Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00733

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02299 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 266 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 344 324 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Б- нь “О” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр түүний өмчлөлийн ХУД-ийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот хаягт байрлах, Ү-2206023618 улсын бүртгэлийн дугаартай, 000434157 тоот эрхийн гэрчилгээтэй 250,85 мкв талбай бүхий хувийн сууц, гарааш, Б.Түмэнжаргалын өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байр, 505 тоот хаягт байрлах, Ү-2206032528 улсын бүртгэлийн дугаартай, 000327110 тоот эрхийн гэрчилгээтэй 82,77 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б.Түмэнжаргалын өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байр, Зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, Ү-2206032750 улсын бүртгэлийн дугаартай, 000327836 тоот эрхийн гэрчилгээтэй 15,5 мкв талбай бүхий авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн.

“О” ХХК, Ч.Б- нар 15//2084 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 15/4088 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан гэрээг нотариат болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт баталгаажуулж, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөнгийг олгосон. 15/2084 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон ч Ч.Б- нь “О” ХХК-д зээлийн төлбөрөө төлөхгүй, хүндрэл учруулсан.

Иймд хариуцагч Ч.Б-аас үндсэн зээл 150 000 000 төгрөг, зээлийн хүү 165 700 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 600 000 төгрөг мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 24 500 төгрөг, нийт 344 324 500 төгрөг гаргуулах, “О” ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа түүний болон Б.Түмэнжаргалын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Ч.Б- нь “О” ХХК-иас 150 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлэн авч, Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт эрхлэх үйл ажиллагаа санхүүжүүлсэн.

Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 27-нд үйлдвэрлэлийн осол гарч нэг хүний амь үрэгдсэн. Уг хэрэгтэй холбогдуулан манай үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон ба улмаар 2017 оны 07 дугаар сарын 17-нд Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээгээр шийтгэсэн. 2016 оны 02 дугаар сараас эхлэн бэлтгэл ажлаа дахин эхлүүлсэн.

Үйл ажиллагаа жигдрэх шатандаа орох үед буюу 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нутгийн хэмжээгээр хүчтэй аадар бороо орж, голын усны түвшин нэмэгдсэн бөгөөд бидний үйл ажиллагаа явуулж байсан аманд гэнэтийн үер болж, бид өөрсдийн бүх техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгө, байрлаж байсан гэрээ урсгаж алдсан. Үерт автсан эд хөрөнгөөс дахин ашиглах боломжтой хөрөнгө үлдээгүй.

Үйл ажиллагаа эхлэхээс өмнө Бигэр сумын төвөөс аймгийн төв чиглэлийн 30 км замын засварын ажлыг 172 000 000 төгрөгөөр, Сумын цагдаагийн кобаны халаалтыг 4 500 000 төгрөгөөр тус тус өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн. Дээрх нөхцөл байдлуудын улмаас 600 000 000 орчим төгрөгөөр хохирохын зэрэгцээ “О” ХХК-иас авсан зээлийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь буцаан төлөх чадваргүй болсон.

 Дээрх байдлуудыг “О” ХХК-д удаа дараа төлбөрийн чадваргүй болсон тухайгаа мэдэгдэж байсан. Гэтэл “О” ХХК нь энэ байдлыг мэдсээр байж зээлийн гэрээг цуцлахгүй үргэлжлүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон. “Ориент-Инвест” ББСБ ХХК-д зээлийн хүүнд тооцож 41 500 000 төгрөг төлсөн.

Иймд “О” ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 200 000 000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02299 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 194 024 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 137 975 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б- үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 949 773 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 128 073 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 266 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б- үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол түүний өмчлөлийн ХУД-ийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 36/1 тоот хаягт байрлах, Ү-2206023618 улсын бүртгэлийн дугаартай, 000434157 тоот эрхийн гэрчилгээтэй 250,85 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангаж, Б.Түмэнжаргалын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 847 828 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүх зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоосон нь нотлогдож байна. Гэрээнд заасан зэзлийн хүү, хугацаа хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг тус ББСБ авах эрхтэй болохыг шүүх тогтоосон. Мөн нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүнээс чөлөөлөх үндэслэлгүй гэж шүүх үзсэн байна.

Гэтэл шүүх өөрийн зөв зүйтэй гэж тогтоосноос эсрэгээрээ буюу тус ББСБ-ын нэхэмжилсэн зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг бууруулан шийдсэнд тус ББСБ нь гомдолтой байна. Мөн Цаг уур орчны шинжилгээний газраас Ч.Б-т олгосон тодорхойлолтоор “...Бигэр болон Гуулин сумын нутагт голын үер аюултай түвшинд...” хүрсэн байна гэж дурдсан байна. Голын үер аюултай түвшинд хүрсэн гэж тодорхойлсон болохоос биш Бигэр сум болон Гуулийн сумуудын нийт хүн ам буюу нэг суманд дунджаар 2 000 хүн амтай байна гэж тооцвол 2 сумын 4 000 хүн ам, нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан усны аюултай түвшинд хүрсэн буюу Ч.Б-ын байгалийн нөхөн сэргээлт хийж байсан Агуйт гэх газар үер болсон гэсэн тодорхойлолт биш юм.

Энэхүү тодорхойололтоор Ч.Б-ын хохирол нь тогтоогдохгүй байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэрчилгээнд “...Давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг нотолж иргэн Ч.Б-т энэхүү гэрчилгээг олгож байна...” гэж дурдсан байна. Энэхүү гэрчилгээнд Ч.Б-ын байгалийн нөхөн сэргээлт хийж байсан Агуйт гэх газар давагдашгүй хүчин зүйл тохиолдож хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт байхгүй байхад зээлийн гэрээг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж гомдолдоо дурдсаар байтал шүүх хэт нэг талыг барьсан шударга бус магадлал гаргасанд гомдолтой байна. ...Ч.Б- нь зээлийг Дорнод аймгийн Баян-Уул сумын Хужирт гэх газар байдаг алтны уурхайн эргэлтийн хөрөнгө оруулалт хийгээгүй зориулалтын бусаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын Агуйт гэх газар байгалийн нөхөн сэргээлт хийхээр ашиглаж зээлийг эргэн төлөхөд хүндрэл учруулж, зээлийг эрсдэлд оруулсан нь шүүхэд гаргаж өгсөн тайлбараар нотлогддог. Гэтэл шүүх байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг алтны уурхайн олборлолт хийх ажил мэтээр адилтган үзэж Ч.Б- зээлийг зориулалтын дагуу ашигласан, зээлийг эргэн төлөхөд байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарч хүндрэл учирсан гэж үзсэнд мөн гомдолтой байна.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5, 157.6-д зааснаас үзвэл Б.Түмэнжаргал нь мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хэлбэрийг хангасан итгэмжлэлийг Ч.Б-т олгож Иргэний хуулийн 154.3-т зааснаар Ч.Б-тай тус ББСБ нь хөрөнгө барьцаалах гэрээг хийсэн тул барьцаалуулагч нь Ч.Б- болох нь нотлогдож байна. Мөн энэ хуулийн заалтаас үзвэл тус ББСБ нь Б.Түмэнжаргалтай ямар нэгэн хэлцэл хийж, үүрэг хариуцлага хүлээсэн зүйлгүй байтал Б.Түмэнжаргалд мэдэгдэх ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлан шударга бус магадлал гаргасанд гомдолтой байна. Хариуцагч Ч.Б- нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг эсэргүүцсэн зүйлгүй байхад гомдлоос гадуур тус ББСБ-ыг хохироосон.

Иргэний хуулийн 158.1, 175.1, 154.3-т тус тус зааснаас үзвэл тус ББСБ нь Ч.Б-аас Б.Түмэнжаргалын өмчлөлийн ХУД-ийн 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96-р байр 505 тоот хаягт байрлах, Ү-2206032528 улсын бүртгэлийн дугаартай, 82.77 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Ү-2206032750 улсын бүртгэлийн дугаартай 15,5 мкв талбайтай авто зогсоолоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй нь нотлогдож байна. Б.Түмэнжаргалаас Ч.Б-т олгосон итгэмжлэлд “...О-ын 150 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавих зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ болон... барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах...” гэж эрхийг нь тодорхой тусгасан нь Ч.Б- Б.Түмэнжаргалыг бүрэн төлөөлөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болох нь нотлогдож байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хасаж шийдсэн 137 975 500 төгрөг буюу нийт 332 000 000 төгрөгийг Ч.Б-аас гаргуулан тус ББСБ-д олгуулах, төлөөгүй тохиолдолд Ч.Б- болон Б.Түмэнжаргалын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ.

Нэхэмжлэгч “Ориент-Инвест” ХХК нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 344 324 500 төгрөг гаргуулах, барьцаа эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Хариуцагч Ч.Б- нь зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээл авсан талаар маргаагүй боловч өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 150 000 000 төгрөгийн 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ мөн өдөр байгуулсан байна. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Зохигчийн байгуулсан гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дууссан ба зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул шүүх хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ. Шүүх хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн мөнгөн дүнг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тогтоож, хариуцах төлбөрийн хэмжээнээс хасч тооцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Ч.Б-ын төлбөл зохих төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл үүссэн байдлыг харгалзан хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох хугацааг хязгаарласан нь хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэггүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т заасан зохицуулалтын агуулгад нийцжээ. Хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байсан нутаг дэвсгэрт аадар бороо орж, үер буусны улмаас эд хөрөнгө эвдэрч, гэмтсэн болох нь Худалдаа аж үйлдвэрийн Танхимын гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Хариуцагч Ч.Б- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  өөрийн болон Б.Түмэнжаргалын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан байна. Нэхэмжлэгч “Ориент инвест” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Ч.Б-т холбогдуулан гаргасан байх тул давж заалдах шатны шүүх түүний өмчлөлийн барьцаа эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 266 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /70 200+70 200+847 828/ нийт 988 228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН