Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00407

 

П.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1062 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 170 дугаар магадлалтай,

П.Дын нэхэмжлэлтэй

Гэм хорын хохиролд 9.128.000 төгрөг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Прокурорын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, прокурор Х.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Сэлэнгэ аймгийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард улсын Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн 70а-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 15 жилийн хугацаагаар хорих ялын эхний 5 жилийг гянданд үлдэх 10 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж, ялаа эдэлж байгаад Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялаас өвчнийг эмчлүүлж, ял эдлэх боломжтой болтол хугацаагаар хойшлогдож гэр бүлийн хамт Орхон суманд ногоо тарьж, шат шатны сонгуулийн ажилд оролцож, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй 23 жил амьдарч байтал намайг гэнэт Нийслэлийн прокурорын газраас дуудаж, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс ялыг дахин эдлүүлэхээр болсон. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж дахин анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 тоот захирамжаар хорих ял эдлэхээс чөлөөлөх шийдвэр гарсныг Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 165 тоот хяналтын шатны шүүхийн тогтоолоор баталгаажуулсан. Анхан шатны шүүхийн 21 тоот захирамжинд: Ялтанд ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх /шийтгэх/ тогтоол нь түүнийг биелүүлж болох Эрүүгийн хуульд заасан биелэгдэх учиртай бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлийн 76.1.4-т: арван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч арван таван жил өнгөрсөн бол Шийтгэх тогтоолыг биелүүлж болохгүй, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт ... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан, ялтан Д.П.Дын ял шийтгүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн /1986 оны / 45 дугаар зүйлийн 1г-д таван жилээс дээш хугацаагаар хорих эсхүл түүнээс хүнд ял шийтгүүлсэн боловч арван жил өнгөрсөн бол таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж болохгүй хугацаа өнгөрсний дараа буюу 23 жилийн дараа прокурорын шийдвэрийн дагуу хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн 1986 оны /45 дугаар зүйлийн 1г-д заасны дагуу Д.П.Дыг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 642 хоног буюу 21 сар хууль бусаар хорих ангид ял эдэлсэн тул 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 19 сарын нөхөн төлбөр / хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөгөөр тооцон/ 3.648.000 төгрөг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр / хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тооцон/ 480.000 төгрөг болж байгаа тул хууль бусаар ял эдэлсэн хугацааны хохирол 4.128.000 / дөрвөн сая нэг зуун хорин найман мянган төгрөг/ Хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн гэрээгээр миний төрсөн дүү Д.Оюун-Эрдэнэ нь бэлэн болон дансаар шилжүүлж төлсөн хөлс 5.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж төрөөс нийт хохирол 9.128.000 /есөн сая нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн хохирлыг арилгуулж өгч туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

 

Прокурор О.Дгаас гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Д.П.Д гэм хорын хохиролд 9.128.000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлийг зааж өгсөн. Үүнд дараах ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас хүнд учирсан хохирлыг төр хариуцна. Хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн гэсэн 5 зүйлийг дурдсан байна. Д.П.Дыг 1992 онд өвчний улмаас 8 жилийн хорих ялаас чөлөөлөхдөө эдгэртэл гээд хугацаа тавиагүй байдаг. Д.П.Д өвчнөө эдгэрсний дараа хорих байгууллагад эргээд хандах ёстой байсан. Гэтэл хорих байгууллагад хандаагүй, хорих ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн. Д.П.Дын хаяг тодорхойгүй байсан ба сүүлд 2013 онд Д.П.Дын хаяг шинэчилсэн бүртгэлээр тогтоогдсон. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.П.Дыг дуудаж эмчийн үзлэгт оруулж, эмч нарын комиссоос 2015 онд Д.П.Дыг эрүүл гэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрийг үндэслэж Нийслэлийн прокурорын газраас Д.П.Дыг үлдсэн ялаа биечлэн эдлүүлэх албан тоот явуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан өмгөөлөгчийн хөлсний тухайд хэрэгт холбогдох баримтыг хавсаргасан байгаа ч өмгөөлөгч өөрөө баримт бичээд гарын үсэг зуруулсан болох нь тодорхой байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1062 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хүсэлт гаргагч Д.П.Дын төрөөс 9.128.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9. дэх хэсэгт зааснаар Д.П.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 170 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар 9.128.000 төгрөгийг Төрийн сангаас гаргаж нэхэмжлэгч Д.П.Дд олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Д хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжпэгч Д.П.Дыг 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялаас өвчний учир эдгэртэл нь чөлөөлсөн бөгөөд 23 жилийн дараа буюу 2015 онд Д.П.Дын өвчин эдгэрсэн, хорих ял эдлэх боломжтой гэсэн эмч нарын комиссын шийдвэр гарсан тул хорих ялыг эдлүүлэхээр хорих байгууллагад шилжүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхийн 165 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн учир ялтны үндсэн ба нэмэгдэл ялыг эдлүүлж болохгүй гэж шийдвэрлэсэн учир Д.П.Д нь хууль бусаар хоригдсон гэх үндэслэлээр гэм хорын хохиролд 9.128.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хууль бусаар явуулсан 5 төрлийн ажиллагааны улмаас хүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгана” гэж заасан. Үүнд: Хууль бусаар баривчилсан, хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хууль бусаар эмнэлгийн байгууллагад байлгасан, хууль бусаар албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, хууль бусаар ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн зэргийг багтаасан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ямар тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх талаар тодорхой заасан ба нэхэмжлэгч Д.П.Дд үүссэн нөхцөл байдал нь эдгээр тохиолдлын алинд ч хамаарахгүй асуудал байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх үндэслэлгүй юм. Гэтэл Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлапд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5-д баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд хохирлыг төр хариуцна гэж зохицуулсан байна” гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Д.П.Дын эдлээгүй үлдсэн ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр буцаан хорих байгууллагад шилжүүлсэн ажиллагаа нь хууль бус байсан нь тогтоогдоогүй юм. Учир нь энэ тохиолдолд буюу өвчний учир чөлөөлөгдсөн ялтны үлдсэн ялыг түүнийг эдгэрсэн нөхцөлд хэрхэн эдлүүлэх журмын талаар тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхой заасан зохицуулалт байхгүй бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаартай тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ялтны хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг ялтан ялаа эдлэхэд саад болох хүнд өвчнөөр өвчилсний улмаас хойшлуулсныг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх журмыг тусгайлан зохицуулаагүй...” гэж дурьдаж хүлээн зөвшөөрсөн байна. Иймд Нийслэлийн прокурорын газраас хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоолыг гүйцэтгүүлэхээр Д.П.Дыг хорих байгууллагад шилжүүлсэн ба энэ нь хуульд заасныг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч Д.П.Д нь хорих байгууллагад оршин суугаа газраа өөрчилсөн талаар тухай бүрт нь мэдэгдээгүй, хаана байгаа нь тодорхойгүй, эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2013 оны улс орон даяар явагдсан шинэчилсэн бүртгэлд хамрагдаж хаана байгаа газар нь тодорхой болсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан “ялтан ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно. Энэ тохиолдолд ялтан цагдан хоригдсон буюу өөрөө сайн дураараа хэргээ илчлэн ирсэн өдрөөс уг хугацааг сэргээн тоолно” гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэсэн үндэслэлээр 2015 онд хорих байгууллагад шилжүүлсэн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэг, 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1062 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр прокурорын гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.П.Д нь эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 9 128 000 төгрөгийг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...прокурорын хууль бус ажиллагааны улмаас 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 642 хоног буюу 21 сар хууль бусаар ял эдэлж, хохирсон...” гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Төрийг төлөөлж оролцсон прокурор хяналтын журмаар гомдол гаргахдаа “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж Д.П.Дын ялыг эдлүүлсэн нь хууль зөрчөөгүй, ...Д.П.Д нь оршин суугаа газраа өөрчилсөн талаар мэдэгдээгүй, хаана байгаа нь тодорхойгүй бөгөөд эрэн сурвалжлагдаж байсан тул Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон байсан, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дугаар зүйлийн 2-т заасан 5 төрлийн ажиллагаанд нэхэмжлэлийн үндэслэл хамаарахгүй байгаа тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ. Уг гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Д.П.Д нь Сэлэнгэ аймгийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн А-д зааснаар 15 жил хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байгаад өвчний учир Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай магадлалаар үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялыг хойшлуулж шийдвэрлэжээ.

Үүнээс хойш 23 жилийн дараа, ял хойшлуулсан шалтгаан арилж, ял эдлэх чадвартай гэсэн эмнэлгийн шийдвэрийг үндэслэж, Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0/1340 тоот албан бичгийн дагуу Д.П.Дыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа, хорих 409 дүгээр ангид 2015 оны 5 дугаар сарын 22-ноос эхлэн ял эдлүүлсэн байх ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар шүүгчийн захирамжаар үлдэх 7 жил, 3 сар, 19 хоногийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр суллагдсан баримт хэрэгт авагдсан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр захирамж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаар тогтоолд  “...Д.П.Дын хорих ялыг биечлэн эдлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлд заасан тогтоол биелүүлж болох хугацаанд шийдвэрлээгүй, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш уг зүйл, хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байхад ялыг эдлүүлж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан ...Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 9 дүгээр зүйлд заасан “Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй” гэсэн хэм хэмжээг зөрчсөн...”  гэж дүгнэжээ.

Шийтгэх тогтоолыг биелүүлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн, уг үйл баримт тогтоогдсон тул “...Д.П.Д нь оршин суугаа хаягаа мэдэгдээгүй, эрэн сурвалжлагдаж байсан, ...хөөн хэлэлцэх хугацаа зогссон...” гэх прокурорын гомдол үндэслэл муутай байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.” гэж заасан тул нэхэмжлэгч нь учирсан хохирлыг арилгуулах эрхтэй байна.

Эрүүгийн гэмт хэргийг шалгаж, тогтоох, яллагдагчаар татах, баривчлах, хорих арга хэмжээ авах, ял шийтгэх, ялыг эдлүүлэх эрх бүхий байгууллагын ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэдий ч тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд түүний эрх зөрчигдсөн гэж үзэж, эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын ажиллагаа зохих ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй байна.

Энэ утгаар шүүх дээрх ажиллагаанаас учирсан гэм хорыг арилгуулах асуудлыг нэхэмжлэлээр бус харин хүсэлтээр буюу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл Д.П.Дыг хууль бусаар ял эдлүүлсэн явдал тогтоогдсон, энэ нь маргаангүй хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт учир энэ талаар мэтгэлцэх шаардлагагүй, улмаар хариуцагч оролцохгүй тул хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 397.1.-д “хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байжээ. Харин  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуульд ийм зохицуулалт байхгүй байгаа нь тухайн асуудлыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй.Тэрээр 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24 хүртэл буюу 642 хоног хууль бусаар хорих ял эдэлсэн гэж хохирол 4 128 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг нийт 9 128 000 төгрөгийг нэхэмжилжээ. Хорих ял эдэлж байх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тус тус харгалзан, ажлын 21,5-д хуваахад нэг өдрийн хөлсний хэмжээ гарах бөгөөд үүнийг хоригдсон хугацаагаар тооцоход нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4 128 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.  Нэхэмжлэгч нь эрүүгийн болон иргэний хэрэгт өмгөөлөгчийн туслалцааг авсан, хөлс төлсөн нь нотлогджээ. 

 Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд Д.П.Дд учирсан хохирол 9.128.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 170 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Прокурор хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА