Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Элбэлзаяа,                            

улсын яллагч А.Сайнбаяр,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Х.Наранбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Я.Батханд, Б.Сүрэнхүү, А.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Т, Б. С нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08097 0419 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Т. 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер, ам бүл 4, эхнэр, хүүхэд, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамжны 1303 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.С, 1994 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер, ам бүл 5 эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамж 115 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч М.Т, Б.С нар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамтран эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Н.Уламбаярыг эрүүлжүүлэх байр эсвэл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд Н.Уламбаяр нь осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед дуудлага мэдээ манайд байхгүй байсан. Нэг хэлтэст явж байгаа эргүүлийн машинаар нэг нэгэндээ тусалж, нэмэлтээр очих үүрэгтэй. Одхүү над руу тэр өдөр ярьсан. Тухайн өдөр би удирдаж яваагүй чиг үүргийнхээ хувьд хуулиараа миний хариуцах үүрэг тусдаа. Мөн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ гэмт хэргийг санаатай гэж үзэх нь буруу. Болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэг юм. Санаатай гэж яаж тогтоосон юм бэ. Тухайн үед энэ хүнийг санаатай тэгье гэж бодоогүй. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журмын заалтад авто эргүүл ажиллах журам дээр жолооч цагдаа нар ямар ч үүрэг хүлээхгүй болон эргүүл ахлаж явсан хүн болон офицерынхоо удирдлагаар туслах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Би ямар нэгэн хэрэг зөрчил гарсан үед нэмэлт хүч дуудах буюу тусламж дуудах үүрэгтэй. Бид хоёр бол тусдаа үүрэгтэй. Жолооч бол замын хөдөлгөөнд оролцох зорчигчдоо аюулгүй хүргэж өгөх үүрэгтэй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хувьд тухайн үед шүүгдэгч М.Тын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үүрэг гүйцэтгэх хугацаанд ажлын туршлагын хувьд надаас илүү байсан болохоор тэр үед энэ хүний удирдлага нь дор үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр шүүгдэгч М.Т рүү Одхүү залгасан энэ шийдвэрийг шүүгдэгч М.Т дур мэдэн өөрөө гаргасан. Одхүүтэй ярилцсаны үндсэн дээр гаргасан. Үнэнгэрэл гэж эргүүлийн офицер над руу ярьсан зүйл байхгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, талийгаачийн оршуулгын зардлыг өөрийн хариуцах хэмжээнд төлж барагдуулсан. Хохирол төлбөрт нийт 5.273.505 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хувьд саяхан хүүхэдтэй болсон эхнэр, нялх хүүхдийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ шүүх хуралдаанд хохирогчийн амь нас эрсэдсэн асуудлаас ар гэр нь хохирсон хохирогчийн бодит болон бодит бус зардал, гэм хорын хохирлоо нэхэмжилж байгаа. Оршуулгын нийт зардал 25.000.275 төгрөг, гэм хорын хохирол дээр хүү Мөнх-Эрдэнэ нь аавынхаа амь эрсдсэнг сонсоод солонгост ажиллаж байсан гэрээний хугацааг цуцалж ирсэн. Тухайн үед 3 жилийн гэрээгээр ажиллах байсан буюу авах цалин нь 55.000.000 төгрөг, насанд хүрээгүй хүүхдийн сурч боловсрох ахуйн зардал 40.000.000 төгрөг, гэр бүлийн эхнэр болон ахуйн хэрэгцээнд нь 20.000.000 төгрөг, эцэг эхийн асаргаа сувилгаанд нь 20.000.000 төгрөг, талийгаачийг оршуулснаас гадна дахин экскумаци хийлгэсэн мөрдөн байцаах ажиллагааг дахин бодит байлгах үүднээс шүүх шинжилгээний байгууллагаас гарсан дүгнэлтүүдийг ар гэрийн зүгээс эсэргүүцсэн. Хэдэн асуудлуудыг тодруулах үүднээс дахин шинжилгээ хийлгэсэн байгаа. Энэ зардал дээр 2.706.702 төгрөг, талийгаач 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1 жилийн ой болж үүнд 3.568.778 төгрөгийг зардал гарсан. Нийт шууд ба шууд бус зардалд ар гэрийн зүгээс 31.550.554 төгрөг, гэм хорын хохиролд нийт 135.870.600 төгрөгийг нэхэмжилнэ. Дээрээс нь өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилсэн байгаа. Анх 2 өмгөөлөгч авсан байсан. Ганбат өмгөөлөгч болохоор шинжээч, эмч, өмгөөлөгч тусгай мэргэжлийн хүн байсан. Энэ хүн харамсалтай нь экскумаци шинжилгээнд тусгай чадвараар нь дүгнэлт гаргуулах зорилгоор авсан боловч хуульчийн ёс зүйгээ зөрчсөн тул үүргээ биелүүлээгүй тул татгалзсан. Ар гэрийн зүгээс өчнөөн дарамт шахалтыг үзлээ. Цагдаагийн байгууллага, ажилтан нар үнэхээр хариуцлагагүй. Цагдаагийн байгууллагаас гадна хуульчдын ёс зүй гэж алга. Нэг нь биеэ хамгаалаад үндсэн үүргээ мартсан. Та нар чинь хамтарч ажиллаж, хууль сахиулж, нийгэмд үйлчлэх үүрэгтэй хүмүүс биз дээ. Шүүгдэгч  М.Т нь цагдаагийн байгууллагад 10 жил ажиллаж байгаа жолооч, жолооч хүн ийм байдаггүй. Миний аав, ээж насаараа жолооч хийсэн хүн гярхай байдаг байтал би хаана очсноо мэдэхгүй байна гэж биеэ бодсон бэртэгчин зантай байж болохгүй, залуу хүн байж. Шүүгдэгч Б.Сын хувьд залуу хүүхэд, дөнгөж ажил хийж байгаа туршлага дутсан хүн байж болно. Гэтэл шүүгдэгч М.Т нь амиа бодсон байж болохгүй. Хүний амь хохирчоод явж байхад цагдаагийн байгууллага яасан, аваад явсан гэх 3 дугаар хэлтэс, 1 дүгээр хэлтэс дээр яваад очсон хариу өгөөгүй. Бие эрүүл явсан хүнийг та нар машиндаа суулгаад аваад явсан. Тэнд ямар процесс болсныг далдлах гээд байгааг би ойлгохгүй байгаа. Бүхэл бүтэн цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилсан. Монгол улс даяар 102 дугаарт зарлуулан эрэн сурважилсан. Над руу 3 өдрийн дараа та хүнээ олсон уу? гэж залгасан. Хариуцлага гэж танай байгууллагад байна уу? итгэмжлэгдсэн төлөөлөгчөө. Нэгдүгээр хэлтэс дээр эрүүлжүүлсэн гэхээр нь би очсон. Тэр өдөр би хэдэн удаа очив.  Би 5 удаа очлоо. Очиход 4 удаа үүдэнд сууж байгаа нөхөр юу? хийж сууж байгаа бүү мэд. Тэнд жижүүрийн офицер Жанчивдорж, Зоригт гэж хүмүүс байсан. Сүүлдээ би эрүүлжүүлэх рүү нь орсон, сүүлдээ загнуулсан “хичнээн удаа та залгадаг юм байхгүй гэж хэлээд байхад чинь” гэсэн. Бүх баримтууд бүртгэлүүдийг үзсэн тэр дотор байгаагүй. Цагдаагийн байгууллага юуны төлөө ажиллаад байгаа юм бэ? дээгүүр байгаа хэдэн дарга нар нь зөөлөн суудлаа хамгаалсан нөхдүүд. Одоо энэ хүүхдүүдийн төлөө явж байгаа нэг ч хүн байхгүй. Би ганцхан өөрийнхөө дүүгийн төлөө үнэн зөвийг олох гээд яваад байна. Дээр нь бас энэ хүүхдүүдийн ажил амьдрал явж байгаа. Би өнөөдөр хууль зүйн яамны сайдаас эхлээд доод талын нэгж хүртэл нь явсан. Одоо танай жижүүрийн албанаас эхлээд тухайн өдрийн гарсан дуудлага бүртгэл нь хүртэл юу ч байгаагүй. Ганцхан 10 дугаар сарын 07-ны өдөр оршуулах хүртэл таниулах ажиллагаа явуулаагүй. Би явж очсон моргод орсон мөн байсан. Шүүхийн шинжилгээний алба харин хаана, хэзээ, нэртэйгээ нас нэр хүйс, дугаар зэрэг байдаг юм байна лээ. Та нар ямар үед нь хурдан ажилладаг юм бэ? би бүтэн өдөржингөө хайсан. 08:30-21:50 минут хүртэл явсан олоогүй. 102-иор улс даяар эрэн сурважилсан. Тэгтэл 102-иос та хүнээ олсон уу? гэж бүхэл бүтэн 3 хоногийн дараа залгасан. Ямар ч уялдаа холбоогүй ажилладаг. 3 дугаар хэлтэс дээр тухайн хэсгийг хариуцдаг цагдаа руу очсон. Яах гээд байгаан та гээд нэг юм сууж байсан. Та нар чинь иргэдэд үйлчлэх ёстой биз дээ. Эрүүгийн тасгийн дарга гэж өөрийгөө өмгөөлсөн хүн. Тэр Оюунболд гэж хүн би ажлаа аваад дөнгөж 1 сар болж байна. Бараг надад хамаагүй гэж хэлсэн. Батхуяг гэж хүн сүүлдээ Т шиг юм яриад сууж байсан. Хүн алдаа эндэгдэл гаргаж болно. Тэрийгээ уучлалт гуйгаад эмгэнэл илэрхийлж болно биз дээ. Монгол улсад хүний амь нас гэж үнэгүй болцон юм уу, өнөөдөр сая дахиж ярьж байна. Т нь С үхвэл үхжил бай гэсэн байдлаар ханддаг. Та ийм байдалтай ажиллаж ирсэн. Ар гэрээс нь бас тэгж ханддаг. Шүүх хохирогчийн ар гэрийн аюулгүй байдлыг хангана гэдэг боловч би анхны хурал дээр шүүгчийг гарсан дараа би бараг нүдээ сохлуулахаа дөхсөн. Би хэрэг гарснаас хойш энэ хоёр хүүхдэд нэг ч муу муухай үг хэлээгүй. Би үнэхээр харамсаж байна. Хууль зүйн сайдад нь хэлнэ дараачийн шат руу явуулна. Улсын ерөнхий прокурорт нь явуулна дараачийн шат руу явуулдаг. Би танай нэгжийн бүр доод шатнаас нь явсан. Бүр анхны нэгжээс нь явсан мөрдөн байцаах газраар явсан. Тусгай субьектээр нь хүртэл явсан. Дотоод хяналт шалгалт гээд бас дотроо нэг том нэгж байдаг юм байна. Нээх том, том нэр зүүсэн мөрөө даахгүй болчихсон офицер нар байсан. Үүднээсээ авхуулаад очоод уулзтал маш их хүнд сурталтай хүмүүс байсан. Би бүр маш олон сар явсан. Явсаар байгаал Баатаржав гэдэг хүн дээр очоод ерөнхий газрын дарга дээр хүртэл очсон. Тэр үед засгийн газрын хуралтай гэж байсан. Энэ асуудлыг нь ойлгоно. Нэгдүгээр орлогч нь гээд Отгонжаргал гэдэг хурандаа бүх зүйлийг сонссон. Нэгжүүд дээрээ алдаа дутагдлаа засах гэж үйл ажиллагаа явуулсан байх. Үнэхээрийн гутамшигтай байсан. Би анхны хурал дээрээ хэлсэн зүйлээ хэлье. Энэ шинжилгээний байгууллага гэж мундаг байгууллага байдаг. Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний төв гэж байдаг. Тэнд гарсан шинжилгээний дүгнэлт нь эцсийн дүгнэлтээр гаргадаг нь үнэхээр харамсалтай. Тэр шинжилгээнд өгсөн зүйлээ эд мөрийн баримтаар баримтжуулдаг байх гэтэл эд мөрийн баримтыг яаж хадгалдаг юм бэ та нар. Хэдэн долоо хоног газар чулуудаад жорлонд хэвтэж байгаа зүйлээр та нар яаж шинжилгээнд өгч, яаж дүгнэлт гаргасан юм. Анхны мөрдөн байцаагч нь “та яваад тэр камерын бичлэгээ шалга” гэж хэлсэн. Иргэн хүн шалгах ёсгүй. Эд мөрийн баримт алдагдахаас өмнө танай тэр эрүүгийн хэлтэс чинь ажиллаж байх ёстой. Би жорлонгоос хүртэл дүүгийнхээ хувцсыг авсан. Эд мөрийн баримт болгоод би шүүх хуралдаанд битүүмжлээд авчирсан байгаа. Би шүүхийн шийдвэрийг хүндэлж энд нь устгуулна. Одоо энэ хоёр хүүхэд дээр хариуцлагын асуудал тооцоод л өнгөрч байгаа. Хэн нь миний дүүгийн амь насыг хохироосон юм бэ гэдэг хариуцлагын асуудал гарч ирж байна. Эсвэл цагдаагийн байгууллага нуун дарагдуулаад байгаа юм уу, бүр ерөнхий газраараа. Үнэхээр харамсалтай байна. Хохирсон ар гэр, гэр бүлийг ингээд доромжлоод байх юм. Ажилтан нь хүртэл ажиллуулж байгаа хүн нь хүртэл ийм хандлагатай. Өнөөдөр та хоёрын хэрэг юу болж байна гэж асууж байгаа ч зүйл байхгүй байна. Би энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө ийм олон зүйл бичсэн. Энэ хугацаанд хэвлэл мэдээлэлд хандана гэж бодсон. Энэ хугацаанд аймшигтай хэргүүд Монгол Улсад их гарсан. Би дахиад талийгаачийнхаа нэрийг хэлж ясыг нь өндөлзүүлээд яахав гэж бодсон. Энэ байгууллагын буруутай үйл ажиллгаанаас болсон. Өнөөдөр энэ хоёр хүүхдийг буруутгаад хаяад явья гэж бодсон байх. Өнөөдөр бас шинэ иргэн мэндэлсэн байна. Үхэх төрөх хоёр адилхан гэдэг. С шинэ хүүхэдтэй болсон байна эгч нь баяр хүргье. Би нээрээ үнэндээ гайхаж байна цагдаагийн үйл ажиллагааны доголдол систем нь юуны төлөө ажиллаад байгаа юм. Ингээд харахаар жигтэйхэн утас компъютер хэрэглэсэн хүмүүс, яваад орох гэхээр юу ч тэмдэглэл байхгүй. Тусгай субект Баатаржав гэдэг хүнтэй уулзсан чинь тэр хүний  компъютер дээр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 9:30 минутанд цагдаагийн бие бүрэлдэхүүнээр Уламбаяр гэж бүртгэгдсэн байна гэсэн. Та нар албаар осгосон гэсэн дүгнэлтийг гаргуулаад нэг өдрийн дотор задлан шинжилгээ хийлгээд ар гэрт нь мэдэгдэхгүй явчихсан байсан. Та нар хаана ингэж хурдан ажиллаад байдаг юм бэ, шуурхай албанд ирсэн мэдээллийг “Tab” дээр ирээд, ирсэн мэдээллээ гүйцэтгээд явдаг гэсэн. Хэргийн газар мөрдсөн мөрдөгч тогтоол үйлдээд ийм нөхцөл байдалтай, ийм хэрэг гарсан байна гээд мөрдөгч Т гэдэг мөрдөгч байсан. Шүүх шинжилгээний байгууллага дээр цогцос авч очиж өгөөд, хүлээж авсан эмч хүлээж авлаа, ар гэрээс нь гарын үсэг зурсан уу, газрын дарга зөвшөөрөл өгсөн үү гэх үндсэн дээр эмч задалдаг байх гэж би бодсон. Иргэн ийм ойлголттой байдаг. Гэтэл Одонтунгалаг гэдэг эмчийн ганцхан гарын үсэгтэй. Намайг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэсэн тогтоол дээр нь ганцхан эмчийн гарын үсэг байсан. Задлан хийсний дараа та одоо гарын үсгээ зур гэж хэлсэн. Энэ бүх материал хойноос нь орсон материалууд. Одоо харахаар Даваасүрэн даргын гарын үсэг, тамгатай. Одонтунгалаг эмч, Тын гарын үсэгтэй байсан. Чи над дээр намайг ямар зүйл дээр гарын үсэг зуруулах гэж байгаа юм бэ гэж асуусан хүнд эхлээд эрх үүргийг нь танилцуулж байгаад юун дээр гарын үсэг зуруулах гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Тусгай мэргэжлийн хүмүүс нь хүртэл хулгайч зантай. Ийм байдлаар ажил явахгүй. Тийм болохоор би Цагдаагийн Ерөнхий газраас энэ хүний амийг бүрэн нэхэмжилнэ. Хэвлэл мэдээллээр цацна гэхээр ухаан алдатлаа айдаг. Зүгээр зэрэг дэв нэмж байдаг. Хэдхэн сарын дотор ямар ч их сэлгээ хийдэг. Тэр учрыг нь бүр ойлгохгүй юм. Тухайн үед байсан хүмүүсээс одоо нэг нь ч алга. Баатаржав даргаас бусад нь байхгүй. Тэр цаг үедээ бүгд амиа бодож байгаад дараагийнхаа сэнтий рүү залардаг. Үүдэнд нь очихоор дандаа 2-3 таван хошуутай хүмүүс байдаг. Та нар ямар хандлага гаргаж ажилчдын ар гэрт хандаж байдаг юм бэ, эргүүл хамгаалалтын албаны нэг өдрийн ажлыг би харсан. Өөрөө ч гэсэн тусламж үзүүлж энд тэнд унасан байгаа хүнийг зохих хүнд нь болон байгууллагад хэлдэг. Иргэнийхээ үүргийг гүйцэтгээд тусламж үзүүлсэн. Цагдаа хэзээ ч ганцаараа үүрэг гүйцэтгэхгүй. Тусламж хэрэгтэй хүнд түрүүлж очоод амь насанд нь эрсдэл учруулахгүйн тулд түрүүлж очих сэтгэл бахархал та нарт байх ёстой. Би Монгол улсад хаанаас яаж хайх уу, бүх газраар нь хайсан. Түргэн нь хүртэл яаж ажилладагийг би харсан. Би бүр жолооч цагдаагийн харж байгаад офицерыг нь ирүүлж байгаад Нийслэлийн цагдаа руу шууд ярьсан. Тэгсэн “та яасан юу гэсэн хүн бэ?” гэж бүр утасны жижүүр юм уу? бүү мэд бүүр тээр шаасан. Тэгэхээр нь ямар хүн ажилладаг юм бол гээд яваад очсон. Дэд хурандаа Эрдэнэбат гэдэг хүн сууж байсан. Би тэр хүнд гомдоллосон. Тэр хүнийг чинь аваад явсан одоо яваач ээ гэж хэлсэн. Би гомдолтой байна. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан жижүүр, тэр өдөр хэнтэй уулзсан гэх бүх баримт нь надад байгаа. Энд миний цаг нар, амьдралын үнэ цэнэ байгаа. Би ийм учраас шүүхийн байгууллага үнэн зөвийг олоосой гэж бодож байна. Би Сын хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Тд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү, гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Х.Наранбаатар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Цагдаагийн Ерөнхий Газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах  мэргэжилтэн. Хохирогч талын мэдүүлгийг сонслоо. Танд манай байгууллагын албан хаагч ямар нэгэн байдлаар зүй зохисгүй харьцсан болон үйл явдалтай холбогдуулж тухайн албан тушаалтан албан үүрэгтэй хайнга хандсан бол харилцааны доголдол гаргасан бол та дотоод хяналт шалгалтын хэлтэс, прокурорт гомдол гаргах эрхтэй байгааг тайлбарлаж хэлэх байна. Цагдаагийн байгууллага нь тусгайлсан хуультай байгаа. Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тусгай алба мөн гэж хуульд заасан байдаг. Цагдаагийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн албанд ажиллаж байгаа бол цагдаагийн албан хаагч гэж заасан. Тухайн үед манай хоёр албан хаагч цагдаагийн албан хаагч мөн байсан. Тусгайлан бие даасан хуультай байгууллагад ямар онцлог байдаг бэ гэвэл тодорхой баталгаануудыг зааж өгсөн байдаг. Энэ заалтад юуг заасан бэ гэхээр цагдаагийн албаны тухай хуулийн  85 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт цагдаагийн албан хаагч албан үүргээ хуульд нийцүүлэн биелүүлэх явцад учрах хохирлыг төр хариуцна гэж заасан байдаг. Гэм хорын хохирол буюу хохирогчийн дурдсан хохирол ирээдүйд бий болох зүйлийг ярьж байна. Иргэний хуулийн дагуу 230 дугаар зүйлийн 230.2 дахь заалтад гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байдаг. Нэхэмжлэлээ илүү тодорхой гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн албан хаагч хуульд заасан үүргээ зохих журмаар биелүүлээгүй бол хариуцахгүй гэж заасан. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд цагдаагийн байгууллагын бүх журмыг цагдаагийн газрын дарга батлан гаргасан байгаа. Энэ журамд заасны дагуу зохих журмаа биелүүлсэн бол зохих хохирлыг цагдаагийн ерөнхий газар хариуцна гэж заасан байдаг. Та гомдлуудаа Цагдаагийн Ерөнхий газарт болон зохих байгууллагуудад гаргаж болно. Би ч бас хавтаст хэргийн материалтай танилцсан. Дуудлага албан журмын дагуу аваагүй. Бид үйл ажиллагаагаа тийм байхаар зохицуулсан байгаа. Би бол иргэний хариуцагчийн дагуу нэхэмжлэлд хариу тайлбар өглөө. Бусад зүйлийн талаар ярих хууль зүйн боломжгүй байна” гэв.

Гэрч П.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр манай эрүүлжүүлэх байрны ачаалал хэвийн байсан. Хэрвээ цагдаагийн албан хаагч Ганбаатар согтуу хүн эрүүлжүүлэхээр авчирсан бол бид хүлээн авна. Манай эрүүлжүүлэх байрны хувьд тухайн өдөр ачаалал хэвийн, хүлээн авах бүрэн боломжтой байсан. Цагдаагийн албан хаагч Ганбаатарын хувьд согтуу хүн эрүүлжүүлэхээр авчирсан, надтай уулзсан асуудал огт байхгүй. Худлаа ярьж байна. Намайг гүтгэж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 242 дугаар хуудас/,

Гэрч Б.Ариунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ер нь бусад дүүргийн эрүүлжүүлэх байр дүүрсэн тохиолдолд ёс журмын эргүүлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу харъяаллын бус иргэдийг хүлээн авдаг...хэрвээ манай эрүүлжүүлэхийн байранд аль нэг дүүргийн цагдаагийн албан хаагчдын зүгээс харъяаллын бус иргэн авчирсан тохиолдолд бид цагдаагийн ёс журам, өөрийн дүүргийн цагдаагийн хэлтсийн ерөнхий зохицуулагчид мэдэгдэж шаардлагатай тохиолдолд 103 дуудаж тухайн иргэнийг үзүүлсний үндсэн дээр эрүүлжүүлэх эсэхийг шийддэг. Харъяаллын бус иргэн авчирсан тохиолдолд эрүүлжүүлэх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-ийн 245 дугаар хуудас/,

Гэрч Б.Адьяахүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх тохиолдолд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаар код журмын 629.1 дэх заалтын дагуу цагдаагийн албан хаагч нь биеэ авч ядах чадваргүй, зөрчил гаргаагүй иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгнө...” гэх мэдүүлэг /2хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Т.Түмэнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баатараа болон Талийгаач Н.Уламбаяртай 2018 оны 10 сарын 02-ны өдөр 0.75, 0.5-ийн шилтэй архи ууж оройн 19 цаг орчимд Баатараа, талийгаач хоёр намайг хүргэж өгсөн гэж ээж хэлсэн. Улмаар маргааш нь 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө хашаанд байдаг Түмэнжаргал эгчийнд ороход Уламбаярыг өчигдөр орой цагдаа аваад явсан гэсэн. Тэр орой нь Нэргүй ах руу залгаж Н.Уламбаярыг цагдаа аваад явсан гэж хэлүүлсэн. Бид гурав архи уухдаа муудалцсан явдал огт байхгүй...” гэх мэдүүлэг. /1хх 29 дүгээр хуудас/,

Гэрч Д.Баатарзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 15-461 тоотод байдаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 02-ны орой 18 цагийн орчимд байх би найз Түмэнбаяр руу залгахад би Уламбаярынд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад манайхаас хойш холгүйхэн байдаг Уламбаярынд ганцаараа очсон. Тэднийд очиход Түмэнбаяр, Уламбаяр хоер 0.75 литрийн шилтэй архийг талд нь хүртэл уучихсан сууж байж байсан. Уулзаагүй удсан тул юм яриад сууж байсан. Бид 3 архийг ууж дуусгаад Түмэнбаярыг хөл өвдөөд байна гэхээр нь хүргэж өгөх гээд тэндээс гараад Түмэнбаярыг хашааных нь үүдэнд хүргэж өгөөд харьсан. Тэр үед гадаа харанхуй болоогүй байсан бөгөөд Уламбаяр бид хоёр түүний гэрийн гадаа 5 орчим минут ярьсан. Тухайн үед тэр харьлаа гээд хашаа руугаа орж байгаа харагдсан. Тэгээд 2 хоногийн дараа байх над руу Түмэнбаяр залгаад Уламбаяр олдохгүй байсан чинь нас барсан байдалтай олдсон гэж надад хэлсэн. Намайг ороход нэг шил архины талаар архи байсан. Тэрийг бид гурав хувааж уусан. Өөр архи байсан эсэхийг мэдэхгүй, тэр хоёр тийм согтуу байгаагүй, намайг гэр рүү явахын өмнө талийгаач хашааныхаа үүдэнд үлдсэн. Бид гурав хоорондоо хэрэлдэж муудалцсан асуудал огт гараагүй, тэрнээс хойш уулзаагүй...” гэх мэдүүдэг  /1хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Д.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны орой ажлаа тараад нөхөр Галбадрахын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайн баруун талаар хойш явж байхад зам дээр 30 гарсан жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүз эсвэл кеттэй, дээгүүрээ бараан өнгийн хувцастай хүн хажуу тийш хараад хэвтэж байсан. Ил шарх сорив байгаагүй, их согтуу, биеэ авч явах чадваргүй, хөл дээрээ арай ядан тогтож байхад нь нөхрийн хамтаар сугадаад хажуу хашаа руу булан түшүүлэн суулгаад зам руу орж болохгүй гэж анхааруулаад өөрийн 88091093 дугаараас цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд нөхрийн хамт явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Одбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны орой хадам ээжийнх рүүгээ ороод мод ачаад буцаж явтал 79 дүгээр сургуулийн баруун талд согтуу хүн нилээд бээрч даарсан шинжтэй хэвтэж байхаар нь 23 цаг 12 минутанд 102 дугаарын утас руу залгаж мэдээлэл өгсөн. Удалгүй 23 цаг 46 минутад 99226534 дугаараас залгаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа байна байршил нь яг хаана вэ гэхээр нь би байршилийг нь тодорхой зааж өгсөн, тэгэхэд 3 дуудлагын дараа яваад очлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Ж.Мөнхтулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх замдаа гуаш авахаар “Мэнгэт” дэлгүүр орох гээд Хоршооллын гудамжаар явж байтал өрөөсөн гутал нь салсан хүн доошоо хараад хэвтэж байсан, тэгээд шууд хүн нас барсан байх шиг байна гэж цагдаад мэдээлэл өгсөн, ойр хавьд өөр сэжигтэй хүн амьтан харагдаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч О.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажилтай байсан бөгөөд цагдаагийн ахлагч Ч.Батбаярын хамтаар гарч байсан. 10 дугаар сарын 02-ны орой 23 цаг өнгөрч байхад Эмийн ургамлын талбайд согтуу хүн агсраад байна гэх дуудлагаар Ч.Батбаярын хамтаар очсон. Тэгээд 30 орчим насны нэг хүнийг аваад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шөнийн 01 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед Бямбасүрэн ахмад жижүүртэй байсан бөгөөд энэ хүнийг эрүүлжүүлчих үү гэхэд манайх хүн авах боломжгүй байна, хэлтэс рүү чинь мэдэгдсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хүнээ дагуулж гараад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн урд хашаан дотор Гачуурт-115 чиглэлд гарч байсан дэслэгч С, ахлах ахлагч Т нартай таарсан. Тэр хоёр нэг хүн дагуулчихсан явж байсан бөгөөд тухайн үед өөрөө хүнтэй явж байсан болохоор сайн анзаарч хараагүй. Тэгээд би машиндаа хүнээ суулгаад буцаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Үнэнгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны орой 20 цагаас ээлжинд гарсан бөгөөд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, цагдаагийн а/ч Одхүүгийн хамтаар гарсан. 10 дугаар сарын 02-ны орой 22 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Ээж хайрханы 6-116 тоотод очиж хүнээс мэдүүлэг авч байтал дуудлага ирсэн байсан. Одхүү над руу залгаад согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага ирсэн гэхээр нь чи очоод шалгаад ир гэж хэлээд явуулсан юм. Мэдүүлэг авч дуусаад 00 цагийн орчимд Одхүү буцаж ирээд надад хэлэхдээ нэг согтуу хүн хэвтэж байсан, гэрээ зааж өгөхгүй байхаар нь 115 дугаар чиглэлд өгөөд явуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Д.Одхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дуудлага өгсөн хүн рүү залгахад хорооноосоо нилээд дээшээ өгсөнө гэж хэлсэн, тэгээд 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хажуу талд очиход 35 орчим насны, хар өнгийн куртиктай, халимаг үстэй хүн байсан. Тухайн үед харанхуй байсан учраас өмд болон гутлыг нь анзаараагүй. Би тухайн үед хорооны цагдаа, а/ч Сү.Ууганбаяртай хамт явж байсан. Очоод хартал дээшээ хараад хэвтэж байхаар нь босоорой гэж хэлтэл өөдөөс элдвээр харааж, зайлцгаа гээд байхаар нь гэрээ заагаад өг хүргээд өгье гэтэл албатай юм уу гээд байсан. Тэгээд дараагийн дуудлага руу очоод шалгаж байтал Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 79 дүгээр сургуулийн хажууд согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн. Яваад очтол өмнө очсон хүн байсан. Өмдөндөө шээчихсэн байсан, мөн би хувийн машинтайгаа явж байсан болохоор а/а Түмэнжаргал руу залгаад ирээд авчих гэж хэлсэн, 00 цаг 20 минутын орчимд Түмэнжаргал ирэхээр нь нөгөө хүнийг та одоо сэргэсэн үү, гэр чинь хаана вэ гэхэд хуцаад бай гэх мэтээр харааж байсан. Хүнээ Түмэнжаргалд өгч явуулаад дуудлагыг нь давхарцсан дуудлага гээд хаасан. Би дараагийн дуудлаганд явсан...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 36 дугаар хуудас/,

“...Цагдаагийн байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байна. 2013-2014 он хүртэл Албадан саатуулах баривчлах төвийн жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаад, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолоочоор томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь бол эргүүлийн офицерийн удирдлаган дор хариуцсан чиглэлд цагдаагийн алаг тэрэгтэй дуудлага мэдээлэлд явах, эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгэх, жижүүрт гарах үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй ажилладаг. Анх талийгаач нилээн согтуу, биеэ авч явах чадваргүй байсан. Би талийгаачаас гэрийн хаягийг тодруулан асуухад хэлэхгүй хэл амаар доромжлоод байсан. Цагдаагийн албаны хууль болон үйл ажиллагааны код журманд юу гэж заасныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 247-248/,

Гэрч Н.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Салхитын зусланд бид нар байж байгаад миний дүү Н.Уламбаяр /талийгаач/ 16 цаг 30 минутын орчимд найз Баяраагийнхаа хамтаар харьлаа гээд гарсан. Тэгээд 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчимд манай хүү ажлаасаа ирээд явж байхад Умбааг /талийгаач/ цагдаагийн машин аваад явж байсан гэнэ. Өглөө болон өдөр очиж харлаа, гэртээ байхгүй байна гэж хэлсэн байсан. Тэгээд 10 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн орчимд манай ээж над руу залгаад энэ талаар хэлэхээр нь би аавын хамтаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирээд талийгаачийн нэрээр шүүлгэхэд тийм хүн ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд эрүүлжүүлэхийн бүртгэлээс харахад байхгүй байсан. Талийгаач маань Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд харъяалагддаг учраас Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү очиж асуугаад нэрээр нь шүүлгэхэд тийм хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьд шөнө цагдаагийн машин аваад явсан гэсэн, цагдаа аваад явсан юм чинь ямар нэгэн бүртгэл байгаа байх гээд шүүлгэхэд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү залгаад, эрүүлжүүлэхийн цагдаа руу залгаад ярихад та өглөөхөн асуугаа биз дээ гэж хэлээд утсаа тасалсан . Тэгэхээр нь би 102 руу залгаад энэ талаар хэлэхэд за би зарлачихъя гэж хэлсэн. Тэгтэл Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн офицер над руу залгаад та зураг болон бичиг баримтыг нь аваад хүрээд ир гэсэн. Тэгээд 17 дугаар хорооны хэсгийн байцаагч Бөхбаттай уулзаад болсон асуудлаа хэлэхэд хамт байсан Мэндбаяр гэх хүн маань нэг хүнтэй яриад гудамжнаас алаг тэргээр авсан байна. Тэгээд 115 дугаар чиглэлд шилжүүлсэн байна. Тэр нь яасныг мэдэхгүй гэж хэлсэн. Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст зарлаж байцаалт өгсөн. Орой 20 цаг 10 минутын орчимд Бөхбат залгаад эгчээ танай дүү нас барсан байдалтай Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооноос олдсон байна гэхээр нь би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст очиж энэ талаар мэдээллэсэн. Талийгаач маань зан байдлын хувьд үг дуу цөөнтэй ажилсаг, архи уухаараа бага зэрэг агсам тавьдаг байсан. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй ээ. Талийгаач маань утасгүй байсан. Мөн ямар нэг архаг хууч өвчин байгаагүй, машин засдаг байсан учраас хүмүүс архи авчирч өгдөг байсан. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. Баяраа нь талийгаачийн бүүр багын найз, хоорондоо маргалдаж муудсан зүйл байгаагүй гэсэн. Би талийгаачийн анх олдсон газрыг очиж харсан, тэгэхэд тийшээ зориод очих газар биш байсан, ядаж ойр хавьд нь таньдаг айл байгаагүй. Тэр гудамжинд их ус тогтсон байсан. Цагдаагийн байгууллага түүнийг гэрийнх нь үүднээс авч явсан байсан, тэгээд ямар ч бүртгэл байгаагүй, аваад явсан цагдаа нь хүртэл бүртгээгүй байсан. Тийм газраас олдсон гэхээр сэжиглэж байгаа. Анх цагдаад дуудлага өгсөн иргэнийг тодруулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүрэг дэх 3 дугаар хэлтэст цагдаа жолооч ажилтай бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр жижүүртэй байсан юм. Тэгээд 10 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө 00:20 цагийн орчимд Гачуурт 114 чиглэлийн жолооч цагдаа над руу залгаад бид хоёр хувийн машинтай явж байна, энд нэг согтуу хүн байна, ирээд авчих боломж байна уу гэхээр нь тийшээ очсон. Тухайн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороны хойд талын гудамжинд очсон бөгөөд тэнд жолооч цагдаа а/ч Одхүү байсан. Тэнд 30 гаран насны эрэгтэй хүн байсан бөгөөд юм асуухаар хараалын үг хэлээд, өөр зүйл хэлэхгүй, намайг унтаж байхад амар тайван байлга гэх мэтээр хэлээд байсан. Тэгээд тэр хүнийг машиндаа суулгаад явж байхдаа 2 дуудлага авчихаад 01:40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадна ирсэн. Тухайн үед тэр хүнийг эрүүлжүүлэхэд хийх гэхэд өөдөөс Хонхорын чиглэлд гарч байсан а/д Ганбаатар өөдөөс нэг хүн дагуулаад гарч ирсэн. Тухайн үед Ганбаатар хэлэхдээ эрүүлжүүлэх дүүрчихсэн байна гэхээр нь хэлтэс рүү яриад Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх рүү яриад өгөөч гэж хэлэхэд 20 орчим минутын дараа надруу эргэж залгаад Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх авахгүй гэнэ, ар гэрт нь хүлээлгэж өгөх арга хэмжээг ав гэж хэлсэн. Тэгэхэд дахин 2 дуудлага ирчихсэн байсан бөгөөд 8 дугаар хороонд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадна байхад тэр хүн би өөрөө явчихъя, 16-гийн тэндээс 1000 төгрөгийн унаа явдаг гэж хэлсэн. Тэгээд ар гэрийнхний нь дугаарыг асуухад хэлэхгүй байсан бөгөөд би ямар хэрэг хийсэн биш гээд байсан. Тэгээд тэр хүн явчихъя гээд байхаар нь Улаанхуарангийн эцсийн буудлын уулзвар дээр буулгахад тэр хүн хойшоо өөрөө алхаад явсан. Тэр хүн 30 гаран насны хүн байх шиг байсан, 114 дүгээр чиглэл манай чиглэл рүү яриад ирээд аваач гэж хэлсэн, анх яг ямар дуудлагаар нүүр нь шороо болчихсон байсан. Хүнтэй маргаж муудсан талаар юм ярихгүй байсан. Анх тэр хүн рүү очиход нилээд согтолттой байсан, тэгээд машинд суулгаад дуудлаганд яваад ирэхэд гайгүй болчихсон байсан, өөрөө алхаад явж байсан. Гэрийнхээ хаягийг сайн зааж өгөхгүй байсан, ар гэрийнхнийх нь дугаарыг асуухад хэлэхгүй байсан, би ямар хэрэг хийсэн биш өөрөө явна гэхээр нь явуулчихсан юм. Тэр хүн өөрөө ганцаараа алхаад явж байсан, тэр хүнийг уначихвий гээд харахад өөрөө ганцаараа зүгээр алхаад явж байсан. Тэр хүн хэлтсийн гаднаас явчихъя гээд байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40/

“...Бид гэрт нь хүргэж өгье гэхээд овог, нэр, регистрийн дугаараа өгөхгүй, би өөрөө гэр рүүгээ явчихна та нар манайд очиж яах гээд байгаа юм бэ гэх утгатай юм ярьсан. Тэгээд дараагийн дуудлага ирсэн учраас түүнтэй хамт 2-3 цаг орчим хамт явж архи нь нэлээн гарсан байх гэж бодоод Баянзүрх дүүгийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцсийн буудал орчим буулгасан. Драгер үлээлгээгүй...” гэх мэдүүлэг /2хх 6-8 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний талаар шинжээчийн 499 дугаартай шинжээчийн №2185 дугаартай дүгнэлт:

1. Нэр хаяг тодорхойгүй эрэгтэй хүний бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдохгүй байна.

2. Нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй осгож нас баржээ.

3. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 5,0% спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна.

4. Цус нь ABO –н системээр OI-р бүлэгтэй байна.

5. Нэр бүхий тодорхойгүй эрэгтэйн бие цогцост хийгдсэн шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.

6. Талийгаач нь хүнд зэргийн согтолттой байсан нь үхэлд нөлөөлсөн байж болно.

7. Осголт нь хэт нам хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

8. Биеийн ил хэсэгт үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэл болно. гэх дүгнэлт /1хх-ийн 45-49/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №499 дугаартай дүгнэлт:

1.2 Талийгаачид дух, хамрын нуруу, зүүн нүдний гадна булан, зүүн мөр, баруун шууны гадна доод хэсэг, 2 өвдөг, зүүн шилбэнд зулгарал, баруун чихний дэлбээнд цус хуралт бүхий гэмтлүүд үүсчээ.

3.4.10 Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөгүй хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд гэмтлүүдийг салган тус бүрд нь гэмтлийг зэрэг тогтоовол эрүүл мэнд сарниулахгүй, хэмжээний хувьд жижиг тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Үхэлд хүргэсэн архаг хууч өвчин үгүй байна.

6. Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлээр осгож нас баржээ.

7. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

8. Шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2185 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

9. Талийгаачид үүссэн нүүр мөчдийн зулгарал нь хатуу мохоо зүйлд шүргэлцэх нидрэгдэх үед үүсэх ба нэг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

10. Гэмтлүүдийн үүссэн дараалал тогтоох боломжгүй.

12. Дээрх гэмтэлтэй хүн үйлдэл хөдөлгөөн хийх бүрэн боломжтой.

13. Талийгаачийг зөөвөрлөсөн шинж тогтоогдохгүй байна.

     14. Гэмтэл үүсгэх хүний хүчнээс давсан үйлчлэл гэсэн ойлголт шүүх эмнэлэгт байдаггүй. гэх дүгнэлт /2хх-ийн 198/,

Яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл /3хх-ийн 59/, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тоот /1хх-ийн 129/, амь хохирогч Н.Уламбаярын намтар, хувийн мэдээлэл. /2хх 31-52/, Амь хохирогч Н.Уламбаярын хэрэгт Баянзүрх дүүргийн прокурор Г.Батбаярын дахин шинжилгээ хийлгэх тогтоол болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт. /2хх 193-198 дугаар хуудас/, 2019 оны 02 сарын 15-ны өдрийн Цагдаагийн ахлах ахлагч Мөнх-Өнөрийн Тыг эргүүлийн офицероор томилж, “цагдаагийн дэслэгч” цол олгосон ЦЕГ-ын даргын №Б/113 дугаар тушаал, мөн түүний ажил байдлын тодорхойлолт, хувийн мэдээлэл. /2хх 199-206 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл. /1хх 2-3 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /1хх 4-6 дугаар хуудас/, Хэргийн газрыг Google.map-аар дээрээс нь дүрслэн харуулсан байдал /1хх 7 дугаар хуудас/, Үзлэг хийсэн тэмдэглэл. /1хх 13-14 дүгээр хуудас/, БЗДЦХ-3, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /1хх 16-17 дугаар хуудас/, Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт. /1хх 168-169/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3 дугаар хуудас/, Амь хохирогчийн эгч Н.Уранчимэгийн оршуулгын зардлын нэхэмжлэл болон оршуулга болон бусад зардалд гаргасан мөнгөний баримтууд. /2хх 89-102 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 42-44/, оршуулсан цогцост задлан шинжилгээ хийх ажиллагааг гэрэл гэрэл зургаар болон дуу дүрсний аппаратаар бэхжүүлсэн баримт /3хх 27-35/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 162, 160 дугаар хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 103-104 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Т, Б.С нар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамтран эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Н.Уламбаярыг эрүүлжүүлэх байр эсвэл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд Н.Уламбаяр нь осгож нас барсан болох нь

Гэрч П.Бямбасүрэнгийн: “...Тухайн өдөр манай эрүүлжүүлэх байрны ачаалал хэвийн байсан. Хэрвээ цагдаагийн албан хаагч Ганбаатар согтуу хүн эрүүлжүүлэхээр авчирсан бол бид хүлээн авна. Манай эрүүлжүүлэх байрны хувьд тухайн өдөр ачаалал хэвийн, хүлээн авах бүрэн боломжтой байсан. Цагдаагийн албан хаагч Ганбаатарын хувьд согтуу хүн эрүүлжүүлэхээр авчирсан надтай уулзсан асуудал огт байхгүй. Худлаа ярьж байна. Намайг гүтгэж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Адьяахүүгийн: “...Дээрх тохиолдолд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаар код журмын 629.1 дэх заалтын дагуу цагдаагийн албан хаагч нь биеэ авч ядах чадваргүй, зөрчил гаргаагүй иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгнө...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Түмэнбаярын: “...Баатараа болон Талийгаач Н.Уламбаяртай 2018 оны 10 сарын 2-ны өдөр 0.75, 0.5-ийн шилтэй архи ууж оройн 19 цаг орчимд Баатараа, Талийгаач хоёр намайг хүргэж өгсөн гэж ээж хэлсэн. Улмаар маргааш нь 10 сарын 3-ны өглөө хашаанд байдаг Түмэнжаргал эгчийнд ороход Уламбаярыг өчигдөр орой цагдаа аваад явсан гэсэн. Тэр орой нь Нэргүй ахруу залгаж Н.Уламбаярыг цагдаа аваад явсан гэж хэлүүлсэн. Бид гурав архи уухдаа муудалцсан явдал огт байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Гантуяагийн: “...2018 оны 10 сарын 2-ны орой ажлаа тараад нөхөр Галбадрахын хамт БЗД-ийн 17-р хороо 79-р сургуулийн хөл бөмбөгийн талбайн баруун талаар хойш явж байхад зам дээр 30 гарсан жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүз эсвэл кеттэй, дээгүүрээ бараан өнгийн хувцастай хүн хажуу тийш хараад хэвтэж байсан. Ил шарх сорив байгаагүй, их согтуу биеэ авч явах чадваргүй, хөл дээрээ арай ядан тогтож байхад нь нөхрийн хамтаар сугадаад хажуу хашааруу булан төшүүлэн суулгаад замруу орж болохгүй гэж анхааруулаад өөрийн 88091093 дугаараас цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд нөхрийн хамт явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Одбаярын: “...2018 оны 10 сарын 02-ны орой хадам ээжийнхрүүгээ ороод мод ачаад буцаж явтал 79-р сургуулийн баруун талд согтуу хүн нэлээд бээрч даарсан шинжтэй хэвтэж байхаар нь 23 цаг 12 минутад 102 дугаарын утасруу залгаж мэдээлэл өгсөн. Удалгүй 23 цаг 46 минутад 99226534 дугаараас залгаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа байна байршил нь яг хаана вэ гэхээр нь би байршилийг нь тодорхой зааж өгсөн, тэгэхэд 3 дуудлагын дараа яваад очлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Үнэнгэрэлийн: “...Би 2018 оны 10 сарын 2-ны орой 20 цагаас ээлжинд гарсан бөгөөд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, цагдаагийн а/ч Одхүүгийн хамтаар гарсан. 10 сарын 2-ны орой 22 цаг 40 минутын орчимд БЗД-ийн 9 дүгээр хорооны Ээж хайрханы 6-116 тоотод очиж хүнээс мэдүүлэг авч байтал дуудлага ирсэн байсан. Одхүү надруу залгаад согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага ирсэн гэхээр нь чи очоод шалгаад ир гэж хэлээд явуулсан юм. Мэдүүлэг авч дуусаад 00 цагийн орчимд Одхүү буцаж ирээд надад хэлэхдээ нэг согтуу хүн хэвтэж байсан, гэрээ зааж өгөхгүй байхаар нь 115 дугаар чиглэлд өгөөд явуулчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Т, Б.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Т, Б.С нарыг хууль сахиулагч нь албаны үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч М.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх үндэслэл бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Т нь 200.000 төгрөг, шүүгдэгч Б.С 5.273.505 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгт нөхөн төлсөн болохыг дурьдав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгт талийгаачийн оршуулгын зардалд 5.073.505 төгрөг, мөн экскумацийн зардал 1.445.669 төгрөг нийт 6.519.174 төгрөгийг иргэний хариуцагч Цагдаагийн Ерөнхий газраас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн хүүхдийн Солонгос улсад ажиллаж олох байсан цалинд 55.000.000 төгрөг, насанд хүрээгүй хүүхдийн сурч боловсрох ахуйн зардал 40.000.000 төгрөг, гэр бүлийн хэрэгцээнд нь 20.000.000 төгрөг, эцэг эхийн асаргаа сувилгаанд нь 20.000.000 төгрөг, талийгаач 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1 жилийн ой болж зан үйлд 3.568.778 төгрөгийг зардал, өмгөөлөгчийн зардал гарсан ба гэм хорын хохиролд 135.008.716 төгрөг, шууд ба шууд бус зардлын хохиролд 31.550.574 төгрөг нийт 166.559.290 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж ирүүүлээгүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг нь дээрх гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бусад нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдүүд болон иргэний хариуцагч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Мөн иргэний хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч М.Тд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Б.Сд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын өөрт ногдох хэсгийг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж, ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, бүдэг ногоон өнгийн сорочкан цамц 1 ширхэг, саарал өнгийн подвалк 1 ширхэг, хар өнгийн турсик 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, түлхүүрийн оосор 2 ширхэг түлхүүртэй, цагаан өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Т, Б.С нарыг хууль сахиулагч албаны үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сд цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Тд цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Сд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс, М.Тд оногдуулсан эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссаны дараагаас эхлэн тус тус тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тын урьд цагдан хоригдсон нийт 138 /нэг зуун гучин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, бүдэг ногоон өнгийн сорочкан цамц 1 ширхэг, саарал өнгийн подвалк 1 ширхэг, хар өнгийн турсик 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, түлхүүрийн оосор 2 ширхэг түлхүүртэй, цагаан өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, М.Т нь 200.000 төгрөг, Б.С 5.273.505 төгрөгийг гэм хорын хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Цагдаагийн Ерөнхий газраас 6.519.174 /зургаан сая таван зуун арван есөн мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгт олгосугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдүүд болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Иргэний хариуцагч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР