Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00356

 

Ж.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01789 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2283 дугаар магадлалтай,

Ж.Зын нэхэмжлэлтэй

Ө.Сэд холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 11 055 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ө.С гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.З, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Будьяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ө.Сэд алтны хуурай төхөөрөмж скубр, дизелийн хамт худалдах, худалдан авах гэрээгээр 20 000 000 төгрөгөөр үнэ тохиролцон худалдсан. Уг гэрээг хийх үед 6 000 000 төгрөгийг дансаар, дараа нь 3 000 000 төгрөгийг мөн дансаар өгсөн. Үлдэгдэл 11 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгөхөөр гэрээндээ тусгасан боловч Ө.С нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл өгөхгүй байна. Иймд Ө.Сээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг, алданги 55 000 төгрөг, нийт 11 055 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ж.Зоос алтны хуурай төхөөрөмж скубер, дизелийн хамт худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан нь үнэн болно. Гэрээг хийх үед иргэн Ж.Зын дансанд 6 000 000 төгрөг, дараа нь 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 11 000 000 төгрөгийг 11 дүгээр сарын 2-нд өгөхөөр тохиролцсон. Гэвч худалдаж авсан тоног төхөөрөмж нь хүдэртэй шороогоо барихгүй алдаж байсан. Үүнээс болж зардал гарч цаг хугацаагаа алдаж, надад маш их хохирол гарсан. Уг тоног төхөөрөмжийг Баянхонгор аймагт Дундговиос өөрийн зардлаар авчруулсан. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт байрлах Өвөр онц гэх нэртэй газарт ажиллуулахаар очсон боловч энд алтны хүдэр гарахгүй газар байна гэж хэлсэн боловч ажиллахгүй байсан юм байна. Ажиллах үед нь хоол хүнс, шатахууны өдөр тутмын зардлыг би хувиасаа гаргаж байсан. Уг газарт 700 литр дизель түлш аваачсанаас 300 литрээр нь ажилласнаас 400 литр нь үлдсэн байхад иргэн Ж.З нь дур мэдэн хулгайлан 200 литрийг зарсан байсан. Тэр мөнгөө хот руу шилжүүлсэн гэж өөрөө хүлээсэн. Энэ үед нь миний бие холбогдох хуулийн байгууллагад гомдолгүй гээд орхисон. Уг төхөөрөмжийг надад залилан мэхлэж зарсан байна. Үүнээс болж надад маш их хэмжээний хохирол учирсан. Тийм учраас 11 055 000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01789 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Сээс 11 055 000 /арван нэгэн сая тавин таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Зод олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сээс 191 830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Зод олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2283 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө.С хяналтын гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01789 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 01-ний өдрийн 2283 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Дээрх гэрээний нэг тал болох худалдан авагч Ө.Снь гэрээнд тусгагдсан алтны хуурай төхөөрөмж болох скубрийг дизелийн хамт худалдан авахдаа уг төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан гэдгийг шууд мэдэх боломжгүй байсан нь төхөөрөмжийг техникийн шинжээчийн болон мэргэжлийн байгууллагууд доголдолтой байсныг гэдгийг шууд тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлтээр зөвтгөх шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл уг алтны хуурай төхөөрөмж скубр нь биет байдлын доголдолтой эсэх нь шууд хараад мэдэх боломжгүй, нарийн технологитой тоног төхөөрөмж юм байна. Харин иргэн Ж.З нь уг төхөөрөмжийг биет байдлын доголдолтой гар хийцийн, чанарын шаардлага хангахгүй гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулсан нь уг худалдах, худалдан гэрээ нь Иргэний хуулийн 243-р зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ болж чадахгүй, дээр хуулийн 56, 57, 58, 59-р зүйлийн холбогдох хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн төхөөрөмж алттай хүдрээ барьж чадахгүй, алдаж байсан гэдгийг дүгнэсэн байгаа. Гэтэл үүнийг уг тоног төхөөрөмж нэг хэсэг нь доголдолтой гэдэг нь төхөөрөмж бүхэлдээ доголдолтой гэсэн үг биш гэж хуулийг хэт нэг талыг барин тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Мөн уг хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01789 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа өөр нэг үндэслэл нь шүүх хуралдаанд оролцогчийн нэг буюу хуралдааны нарийн бичгийн даргын нэр өөрөөр бичигдсэн, мөн уг иргэний хэрэгт шүүгч Б.Мөнхбаярыг томилсон ерөнхий щүүгчийн захирамж байхгүй. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд шийдвэрлээгүй хүсэлтийг хангахгүй орхиж тэмдэглэсэн зэрэг нь уг анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр гэж үзэхэд учир дутагдалтай, процессийн алдаатай шийдвэрлэсэн гэж үзэж, гомдолтой байх тул уг хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн 2017 оны 08-р сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01789 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 01-ний өдрийн 2283 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Ж.З нь хариуцагч Ө.Сээс худалдсан эд хөрөнгийн үнэ  11 000 000 төгрөг, алданги 55 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...гэрээний зүйл доголдолтой, ашиглах боломжгүй...” гэсэн үндэслэлээр зөвшөөрөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа маргааны үйл баримтыг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэсэн, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг доголдолтой гэдгийг шууд хараад мэдэх боломжгүй, ...шинжээч доголдолтой гэдгийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн, ...тухайн төхөөрөмж алттай хүдрээ барьж чадахгүй алдаж байсан үйл баримт баримтаар тогтоогдсон, ...шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчийн нэрийг буруу бичсэн, шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж байхгүй, ...шүүх хуралдааны тэмдэглэлд шийдвэрлээгүй хүсэлтийг хангахгүй орхиж гэж тэмдэглэсэн...” зэрэг үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, дахин шийдвэрлүүлэхийг хүсчээ. Гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.З нь алтны хуурай төхөөрөмж скубрийг дизелийн хамт шилжүүлэх, хариуцагч Ө.С нь 20 000 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн, худалдан авагч Ө.С 9 000 000 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт байгаа баримтаар нотлогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна. Хариуцагч нь үлдэх 11 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны дотор төлөх үүрэгтэй байсан ба хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт байгаа баримтаар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох алтны хуурай төхөөрөмж скубр нь үйлдвэрийн бус, гар хийцийн төхөөрөмж болох нь эд хөрөнгийг хүлээн авахад тодорхой байсан, талууд анхнаасаа гар хийцийн уг төхөөрөмжийг худалдах, худалдан авахаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч эд хөрөнгийг хүлээж аваад алт олборлох зорилгоор ...шороог угаахад алт гараагүй гэх байдлыг зөвхөн тоног төхөөрөмжийн доголдолтой холбоотой гэдгийг нотлоогүй байна. Гэрчийн мэдүүлгээр уг эд хөрөнгийг ашигласны үр дүнд алт гараагүй гэж тогтоогдож байгаа боловч энэ нь тухайн төхөөрөмжөөс шалтгаалсан эсвэл түүхий эдээс шалтгаалсан эсэхийг нотлохгүй байна.

Тэрээр хариуцагч нь шүүхэд хүсэлт гаргаж, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар шинжээч томилсон боловч ШУТИС Геологи, уул уурхайн сургуулиас “...баяжуулах төхөөрөмж нь Улаанбаатар хотод байгаа боловч холболт хийгдээгүй учир тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх боломжгүй, ...технологийн туршилтыг явуулж, үр дүнд тулгуурлан технологийн балансын тооцоогоор алтны авалтыг тодорхойлох шаардлагатай, гэтэл туршилт явуулах түүхий эдийн нөөц байхгүй... тул дүгнэлтийг гаргах боломжгүй гэжээ. Дээрх нөхцөл байдлыг улмаас шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй болох нь тогтоогдсон, хариуцагч нь үүнээс өөр баримтаар эд хөрөнгө доголдолтой болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэрлэжээ.

Иймд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, уг эд хөрөнгийг ашиглах боломжгүй гэсэн үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь худалдсан эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй, хариуцагч үнийг төлөх үүрэгтэй учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчихгүй.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн, шүүх Иргэний хуулийн 243, 251, 255.1.2, 232.6-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр, тэмдэглэлд гарсан зохих алдааг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, шүүхийн шийдэлд нөлөөлөөгүй талаар хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01789 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2283 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 удаа төлсөн 100 төгрөг, 191 750 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА