Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2017/00896/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,         

 

Хүсэлт гаргагч: Д

 

Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол 9 128 000 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, төрийн төлөөлөгч прокурор Д-, иргэдийн төлөөлөгч С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О нар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Сэлэнгэ аймгийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард улсын Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн 70а-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 15 жилийн хугацаагаар хорих ялын эхний 5 жилийг гянданд үлдэх 10 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж, ялаа эдэлж байгаад Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялаас өвчнийг эмчлүүлж, ял эдлэх боломжтой болтол хугацаагаар хойшлогдож гэр бүлийн хамт Орхон суманд ногоо тарьж, шат шатны сонгуулийн ажилд оролцож, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй 23 жил амьдарч байтал намайг гэнэт Нийслэлийн прокурорын газраас дуудаж, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хэлсэн ялыг дахин эдлүүлэхээр болсон билээ. Би өмгөөлөгч Алтанцолоор дамжуулан Үндсэн хуулийн цэцэд миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа болон 2002 оны Эрүүгийн хуулийн заалтуудаар эрх зүйн байдлыг дээрдүүлж өгөхийг хүссэн өргөдөл гаргахад: Шүүхэд өргөдөл гаргаж шийдвэрлүүл гэж хариу өгсөний дагуу Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж дахин анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 тоот захирамжаар Д- намайг хорих ял эдлэхээс чөлөөлөх шийдвэр гарсныг Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 165 тоот хяналтын шатны шүүхийн тогтоолоор баталгаажуулсан билээ. Иргэн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, эрх бүхий албан тушаалтны хууль зөрсөн үйл ажиллагааны улмаас хохирол нэхэмжлэх эрх нь  доорхи үндэслэлээр үүсэж байгаа юм. Үүнд: Анхан шатны шүүхийн 21 тоот захирамжинд: Ялтанд ял  оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх /шийтгэх/ тогтоол нь түүнийг биелүүлж болох Эрүүгийн хуульд заасан биелэгдэх учиртай бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлийн 76.1.4-т: арван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч арван таван жил өнгөрсөн бол “шийтгэх тогтоолыг биелүүлж болохгүй, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт ... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан, ялтан Доржпаламын ял шийтгүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн /1986 оны / 45 дугаар зүйлийн 1г-д “таван жилээс дээш хугацаагаар хорих эсхүл түүнээс хүнд ял шийтгүүлсэн боловч арван жил өнгөрсөн бол “таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж болохгүй хугацаа өнгөрсний дараа буюу  23 жилийн дараа прокурорын шийдвэрийн дагуу хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн 1986 оны /45 дугаар зүйлийн 1г-д заасны дагуу Д-ыг  ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 165 тоот тогтоолд: Уг маргаан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилтэй холбоотой тул Улсын дээд шүүхээс хянах үндэслэл бий болсон бөгөөд түүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн бага суудлын 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар магадлалаар шүүхийн харьялан шийдвэрлэх маргаан болохыг  тогтоосон, мөн ял сэргээн эдлүүлэхтэй холбоотой гарсан маргааныг Улсын дээд шүүхээс хянан шийдвэрлэж байсан байна.  Д-ын гомдлын агуулгын тухайд хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэх явцад ял эдлэхэд саад болох нөхцөл байдлын улмаас тогтоолын биелэлтийг хойшлуулсан бол түүнийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлд заасан тогтоол биелүүлж болох хугацаанд шийдвэрлэх бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш уг зүйл, хэсэгт заасан хугацаа өнгөрсөн бол ялтаны үндсэн ба нэмэгдэл ялыг эдлүүлж болохгүй гэсэн байна. Шат шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоол биелүүлэх хуулийн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдөж иргэн хүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэсэн дүгнэлтүүд гарсан тул Нийслэлийн прокурорын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6-1346 дугаартай албан тоотоор 642 хоног ял эдлэхгүй байх боломжтой гэж үзэж байна.

Иймд: 1. 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 642 хоног буюу  21 сар хууль бусаар хорих ангид ял эдэлсэн тул 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 19 сарын нөхөн төлбөр / хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 төгрөгөөг тооцон/ 3,648,000 төгрөг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр / хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөгөөр тооцон/ 480,000 төгрөг болж байгаа тул хууль бусаар ял эдэлсэн хугацааны хохирол 4,128,000 / дөрвөн сая нэг зуун хорин хорин найман мянган төгрөг/

2. Хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн гэрээгээр миний төрсөн дүү Д.Оюун-Эрдэнэ нь бэлэн болон дансаар шилжүүлж төлсөн хөлс 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж төрөөс нийт хохирол 9,128,000 /есөн сая нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг надад гаргуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн хохиролыг арилгуулж өгч туслалцаа үзүүлнэ үү гэв.

Төрийн төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд ярихад Д- гэм хорын хохиролд 9,128,000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлийг зааж өгсөн. Үүнд дараах ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас хүнд учирсан хохирлыг төр хариуцна. Хууль бусаар баривчилсан,  таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн гэсэн 5 зүйлийг дурдсан байна. Энэ нь Д-д үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Баривчилсан болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан асуудал биш. Яагаад гэвэл хүчин төгөлдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолоор үлдсэн ялыг эдлүүлсэн асуудал болохоос хууль бусаар Д-ыг баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэр байхгүй. Д-ыг 1992 онд өвчний улмаас 8 жилийн хорих ялаас чөлөөлөхдөө эдгэртэл гээд хугацаа тавиагүй байдаг. Гэтэл энэ хүнийг өнгөрсөн жилүүдээд сураггүй алга болсон, мөн эрэн сурвалжилж байсан баримтууд ялтаны хувийн хэрэгт авагдсан. Д- өвчнөө эдгэрсний дараа хорих байгууллагад эргээд хандах ёстой байсан. Гэтэл хорих байгууллагад хандаагүй, хорих ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн. Д-ын хаяг тодорхойгүй байсан ба сүүлд 2013 онд Д-ын хаяг шинэчилсэн бүртгэлээр тогтоогдсон. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д-ыг дуудаж эмчийн үзлэгт оруулж, эмч нарын комиссоос 2015 онд Д-ыг эрүүл гэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрийг үндэслэж Нийслэлийн прокурорын газраас Д-ыг үлдсэн ялаа биечлэн эдүүлэх албан тоот явуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан өмгөөлөгчийн хөлсний тухайд хэрэгт холбогдох баримтыг хавсаргасан байгаа ч өмгөөлөгч өөрөө баримт бичээд гарын үсэг зуруулсан болох нь тодорхой байна. Өмгөөлөгч О өмгөөллийн хөлсөө бүрэн авсан бол зохих хэмжээний татвар төлөх ёстой. Энэ хүнээс авсан орлогоо тодорхойлж татвар төлсөн баримтууд энэ хэрэгт авагдаагүй байсан учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч С- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Д- нь шүүхийн магадлангаар эрүүл мэндийн улмаас тодорхой хугацаанд ялаас чөлөөлөгдсөн байна. Эрүүл болоод эргээд тухайн анги дээрээ очих байсан. Иймд Д- нь төрөөс 9 128 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д- нь Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол 9 128 000 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 397 дугаар зүйлийн 397.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу энэхүү хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоох онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

 

Хүсэлт гаргагч Д- нь шаардлагын үндэслэлийг ... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон, эсхүл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон” бол төр хариуцахаар заасан байх тул 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 642 хоног буюу 21 сар хууль бусаар ял эдэлсэн гэм хорын хохирол 9,128,000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хүсэлт гаргагч Д- нь хэрэгт нотлох баримтаар өмгөөлөгч О өмгөөллийн хөлс шилжүүлсэн талаар Хаан банкны депозит дансны хуулбар, өмгөөллийн хөлс бэлнээр төлсөн баримтууд, өмгөөлөгчийн татварын дэвтрийн хуулбар ирүүлжээ. /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Хүсэлт гаргагч Д- нь Сэлэнгэ аймгийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн А-ангид зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 15 жил хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байгаад Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай магадлалаар өвчнийг эмчлүүлж, ял эдлэх боломжтой болсон үед үлдсэн ялыг эдлүүлэхээр эдлээгүй үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялыг хойшлуулж шийдвэрлэжээ. /хх-ийн 57-60 дугаар хуудас/,

 

Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлэгийн дэргэдэх эмч нарын хяналтын комиссын хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын хяналтын комиссын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр Д-ыг ял эдлэх чадвартай гэсэн дүгнэлт гаргажээ. /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0/1340 дугаартай Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 401 дүгээр ангийн дарга хурандаа Б.Амарбаясгаланд хүргүүлсэн албан бичигт ...Өвчний учир ял эдлэхээс хойшлогдсон Доржсүрэнгийн Доржпалам ...нарын биеийн байдлын талаар хорих Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын хяналтын комиссын хурлаар хэлэлцээд дээрхи ялтнуудыг ял эдлүүлэх чадвартай гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд дээрхи ялтнуудын ялын тооцоог хийж, шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан зохих дэглэмийн хорих ангиудад нь үлдсэн ялыг биечлэн эдлүүлэх талаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын тогтоол гүйцэтгэх газарт албан тоотоор мэдэгдэн холбогдох материалыг нь хүргүүлж, хорих ялыг нь эдлүүлэх арга хэмжээ авахыг мэдэгдье гэсэн албан бичгийн дагуу Д-ыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа, хорих 409 дүгээр ангид ял эдлүүлж байгаад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаартай Хорих ял эдлэх дэглэм бууруулах тухай захирамжаар үлдэх 7 жил, 3 сар, 19 хоногийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Иргэн Ц.Алтанцолын ... Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазны тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Арван дөрөв дүгээр зүйлийн 1, Арван зургаа дугаар зүйлийн 12, Тавин зургаа дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, дээрх заалтыг хэрэгжүүлэхгүй, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаагаас иргэн Д-ыг хорих ял эдлүүлж, хохироож байгаа явдалд Үндсэн хуулийн цэцэд хэрэг үүсгэн, дүгнэлт гаргуулах, хууль бусаар хоригдсон хугацааны гэм хор, хохирлыг прокурорын байгууллагаас буюу төрөөс гаргуулж өгнө үү гэсэн гомдол гаргасныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тухай 106 дугаар тогтоолоор татгалзсныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 20 дугаар магадлалаар шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан болохыг тогтоож шийдвэрлэжээ. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай Хорих ял эдлэхээс чөлөөлөх тухай шүүгчийн захирамжаар ... ялтан ял эдлэхээс чөлөөлөгдсөнөөс хойш таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж болохгүй хугацаа өнгөрсний дараа буюу 23 жилийн дараа прокурорын шийдвэрийн дагуу хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн үндэслэлээр ....ялтан Д-ын эдлээгүй үлдсэн 6 жил 2 сар 14 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэснийг прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаартай магадлалаар ...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж, ялтны өмгөөлөгч Оийн магадлалд гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаартай тогтоолоор хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн / 2002 он/ 389 дүгээр зүйлийн 389.2.1-389.2.4-д баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан, тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон бол хохирол төлүүлэх эрх үүсэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2015 он/ 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.4-д баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эмнэлэгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд хохирол төлүүлэх эрх үүсэхээр тус тус зохицуулсан байна.

 

 Д-ын гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн  шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаартай тогтоолоор ...хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэх явцад ял эдлэхэд саад болох нөхцөл байдлын улмаас тогтоолын биелэлтийг хойшлуулсан бол түүнийг хүчингүй болгож хорих ял биечлэн эдлүүлэх тухай асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлд заасан тогтоол биелүүлж болох хугацаанд шийдвэрлэх бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш уг зүйл, хэсэгт заасан хугацаа өнгөрсөн бол ялтны үндсэн ба нэмэгдэл ялыг эдлүүлж болохгүй гэснээр буюу хууль буруу хэрэглэж хорих ял эдлүүлсэн үндэслэлээр ялаас чөлөөлсөн байх бөгөөд энэ нь дээрхи хуулинд заасан хохирол нөхөн төлүүлэх хуулийн үндэслэлд хамааралгүй байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хохирол нөхөн төлөх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан хууль бусаар явуулсаны улмаас сэжигтэн, яллагчдагчид учирсан хохирол  байх бөгөөд ял шийтгэл эдэлж байх хугацаанд буюу түүнээс чөлөөлөх явцад үүссэн ажиллагаа хамааралгүй  юм.

      

         Иймд хүсэлт гаргагч Д-ын эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол 9 128 000 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулахыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

        Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

       Хүсэлт гаргагч Д- нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр О шүүх хуралдаанд төлөөлөн оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д зааснаар хүсэлт гаргагч Д-ын төрөөс 9 128 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9. дэх хэсэгт зааснаар Д- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА

 

 

                               ШҮҮГЧИД                               Д.ОЮУНДАРЬ

 

      

                                                                               З.ТУНГАЛАГМАА