Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1789

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/01789

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух Ж.З-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: ... дүүргийн ...дугаар хороо, ...тоотод оршин суух Ө.С-д холбогдох,

     худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11.055.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Ө.Сэрсэндэмид, хариуцагчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, гэрч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

 

         Нэхэмжлэгч Ж.З  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ө.С-д алтны хуурай төхөөрөмж скубр, дизелийн хамт худалдах, худалдан авах гэрээгээр 20.000.000 төгрөгөөр үнэ тохиролцон худалдсан. Тухайн гэрээг хийх үед 6.000.000 төгрөгийг дансаар, дараа нь 3.000.000 төгрөгийг мөн дансаар өгсөн. Үлдэгдэл 11.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгөхөөр гэрээндээ тусгасан боловч Ө.С-д нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл 11.000.000 төгрөгөө өгөхгүй байна. Иймд Ө.С-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11.000.000 төгрөг, алданги 55000 төгрөг, нийт 11.055.000 төгрөгийг  гаргуулах хүсэлтэй байна гэв.

          Хариуцагч Ө.С-д шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж  шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  иргэн Ж.З оос  алтны хуурамж төхөөрөмж  скубер, дизелийн хамт  худалдах, худалдан авах гэрээгээр  худалдан авсан нь үнэн болно. Гэрээг хийх үед  иргэн Ж.З-ын  дансанд 6 сая төгрөг, дараа нь 3 сая төгрөгийг  шилжүүлсэн.  Үлдэгдэл 11 сая төгрөгиг  11 дүгээр сарын 2-нд  өгөхөөр тохиролцсон.  Гэвч худалдаж авсан тоног төхөөрөмж нь  ажиллах газар дээр очоод ажиллахад иргэн З-ын  ярьж байсан шиг ажиллаагүй, хүдэртэй шороогоо барихгүй алдаж байсан.  Үүнээс болж зардал  гарч цаг хугацаагаа алдаж, надад маш их хохирол гарсан.  Уг тоног төхөөрөмжийг Баянхонгор аймагт Дундговиос  өөрийн зардлаар авчруулсан. ... аймгийн .... сумын нутагт байрлах .....гэх нэртэй газарт ажиллуулахаар очсон боловч энд алтны хүдэр гарахгүй газар байна гэж хэлсэн боловч ажиллахгүй байсан юм байна. Ажиллах үед нь хоол хүнс, шатахууны өдөр тутмын  зарддыг Сэрсэндэмид миний бие хувиасаа гаргаж байсан. Уг газарт 700 литр  дизель түлш аваачсанаас  300 литрээр нь ажилласнаас 400 литр нь үлдсэн байхад иргэн Ж.З  нь дур мэдэн хулгайлан  200 литрийг зарсан байсан. Тэр мөнгөө хот руу шилжүүлсэн гэж өөрөө хүлээсэн. Энэ үед нь миний бие  холбогдох  хуулийн байгууллагад гомдолгүй  гээд  орхисон.  Уг төхөөрөмжийг  надад залилан  мэхлэж зарсан байна.  Үүнээс болж надад маш их хэмжээний хохирол учирсан. Тийм учраас 11.055.000 төгрөгийг төлөх боломжгүй гэв.

    

  Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Ц.Д-гийн мэдүүлгийг  сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч Ж.З  нь хариуцагч  Ө.С-ээс  худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11.055.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

      Нэхэмжлэгч Ж.З  нь хариуцагч Ө.С-тэй 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, алтны хуурай төхөөрөмж скубрийг, дизелийн хамт 20.000.000 төгрөгөөр  худалдсан байх ба уг тоног төхөрөөмжийн төлбөрөөс хариуцагч Ө.С-д 6.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 12-ны  өдөр, 3.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 11.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон худалдах, худалдан авах гэрээ, депозит дансны хуулга зэргээр нотлогдож байна. /хх-5, 7/

            Хариуцагч нь дээрх худалдан авсан алтны хуурай төхөөрөмж скубр, дизель нь хэвийн ажиллаж байгаа боловч хүдэртэй шороогоо барихгүй алдаж байгаа нь чанарын шаардлага хангахгүй, гар аргаар угсарсан төхөөрөмж болохыг харуулж байна гэсэн үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь  биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгчээс хариуцагчид худалдсан алтны хуурай төхөөрөмж скубр, дизель нь хэвийн ажиллаж байгаа боловч хүдэртэй шороогоо барихгүй алдаж байгаа нь хариуцагчийн тайлбар, гэрч Ц.Д  нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхгүй боловч  эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхээргүй байна.

            Хариуцагч Ө.С-д нь уг тоног төхөөрөмжийг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэх үедээ энэхүү доголдлыг мэдэх боломжтой байхад тоног төхөөрөмжийг ажиллуулж, шалгаж авах үүргээ биелүүлээгүйгээс энэ талаар мэдээгүй нь доголдлын талаар мэдэх боломжтой  байхад түүнийг хүлээн авсан гэж үзэхээс гадна нэхэмжлэгч доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх уг тоног төхөөрөмж батлагдсан зураг, технологийн дагуу хийгдсэн эсэх, хаана ямар улсад үйлдвэрлэсэн,  хэвийн ажиллагаатай металл олборлож чадах эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, холбогдох ажиллагааг хийсэн боловч маргаан бүхий алтны хуурай төхөөрөмж скубр, дизель нь холболт хийгдээгүй, туршилт явуулах түүхийн эдийн нөөц байхгүй, хариуцагч тал шинжээчийн хөлс төлөх боломжгүй  гэсэн шалтгаанаар шинжээчээс шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаар хариу ирүүлсэн тул хариуцагч талыг дээрх тоног төхөөрөмжийг биет байдлын доголдолтой эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзсан гэж үзэв.

            Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байх тул худалдагч нь  тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 11.000.000 төгрөгийг  шаардах эрхтэй байна.

            Мөн талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.7 дахь хэсэгт хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувийар хоног тутамд алданги төлнө гэж заасан байх тул хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 5 хоногийн алданги 55.000  /11.000.000х0.1=11000х5=55000/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

             Дээр дурдсан үндэслэлээр үндсэн төлбөр 11.000.000 төгрөг, алданги 55.000 төгрөг, нийт 11.055.000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч Ж.З-оос гаргаж өгсөн утасны ярианы бичлэг бүхий диск, утасны бичлэгийг буулгасан байдал гэх баримтуудыг гаргаж өгсөнийг хуульд заасан арга хэрэгслээр цугларсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                     

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.С-ээс 11.055.000 /арван нэгэн сая тавин таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.З-д олгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 191.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.С-ээс 191.830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.З-д олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР