Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 170

 

П.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00896/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1062 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлтэй,

          “Гэм хорын хохиролд 9.128.000 төгрөг төрөөс гаргуулах” тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, төрийг төлөөлж прокурор О.Доржмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д-аас:

Миний бие нь Сэлэнгэ аймгийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард улсын Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн 70а-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 15 жилийн хугацаагаар хорих ялын эхний 5 жилийг гянданд үлдэх 10 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж, ялаа эдэлж байгаад Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялаас өвчнийг эмчлүүлж, ял эдлэх боломжтой болтол хугацаагаар хойшлогдож гэр бүлийн хамт Орхон суманд ногоо тарьж, шат шатны сонгуулийн ажилд оролцож, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй 23 жил амьдарч байтал намайг гэнэт Нийслэлийн прокурорын газраас дуудаж, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс ялыг дахин эдлүүлэхээр болсон. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж дахин анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 тоот захирамжаар хорих ял эдлэхээс чөлөөлөх шийдвэр гарсныг   Улсын   дээд   шүүхийн  2017  оны  06  дугаар  сарын  12-ны  өдрийн  165  тоот хяналтын шатны шүүхийн тогтоолоор баталгаажуулсан. Анхан шатны шүүхийн 21 тоот захирамжинд: Ялтанд ял  оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх /шийтгэх/ тогтоол нь түүнийг биелүүлж болох Эрүүгийн хуульд заасан биелэгдэх учиртай бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлийн 76.1.4-т: арван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч арван таван жил өнгөрсөн бол “Шийтгэх тогтоолыг биелүүлж болохгүй, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт ... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан, ялтан Д.Д-ын ял шийтгүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн /1986 оны / 45 дугаар зүйлийн 1г-д “таван жилээс дээш хугацаагаар хорих эсхүл түүнээс хүнд ял шийтгүүлсэн боловч арван жил өнгөрсөн бол “таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж болохгүй хугацаа өнгөрсний дараа буюу  23 жилийн дараа прокурорын шийдвэрийн дагуу хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн 1986 оны /45 дугаар зүйлийн 1г-д заасны дагуу Д.Д-ыг  ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 642 хоног буюу  21 сар хууль бусаар хорих ангид ял эдэлсэн тул 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 19 сарын нөхөн төлбөр / хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөгөөг тооцон/ 3.648.000 төгрөг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр / хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тооцон/ 480.000 төгрөг болж байгаа тул хууль бусаар ял эдэлсэн хугацааны хохирол 4.128.000 / дөрвөн сая нэг зуун хорин хорин найман мянган төгрөг/ Хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн гэрээгээр миний төрсөн дүү Д.Оюун-Эрдэнэ нь бэлэн болон дансаар шилжүүлж төлсөн хөлс 5.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж төрөөс нийт хохирол 9.128.000 /есөн сая нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн хохирлыг арилгуулж өгч туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Прокурор О.Доржмаагаас:

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Д.Д- гэм хорын хохиролд 9.128.000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлийг зааж өгсөн. Үүнд дараах ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас хүнд учирсан хохирлыг төр хариуцна. Хууль бусаар баривчилсан,  таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн гэсэн 5 зүйлийг дурдсан байна. Д.Д-ыг 1992 онд өвчний улмаас 8 жилийн хорих ялаас чөлөөлөхдөө эдгэртэл гээд хугацаа тавиагүй байдаг. Д.Д- өвчнөө эдгэрсний дараа хорих байгууллагад эргээд хандах ёстой байсан. Гэтэл хорих байгууллагад хандаагүй, хорих ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн. Д.Д-ын хаяг тодорхойгүй байсан ба сүүлд 2013 онд Д.Д-ын хаяг шинэчилсэн бүртгэлээр тогтоогдсон. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Д-ыг дуудаж эмчийн үзлэгт оруулж, эмч нарын комиссоос 2015 онд Д.Д-ыг эрүүл гэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрийг үндэслэж Нийслэлийн прокурорын газраас Д.Д-ыг үлдсэн ялаа биечлэн эдлүүлэх албан тоот явуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан өмгөөлөгчийн хөлсний тухайд хэрэгт холбогдох баримтыг хавсаргасан байгаа ч өмгөөлөгч өөрөө баримт бичээд гарын үсэг зуруулсан болох нь тодорхой байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1062 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хүсэлт гаргагч Д.Д-ын төрөөс 9.128.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9. дэх хэсэгт зааснаар Д.Д- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс ял эдэлсэн тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх үндэслэл, хуулийн заалтууд байхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж заасан. 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэсэн заалтуудаар болон Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан заалтуудаар нэхэмжилсэн хохирлыг гаргуулах бүрэн боломжтой байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хуулийн заалтуудыг үндэслэн дүгнэлт гаргаж чадаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч Д.Д- нь эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол 9.128.000 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах...”, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1-д “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх энэхүү хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хүсэлт гаргагч Д.Д- нь шаардлагын үндэслэлээ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон, эсхүл баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон” бол хохирлыг төр хариуцахаар заасан байх тул 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 642 хоног буюу 21 сар хууль бусаар ял эдэлсэн гэм хорын хохирол гэж тайлбарласан болно.

Хэргийг бүхэлд нь хянахад Д.Д- нь Сэлэнгэ аймгийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн А-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 15 жил хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байгаад Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай магадлалаар өвчний учир эдлээгүй үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялыг хойшлуулж шийдвэрлэжээ. /хх-ийн 57-60 дугаар тал/,

Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмч нарын хяналтын комиссын хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгийн эмч нарын хяналтын комиссын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр Д.Д-ыг ял эдлэх чадвартай гэсэн дүгнэлт гаргасан ба /хх-ийн 77-78 дугаар тал/ Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0/1340 дугаартай Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 401 дүгээр ангийн даргад хүргүүлсэн ... албан бичгийн дагуу Д.Д-ыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа, хорих 409 дүгээр ангид ял эдлүүлж байгаад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаартай хорих ял эдлэх дэглэм бууруулах тухай захирамжаар үлдэх 7 жил, 3 сар, 19 хоногийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Иргэн Ц.Алтанцолын ... Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазны тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Арван дөрөв дүгээр зүйлийн 1, Арван зургаа дугаар зүйлийн 12, Тавин зургаа дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, дээрх заалтыг хэрэгжүүлэхгүй, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаагаас иргэн Д.Д-ыг хорих ял эдлүүлж, хохироож байгаа явдалд Үндсэн хуулийн цэцэд хэрэг үүсгэн, дүгнэлт гаргуулах, хууль бусаар хоригдсон хугацааны гэм хор, хохирлыг прокурорын байгууллагаас буюу төрөөс гаргуулж өгнө үү гэсэн гомдол гаргасныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тухай 106 дугаар тогтоолоор татгалзсныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 20 дугаар магадлалаар шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан болохыг тогтоож шийдвэрлэжээ. /хх-ийн 21-22 дугаар тал/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай хорих ял эдлэхээс чөлөөлөх тухай шүүгчийн захирамжаар ... ялтан ял эдлэхээс чөлөөлөгдсөнөөс хойш таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж болохгүй хугацаа буюу 23 жилийн дараа прокурорын шийдвэрийн дагуу хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн үндэслэлээр ....ялтан Д.Д-ын эдлээгүй үлдсэн 6 жил 2 сар 14 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэснийг прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаартай магадлалаар ...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж, ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн магадлалд гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаартай тогтоолоор хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 5-8 дугаар тал/

Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0/1340 дугаартай албан бичгийн дагуу Д.Д-ыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа, хорих 409 дүгээр ангид ял эдлүүлснийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаар тогтоолоор ...хэдийгээр Д.Д-д хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх тухай асуудлыг тухайн ялыг эдлүүлж байсан, уг ажиллагаанд хяналт тавьж байгаа байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүлээн авч шийдвэрлэх ёстой боловч шүүхийн шийдвэргүйгээр Д.Д-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндсөн прокурорын үйл ажиллагаанд гаргасан гомдлыг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ...Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 9 дүгээр зүйлд “Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй” гэсэн заалтуудыг зөрчиж иргэн Д.Д-ыг шүүхийн тогтоол биелүүлэх явцад ял эдлэхэд саад болох нөхцөл байдлын /өвчний учир/ улмаас тогтоолын биелэлтийг хойшлуулсан бол түүнийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлд заасан тогтоол биелүүлж болох хугацаанд шийдвэрлэх бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш уг зүйл, хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байхад ялыг эдлүүлж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч,  эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэсний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5-д баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, ял оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд хохирлыг төр хариуцан арилгана гэж зохицуулсан байна.

Хүсэлт гаргагч Д.Д- нь хэрэгт нотлох баримтаар өмгөөлөгч Д.Оюунчимэг өмгөөллийн хөлс шилжүүлсэн талаар Хаан банкны депозит дансны хуулбар, өмгөөллийн хөлс бэлнээр төлсөн баримтууд, өмгөөлөгчийн татварын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх-ийн 17 дугаар тал/,

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Д.Д-д учирсан гэм хорын хохирол, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн үеийн дунджаар тооцож шаардсан 3.648.000 төгрөг, мөн 1.6-д зааснаар дээрх баримтаар өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг нийт 9.128.000 төгрөгийг түүнд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

        Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар 9.128.000 төгрөгийг Төрийн сангаас гаргаж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай,

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                      ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ 

                                                                                                             С.ОЮУНЦЭЦЭГ