Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00732

 

Нэхэмжлэгч Д.М-гийн эрх залгамжлагч болон

М.Б-, М.Г- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00498 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 180 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.М-гийн эрх залгамжлагч болон нэхэмжлэгч М.Б-, М.Г- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Ц-д холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц болон орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Ц-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан, Т.Урангэрэл, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нар нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр орон сууцны 28 тоот, 28 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хамтран өмчилдөг. Нэхэмжлэгч М.Б- болон М.Г- нар нь 2016 онд нэхэмжлэгч нарын дундын өмчлөлийн орон сууцыг Ж.Ц- хууль бусаар эзэмшиж байгааг мэдсэн. Бид эцэг Д.М-, эх Ц.Хандсүрэн нарыг тухайн орон сууцыг бусдад хөлслүүлж байгаа гэж бодож байсан. Энэ талаар эх Ц.Хандсүрэнгээс тодруулж асуухад н.Баярсайхан багш хамт ажилладаг Ж.Ц-ыг дагуулж ирсэн ба 200 000 төгрөг гаргаж ирээд 100 000 төгрөгийг надад, 100 000 төгрөгийг н.Баярсайхан авсан. Түүнээс хойш надад 50 000 төгрөг өгсөн, өөр ямар ч мөнгө өгөөгүй гэж хэлсэн. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул Ж.Ц-ын эзэмшлээс орон сууц болон орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

1999 онд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.Хандсүрэн, Д.М-, М.Г-, М.Б-, Г.Нямцогт нар бүртгэлтэй байсан. Ц.Хандсүрэн, Д.М- нар нь орон сууцны ашиглалтын хуримтлагдсан өр төлбөр, бусад зардлыг уг орон сууцны үнэд шингээгээд 480 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Орон сууцны төлбөрийг төлсний дараа Ц.Хандсүрэн, Д.М- нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг надад эх хувиар нь өгсөн ба өмчлөх эрхийн гэрчилгээг дараа шилжүүлж өгнө гэж хэлсэн. 2004 онд орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхээ өөрөө бүртгүүлээд аваарай гэсэн. Би уг гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлэхээр очиход бэлэглэгч Ц.Хандсүрэн, Д.М- нар нь хүчингүй болсон улаан паспортаар нотариатын үйлдэл хийлгэсэн байсан тул өмчлөгчөөр бүртгэхэд шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр бүртгэлийн хэлтэс өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн аваагүй, татгалзсан.

Тухайн үед ямар ч гэрээ хийлгүйгээр орон сууцыг худалдаж авсан. Өмчлөх эрхийг элдэв шалтаг тоочин шилжүүлж өгөөгүй байдлаа ашиглан орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би орон сууцны ашиглалтын зардалд нийт 240 000 төгрөгийн төлбөрийг холбогдох газруудад төлсөн ба худалдах нийт үнийн дүнгээс хасч тооцон үлдэгдэл 256 000 төгрөгийг Ц.Хандсүрэнд хэсэгчлэн өгсөн. Уг орон сууцыг хөлсөлж суугаагүй. Би 1999 оны 07 дугаар сард маргаан бүхий орон сууцыг нийт 480 000 төгрөгөөр урдах өмчлөгч нараас худалдан авч хорооны хүн ам, өрхийн бүртгэлд хамрагдаж, орон сууцтай холбоотой бүхий л төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч нарын буруутай үйлдлийн улмаас өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй хохирч байна. Иймд намайг Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 54 дүгээр орон сууцны 28 тоот 2 өрөө орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Д.М-, М.Б-, М.Г- бид уг орон сууцны өмчлөгч бөгөөд бидэнд мэдэгдэлгүйгээр Ц.Хандсүрэн хэлцэл хийх ямар ч эрхгүй билээ. Манай орон сууцны ванн, угаалтуур, унтраалга, тосгуур, шүршүүр бүгд байсан. Засвар хийх шаардлагагүй, бүх өрөөний обой цаас нь бүтэн, шалны хулдаас урагдаж цоорсон зүйлгүй, цонх түгжээ хэвийн байсан бөгөөд бид орон сууцаа бусдад хөлслүүлж байгаагүй.

Хариуцагч тал 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулж өмчлөх эрхээ шилжүүлсэн гэж худал тайлбар гаргасан. Бид бэлэглэлийн гэрээг хийх ямар ч шаардлага, шалтгаан байхгүй бөгөөд тухайн гэрээнд зурсан гарын үсэг нь бидний гарын үсэг биш байна гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00498 дугаар шийдвэрээр 1994 оны Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр орон сууцны 28 тоот 2 өрөө орон сууцыг Ж.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, 0018024 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгон, хариуцагч Ж.Ц-ыг 54 дүгээр орон сууцны 28 тоот 2 өрөө орон сууцнаас албадан гаргаж, хариуцагч Ж.Ц-ын нэхэмжлэгч Д.М-, М.Б-, М.Г- нарт холбогдуулан гаргасан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Ж.Ц-оос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 31 238 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц-оос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 180 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00498 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр байрны 28 тоот 2 өрөө орон сууц болон уг орон сууцны өмчлөх эрхийн 0018024 тоот гэрчилгээг Ж.Ц-ын хууль бус эзэмшлээс тус тус гаргуулсугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар” гэж нэмж оруулан, гэснийг “хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 51 238 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээ, хэлцлийн харилцааг огт тодруулалгүй Ж.Ц- намайг бусдын өмчлөлийн зүйлийг 17 жилийн турш хууль бусаар эзэмшсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Ж.Ц- намайг болон Б.Бадамцоожийг татсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бадамцоожийг шүүхэд дуудан огт ирүүлээгүй, эрх үүрэг танилцуулаагүй, нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй бөгөөд хариуцагч Б.Бадамцоожтой холбоотой ямар ч ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67, 72 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хэдий нэхэмжлэгч нар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хариуцагч Б.Бадамцоожийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан боловч үүнээс өмнө Б.Бадамцоожтой холбогдолтой шүүхийн ажиллагаа огт хийгдээгүй байдаг.

2017   оны   11   дүгээр   сарын   14-ний   өдрийн   анхан  шатны  шүүхийн  шүүгчийн 1754 дүгээр “Нотлох баримт шаардан гаргуулах тухай” захирамжаар Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтсээс нэр бүхий 5 лавлагааг гаргуулахаар захирамжилсан. Шүүгчийн захирамж нь хуульд заасны дагуу заавал биелэгдэх шинж чанартай билээ. Гэтэл шүүгчийн захирамжид дурдсан нэр бүхий 5 лавлагаанаас 2 төрлийн лавлагаа тус иргэний хэрэгт нотлох баримтаар ирээгүй байсан. Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байгаа талаар миний өмгөөлөгч удаа, дараа шүүх хуралдаанд мэдэгдэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гарахвий гэж анхааруулсан боловч шүүх шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг.

Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байдаг билээ. Энэ ч үүднээс Д.М-, М.Ганцоож, М.Б-, Ц.Хандсүрэн, Г.Ганцогт нарын 5 хүнийг 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 0018024 дугаар гэрчилгээнд бүртгэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхдээ гэр бүлийн гишүүд болох эх Ц.Хандсүрэн, дүү Г.Нямцогт нарыг өмчлөгчөөр бүртгүүлэлгүй хассан. Гэвч эх Ц.Хандсүрэн, дүү Г.Нямцогт нарыг өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэхээс үл хамааран тэдгээр нь гэр бүлийн гишүүн учир хамтран өмчлөх эрхтэй этгээдүүд юм. Иймд нэгэнт нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөх эрх хөндөгдсөн гэж үзэн шүүхэд хандсан бол гэр бүлийн гишүүний хувьд эх Ц.Хандсүрэн, дүү Г.Нямцогт нарын ч эрх ашиг сонирхол хөндөгдөх учиртай билээ. Учир нь миний зүгээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

...2004 онд Ц.Хандсүрэн нар нь Багануур дүүрэгт ирээд надтай уулзаж татвар бага төлөх зорилгоор Орон сууц бэлэглэлийн гэрээг нотариатаар батлуулан байгуулсан байдаг. Би орон сууц бэлэглэлийн гэрээг үндэслэн Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгүүлэхээр удаа, дараа хандсан боловч хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг аваагүй, хуучин улаан паспортаар гэрээг баталсан байна хэмээн бүртгэхээс удаа дараа татгалзаж байсан. Үүнээс хойш 2013 оныг хүртэл тасралтгүй хөөцөлдсөний үр дунд Ц.Хандсүрэн, Д.М- нар нь үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг С.Саранцэцэгт олгосон итгэмжлэлийг Говьсүмбэр аймгаас ирүүлсэн ба мөн адил гэр бүлийн бусад этгээдүүдийн зөвшөөрөл ирээгүй юм. Дээрхи үйл баримтыг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Тус баримтуудаар надад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжиж ирээгүй ч намайг хууль бусаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшээгүй, Нэхэмжлэгч нар анхнаасаа тус орон сууцыг бусдад худалдах хүсэлтэй байсныг нотлох ач холбогдолтой баримтууд юм. Гэтэл хоёр шатны шүүх дээрхи нотлох баримтуудын зөвхөн хэлбэрийн шаардлагын талаар л дүгнэсэн бөгөөд агуулга, мөн чанар, хүсэл зоригийн талаар огт дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүргээ зөрчиж надад үл хөдлөх хөрөнгийг зөвхөн хөлслүүлж байсан, худалдаагүй мэтээр тайлбарлаж, шударгаар эзэмшилдээ авч 18 жилийн турш амьдарсан орон байрнаас минь гаргахаар шүүхэд нэхэмжилж буйд маш их гомдолтой байна.

Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гарсан, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Нэхэмжлэгч нар нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ж.Ц-ын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, орон сууцыг худалдан авч, 1999 оноос хойш эзэмшиж байгаа боловч нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зохих журмын дагуу шилжүүлж өгөхгүй байгаа гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна өөрийгөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүйгээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүйгээс гадна нэхэмжлэл гаргаж буй этгээдүүдийн эрх зүйн байдал, маргааны зүйл болж буй орон сууцыг өмчлөх эрхийн асуудал тодорхой бус байгааг анхаараагүй байна.

Нэхэмжлэлийг Д.М-, М.Б-, М.Г- нар шүүхэд гаргасан байна \хх-ийн 1 дүгээр тал\. Маргааны зүйл болж буй Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байр, 28 тоот 2 өрөө орон сууцыг Д.М-, М.Г-, М.Б-, Ц.Хандсүрэн, Г.Нямцогт нарт 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хувьчлан авч, өмчлөх эрхээ 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ авчээ \хх-ийн 36, 37 дугаар тал\. Гэтэл иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтад болон улсын бүртгэлийн лавлагаанд тухайн орон сууцыг 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.М-, М.Г-, М.Б- нар төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг баталгаажуулсан гэж тодорхойлсон байна \хх-ийн 4, 38 дугаар тал\.

Дээрх зөрүүтэй байдал нь тухайн орон сууцны өмчлөгч хэн болохыг нь тодорхой бус болгож, улмаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдээр зөвхөн нэхэмжлэгч нарыг гэж үзэх эсхүл орон сууцыг хувьчилж авсан 5 хүн гэж ойлгох нь ойлгомжгүй байна. Хэрэгт Ц.Хандсүрэн, Г.Нямцогт нар орон сууц өмчлөх эрхээс татгалзсан, тэдгээрийг өмчлөгчдийн тооноос хассан гэж үзэх баримт байхгүй байна.

Д.М-, Ц.Хандсүрэн, М.Б-, М.Г-, Г.Нямцогт нар нь тухайн орон сууцны хаягаар төдийгүй Багануур дүүрэгт бүртгэлтэй байгаагүй болохыг дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс тодорхойлсноос гадна иргэний үнэмлэхийн лавлагаанд тусгагджээ \хх-ийн 26-30, 79 дүгээр тал\. Тухайн орон сууцыг эзэмшиж байсан эсэх нь тодорхой бус, засаг захиргааны хувьд дээрх хаягаар бүртгэгдэж байгаагүй хүмүүс орон сууцыг хэрхэн хувьчилж авсан нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Т.Баяраагийн өгсөн мэдүүлэгт нэхэмжлэгч Д.М-гийн гэр бүл 4 дүгээр байрны 3 өрөө байрыг эзэмшиж байсан ба гэрчийн дүү Т.Нэргүй хөдөөнөөс шилжиж ирсэнтэй холбоотой түүний эзэмшлийн 2 өрөө байрыг 3 өрөө байраар сольсон тухай мэдээлэл байна. Нэхэмжлэгч нар нь Багануур дүүрэгт 3 өрөө байр эзэмших эрхтэй байсан боловч уг байрандаа амьдардаггүй, Говь-Сүмбэр аймагт оршин суудаг, уг 3 өрөө байрыг маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууцаар сольсон, сольсон даруйд хариуцагч Ж.Ц- гэр бүлийн хамт эзэмшсэн, 2 өрөө байрны түрүүчийн эзэмшигч нь энэ хэрэгт улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт өгч буй Т.Нэргүй \хх-ийн 56-57, 79 дүгээр тал\ байсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ц.Хандсүрэн, Д.М-, М.Г-, М.Б-, Г.Нямцогт \тухайн үед насанд хүрээгүй\ нар нь 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, 2 өрөө орон сууцыг Ж.Ц-ын өмчлөлд шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн байна \хх-ийн 32 дугаар тал\. Талууд гэрээг нотариатаар гэрчлүүлж, баталгаажуулсан боловч өмчлөх эрхийн шилжилтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Ийнхүү бүртгээгүй явдал нь Ц.Хандсүрэн, Д.М- нар нь тухайн үед иргэний үнэмлэх аваагүй, хуучин паспорттой байсантай холбоотой гэж хариуцагч тайлбарласан байна. Ц.Хандсүрэн, Д.М-, М.Г-, М.Б-, Г.Нямцогт нар нь Говь-Сүмбэр аймаг, Сүмбэр сумын 2 дугаар баг, Лүн гудамж, 5 тоот хаягаар 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр анх удаа иргэний үнэмлэх авсан болох нь лавлагаагаар тогтоогдсон байна \хх-ийн 26-30 дугаар тал\.

Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээр хүчин төгөлдөр болоогүй боловч талуудын нотариатчаар гэрчлүүлсэн хүсэл зоригийн илэрхийллийн талаар нэхэмжлэгч нар ямар нэг тайлбар өгөөгүй, шүүх энэ талаар дүгнээгүй байна.

Нэхэмжлэгч нар дээрх орон сууцыг хариуцагчид хөлслүүлж байсан, үнэ төлбөргүй суулгаж байсан гэх нэхэмжлэгч нарын тайлбар, нэхэмжлэгч нар орон сууцыг худалдаж, эзэмшлийг шилжүүлсэн атлаа өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлээ улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хийгээгүй гэх хариуцагчийн тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн үүднээс эцэслэн дүгнэх, талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодорхойлох боломжгүй байна.  

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нарын шаардлагын эрх зүйн үндэслэлийг дээрх зохицуулалтад хамааруулахын тулд тэдгээрийн өмчлөх эрх тодорхой байх, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай. Дээрх байдал хангалттай бүрэн тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогддог байна. Уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэнийг үнэн зөв гэж үзэж болох боловч тэдгээрийн өмчлөх эрх хэлцлийн дагуу шилжих ёстой гэж улсын бүртгэлийн байгууллагад хариуцагч хандаж байсан эсэхийг шүүх анхаарах ёстой.

Бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай шаардлага нь эд хөрөнгө гаргуулах шаардлагад хамаардаг учир нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5., 62.2.-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж, хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11.-д заасан үндэслэлгүй гэж тус тус үзэн иргэний хэрэг үүсгэх учиртайг шүүх анхаарвал зохино.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаалгах хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00498 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 180 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 51 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН