрэвслийн эм өгч, даралт нь ихэссэн, зүрх дэлссэн байдалтай ирсэн. Даралт бууруулах эм өгсөн. Нэвтэрсэн хутганы шарх байсан. Дотор талаасаа гадагшаа чиглэлтэй нэвт гарсан шарх байсан. Өргөнийг нь бол хэмжээгүй..." /хх-ийн 38/, гэрч Д.Хүрэлбаатарын: “...Би тухайн үед яг юу болсон талаар мэдээгүй. Унтаж байгаад сэрсэн юм. Шийрэвдорж хашааны арын хаалгаар гарснаас хойш 1 цагийн дараа хашааны арын хаалгаар гараад хартал хашааны зүүн хойд буланд дээл нь газар хэвтэж байсан. Хутга нь дээлнийх дэргэд байхаар нь ахиад авчихаж магадгүй гээд аваад холдуулаад өвсөн доогуур нуучихсан. Сүүлд цагдаа нарыг шөнө ирснийх нь дараа зааж өгсөн. Хүрэн бор модон иштэй, жижиг хутгаж байсан. Шийрэвдоржийн өөрийнх нь хутгай байсан байх...” /хх-ийн 40/ гэсэн мэдүүлгүүд,  Ж.Отгонбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 286 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-24/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-26/, шүүгдэгч Ч.Шийрэвдоржийг сэжигтэн, яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 55-58/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ч.Шийрэвдоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Ч.Шийрэвдоржийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Шийрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Отгонбаатарт 2000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Шийрэвдорж нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 60/,

Хохирогч Ж.Отгонбаатар нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын  Баруунбаян-Улаан сумын цагдаагаар ажилладаг болох нь цагдаагийн А-0006739 дугаартай үнэмлэх /хх-ийн 31/, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 235 дугаартай “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 79/, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 80-84/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгийн, модон иштэй, 22.5 см урттай, ажлын хэсэг нь 12 см, иш нь 10.5 см урт 1 ширхэг хутгийг устгаж, хэрэгт Ж.Шийрэвджорийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн, “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Магал овогт Чимэдцэрэнгийн Шийрэвдоржийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Магал овогт Чимэдцэрэнгийн Шийрэвдоржид 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Шийрэвдоржид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Шийрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ч.Шийрэвдоржийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн, “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгийн, модон иштэй, 22.5 см урттай, ажлын хэсэг нь 12 см, иш нь 10.5 см урт 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ч.Шийрэвдоржид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Ч.Шийрэвдоржид хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Шийрэвдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦЭЦЭГЭЭ