Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0929/З |
Дугаар | 221/МА2021/0125 |
Огноо | 2021-03-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2021/0125
О.Ж-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, О.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 756 дугаар шийдвэртэй, О.Ж-ы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 756 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Ж-ы Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч О.Ж-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан , захиргааны хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвөөр, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс гадна Монгол Улсын хууль Газрын тухай хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхээс гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь хуулийн эл зарчмыг сахин хангаагүй. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалтай цуглуулсан боловч, ийнхүү цуглуулсан баримтаа үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ шударгаар биелүүлээгүй. Нийслэлийн Засаг дарга нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/343 дугаартай захирамж болох иргэн О.Ж-д Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо,1 дүгээр гудамжны 286 тоотод байрлалтай, 208 м.кв талбай газрыг иргэний гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн эрхийг Монгол Улсын хууль Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон. Ийнхүү үзэхдээ "Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг дарга газар олгосон нь Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, өөрт олгогдоогүй, инженерийн шугам сүлжээ бүхий байршилд захиргааны акт гаргасан байна гэдэг.
Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн баримт, Улаанбаатар хотын Ус, сувгийг удирдах газраас ирүүлсэн баримт, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас ирүүлсэн баримт, шүүхийн журмаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсэн түүнийг тэмдэглэсэн шүүхийн үзлэг зэрэг нотлох баримт, нотолгооны хэрэгслээр Нэхэмжлэгч О.Ж-ы эзэмшиж байсан маргаан бүхий газар нь давхцалгүй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах инженерийн шугам сүлжээ бүхий гэх цэвэр усны ф-300 мм голтой магистраль шугамын 00 тэнхлэгээс 5 метрийн зайд байршилтай бөгөөд Хот, суурины ус хангамж ариутгах татуурга, ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д заасанд хамгаалалтын бүс газартай давхцаагүй, авто замын трасст ороогүй нь болох нотлогдог.
Нийслэлийн Засаг дарга нь А/343 дугаартай захирамж гаргаж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг хэрэглэхдээ гагцхүү хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг дарга газар олгосон нь Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан байна гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Харин хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлсэн байна гэж үзээгүй.
Гэтэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Улсын Их Хурлаас баталсан 2030 оны хотын бүсийн ерөнхий төлөвлөгөө болох “хорооллын худалдаа, ажил хэргийн бүс”-д баталсан баримт, Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, нотолгооны ач холбогдлоо алдсан баримт болох" Б” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооллын орчмын хэсэгчилсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг нотлох баримтаар үнэлж, маргааны бүхий газрыг хэсэгчилсэн төлөвлөгөөний олон нийтийн бүсэд хамаарч байна энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “инженерийн шугам сүлжээ бүхий газарт холбогдохоор төлөвлөгдсөн газар” гэж үзэж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/946 дугаартай захирамж нь Газрын тухай хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг буруу тайлбарлаж, хуулийг хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ. Газрын тухай хуульд Улсын Их Хурал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг маш нарийвчлан зохицуулсан.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаарх бүрэн эрхийг зохицуулж. Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дэх заалтад заасан эрхийг хэрэгжүүлэхдээ гагцхүү Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж зохицуулсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас баталсан 2030 оны хотын бүсийн ерөнхий төлөвлөгөө болох "хорооллын худалдаа, ажил хэргийн бүс”-ийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д хамааруулан хэрэглэж, маргааны бүхий газрыг хэсэгчилсэн төлөвлөгөөний олон нийтийн бүсэд хамаарч байна энэ нь “инженерийн шугам сүлжээ бүхий газарт холбогдохоор төлөвлөгдсөн газар” гэж үзэж дүгнэсэн ойлгомжгүй байна.
Харин хэрэгт авагдсан хэрэгт ач холбогдолтой баримтуудаас үзэхэд маргаан бүхий газар нь Газрын тухай хуульд заасан “Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар” болох нь хангалтай нотлогдоогүй үгүйсгэгдсэн. Түүнчлэн маргаан бүхий газар мөн хуульд зааснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөлд хамрагдсан болох нь баримтаар нотлогдоогүй. Улсын Их Хурлаас баталсан хотын бүсийн ерөнхий төлөвлөгөөний төсөл нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д хамаарагдахгүй билээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэн зөв талаас нь үнэлж, хуулийг зөв хэрэглэж, эрх зүйн дүгнэлт хийхгүй гэж үзэхээр байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08- ны өдрийн 756 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Ж-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч О.Ж-аас 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтийг[1] үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/343 дугаар захирамжаар[2] Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 28б тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 208 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Иргэний ахуйн зориулалтаар” газар эзэмших эрхийн 000627303 дугаар гэрчилгээг[3] олгож, газар эзэмшүүлэх гэрээг[4] байгуулжээ.
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжаар[5] “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчин Нийслэлийн Засаг даргад олгогдсон бүрэн эрхэд халдаж, өөрт хуулиар олгогдоогүй инженерийн шугам сүлжээ бүхий байршилд захиргааны акт гаргасан” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/343 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Ж-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Анхан шатны шүүхээс “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/539 дүгээр захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооллын орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Б” ХХК-ийг шалгарсныг батламжилсан байх ба О.Ж-ы нэгж талбарын дугаар бүхий газар нь дээрх хэсэгчилсэн төлөвлөгөөний олон нийтийн бүсэд хамаардаг болохыг Улаанбаатар хотын зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дахин төлөвлөлт батлагдсан байршил, архитектур орон зайн бүсчлэлийн зургаар нотолжээ. ...нэхэмжлэгчийн эзэмшлийн ...газар нь инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан.
Уг хуулийн зохицуулалтаар “инженерийн шугам, сүлжээ бүхий” болон “сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн” гэсэн өөр өөр агуулгыг заасан.
Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.3 дахь хэсгээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан “... Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ...” гэдгийг “аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “барилгын техникийн нөхцөл”-ийг авч болох газар хамаарна.” гэж тайлбарлажээ.
Барилгын тухай (2008 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “барилгын техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эс үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавигдах шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас авах зөвшөөрлийг хэлэхээр заажээ.
Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг баримтлан гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар” гэсэн үндэслэлээр гараагүй, харин нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг “инженерийн шугам сүлжээ бүхий” байршилд байгаа гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон эрхэнд халдаж, өөрт хуулиар олгогдоогүй байршилд захиргааны акт гаргасан гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гарсан цаг хугацаанд /2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр/ маргаан бүхий газар нь гэр хорооллын бүс бөгөөд дээр дурдсан хуульд заасан “инженерийн шугам сүлжээ бүхий” байршилд хамааралгүй байсан гэдэг нь зурган мэдээллүүдээс[6] тогтоогдож байна.
Харин тухайн газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу төсөл хэрэгжүүлж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооллын нутаг дэвсгэр, орон сууцны 14 дүгээр хороолол барихаар төлөвлөсөн байсан гэдэг нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан бичиг[7], зурган мэдээллүүд[8] зэргээр тогтоогдож байгаа боловч энэхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл болсон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамж гарахаас өмнөх цаг хугацаанд буюу нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/16 тогтоолоор[9] хүчингүй болсон нь тогтоогдож байна.
Түүнчлэн маргаан бүхий газар нь нэхэмжлэгчид эзэмшүүлэх үед Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан хамгаалалтын зурваст хамаарах “төвлөрсөн ус, хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт” ороогүй, түүнтэй зэргэлдээ байршилтай, мөн хариуцагчийн маргаж байгаа авто замын трасст ороогүй зэрэг нөхцөл байдлууд Ус сувгийн удирдах газрын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/2119 дүгээр албан бичиг[10], Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 3/4872 албан бичиг[11], шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл[12], зургийн масштаб[13], Ус сувгийн удирдах газрын зурган мэдээлэл[14] Авто замын хөгжлийн газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/2902 дугаар албан бичиг[15] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү маргаан бүхий газар нь “инженерийн шугам, сүлжээ бүхий” газарт хамааралгүй байтал “Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон эрхэнд халдаж, өөрт хуулиар олгогдоогүй байршилд захиргааны акт гаргасан” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон, түүнд эерэг нөлөөлөл бүхий шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/946 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий” газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, 21.5.3-д дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн хэмжээнд иргэнд эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд тус тус нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй.
Эдгээр үндэслэлээр Газрын тухай 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/946 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 756 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Ж-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 , 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 43 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 105 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 45 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 46-47 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 19 дэх тал
[6] Хэргийн 2-р хавтас 102, 108, 143, 144 дэх тал
[7] Хэргийн 2-р хавтас 123 дахь тал
[8] Хэргийн 2-р хавтас 126-128 дахь тал
[9] http://www.citycouncil.mn/legal-details/80
[10] Хэргийн 1-р хавтас 93 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 88 дахь тал
[12] Хэргийн 2-р хавтас 80 дахь тал
[13] Хэргийн 2-р хавтас 143 дахь тал
[14] Хэргийн 2-р хавтас 144 дэх тал
[15] Хэргийн 2-р хавтас 101 дэх тал